ХЗБХ:ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж шийдвэрлэв

Н.Мижидмаа
2021/04/20

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.20) хуралдаан 13 гишүүний ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

 

    Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд оролцсон байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

 

    Маргааныг хянан хэлэлцээд Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргасан байна.

 

    Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн дүгнэлт гаргасан байна.

 

    Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “... 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ... уугуул ...”; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ... уугуул ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны дөрөв дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй хэмээн шийдвэрлэжээ.

    Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулж, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар, Т.Доржханд нар асуулт асууж, хариулт авав.

 

    Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг анх өргөн мэдүүлэхдээ Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд дээрх заалтыг нь 2025 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байсан ч хэлэлцүүлгийн явцад эл заалтыг хассан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил тэмдэглэн хэллээ. Энэ заалтыг хассанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөж байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, нэг удаа сонгохоор болсон учраас Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, бүх шатандаа хууль дээдлэх зарчмыг хангаж ажиллах ёстойг тэмдэглэж, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдааны үйл явцын талаар тодруулга хийсэн.  

 

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа Ерөнхийлөгчөөс санал авсан эсэхийг, мөн Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны зарчмыг нарийвчилж, тодорхой болгох шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ. Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Мөнхцэцэг, Т.Доржханд, Д.Ганбат нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа нь төвийг сахих, бие даасан, ил тод байх үндсэн зарчимтай бөгөөд үүнийг нь хангахад анхаарах, аливаа үйл ажиллагаа, шийдвэрээ бие даасан, хараат бусаар гаргах бололцоог бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдгийг хэлж байв. Ц.Мөнхцэцэг гишүүн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг онцлон дурдаад, Улсын Их Хурал дээрх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

    Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээх зөвшөөрөх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон 16 гишүүний олонх нь дэмжив.

 

    Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг тус тус хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

 

    Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 11 нь дэмжсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг, Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Хуралдаанаар дараа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг танилцуулсан. Хууль зүйн байнгын хороо 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан байна.

    Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдан, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан гэв. Улсын Их Хурал 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хуулийг баталсан бөгөөд хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн төсөлд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулсан гэв. Мөн Монгол Улсын нэгдсэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн өарааны тэмдэг, газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, барааны тэмдэг ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгохоор зарчмын зөрүүтэй дөрөв, найруулгын шинжтэй хоёр саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэн, төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын гурван томьёолол, төслийн 3 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын нэг томьёолол, төслийн 7 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын нэг томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Мөн найруулгын саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 

    Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Хууль зүйн байнгын хороо 2021 оны гуравдугаар сарын 3 дугаар тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ажилласан бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан байна.

 

    Ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй цахим хэлэлцүүлгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Монголын оюуны өмч хамгаалах холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын номын сангуудын консорциум зэрэг салбар байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид оролцож, хуулийн төсөлтэй холбоотойгоор тус бүр мэдээлэл хийж, хуулийн төсөлд тусгах шаардлагатай зохицуулалтын талаар саналуудаа хэлсэн байна.

 

    Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд нээлттэй, цахим хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаач, салбарын төлөөллөөс ирүүлсэн 20 гаруй саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн болохыг Ц.Мөнхцэцэг гишүүн ажлын хэсгийн танилцуулгадаа дурдав. Тухайлбал, зохиогч бүтээлээ бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх эдлэх эрхтэй байх; зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн эрх залгамжлагч тухайн зохиогчийн бүтээлийг гуйвуулах, гажуудуулах байдлаар өөрчлөх, түүнчлэн зохиогчийн нэр төрд хохирол учруулахуйц байдлаар ашиглахыг эсэргүүцэх эрхтэй байх; гэрэл зургийн уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх зэрэг саналуудыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцсэн гэв. Мөн бүтээлийн зүй ёсны ашиглалтыг нь зөрчихгүйгээр, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр ашигласан бүтээлийн ашигласан хэсгийн хэмжээ нь зорилгоосоо хэтрэхгүй байх; Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байх; тус зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр, бүрэлдэхүүн, үйл ажиллагаанд баримтлах журмын талаарх зохицуулалтуудын талаар хэлэлцжээ.

 

    Мөн 1993 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө туурвисан болон хамгаалалтын хугацаа нь дуусаагүй бүтээлийн зохиогчийн эрх, тоглолт (дуу авиа бүхий дүрст бичлэгт буулгаснаас бусад), фонограм, өргөн нэвтрүүлгийн хамаарах эрхийг энэ хуулийн дагуу хамгаалах болон зохиогчийн эрхийн бүтээл, хамаарах эрхийн обьектын ашиглалттай холбоотой үүссэн харилцаанд энэ хуулийг буцаан хэрэглэхгүй байх зохицуулалт нь холбогдох хууль тогтоомжоор төрийн өмчийн харилцааны асуудал байх тул төслөөс хасах тухай саналыг хэлэлцэн, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулсан байна.

    Дээрхээс гадна төслийн нэр томьёог төслийн зүйл, хэсэг, заалт хооронд болон холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлэх, хууль хоорондын уялдааг хангахаар зарчмын зөрүүтэй 28, найруулгын шинжтэй 3, дагасан хуулийн төслийн талаарх 4 саналыг бэлтгэн томьёолсон болохыг Ц.Мөнхцэцэг гишүүн танилцууллаа.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдгийн дагуу Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Ийнхүү хэлэлцэхэд төслийн 4 дүгээр зүйлтэй холбоотой ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг, хуралдааны үеэр гишүүдээс гаргасан саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Түүнчлэн төслийн 7, 8 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг өөрчлөн найруулахтай холбоотой саналын томьёоллуудаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Төслийн 13 дугаар зүйлийн гарчгийн “Бүтээл ашиглах” гэснийг “Зохиогчийн эд хөрөнгийн” гэж өөрчилж, “13.1 Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх /цаашид “бүтээл ашиглах онцгой эрх” гэнэ/ эдэлнэ” гэсэн 13.1 дэх хэсгийг нэмэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 11 нь дэмжив. Төслийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг хасаж, 14.6 дахь хэсгийн “14.5-д” гэснийг “14.4-т” гэж өөрчлөх ажлын хэсгийн саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдааны үеэр төслийн мөн зүйлтэй холбогдуулан гишүүд санал гаргасан юм. Төслийн 14 дүгээр зүйлийг “14.1. Тодорхой бүтээлийн хувьд эдлэх зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг уг бүтээлийг туурвисан, эсхүл нийтэлсэн өдрөөс эхлэж тооцно; 14.2. Зохиогчийн амины эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаалана; 14.3. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон зохиогчийн нас барснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна; 14.4. Хавсрага уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна; 14.5. Зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна; 14.6. Энэ хуулийн 14.5-д заасан бүтээлийн зохиогч нь өөрийгөө ил болгосон, эсхүл бүтээлийн зохиогч нь тодорхой болсон тохиолдолд зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааг энэ хуулийн 14.3-т зааснаар тооцно; 14.7. Хамтын бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна; 14.8. Албан үүргийн дагуу бүтээл туурвих, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна. Хэрэв бүтээлийг туурвиснаас хойш 30 жилийн хугацаанд нийтлээгүй бол бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээл туурвиснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна” гэж өөрчлөн найруулах Байнгын хорооны гишүүний саналыг хуралдаанд оролцсон 16 гишүүний 10 нь дэмжсэн. Үргэлжлүүлэн төслийн 15 дугаар зүйл, 16 дугаар зүйл, 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйл, 25 дугаар зүйл, 28 дугаар зүйлтэй холбоотой ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

    Төслийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтын “бусад” гэсний дараа “шаардлагатай” гэж нэмж, мөн зүйлийн 47.2.7 дахь заалтын “төлөвлөгөө (орлого, зарлага, зохион байгуулалтын бүтэц зэргийг хамааруулна).” гэснийг “төлөвлөгөөнд орлого, зарлага, зохион байгуулалтын бүтэц зэргийг хамааруулна.” гэж өөрчилж, мөн зүйлд “47.5.Энэ хуулийн 47.1.5-д заасан сургалтыг оюуны өмчийн байгууллага болон түүнээс эрх олгосон хуулийн этгээд зохион байгуулна. Сургалт зохион байгуулах журмыг оюуны өмчийн байгууллагын дарга батална” гэсэн агуулгатай 47.5 дахь хэсгийг нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтыг хасаж, мөн зүйлийн 49.1.2 дахь заалтын дугаарыг “48.1.1” гэж, 48.1.3 дахь заалтын “авсан” гэснийг “энэ хуулийн 48.1.1-д заасан” гэж, 48.1.4 дэх заалтын “оюуны өмчийн” гэснийг “холбогдох” гэж тус тус өөрчилж, мөн зүйлийн 48.5.1 дэх заалтыг “зохиогчийн эрх, хамаарах эрхийн төрөл, ангилал тус бүрт цуглуулсан төлбөрийн мэдээлэл, гишүүдэд хуваарилсан төлбөрийн дүн, захиргааны зардал болон төлөгдөөгүй бүтээл ашиглалтын төлбөрийн дүнгийн талаарх тухайн жилийн санхүүгийн мэдээлэл;”, 48.5.2 дахь заалтыг “тухайн жилд хамтын удирдлагын байгууллагын байгуулсан лицензийн гэрээний тоо, үнийн дүн, гэрээний хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй тайлан;” гэж өөрчлөн найруулах саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийн 49 дүгээр зүйлийн 49.1.4 дэх заалтын “өөрчлөлтийг” гэсний дараа “эрх бүхий этгээд, гишүүдэд” гэж, мөн зүйлийн 49.6 дахь хэсгийн “ашиглалтын” гэсний дараа “батлагдсан” гэж тус тус нэмж, мөн зүйлийн 49.5 дахь хэсгийг хасахыг гишүүдийн олонх дэмжив.

 

    Үргэлжлүүлэн төслийн 50, 51, 52, 57, 58 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон найруулгын санал, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Оюуны өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

 

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.

 

    Хууль зүйн байнгын хорооны 2021 оны хоёрдугаар сарын 3 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна. Ажлын хэсэг дээрх асуудлыг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, төслийн талаарх зарчмын зөрүүтэй 7, найруулгын шинжтэй 2 саналын томьёоллыг бэлтгэжээ. Тухайлбал, Улсын Их Хурал 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хуулийг хэлэлцэн баталсантай холбогдуулан хууль хооронд зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулан тусгасан байна. Төслийн нэр томьёоны хувьд “патент” болон “ашигтай загвар” гэсэн тодорхойлолтыг шинэчлэн томьёолж, “патент” гэдэг нь тухайн шийдэл нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, патент эзэмшигч нь тодорхой хугацаанд патент эзэмших онцгой эрхийг эдлэх эрхийг, “ашигтай загвар” гэдэг нь багаж хэрэгсэл, түүнтэй адилтгах бүдээгдэхүүнд хамаарах техникийн шийдлийг хэлнэ хэмээн тус тус томьёолсон байна. Патентын эрх сунгуулах хуульд заасан хөнгөлөлтийн хугацаа дууссанаас хойш патент ашиглах эрхгүй этгээд патентыг ашигласан бол патент эзэмшигчийн эрхийг зөрчсөнд тооцохоор, патент эзэмшигч патентыг эзэмшихээс болон патентын хураамж төлөхөөс албан ёсоор татгалзсан тохиолдолд патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамж төлөх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах эрхгүй байхаар, патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамжийг төлөөгүй бол патент эзэмшигчийг патентын эрхээсээ татгалзсанд тооцож, патентыг хүчингүй болгох бөгөөд энэ тухай албан ёсны тогтмол хэвлэлд нийтлэхээр тус тус тусгасан гэв.

 

    Ажлын хэсгийн танилцуулгын дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төслийн 3 дугаар зүйл, 41 дүгээр зүйл, 49 дүгээр зүйл, 53 дугаар зүйлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд, найруулгын саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү  Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 58 минутын өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 1 цагийн өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 1 цагийн өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 1 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 1 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 3 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 3 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 3 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 4 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 4 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 5 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 5 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир Т.Мөнхсайханыг “сайшаав” 15 цагийн өмнө
Ардчилсан нам МЭДЭГДЭЛ гаргав 16 цагийн өмнө
Ц.Туваан: Бид 60 гаруй улсаас таван мянган тонн эм импортлож байна 20 цагийн өмнө
М.Оюунчимэг: Монголд 39000 төгрөгөөр зарагдаж буй эмийг Улаан-Үдээс 8000 төгрөгөөр авч байна 20 цагийн өмнө
Таваас дээш жил техникийн үзлэгт ороогүй машиныг бүртгэлээс хасна 20 цагийн өмнө
Удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвдсэн зөрчил илэрчээ 21 цагийн өмнө
​GenZ Loyalty урамшуулалт аян эхэллээ 21 цагийн өмнө