Ираны эрдэмтнийг сансраас удирддаг тусгай зэвсгээр хөнөөжээ

Н.Мижидмаа
2021/09/23

“The New York Times” сонин Ираны цөмийн хөтөлбөрийн эцэг гэгддэг цөмийн физикч Мохсен Фахризадег нь Израйлын МОССАД тусгай албаныхан хиймэл дагуулаас удирддаг роботжуулсан төхөөрөмж ашиглан хөнөөсөн тухай бичжээ. Израйлын тусгай албадын явуулсан маш нууц энэхүү тусгай ажиллагааны талаарх мэдээллийг АНУ, Ирзайль ба Ираны албаны хүмүүс, тагнуулын ажилтнуудын мэдээлэл дээр үндэслэн бичсэн юм байна.

  Ираны эрдэмтний сууж явсан машиныг 2020 оны арваннэгдүгээр сарын 27-нд Мазендеран мужид явахад нь том оврын автомат буугаар буудаж хөнөөсөн байдаг. “The New York Times” тайлбарлаж байгаагаар Израйлын тагнуулчид энэ ажиллагаанд зориулж Бельгийн 7,62 мм –ийн “FN MAG” том оврын автомат бууг тусгай робот төхөөрөмж дээр бэхэлсэн аж. Автомат буу, робот төхөөрөмж цэргийг бэхэлсэн тусгай хийц нь бараг тонн гаруй жинтэй байсан тул халдлага хийхийн тулд олон хэсэг болгон задалж, Иран руу янз бүрийн замаар контрбандаар оруулж, дараа нь ахин угсарсан юм байна.

  Улмаар роботжуулсан алсын удирдлагатай төхөөрөмжийг Иранд түгээмэл байдаг ачааны машин дээр байршуулсан далдалсан байна. Машинд орчныг хянах олон тооны камер суулгасан төдийгүй ажиллагаа дуусгасны дараа устгах тэсрэх бодис ч байршуулсан байж.

  Роботжуулсан төхөөрөмж бүхий машиныг эрдэмтний машин явдаг замын хажууд зогсоогоод камераар хянаж байгааг машин хажуугаар нь өнгөрөх үед хиймэл дагуулаас өгсөн дохиогоор буудаж хөнөөжээ.

  Үүнээс гадна эрдэмтэн рүү гал нээхийн өмнө тухайн дүүргийг хариуцсан цахилгааны дэд станцыг дэлбэлж, ойролцоох гудамжны хяналтын камеруудыг бүгдийг нь ажиллагаагүй болгосон байсныг хожим Ираны тусгай албаныхан тогтоосон байна. Аллага үйлдсэн зарим шинж тэмдгээр Ираны тусгай албад тус гэмт хэргийг Израйль үлдсэн гэж мэдэгдсэн ч Израйль ямар нэг тайлбар мэдэгдэл хийгээгүй юм. Ингэснээр Мохсен Фахризадег нь 2010 оноос хойш Израйлын тусгай албадын хөнөөсөн тав дах эрдэмтэн болж байна. Израйлын хувьд Ираны эсрэг энэ мэт тусгай ажиллагаа явуулах шалтгаантай гэж үздэг.

  Лалын бүгд найрамдах Иран улс нь Израйл улсыг хүлээн зөвшөөрдөггүй, эрх мэдэлтнүүд нь “Израйлыг газрын хөрснөөс арчих ёстой” гэх мэт мэдэгдэл хийдэг. Хариуд нь Израйль нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд хамгийн их заналхийлэгч улс гэж Ираны тодорхойлдог бөгөөд Израйль улс энх тунх оршихын тулд Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, хийж чадах бүхнээ хийж Ираны цөмийн хөтөлбөрийг зогсооно гэдгээ удаа дараалан мэдэгдэж байсан юм.

