Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (АУТНОУБХ) буюу International Conference of Asian Political Parties (ICAPP) нь Азийн 50 гаруй орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгууллага юм.
Монгол Улс анх удаа энэхүү Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал буюу ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдааныг эх орондоо энэ сарын 26-27-нд зохион байгуулах гэж байна.
Энэ талаар Монгол Арлын намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Ө.Золбаяр нар өнөөдөр /2026.06.25/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн ICAPP болон Монголд анх удаа зохион байгуулах хуралдааны талаар онцлохдоо “Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах эрхийг Монгол Ардын нам аваад идэвхтэй ажиллаж байна.
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (АУТНОУБХ) буюу International Conference of Asian Political Parties (ICAPP) нь Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, эв нэгдэл, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 2000 онд Филиппиний Манила хотод байгуулагдсан олон улсын байгууллага юм.
Улс төрийн намуудын олон улсын байгууллагууд ихэвчлэн үзэл баримтлалаараа нэгдсэн байдаг. Харин энэ байгууллагын хувьд үзэл баримтлал, үнэт зүйл, хөгжлийн сонголт зэргийг үл хамааран Ази, Номхон далайн бүс нутгийн 350 гаруй намыг эгнээндээ нэгтгэсэн. Энэ байгууллагын идэвхтэй гишүүнээр Монгол Улсаас 2004 онд анх удаа Монгол Ардын нам орж ажилласан бөгөөд 2013 оноос эхлэн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон идэвхтэй ажиллаж байна.
Монголд анх удаа зохион байгуулж буй Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаанд Хятад, Солонгос, Вьетнам, Лаос, Камбож, Бангладеш, Индонези, Пакистан, Узбекистан зэрэг улсуудын өндөр, дээд хэмжээний 40 гаруй төлөөлөл ирж оролцох гэж байна.
Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурал нь тус байгууллагын хамгийн дээд шатны хурал бөгөөд энэ онд БНСУ-ын Сөүл хотноо болох Их хурлаар хэлэлцэх асуудлуудыг ярилцаж шийдвэрлэнэ.
Энэ хуралдааны бас нэгэн онцгой зүйл нь тусгай сэдэвт хуралдааныг зохион байгуулах юм. Энэ нь дижитал эрин дэх Азийн хувьсан өөрчлөлт болон хиймэл оюун ухааны сорилтууд гэсэн сэдвийн дор болно. Энэ арга хэмжээнд оролцох төлөөлөгчдийг дагалдан тухайн улсын яам, тамгын газрын цахим шилжилт, инновац, хиймэл оюун ухааныг хариуцсан дарга, судлаачид ирж өөрийн улсын цахим шилжилтийн талаар танилцуулгууд хийнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна