Сансрын хөлгийг гавлын ясаар солино

Ш.АДЪЯАМАА
2021/10/06

Хэдий хачирхалтай сонсогдож болох ч яагаад гавлын яс сансрын хөлгийн үнэд хүрсэн тухай “Ars Technica” сайт мэдээлжээ. Энэ бол улс үндэстэн хоорондын харилцаа заримдаа санаанд оромгүй байдлаар эргэж болдгийг харуулсан үйл явдал болоод байна.

 Энд Зөвлөлтийн сансрын олон удаагийн хөлөг “Буран”-ы тухай, бүр тодруулбал хоёр дах “Буран”-ы тухай яригдаж байгаа юм. Дөчин жилийн тэртээ “Буран” Зөвлөлтийн шинжлэх ухаан, сансар судлал, инженерчлэлийн гайхамшиг, техникийн дэвшлийн охь байсан юм. АНУ ба ЗХУ гэсэн хоёр их гүрний сансрын төлөөх өрсөлдөөнд маш чухал үүрэг гүйцэтгэх ёстой байсан эд. Гэвч Зөвлөлт задран унаж, залгамжилсан ОХУ нь санхүү, эдийн засгийн хямралд орсноор “Буран” сансрын хөлгийн төсөл санхүүжилтгүй болж, мартагдаж, оросуудын хайхрамжгүй зангаас нэг мэдэхдээ эзэн нь солигдож. Ингээд л Зөвлөлтийн хэдэн мянган хүн, олон зуун үйлдвэр, олон арван зохион бүтээх товчооны ухаанаа дайчилж хийсэн эд нэг мэдэхэд гавлын ясны үнэтэй болж хувирчээ.

 Уг нь “Буран” хөлгийг хоёр хувь хийж. Эхний “Буран” 1988 онд ганц удаа нисгэгчгүйгээр сансарт хөөрч, автоматаар газардан Зөвлөлтийн сансар судлал Америкийнхаас огт дутахгүй гэдгийг харуулсан. Хоёр дах “Буран” буюу “Буря” нэртэй хөлгийг 95 хувийн бэлэн байдалтай байхад Зөвлөлт үгүй болж, дуусгах мөнгөгүй болсноор Байконур дах зогсоолдоо 1993 оноос хойш тоосонд дарагдан хэвтэж, бүгдэд мартагджээ байна. Харин сансарт ниссэн “Буран” 2002 он зогсоолынх нь дээвэр гэнэт нурахад дарагдаж устжээ. Ингээд ийм дутуу баригдсан сансрын олон дахин ашиглах хөлөг байдаг гэдгийг хүртэл бараг бүгд мартаад байтал нэг хэрэг мандсан. Байконурын сансрын буудалд танхайчууд сэм нэвтэрч мартагдсан “Буря” хөлгийг олоод энд тэнд нь будгаар элдэв зүйл бичиж зурж танхайраад, тэр тухайгаа бичлэг интернэтэд байршуулснаар энэ бүх дуулиан эхэлжээ.

 “Буря” хөлгийг эрээн мяраан болгож үйлийг нь үзсэн тухай бичлэг гарч олон мянган хүний анхаарлыг татахтай зэрэгцээд Оросын сансар судлалын төвийн албан тушаалтнууд гэнэт ийм аппарат байдаг гэдгийг гэнэт санаж. Санаад эргэн сэргээж музейд үзмэр болгож тавихыг хүсэж. Гэтэл “Буря” хөлөг хэдийн эзнээ сольсон, Оросын мэдлээс гараад Даурен Муса гэгч Казахстаны бизнесмений мэдэлд орсон болж таарав. Харин Даурен Муса нь “эзэн нь эдээ мэднэ” гээд “Буря” сансрын хөлгийг оросуудад ямар ч үнэ хөлс амласан зарахгүй гэж мэдэгджээ.

 Оросууд мэдээж багагүй мөнгө л амласан байж таараа. Гэвч Даурен Муса танхайчуудын яриагаар бол “май шүү” гээд хөдөлсөнгүй. Зүй нь Зөвлөлтийг залгамжилсан Оросын өмч болж үлдэх ёстой байсан “Буря” яаж яваад гөжүүд казах эрийн өмч болж орхив гээж судлаад үзэж. Тэгтэл Зөвлөлт гэж байхад “Буран” ба “Буря” хүлгүүдийг “Энергия” компани угсарч, эзэмшиж байсан. Зөвлөлт үгүй болж, Байконур буудал Казахстан нэртэй тусгаар улсынх болж, оросууд казахуудаас жил бүр олон зуун саяыг төлж Байконурыг түрээсэлдэг болж хувирсны дараа тэндэх Оросын мэдлийн хөрөнгийг удирддаг нэг компани байгуулагдсан байна. Тэр компани нь 2004 онд өөр нэг компанид өмчийн эрхээ шилжүүлж, нөгөөх нь Орос-Казахстаны хамтарсан бас нэг компанид өмчийн эрхээ шилжүүлсэн байна. Харин энэ Орос-Казахстаны хамтарсан компани нь тун хүнд байдалд байх үед нь 2011 онд Дуэрен Муса хувьцааных нь 51 хувийг худалдаж аваад бүх өмчийнх нь эзэн суужээ.

 Ийнхүү эзэн суусан Муса нь “Буря” хөлгийг мөнгөөр үнэлж зарахгүй гээд тун өвөрмөц болзол тавьсан нь оросуудын зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн төдийгүй олон улсын анхаарлыг маш ихээр татжээ. Сансрын хөлгийг гавлын ясаар солих болзол ингэж л гарч ирж. Даурен Мусагийн солих гээд байгаа гавлын яс бол зүгээр нэг гавлын яс биш гэнэ. Тэр бол 1840-өөд онд хаант Оросын эсрэг бослого гаргаж арваад жилийн турш Оросын эзэнт гүрний колоничлолын бодлогын эсрэг амжилттай тэмцэж яваад амиа алдсан хан Кенесары Касымовын гавлын яс юм байна. Энэ Кенесары Касымов нь оросуудын эсрэг дайтаж яваад 1847 онд киргизүүдэд олзлогдон цаазлуулжээ. Харин түүнийг цаазалсан киргизууд нь шан харамж авахын тулд Касымов ханы толгойг оросуудад тушаасан байн. Батлагдаагүй мэдээгээр оросууд казах ханы толгойг Санкт-Петербург дах Кунсткамер нэртэй сонин хачин зүйл хадгалдаг музей руу явуулсан гэх. Дашрамд сонирхуулахад 1922 онд Ардын намынхан Баруун хязгаарын төвхнүүлэх тусгай ажиллагаа явуулах үеэр устгасан Жа Лам Дамбижанцангийн толгой явсаар 1925 онд энэ Кунсткамер музейд №3394 дугаартай “Монгол хүний гавлын яс” нэртэй үзмэр болон хадгалагдан үлдсэн байдаг юм.

 Үүнтэй адилаар хан Касымовын гавлын яс Кунсткамерын хаа нэгтэй формалинтай уусмал дотор тоосон дарагдан байдаг гэдэгт казахууд итгэлтэй байдаг аж. Даурен Муса ч үүнд итгэдэг бололтой, Казахстаны сонин хэвлэлд энэ талаар ярилцлага өгөхдөө “Буря” хөлгийг зөвхөн ханы гавлын ясаар л солино гэдгээ дахин батлаад “Бидний судсаар ус биш талын өвсний ааг шингэсэн цус гүйж байдаг юм шүү” гэж сүржин мэдэгдэл хийсэн байна.

 Оросуудын хувьд хаа байсан 1840-өөд оны үеийн Казахын нэг жижиг ханы гавлын яс юу юм бэ гээд өгөх гэтэл олдохгүй болж таарсанд хэргийн учир байгаа юм байна. Тодруулбал, Казахстан тусгаар улс болсон цагаасаа л Касым ханыхаа толгойг буцаан авах талаар нэг бус удаа албан ёсны хүсэлт гаргаж Оросын талд хандаж байжээ. Тэгээд 2004 онд албан ёсны хүсэлт гаргасных нь хариуд Касымов ханы толгойг Кунсткамер музейн үзмэрийн санд хайсан ч олоогүй бөгөөд ер нь ханы толгойг Музейд ирсэн гэх нэг ч баримт олдоогүй тухай хариулж байжээ. Гэвч казахууд үүнд нь итгээгүй нь мэдээж. Тэд янз бүрийн арга замаар ханыхаа толгойг хайсаар байж. Тэр бүү хэл 2021 онд экс Ерөнхийлөгч Назарбаев ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд хандан Кенесарын Касымов ханы толгойг олж өгөх хүсэл гаргахад хариуд нь Путин үнэхээр байгаа л юм бол заавал олж өгнө гэсэн амлалт өгсөн байх юм.

 Ерөнхийлөгч Путин за гэвэл ёогүй хүн тул байгаа л бол олоод гаргаад ирэх нь мэдээж. Гэвч Казахын зарим хүн үүнд нь итгэхгүй байгаагийн нэг илрэл нь энэхүү сансрын хөлгийг гавлын ясаар солих болзол юм. Явсаар гавлын яс олдохгүй бол Орос яаж “Буря” сансрын хөлгөө өөрийн болгох нь нээлттэй хэвээр үлдэж байна. Хамгийн гол нь тэр бол “Буря” бүр ч муудаж задарч бутраад эргүүлж авах ч юм үлдэхгүй дээрээ тулахыг үгүйсгэх аргагүй.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 1 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 1 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 2 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 2 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 4 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 6 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 7 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 8 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 9 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 9 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр