Таянгийн нуруунд өдөр шөнөгүй техник тачигнуулж ойр орчмоо танигдахын аргагүй өөрчилж буй "Алтай хүдэр" ХХК-ийн хөрөнгийн маргаантай холбоотой асуудал олон улсын шүүх дээр очоод багагүй хугацааг өнгөрөөжээ. Ажилчдынхаа цалинг тавьдаггүй, нөхөн сэргээлтийн асуудал хурцаар яригддаг уурхайн нэг салбар нь Заамарт ажиллаад дөрвөн ажилтнаа хөлдүүсэнд дараад тэдний халуун амь хөрч амжаагүй байна. Монголын түүхийн алтан үеийн гэрч, чимээгүй дүнхийх сүрлэг хайрхан болох Таянгийн нуруу гадны банкны барьцаанд аль хэдийн очжээ.
Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн 2017 оны 04-р сарын 13-ны өдрийн шийдвэрээр "Алтай хүдэр" ХХК нь "Европын сэргээн босголтын Хөгжлийн банк"-ид 31.170.540,96 ам доллар, 15.736,04 евро, 1.138.549,1 англи фунтыг төлөх ёстой гэж үзжээ. Хоёр жилийн өмнө гаргасан Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж "Алтай хүдэр" ХХК-ийн нийт хөрөнгийг үнэлжээ. Ингэхдээ үнэлгээг "Сэлэнгэ эстимейт" ХХК-иар хийлгэсэн байдаг. Компанийн нийт хөрөнгийг үнэлж, үнэлгээний 70 хувиар тооцон анхны дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргаж, гүйцэтгэх ажиллагааг явуулахаар шүүх шийдсэн байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийг тус компанийн зүгээс хүлээж авахгүй хойшлуулж байгаа юм байна.
Өнөөдрийн бодит үнэлгээгээр Говь Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Таян нуурын баяжуулах үйлдвэрийг 2.948.450.000 төгрөгөөр, ашигт малтмалын ашиглалтын 15377 А тусгай зөвшөөрлийг 141.790.677.813 төгрөгөөр тогтоов. Гэтэл энэ үнэлгээг тус компанийн зүгээс хэтэрхий багаар үнэлсэн байна гэж шүүхэд зарга үүсгэжээ. "Алтай хүдэр" ХХК-ийн нэхэмжлэлтэй үнэлгээтэй холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүх тус компанийн үнэлгээг зөв тогтоосон гэж үзсэн юм.
"Алтай хүдэр" ХХК-иас авлагатай "Европын сэргээн босголтын Хөгжлийн банк" шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагааг яаравчлахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шаардаж олон удаагийн бичиг шиджээ.
"Европын сэргээн босголтын Хөгжлийн банк"-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргаж байгаа тайлбараар:
"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Төлбөр төлөгч "Алтай хүдэр" ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар санаачлага муутай, төлбөрөө төлөхгүй удаашруулж байгаа, эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн шалтаг зааж шүүхийн маргаан өрнүүлж цаг хугацааг ихээр алдуулж байна. Шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааныг шийдвэрлэж буй хугацаа нь хяналтын шатны тогтоол гарах хүртэл дунджаар есөн сар байна. Энэ хугацаанд Алтай хүдэр ХХК нь олборлолт явуулсаар байвал хамгийн багадаа 2,4 сая тонн буюу 259.200.000 төгрөгийн төмрийн хүдэр олборлож улмаар ордын үнэ цэнэ үнэлгээ буурах нөхцөл үүсээд байна гэжээ.
Өөрөөр хэлбэл тус компанийн нэг жилд дунджаар 3,2 тонноор тооцвол одоо байгаа 61,25 сая тонн төмрийн хүдрийг 19 жилд олборлоод дуусахаар байгаа. Харин уурхайн үндсэн хүчин чадлаар бол нэг жилд 6,5 сая тонн гэж тооцвол есөн жилийн хугацаанд олборлож дуусахаар байгаа аж.
Алтай хүдэр ХХК-ийн зүгээс өдрийн 2019 оны нэгдүгээр сарын 31-ыг хүртэл өдөр бүр 10,000,000 сая төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтийг гаргасан ч, саналыг "Европын сэргээн босголын хөгжлийн банк хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Ийнхүү "Алтай хүдэр" ХХК нь арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу хөрөнгө хураалгах нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.
Н.ӨНӨРЦЭЦЭГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна