Г.ОДОНЦЭЦЭГ: ДОЛОО ХОНОГТ 2-3 УДАА ИЛЛЭГ ХИЙХ НЬ ХҮҮХДИЙН ДАРХЛААНД МАШ САЙН НӨЛӨӨТЭЙ

Н.Мижидмаа
2019/10/01

Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, Манба Дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй хүүхдийн эрүүл мэндийн талаар ярилцлаа.

Уламжлалт анагаах ухаанд хүүхдийн мөн чанар, өсөлт хөгжил, өвчнийг хэрхэн авч үздэг вэ. Хүүхдэд тан өгч болох уу, хүүхдийг уламжлалтаар эмчлэх үү гэж олон хүн асуудаг шүү дээ?

-Уламжлалт анагаах ухаан бол бүх насны хүнд зориулагдсан анагаах ухаан. Манай эмнэлэгт бүх насны хүүхдийг үзэж, оношлон, зөвлөгөө өгч, эмчилдэг. Хүүхдийн нас, биеийн онцлогоос шалтгаалаад анхаарууштай зүйл маш их бий. Хүүхдийн өсөлт хөгжил, насны онцлогоос шалгаалсан өвөрмөц өвчлөлүүд ч байдаг. Уламжлалт анагаах ухаанд хамгийн амархан оношилж, эмчлэх боломжтой хүмүүсийг идэр залуу насныхан, тэр тусмаа эрэгтэй хүн гэж үздэг. 10 эрэгтэй хүнийг оношилж, эмчлэх нь нэг эмэгтэй хүнийг оношилж эмчлэхдээ тэнцэнэ гэдэг. Харин 10 эмэгтэй хүн эмчлэх нь нэг хүүхэд эмчлэхдээ тэнцэнэ. Хүүхэд, ялангуяа хэлд ороогүй, нялх нярай хүүхдийн оношилгоо, эмчилгээ бэрх, өвчин нь хүндрэх нь түргэн явцтай байдаг. Тиймээс ч уламжлалт анагаах ухаанд хүүхдийн өвчлөлийг тусгайлан авч үздэг. Хүүхдийн өсөлт хөгжлийг эхийн хэвлийд үр тогтох цагаас нь долоо хоног бүрээр авч үзэх бөгөөд төрсний дараа 0-16 насны хүүхдүүдийг дөнгөж төрсөн нярай үе, шүдлэх үе, бэлгийн бойжилтын үе гэх зэргээр биеийн өсөлт хөгжил, оюун ухаан, сэтгэлзүйтэй нь уялдуулан өвчнөөс урьдчилан сэргийлж, оношилгоо, эмчилгээг хийдэг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд хүнийг эхийн хэвлийд тогтсон агшнаас хүн төрлийг олсон хэмээн тооцож, бүрэлдэн бойжсон хугацааг нь оруулж насыг нь тоолж авч үздэг бөгөөд түүний гадаад сав ертөнц, биохэмнэл, зурхайн тохиолдлуудыг холбогдуулан авч үздэг.

Оношилгооны хувьд их өвөрмөц санагдсан?

-Хүүхдэд илэрч буй олон шинж байдлаар өвчнийг оношилно. Хамгийн далд, өвчний эргэлзээт байдлыг судас оношилгооны аргаар шийддэг. Тав хүртэлх насны хүүхдийн бие махбод, эд эрхтэний өсөлт хөгжил нь маш хурдацтай явагдаж байдаг бөгөөд тунгалаг, цөвийн боловсролтын үйл явц, түүнийг боловсруулж байгаа гол хүчин зүйл болох галын илчийн эрчимтэй ажиллагааны нөлөөгөөр судасны лугшилтаар өвчнийг тодорхойлох боломж нь бүрдээгүй байдаг. Тиймээс тэдний хурууны судас, чихний судсаар нарийн онош гаргана. Ер нь 5-12 насны хооронд ч тунгалаг, цөвийн боловсролт бүрэн явагдаж эцсийн тунгалаг, цөв боловсорч гүйцээгүй байдаг учраас гарын бугуйны шинжлэх судасны лугшилтаар өвчнийг бүрэн таньж оношлох боломжгүй байдаг учраас энэ насанд ч чихний судас болон хурууны судасны оношилгоог хэрэглэдэг.

Хүүхдэд голчлон тохиолдож байгаа өвчлөлийн талаар ярилцая. 0-15 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөлийн байдлыг харахад уушгины үрэвсэл, ханиад шуухниа тэргүүлж байна. Ханиад ер нь эцэг эхчүүдийн гол асуудал болоод байна шүү дээ?

-Хүүхэд, ялангуяа бага насны хүүхэд бадганы мөн чанар ихтэй байдаг. Өөрийнх нь махбодын мөн чанараас шалтгаалаад бадганы бэлгэ чанар давамгай байдаг гэсэн үг. Тийм учраас бадганы бэлгэ чанарууд давамгай оршдог уушги, амьсгалын замын эрхтэнүүд, ходоод, дэлүү, элэг, цөс зэрэг хоол боловсруулах эрхтэнүүд илүү өвчлөх магадлалтай. Хүүхэд ханиад хүрэхэд уушгины ханиад, хатгаа болох нь элбэг бол залуу идэр, нас бие гүйцсэн хүн хамрын, хоолойны ханиад гэх зэргээр амьсгалын замын наад эрхтнүүд дээр хөнгөн тусдаг. Тиймээс хүүхдийг ханиаднаас сэргийлж байх ёстой. Мөн хүүхэд насанд бадганы мөн чанар давамгай байгаа, тунгалаг цөвийн боловсролтын хүч, эд эрхтэний эрчимтэй өсөлттэй уялдаад хүүхдийн идэх хоол, унд, явдал мөр нь өвөрмөц, унтах цаг нь том хүнийхээс илүү урт байх ёстой. Нас биед хүрсэн хүн өдөр унтаж болохгүй гэдэг бол хүүхдийг өдөр унтуулж, мөн орой эрт унтуулж, сайн амраах хэрэгтэй. Хүүхдийг хүүхдийнх нь явдал мөрөөр явуулахгүй байгаагаас, өдөр тутмын дэглэм алдагдаж, буруу хооллолт, эмийн зохисгүй хэрэглээнээс болж хүүхдүүд их өвчлөөд байна. Ер нь эцэг, эхчүүд нь 0-16 насны хүүхдүүдээ, үр хүүхэд нь 70-с дээш насны эцэг, эхээ яг хараа хяналтандаа байлгаж, гардан асарч тойглож, тэтгэж, хайрлаж халамжилж байх нь зүйтэй. Энэ бол хүний нийгэмд байх ёстой зайлшгүй үүрэг, хариуцлага юм даа.

Ханиад томууны үед уламжлалт эмчилгээ хэр үр дүнтэй вэ?

-Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлэгт хүүхдээ үзүүлж, эмчлүүлэхээр маш олон хүн хандаж байна. Ханиад хүрэнгүүт нь шууд антибиотик өгдөг, тэгээд эдгэхгүй байна гээд манайд ирдэг. Уламжлалт анагаах ухаанд ханиад томуу, уушгины өвчлөлийн аль ч үе шатанд тохиромжтой эм тан, хоолойн утлага, цацлага, жин, төөнүүр, иллэг, түрхлэг гээд олон төрлийн эмчилгээ бий. Ханиаднаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргууд ч олон байна.

Хүүхдийн ханиадыг дутуу эмчилснээс болж ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Ханиад нь халуун төрлийн өвчин. Ханиадны эх үүсвэр нь юунаас болсон, халдварын гаралтай, халдварын бус гаралтай байна уу гэдгээс шалтгаалаад эмчилгээг хийнэ. Халуун мөн чанартай өвчин учраас эмчлэхгүй байх эсвэл дутуу эмчилсэний уршгаар хийтэй хавсарч хүүхдийн зүрх, ясанд нөлөөлөн, ясны өсөлт хөгжилтөнд хүртэл нөлөөлөх сөрөг талтай. Шар устай хавсарвал янз бүрийн харшил болж хүндрэнэ. Ер нь аливаа өвчний хүндрэл амь насыг нь л хөнөөнө шүү дээ. Тиймээс урдчилан сэргийлэлт маш чухал, харин өвдсөн тохиолдолд эхний шинж илэрмэгц арга хэмжээ авах хэрэгтэй. Залхуу хойрго, хэнэггүй байдлаасаа болж хүүхдийхээ өвчнийг хүндэрсэн хойно нь бөөн асуудал болгох нь эцэг, эхчүүдэд ч хүүхдэд ч, эмч, эмнэлгийн байгууллагад ч хүндрэлтэй байдаг.

Хоолойны махыг авахуулах нь зөв үү, буруу юу. Хэдэн наснаас нь эмчлэх боломжтой вэ?

-Хоолойны мах буюу гүйлсэн бучирхай нь үрэвсэж томорсон, идээлсэн бол хэдэн настай ч байсан тэр дор нь л эмчилгээ хийлгэнэ. Гүйлсэн булчирхай нь тодорхой үүрэг бүхий эрхтэн учраас авахуулах нь буруу. Мэс заслын эмчилгээ бол тэр эрхтэн өвчлөөд ямар ч үйл ажиллагаагүй болсон, түүгээр үл барам бусад эд эрхтэндээ сөрөг муу нөлөөтэй болсон үед нь тайрч авч байгаа эмчилгээний хамгийн сүүлийн арга хэмжээ. Хүүхдээ бүрэн бүтэн эрхтэнтэй нь өсгөж, бойжуулах тал дээр анхаараарай. Өвчилсөн тохиолдолд хэдэн настай ч байсан тэр үед нь л арга хэмжээ авч, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Хүүхдийн суулгалтыг хэрхэн эмчилдэг вэ?

-Суулгалтын үед эм тан уулгана, тодорхой бэлчирүүдэд төөнүүр хийнэ. Мөн заслын эмчилгээнүүдийг хийж болно. Ходоод нь бадганы орон учраас буруу хооллолтоос болж маш хурдан хямрах нөхцөл нь бүрддэг. Хүүхдийн бөөлжилт, суулгалт зэрэг эмгэгүүдийн үед уламжлалт эмчилгээ маш үр дүнтэй.

Хүүхдийн ам гэмтэх үед ямар арга хэмжээ авч болох вэ?

-Уламжлалт анагаах ухааны хүүхдийн амны өвчний ангилалд ордог ам гэмтэх өвчний үед амыг зайлуулах, арчих, дотроос нь үрэвсэл намдаах эм өгч байна. Ном уншлага, гүрэм заслын аргаар ч эмчилдэг. Уламжлалт анагаах ухаанд хүүхдийн өвчнийг нарийн авч үзсэн байдаг. Зөвхөн хүүхдийн өвчин ч гэлтгүй бүх төрлийн өвчнийг уламжлалт анагаах ухаан оношлоод, эмчлээд ирсэн юм шүү дээ. 70-аадхан жилийн өмнө Монголын ард түмэн уламжлалт эм, эмчилгээний талаар арвин баялаг мэдлэгтэй, амьдрал ахуйдаа өргөн хэрэглэдэг байсан. Харин энэ 70 жилийн хугацаанд тэр мэдлэг алдагдчихаад "Уламжлалтаар хүүхэд эмчлэх үү", "Хүүхэд тан ууж болох уу" гэж асуудаг, үр дүнд нь итгэж яддаг болчихож. Ер нь хүүхдэд хамгийн хоргүй, найдвартай эмчилгээ бол уламжлалт эмчилгээ юм.

Сүүлийн үед харшил өвчин хүүхдүүдэд түгээмэл тохиолдох болжээ. Нярай хүүхэд хүртэл харшилтай байна. Энэ нь юунаас шалтгаалж байна?

-Олон төрлийн харшил байна. Зарим төрлийн харшил нь хурдан эдгэдэг, зарим нь олон жил эмчилнэ, улирлын чанартай харшлууд ч байна. Том хүний хэрэглэдэг химийн гаралтай эм тариаг хүүхдэд хэрэглэж байна. Мөн идэж байгаа хоол хүнснээс шалтгаалж харшил үүсч байна. Сүүлийн үед хүүхдийн хоол гэх тодотголтой хуурай сүү тэжээл, жимсний нухаш, шүүс зэрэг ихэвчлэн даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг төрсөн цагаас нь эхлээд л өгч байгаа нь харшлын шалтгаан болж байна уу даа гэж ажигладаг. Харшил нь хүүхдийн болоод том хүний шар усыг хямруулдаг шар усны эмгэг өвчин юм. Харшил нь цөс, шар устай холбоотой учраас цөс, шар усыг эмчлэх эмчилгээний зарчим барьдаг нь үр дүнтэй байдаг. Шар ус гэдэг ойлголт, оношилгоо, эмчилгээ нь уламжлалт анагаах ухаанд байдаг учраас эдгэрэлт нь баталгаатай, нэг эдгэсэн бол дахидаггүй, нэг мөсөн эдгэрдэг.

Цистит, хүүхдийн шээс хаагдах, шээс алдах өвчний талаар тодорхой ярьж өгөхгүй юу. Хүүхэд цистит болдог юм байжээ гэж гайхах эцэг эхчүүд байдаг. Эдгээр өвчнөөс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Хүүхэд орондоо шээх нь янз бүрийн шалтгаантай. Давсаг нь хүйтэн махбодьтой эрхтэн учраас чийгтэй, хүйтэн нөхцлөөс шалтгаалж эдгээр өвчлөл үүснэ. Давсагны хий, хүйтнээс үүдэлтэй шээс алдах, нойрондоо шээх, шээс хаагдах зэрэг өвчлөл нь уруу арилгагч хийн үйлдлээр үүсч байгаа юм. Зарим тохиолдолд хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Тухайлбал, хүүхдээ олон хоног, сараар орхиж явснаас ээж, аавыгаа санаж бэтгэрснээс энэ эмгэг үүсэх тохиолдол байна. Тиймээс давсагны хүйтэн хий дангаараа эсвэл халуунтай хавсарсан эсэхийг харгалзан эмчилгээ хийнэ. Давсагны өвчнөөр өвчлөхгүйн тулд мэдээж дулаахан хувцаслах хэрэгтэй. Мөн хүүхдийг аль болох тосож шээлгэж сургах нь олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Тосож шээлгэж сургаснаар хүүхэд шээс хүрэх мэдрэмжээ мэдэрч, мөн үүнтэй уялдаад уруу арилгагч хийн гүйдэл зөв явагдана. Мөн байнга чийгтэй нойтон байхаас сэргийлнэ. Тосож шээж сурсан хүүхэд хэлд орохдоо хүртэл "аав" "ээж" "шээе" гэж хэлд ордог шүү дээ. Сүүлийн үед хүүхэд бүр бараг л толгой дараалан живх хэрэглэдэг болсонтой уялдаад давсагны өвчин төдийгүй, эрэгтэй хүүхдэд төмсөгний өвчлөл, шулуун гэдэс шархлах эмгэг нэлээд элбэг тохиолдох болсон. Үүнийг анхаарууштай байгаа юм. Мөн аль ч насны хүүхдийн хувцаслалтанд анхаарах нь зүйтэй. Ялангуяа манай оронд жилийн ихэнх сард нь хүйтэн байдаг учраас хүүхдүүддээ улиралд нь тохирсон дулаан хувцас, шилбээ дарсан дулаан гутал өмсүүлж сургах хэрэгтэй.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг сайжруулахын тулд олон төрлийн витаминыг сонгодог. Витамины хэрэглээ хэр чухал вэ. Уламжлалтаар дархлааг хэрхэн сайжруулах вэ?

-Судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон витаминуудыг тодорхой хэмжээнд хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ витамин бүх өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлааг сайжруулна гэж бодох хэрэггүй. Хүүхдэд зохистой идээ унд, явдал мөрийг дадуулах нь маш чухал. Хүүхэд, хөгшин хүн хоёр маш их ядардаг талаар Уламжлалт анагаах ухааны ном сударт бий. Нэг нь өтлөж яваа махбод, нөгөө нь өсөж яваа махбод. Хүүхэд насанд бие махбодын бүхий л эд, эрхтэн бүрэлдэн томорч, өсөж төлжих үйл явц эрчимтэй явагдаж байдаг. Жишээлбэл: "Хүүхдийн шүд ургах үед биеийнх нь бүх хэсэг байнгын өвдөлт мэдэрч байдаг" хэмээн сударт бичсэн байдаг. Энэ мэтчилэн эд эрхтэнүүд өсөж хөгжих явцад хүүхэд маш их ядардаг учраас сайн амрааж, зөв хооллож, арчилж тордож, зөв зохистой амрааж байх хэрэгтэй. Хүүхэддээ цаг зарцуулж нуруу, гар, хөлийг нь шар тос, сүүлний тосоор тослож, иллэг хийж, тайвшруулаад эрт унтуулж амрааж байгаарай. Долоо хоногт 2-3 удаа иллэг хийх нь хүүхдийн дархлаанд маш сайн нөлөөтэй.

Хүүхдийн зохистой хооллолтын талаар зөвлөвөл?

-Хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд аль болох эхийн сүүгээр амлуулж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хооллож байх нь чухал юм. Байгалын цэвэр бүтээгдэхүүнээр хооллох нөхцөл манай орны хувьд харьцангуй боломжтой байгаа нь бидэнд байгаа чухал давуу тал юм. 6 сартайгаас нь эхлээд бантангаар хоолонд оруулдаг Монгол уламжлал бий. Бантан бол хүүхдэд хамгийн зохистой хоол. Бантан, будаатай шөл гээд насанд нь тохирсон эрүүл хоолыг өгч байх хэрэгтэй. Идэж байгаа хоол хүнснээсээ хэрэгцээт тэжээлээ авдаг байх нь чухал. Хооллолтоос гадна сэтгэл санаа, оюуны зөв төлөвшилтэй болоход байнга анхаарч байх нь чухал. Та үр хүүхдээ 16 нас хүртэл нь арчилж, халамжлаад эрүүл бие бялдартай, сэтгэл оюуны зөв төлөвшилтэй болгоод өсгөчих юм бол үр хүүхдийнхээ насан туршийн амьдралд хамгийн том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг.

Хүүхдийн өвчлөмтгий байдал нь эхийн жирэмсэн байх хугацаан дахь биеийн байдлаас хамаарах уу?

-Хэвлийдээ бүхэл бүтэн хүн бүрэлдүүлж байгаа ээж хүн ямар сэтгэлзүйтэй байсан, ямар хоол унд, явдал мөрийг сахиж байснаас шалтгаалаад хүүхдийнх нь насан туршийн юугаар ч өөрчлөгдөшгүй өвөрчлөл тогтдог. Төрсөний дараа энэ өвөрчлөлийг засах боломжгүй. Тиймээс жирэмсэн байх хугацаандаа зөв хооллох, зөв сэтгэлзүйтэй байх нь маш чухал. Өвөрчлөл нь долоон янз байдаг бөгөөд энэ нь өвчлөлийн байдал, ажил амьдралаа авч явах сэтгэлзүй гээд янз бүрийн зүйлд нөлөөтэй. Тухайлбал, хийн өвөрчлөлтэй хүн хийн өвчнөөр өвдөх магадлалтай, хийн бэлгэ чанарыг хямраах гадна дотны шалтгаан нөхцлийг хурдан хүлээж авдаг, зүрх судас, ясны эмгэг, бүдүүн гэдэс, хийн эрхтэнүүд хямрах магадлалтай гэх мэт.

Уламжлалт анагаах ухаанд нялхасын ад гэх ойлголт бий. Нялхасын адад хорлогдсон бол ямар шинж тэмдэг илрэх вэ. Манба Дацан эмнэлэг адын өвчнийг маш сайн эмчилдэг гэдэг шүү дээ?

-0-16 насны хүүхэд нялхасын адад хорлогдох эрсдэлтэй. Нялхасын 15 төрлийн их ад бий. Үүнээс урьдчилан сэргийлэх л хэрэгтэй. Хүүхэддээ сахиус авч зүүлгэх, харанхуй шөнө хүүхдээ авч гарахгүй байх хэрэгтэй. Бүр гарах шаардлагатай бол "хар халзан" болгож байж гаргадаг. Хэрэв сэргийлж чадахгүйгээр адад хорлогдсон бол бидний уламжлалт зан үйл болж ирсэн ширгэлэх аргыг хэрэглэх, эсвэл уламжлалтын мэргэжлийн эмчид хандаж, тохирсон гүрэм засал, эм танг өгөх хэрэгтэй. Нялхасын адад хорлогдсон бол шалтгаангүй уйлахаас гадна, бөөлжих, гүйлгэх, аймхай болох, цочимтгой болох, чихээр нь хатгуулах зэрэг олон шинж тэмдэг илэрнэ. Манба Дацан эмнэлэгт нялхасын ад төдийгүй уламжлалт анагаах ухаанд байх адын төрлийн өвчнүүдийг эмчилж эдгээдэг. Манба Дацан хийдээс нялхасын адаас сэргийлсэн сахиусыг авч хүүхэддээ зүүлгэж болно. Хүүхэд айж цочоод, унтаж байхдаа уйлж сэрэх зэргээр тайван бус, тогтворгүй байвал адад хорлогдсон байна уу, эсвэл айж цочсоноос болж зүрхэнд нь хийн өөрчлөлт орсон уу гэдгийг тогтоож зүрхний тан уулгах, тайвшруулах эмчилгээ, хийн цэгүүдээр төөнөх зэрэг тохирсон эмчилгээг хийнэ.

Эцэг эхчүүдэд маш хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд хүүхдээ эрүүл, зөв өсгөж хүмүүжүүлэхэд юуг хамгийн их анхаарах вэ гэдгийг зөвлөхгүй юу?

-Эрүүл хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхэд аав, ээж нь хамгийн гол үүрэгтэй. Эцэг эхчүүд мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авдаг, хүүхэд хүмүүжүүлэх олон талын мэдээлэл, ном уншиж, өөрсдөө ёс зүйтэй, зөв зан үйл хэвшилтэй байх нь хамгийн чухал юм. Та хэдэн ч хүүхэдтэй байсан хүүхэд бүрдээ нэг бүрчлэн эцэг, эхийн хайр халамжийг мэдрүүлээрэй. Нэг айлын гурван хүүхэд өсөж томроод өөр өөрийн хувь тавилангаар бие биеэ дааж амьдарна. Тиймээс хүүхэд бүрээ ганц хүүхэдтэй мэт нэг бүрчлэн хайрлаж, халамжилж, анхаарлаа тавих нь зүйтэй гэж хэлье дээ.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 4 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 4 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 4 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 6 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 6 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 6 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 6 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 7 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 7 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 7 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 8 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 9 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 10 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 11 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 11 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 12 цагийн өмнө