  Улмаар Ираныг цөмийн хөтөлбөрөөс сайн дураар татгалзахгүй нь тодорхой болсны дараа цөмийн физикийн салбарын толгой эрдэмтдийг нь ангуучлах болсон юм. Анхлан 2010 оны нэгдүгээр сард Тегераны их сургуулийн профессор физикч Месуд Алимухаммедийн амийг хөнөөснөөр энэ “ан” эхэлсэн гэж үздэг.  Квантын физикийн салбарт судалгаа явуулдаг энэ эрдэмтнийг гэрийнх нь хажууд тэсрэх бодис нуусан мотоцикл дэлбэлж хөнөөсөн. Ираны энэ алан хядах ажиллагаанд Израйлийг буруутгасан ч тэд ямар нэг тайлбар хийгээгүй. Гэвч 2010 оны сүүлээр Ираны тусгай албад энэ алан хядах ажиллагааг зохион байгуулсан Межид Жемали Феши гэгчийг баривчилж чадсан. Энэ хүн мөрдөн байцаалтын үеэр Тель-Авив хотод МОССАД-д тусгай бэлтгэл хийсэн, Ираны эрдэмтнийг хөнөөсний төлөө 120 мянган долларын шагнал авсан гэж мэдүүлжээ. Түүнийг 2012 онд Тегеранд цаазаар авсан байдаг.

  2010 оны долоодугаар сард физикч Даръюш Рызаинежадыг мотоцикл унасан үл мэдэгдэх этгээд буудаж хөнөөсөн.

  Мөн 2010 оны арванхоёрдугаар сард Ираны цөмийн хөтөлбөрт ажилладаг их сургуулийн хоёр профессорын аминд халдсан хэрэг гарсан. Физикч Межид Шехрияриг машинд нь хийсэн бөмбөг дэлбэлж хөнөөсөн. Яг адил аргаар мөн тэр өдөр нь физикч Феридун Аббасийг аминд халдсан ч  хүндээр шархдаад амьд үлдэж чадсан байдаг.

  2012 оны нэгдүгээр сард Тегеран хотноо физикч Мустафа Ахмеди Рушенийг машинд тэсрэх бодис дэлбэрч эрдэмтэн амиа алдсан.

  Үүнээс гадна Израйлын тусгай албад Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд тусгай зориулалтын интернэт вирус зохион бүтээж, Ираны цөмийн хөтөлбөрийг боловсруулахад оролцдог компьютерын системд халдварлуулсан байдаг. Вирусийг компьютерын системд оруулахын тулд Ираны уран баяжуулах төвд ажилладаг мэргэжилтнийг МОССАД-ын даалгавраар Нидерландын тусгай албад өөртөө урвуулж авсан гэдгийг хожим сэтгүүлчид мөрдлөг явуулан тогтоосон байдаг. Ийнхүү системд нэвтэрсэн “Stuxnet” нэртэй вирус нь уран баяжуулдаг 1000 гаруй төхөөрөмжийг эвдэлсэн байдаг. Иранчууд вирусийг хожим илрүүлсэн ч тэдгээр төхөөрөмжийг засаж янзлах нэгэнт боломжгүй болсон байж. Үүний дараа Иранчууд ахин 1000 төхөөрөмж шинээр бүтээх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх зэрэгт багаар бодож 4-6 жил алдсан гэж үздэг. Хиллари Клинтон нь Төрийн нарийн бичгийн дарга байхдаа 2011 онд мэдэгдэл хийж, Stuxnet вирус тун амжилттай байсан тул Ираны цөмийн хөтөлбөр нэлээд олон жилийг алдсан гэж мэдэгдэж байсан юм.

  Ерөнхийлөгч Трампын шийдвэрээс болж Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх олон улсын тохиролцоо ажиллахгүй болж, Иран ураны ахин баяжуулж эхлээд байгаа. Иймд Израйлын тусгай албадын зүгээс Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг, цөмийн физикчдийн эсрэг тусгай ажиллагааг явуулах магадлал огцом өсөөд байгаа юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 2 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 4 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 5 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 6 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 7 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 7 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 8 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 11 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 11 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 12 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 13 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 13 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр