Арын сайхан хангайн зон олон МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж жанжны талбайдаа алгаа дэлгэн угтаж авлаа. Уулзалтыг нээж тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат үг хэлж, хүчтэний өлгий нутгийн бэлгэдэл болгон Тайхар чулууг өргөсөн Бөхбилэгтийн баримлыг нэр дэвшигчид дурсгасан юм.
Тэрбээр "Арын сайхан хангайчууд Миеэгомбын Энхболд даргыг хоёргүй сэтгэлээр дэмжинэ гэдэгт итгэж байна. Миеэгомбын Энхболд дарга Монгол төрийн төлөө ачааны хүндийг үүрч, хамгийн сүүлд УИХ-ын даргын албыг хашсан арван сар гаруйн хугацаанд хийсэн ажлаас цухасхан дурдъя. Арав гаруй сарын өмнө шинэ Засгийн газар байгуулагдахад "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ард түмнээс нууцаар хувийн компанид өгчихсөн асуудал гарсан. Энэ хувийн компанид өгсөн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авчирах үүргийг өгч, төрийн мэдэлд авчирах санааг гаргасан хүн бол УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд гэдгийг хэлье. Мөн Монголын төрийн төлөө зүтгэж байгаа хүн ямар нэгэн нууц данстай, мөнгө төгрөг нуусан байж болохгүй гэдэг санааг гаргасан хүн бол энэ хүн юм шүү. Түүнчлэн Миеэгомбын Энхболд даргын даалгавраар "приус"-ны татварыг Засгийн газар эргэн харж, буцаахаар болсон. Ийнхүү арын сайхан хангайчууд Миеэгомбын Энхболд даргыг алгаа дэлгэн угтаж авч, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Архангай нутгийн ард иргэд, залуусыг цаг ямагт дэмжиж ирсэн. "Соёолон" шиг ид гялалзаж яваа гурван залууд итгэл хүлээлгэн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсний үр дүнд багаараа ялалт байгуулсан, арын хангайн уугуул, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир МАН-ын дэргэдэх Ахмадын холбоог удирдаж яваа, НАМЗХ хэмээх олон мянган залуусын гал голомт болсон их айлыг мөн тус аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тэргүүлж байгааг УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат онцлон дурдлаа. Мөн УИХ-ын гишүүн, Архангайн уугуул Д.Тэрбишдагва нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын удирдлага дор Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт гар нийлж ажиллаж байснаа дурссан юм. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нэг зүгт харж ажиллах учиртай, парламент, засагтайгаа хэл амаа ололцдог, эвийг эрхэмлэдэг төрийн тэргүүнтэй болохын ач холбогдлыг тайлбарлаж, тулхтай, тууштай, туршлагатай, хүний мөс чанартай, ноён нуруутай Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриаллаа. Мөн жүжигчин, Архангайн уугуул Э.Цолмонбаяр эвтэй Монголын төлөө түүнийг дэмжихийг уриалсан юм.
Б.Батбуян: Улс, үндэстний төрийн тэргүүн гэдэг тулхтай, ноён нуруутай, эв нэгдлийг эрхэмлэгч хүн байх ёстой
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Энэ дундаас Монгол Ардын Намаас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхээр тусгасан нь сэтгэлд нийцэж байгаа учир Миеэгомбын Энхболдыг дэмжих нь чухал юм. Аливаа улс, үндэстний Төрийн тэргүүн гэдэг, тулхтай, ноён нуруутай, эв нэгдлийг эрхэмлэгч хүн байх ёстой. Миеэгомбын Энхболд энэ шалгуурт тэнцэх, эрдэм мэдлэг, ноён нуруутай хүн гэж үзэж түүнийг дэмжиж байгаа.
Х.Ганболд: Миеэгомбын Энхболд Монгол Улсад ихийг хийж бүтээсэн, цаашдаа илүү ихийг хийж бүтээх чадвартай хүн
-Миеэгомбын Энхболд Монгол Улсад ихийг хийж бүтээсэн, цаашдаа илүү ихийг хийж бүтээх чадвартай хүн учраас дэмжиж байна. Нам дамжсан, намыг хагалан бутаргасан хүн бол Төрийн тэргүүн байж таарахгүй. Улсын Ерөнхийлөгч гэдэг өрх гэрийн тэргүүнтэй ижил улс орноо хөгжүүлэх өндөр мэдлэгтэй хүн байх шаардлагатай. Харин Миеэгомбын Энхболд цаашид Монгол Улсаа сайн сайхан авч явах, түшигтэй, олон жил улс төрийн албан тушаалд ажилласан туршлагатай учраас дэмжиж, саналаа өгнө.
Н.Самбуу: Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна
-Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээр Чулуут сумаас ирж уулзалтад нь оролцож байна. Энэ хүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй танилцсан. Салбар бүрт чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр тусгасанд нь талархалтай хандаж байгаа. Монгол орны дөрвөн жилийн ирээдүйг тодорхойлох хариуцлагатай сонгуульд иргэд та бүхэн минь идэвхтэй оролцож, сонголтоо зөв хийгээрэй.
С.Баяржаргал: Бидний төлөө ажиллаж байгаа хүнээ дэмжинэ
-Монгол Улсын Төрийн тэргүүн гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл байдаг. Иймд гурван нэр дэвшигчээс төрд олон жил ажилласан хамгийн туршлагатай, ноён нуруутай, залуучуудын итгэл хүндэтгэлийг хүлээсэн Миеэгомбын Энхболд ахыгаа дэмжиж байна. Биднийг сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломжоор хангаж, Залуусын хөгжлийг дэмжих тухай хуультай болгосон. Энэ хүнийг дэмжихээр шийдэж, найзуудаараа уулзалтад нь ирлээ.
О.Цэвэгжав: Миеэгомбын Энхболд ачаа даах хүн
-Монголчууд бидний хувьд хариуцлагатай чухал сонголтын өмнө тулж ирлээ. Улс орны эдийн засаг маш хүнд болж, иргэдийн амьдрал ядуурсан энэ үед бид зөв хүнээ сонгох нь чухал болоод байна. УИХ болон орон нутгийн сонгуульд Монгол Ардын Нам ялсан. Тэднийг бид сонгосон. Тиймээс одоо ч мөн адил намынх нь хүнийг Ерөнхийлөгчөөр сонговол нэг бат чулуу болж алдааг засахын төлөө ажиллаж чадна. Нөгөө талаараа Миеэгомбын Энхболд төрийн албанд олон жил ажилласан туршлагатай хүн. Түүний мөрийн хөтөлбөрт тусгасан бодлого, өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлыг бүгд мэднэ. Монгол Ардын Нам ачаа даах хүнээ олоод дэвшүүлчихсэн учир бид дэмжинэ.
С.НЭМЭХ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна