Айл өрхийг хохироосон мөсөн хотхон шиг гудамжуудаа цэгцлээч, С.Амарсайхан дарга аа

О.Шүрэнцэцэг
22 цагийн өмнө

Угтаа бол таны баруун хаяанд сандал, ширээ засаад сууцгаасан “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг бий болгох бүхэл бүтэн баг бий дээ. Тэд чинь юу хийнэ вэ

Баянзүрх дүүргийн XXI хороо, Дамбадаржаагийн рашаан, Сэлбэ голын зүүн эрэг дагуу өвөлжсөн айлууд хөлдүү мөсөн дунд амьдарч байна. Сүүлийн арван жил өвөлдөө мөсөн дунд зундаа намаг, борооны үер дунд тайван аж төрдөггүй хорь орчим айлыг анхаарах албаныхан алга. Хөрсний цэвдэгтэй газар энэ жил хорь орчим өрх өвөлжсөний ганц нь л хашаандаа амьдарч байна. Бусад нь гэрийн дунд бүслүүр, байшингийн шат довжоо хүртэл нэлийж хөлдсөн орчноосоо зугтаж орон гэрээ орхижээ. 2019 оны намар урт болсноос ч тэр үү дэрчийтлээ дааруулсан өдөр ховор байсныг уншигч та мэднэ. Илүү сартай намрын сүүлч сараар иргэн М-ийн таван ханатай гэр усанд автаж эхэлжээ. Өндөр настай ээж, бага насны охинтойгоо амьдардаг байсан М тухайн үед хүн хүчгүйн улмаас дэмий баахан сандарч гүйсээр гэрээ мөстөхөөс өмнө гэрийнхээ тавилга, цахилгаан бараа, эд хогшлоо гаргаж чадаагүй байна. Гэртээ амьдрах аргагүй мөстсөнөөс болоод  ойролцоох түрээсийн байранд мөнгө төлөн амьдарч, байрныхаа цонхоор гэрээ харуулдан суудаг аж. Өдөр болгон ирж гэрийнхээ мөсийг лоомоор цохин, нүх гаргаж доторх усыг нь гаргахгүй бол хавар бүр хэцүүднэ гэж ярих иргэн М хашаагаа 2014 онд есөн сая төгрөгөөр худалдан авчээ.
Бид Сэлбийн 25, 26, 27 дугаар гудамжны айлуудтай танилцлаа. Яг л мөсөн хотхон дунд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх ч энэ орчмын гудамж талбай эл хуль. Энд хүн амьдрах арга алга. Байшингийнхаа цонх, хаалгыг дэлгээд орхичихсон, машин нь тэхий дундаа хүртэл мөсөнд хүлүүлчихсэн, таван ханатай гэрийн хаяа хатавч дэлгээтэй, тавилга, зуух, яндан нь мөсөн дундаа задгай,  байх нь тун ч өрөвдмөөр. Хүн бүү хэл нохой тэсэж өвөлжих орчин энд алга. “Цалин, тэтгэвэртэй айлууд хашаа, орон гэр, байшин саваа орхиод нүүсэн.

Нэг л өглөө гэнэт л хөрсний усанд автсан. Юу юугүй хамаг зүйл усанд автсан. Яах ч арга олдоогүй. Өрхийн орлого тааруу нь нүүж чадахгүй мөсөн дундаа амь зууж байна. Эндхийн айлууд өвөл, зундаа зутруу амьдардаг. Хаана ч хандаад нэмэргүй. Ойр орчимдоо нийтийн байр, хашаа байшин түрээслээд өвлийг давж байна” гэдгийг иргэн А.Сувд хэллээ. 
А.Сувдынх мөстсөн байшингийнхаа дэргэд гэр бариад өвөлжиж байв. 4х6 хэмжээтэй тоосгон улаан байшин араасаа усанд автжээ. Байшингийн эзэд мөсөн байшиндаа амьдрах боломжгүй учир эд хогшлоо аваад нийтийн байр түрээслэхээр явсан аж. Бусдыгаа бодвол байшингаасаа эд хөрөнгөө авч чадсан тоотой хэдэн айлын нэг гэнэ. Энэ айлын баруун хөршийнх хашаандаа гурван байшинтай юм. Байшингууд нь усанд автаж мөстсөн учир мөн л байр түрээслэхээр явжээ. Хашаа, байшингаа сахиж үлдсэн нохой нь биднийг тосон боргов.  

ШОРОО АСГАЖ ДАЛАН БОСГОСОН Ч ТУСЫГ ОЛООГҮЙ 

Тус хорооны иргэн Х.Хандсүрэн “Өнгөрсөн арванхоёрдугаар сард ус урсаж, манай хашааны баруун талаас их хэмжээний ус орж ирсэн. Азаар гэр рүү нэвчээгүй. Яг манай  хойт айлууд усанд автаад гэрээ аваад нүүхтэй зэрэгцэн манайх ч мөн ачаалах ёстой гэж яаравчлан унаа машин хайж эхэлсэн. Ингээд богино хугацаанд нүүж чадахгүй байсан учраас манай гудамжны айлууд уснаас орон гэрээ хамгаалахын тулд  машинаар шороо зөөж хэд хэдэн удаа асгаж далан босгосон. Багахан хугацаанд тайвширсан ч арын эгнээний айлууд аврагдаж чадаагүй ээ. Хамаг орон гэрээ орхиод нүүцгээсэн. Өвлийн хүйтнийг түрээсийн байраар аргалаад барчихлаа гэхэд цаашид яаж амьдрах юм бэ. Зун үер буугаад тайван байлгадаггүй. Одоо гурван сараас эхлээд мөс гэсэж шар усны үер гүйж эхэлнэ. Энэ орчмын айлууд жилийн дөрвөн улиралд л зутруу амьдарч байна” гэв. Өрх гэрээ аврах гэсэн иргэдийн авч чадах арга хэмжээ нь боломж, чадлынхаа хэрээр шороо зөөж далан босгох гэнэ. Тиймээс “Орон сууцны барилга барьж буй томоохон компани, аж ахуйн нэгжүүд барилгаас гарч буй шороо, цементээ манай гудамжинд асгаж далан үүсгэхэд туслаж болно” гэдгийг тэрбээр дайж байлаа.  

ЗУТАРСАН АЙЛАА АНХААРАХ АЛБАН ТУШААЛТАН АЛГА 

 Усанд автаж мөстсөн айл өрхүүд хохирлоо барагдуулахын тулд хамтарч өргөдөл гарган  хороо болон дүүрэгт удаа дараа хүргүүлдэг ч анхаарч  хэлэлцдэг албан тушаалтан байдаггүй гэнэ. “Өвлийн тэсгим хүйтэнд хүүхэд, хөгшдөө дагуулаад айлын хашаа царайчилж явна гэдэг үнэхээр хэцүү байна. Хөрсний ус оргилоод гарч ирэх үед нь хүн хүч олонтой, машин тэрэгтэй зарим айл гэр, байшин дахь эд зүйлсээ авч чадсан бол зарим нь гэрийнхээ хаалгыг ч онгойлж чадалгүй бүхнээ орхижээ. Үнэхээр байшингийнх нь хаалга онгойх боломжгүй болтлоо хамаг бүхэн нь тас хөлдсөн айл ч байв. Хашаа, гэр, жорлон бүгд тэхий дунд хүртлээ мөсөнд автжээ. Хоёр сар орчмын дараа газар ус гэснэ. Хөрсний бохирдол хэрээс хэтрэх нь хэнд ч тодорхой харагдах нөхцөл энд үүсчээ. Гэтэл энэ орчмыг хэмжиж үзвэл хотынхоо төвөөс ердөө гуравхан километрийн зайтай байх юм. 

ЛААТАЙ АМЬДРАЛ ТАНСАГТ ТООЦОГДОХ ХОТОД МӨСӨН ХОТХОН ШИГ ГУДАМЖУУДАА ЦЭГЦЛЭЭЧ

Манай сонин Сонгинохайрхан дүүргийн XXXII хорооны гучин айл тоггүй, лаатай амьдарч байна. Энэ айлуудаа цахилгаантай болгож өгөөч хэмээн удаа дараагийн сурвалжилга, нийтлэлээрээ Хотын дарга руу бараг л “хашгирсан”. Гэтэл өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдсэнгүй. Чих нь дүлий, нүд нь сохор ийм албатууд төрийн бүх шатанд лаглайтал сууж байгаа учраас хот нь хот шиг байхаа больж хороолол, гудамж нь эмх цэгцээ алджээ. Мөсөн хотхон шиг гудамжинд хагас өдөр холхиход л шинэ зууны нийслэл үү, шинэхэн тохижих гэж ядаж байгаа суурин уу гэх бодол эрхгүй төрлөө. Орон гэрээ хөлдөөчихсөн айлуудыг лаатай оршин суугчидтай зэрэгцүүлэн жишиж ч үзэв. Цахилгаангүй, лааны гэрэлд сүүтийх айлууд жаргалтай юм биш үү гэсэн арга ядсан бодолд автав. Ай хөөрхий гэж...
Баянзүрх дүүргийн XXI хорооны дөрөвдүгээр хэсгийн 26 дугаар гудамжны оршин суугч А.Сувд “Манай гэрийн шалан доогуур ус орж хөлдсөнөөс болоод дулаанаа амархан алддаг. Хүүхдүүдээ гэртээ байлгах ч аргагүй. Одоогийн байдлаар хичээл амарсан учир хөдөө явуулчихсан. Хүүхдүүдээ ирэхэд хүйтэн гэрт байлгаж болохгүй учраас сар сардаа төлбөрөө авчихдаг, хямд үнэтэй нийтийн байр хайж эхэлсэн. Ер олдохгүй юм. Жавар тачигнасан хүйтэнд нэгэнт байрлачихсан айлууд нүүнэ гэж байхгүй учраас сул өрөө ер гарахгүй байгаа юм. Яах ёстойгоо мэдэхгүй байна. Манай энэ орчмын иргэдийн хэлж байгаагаар шинэ зам тавигдсанаас болж хөрсний ус хүчтэй гарч ирсэн. Эд хөрөнгөөрөө хохирсон айлууд нийлээд хороо болон дүүрэгт өргөдөл гаргадаг ч биднийг ер тоодоггүй” гэлээ.

ХОРООНЫ УДИРДЛАГУУД ЯРЬДАГ Ч ЯМАР Ч ШИЙДЭЛД ХҮРЭЭГҮЙ 

Бид тухайн хорооны хэсгийн ахлагч н.Нарангэрэлтэй утсаар холбогдож энэ талаар тодрууллаа. (Хорооноос энэ бүхэнд хариулт хайж очсон боловч хүн амын тооллого, бүртгэл эхэлсэн тул хорооны Засаг дарга, хэсгийн ахлагчид байсангүй) Хэсгийн ахлагч н.Нарангэрэл “Сэлбийн голыг дагаж хүүхдийн тоглоомын газар барьж байгаа компани нь голын усыг хааж далан босгосоноос хөрсний ус их хэмжээгээр гарсан гэж таамаг дэвшүүлсэн.  Тэгэхдээ урагшаа урсдаг байсан голын урсгалыг хаасан байх магадлалтай юм билээ. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Хохирсон иргэд хороондоо өргөдөл гаргасан. Хэрхэн шийдэгдэх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Энэ талаар Засаг даргаасаа зөвшөөрөл авсны дараа дахин мэдээлэл өгөх боломжтой. Хороон дээр удаа дараа ярьсан ч өнөөдрийг болтол шийдэлд хүрээгүй”  гэдгийг тэрбээр хэллээ. 
Хөрсний цэвдэгтэй газар буусан 40 орчим өрхийн 24 нь тус 21 хорооны харьяалалтай, үлдсэн нь түр оршин суугчаар амьдардаг. Мөн арав орчим айл нь газар эзэмших, өмчлөх гэрчилгээтэй бусад айл нь зөвшөөрөлгүй буужээ. Зөвшөөрөлгүй буусан өрхийг албадан нүүлгээд байх эрхгүй тул бороо орохын өмнө хойно хавар, намар, өвөлдөө нэг удаа тус хорооны Засаг дарга үерээс болгоомжлох сэрэмжлүүлэг, хууль бусаар буусан айл өрхийг газар чөлөөлөх шаардах хуудсыг өгдөг байна. 
Нэгэнт өвөлдөө зутарчихсан айлууд зундаа газрын хөрс ногоорох үеэр хашаагаа зарах байдлаар дамжуулсаар өнөөдөртэй золгожээ. Хашааг авсан айлууд тухайн үед ингэж ус гарч, өвөлдөө мөстдөг гэдгийг мэдэхгүйгээр авдаг байна. Мөн газраа зарсан иргэн ч удахгүй бичиг баримтыг нь гаргаж өгнө гээд усанд хаясан чулуу мэт мөнгөө аваад алга болдог байх юм. Энэ мэт тухайн газрынхаа талаар нарийн мэдээлэлгүй, ядарсан иргэдийг залилж, тухайн зөвшөөрөлгүй газрыг худалдан, түрээсэлж мөнгө олдог хэсэг иргэд байна. 
Арав гаруй жилийн турш Дамбадаржаагийн рашааны баруун хэсэг, Сэлбэ голын зүүн эргэ дагасан өрх айлууд усанд автлаа, үерт живлээ гэсэн мэдээлэл гарах болгонд дүүрэг, хорооны зүгээс иргэдийг нүүлгэх, усыг зайлуулах далан, замыг барьдаг ч өнөөг хүртэл амжилт олсонгүй ээ. Иймээс нийслэл, улсын хэмжээнд энэ асуудлыг хөндөж, дорвитойхон шийдэл олж, байгалийн үзэгдэлд иргэд өртөж, эд хөрөнгөөрөө хохирдоггүй болгох арга олохгүй л бол жил бүр тодорхой тооны айлууд амьдрах нөхцөлгүй, хохирсоор байх нь ээ. Хүүхэд хөгшид зутарсан, мөсөн хотхон болсон ийм гудамжуудаа цэгцлээч, хотын дарга аа.  Угтаа бол таны баруун хаяанд сандал, ширээ засаад сууцгаасан “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг бий болгох бүхэл бүтэн баг бий дээ. Тэд чинь юу хийнэ вэ. 

Үргэлжлэл бий...

 Эх сурвалж: Үндэсний шуудан 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав 12 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна 13 цагийн өмнө
147-р сургуулийн 45 сурагч нулимс асгаруулагчид хордож, зарим хүүхэд эрчимтийн тасагт эмчлүүлж байна 13 цагийн өмнө
Ц.Сэргэлэн: Сарын 4 сая төгрөгийн цалинтай гишүүн болохын тулд тэрбумаар сонгуульдах боломжгүй 13 цагийн өмнө
С.Энхболд: Би өөрийгөө "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэдгээ өнөөдөр мэдлээ 14 цагийн өмнө
147 дугаар сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ 16 цагийн өмнө
Х.Ганхуяг: Шинээр зөвшөөрөл бий болгож хуулиас гадуур шаардлага тавьж байгаа этгээдийг АТГ-т хандан шалгуулах боломжтой 16 цагийн өмнө
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 17 цагийн өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 17 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 17 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 17 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 18 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 20 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 20 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 20 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 20 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 20 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 21 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 21 цагийн өмнө