АПУ ХК-ИЙНХААН ГАЗАР ЭЗЭМШИХ ХУГАЦААГАА ХЭРХЭН СУНГАСНАА ТАЙЛБАРЛАНА УУ


Таны харж байгаа энэ газар бол "Богд Хааны Ордон музей".


Ордон нийт 5.7 га газартай. Энэ газарт барилга байшин барьж болохгүй, соёлын өвийн хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахуйц хэмжээний үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн хоёр заалттай тогтоолыг Монгол улсын засгийн газар гаргасан. Цаг хугацааг нь харвал 2001 оны 4-р сарын 25-ны өдөр. Бүр барилга байшин бариулахгүй байхыг тухайн үеийн нийслэлийн засаг дарга М.Энхболдод даалгаж байсан баримт ч байна. "Богд хааны ордон музей"-н газраас өгч болохгүй бас нэг "учир" бий. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Дурсгалт газрын зориулалттай газрыг бусдад олгохоор бол засгийн газартай зөвшилцөнө гэж заажээ. Өөрөөр хэлбэл Богдын музейн газраас АПУ-д өгөх эсэхийг засгийн газартай зөвшилцөнө гэсэн үг. Гэтэл зөвшилцсөн баримт бичиг өнөөдрийг хүртэл хаана ч байхгүй. Дээрх засгийн газрын тогтоол одоо хүртэл хүчинтэй хэвээр.


АПУ ХК 1.6 га газартай болсон түүх

"Богд хааны ордон музей"-н хойд талд нь АПУ ХК хашаагаа хатгаж "Нийслэл фитнесс", нэрийн барааны дэлгүүр зэргээ нээж, үйл ажиллагаа явуулдаг. Бичиг цаасан дээр бол 1.6 га газрыг хууль бусаар авсан компани нь "Ван трейд" нэртэй. "Ван трейд" нь АПУ ХК-д зарагдахдаа газартайгаа зарагдсан гэх. Баримт сөхвөл "Ван трейд" нь 1998 оны хотын төлөвлөгөөний дагуу 1999 онд зарлагдсан тендерт ялалт байгуулж, 2003 он хүртэл одоо байгаа энэ газраа өөрийн хөрөнгөөр тохижуулж цэцэрлэгжүүлэх ёстой гэсэн гэрээ байгуулсан байна. Харин тохижуулж цэцэрлэгжүүлэх ажлаа хийж дууссан ч энэ газраа эзэмших эрхийг сунгасаар яваад хамгийн сүүлд 2012 онд газар эзэмших эрхээ ахин 5 жилээр сунгуулж 2017 он хүртэл эзэмшихээр болсон. Өөрөөр хэлбэл одоо байгаа энэ газрыг эзэмших эрх өнгөрсөн жил дууссан. Харин хэн хэзээ хэрхэн газрыг үргэлжлүүлэн эзэмшихийг зөвшөөрөв? Авилгын утасны үзүүр байж мэдэх хэрэг...




АПУ буюу Ван Трейд компаниас төр "айх"-ын учир

Хан-Уул дүүргийн газрын албаныхан Ван Трейд компанид өгсөн газраа буцааж авъя гээд 2008 онд шүүхэд хандсан байдаг. Гэтэл тэд 1.3 тэрбумын өрөнд орох болчхож. Учир нь Ван Трейд компани нь Хан-Уул дүүргийн газрыг албыг 1.3 тэрбумыг минь өгч байж аваарай гэсэн байдаг юм. Энэ мөнгө нь тухайн газрыг тохижуулахад зарцуулагдсан гэх. Ингээд өрөнд орох болсон Хан-Уул дүүргийн газрын албаныхан шүүхийн өмнө Ван Трейд компанитай эвлэрч, ахин зарга үүсгээгүй түүхтэй. 1.3 тэрбум төгрөгөөр тохижуулсан газар нь харин чухам хаана байгааг уншигч та тунгаана биз.




Хүчин мөхөс "Мэргэжлийн хяналтын ерөнхий газар"

Эдний хууль бусаар авсан газрыг 2003 онд Мэргэжлийн хяналтынхан тогтоож газраа чөлөөлж өг гэсэн мэдэгдэл хүргүүлж байсан юм. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг харвал "уран барилгын цогцолбор зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн харагдах сүр барааг хадгалах тухай заалтыг зөрчиж байна гэсэн байв. Гэхдээ энэ мэдэгдэл мөн л АПУ ХК-д үйлчлээгүй "хүчин мөхөстсөн".


АПУ ХК-ыг Соёлын сайд асан Ц.Оюунгэрэл ч дийлээгүй

2014 онд Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл байлаа. Түүнээс Богд Хааны ордон музейн газрыг буцааж авах эсэх тухай тодруулж байв. Тэрээр нэгэнт хууль бусаар авсан газрыг хүчээр авах тухай яриагүй. Харин 2017 онд газар эзэмших хугацаа нь дуусахаар буцааж авна гэж байв. Түүний яриаг эргэн сануулъя.

Богд хааны ордон музейн газраас өгч болохгүй гэсэн засгийн газрын тогтоол бий. Гэтэл энэ тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Хэд хэдэн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газрын тогтоол хууль биш болохоор хүчин мөхөс байна уу? Засгийн газрын тогтоол хүчинтэй хэвээрээ байгаа.

Засгийн Газар бол УИХ-аас олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд соёлын өвийг хамгаалах үүрэгтэй. Соёлын өвийг хамгаалахдаа эргэн тойрных нь газрыг хамгаална. Богдын музейн хамгаалалтын бүсэд байгаа байгууллагуудыг гэрээгээ дуусангуут нь газраа чөлөөлж өгөх ёстой, та нарын байгуулсан гэрээ чинь 2015, 2017 онд дуусах юм байна. Үүнээс цаашаа бол соёлын яам соёлын өвийн эргэн тойрон дахь газруудыг ашгийн зориулалттай ашиглуулахгүй гэсэн бичгүүдээ өгсөн. Бид мөн байгууллагууддаа ч хэлсэн. Өөр өөрийнхөө алдсан газар, соёлын өвөө хамгаал. Эргэж гомдлоо тавьж, тэмцлээ хийгээч ээ гэдэг зүйлүүдийг өгсөн. Ер нь ихэнх зөрчил яамнаас биш нийслэлээс гарсан байдаг. Тэгэхээр урд өмнөх нийслэлийн засаг дарга нар энэ соёлын өвд их хайхрамжгүй хандаж байсан гэж хэлмээр байна. Одоогийн энэ шинэ удирдлагуудад харин бид соёлын өвдөө ариг гамтай хандаач ээ гэсэн бичиг явуулсан" гэж байв.


Хотын мээр асан Э.Бат-Үүл ч намын нөхрийнхөө эзэмшиж байгаа газрыг авч чадаагүй

2014 оны хавар энэ асуудлаар сурвалжлага бэлтгэж байх үеэр тухайн үеийн хотын мээр Э.Бат-Үүлээс асууж байлаа. Богд хааны ордон музейн газрыг буцааж авах боломжтой эсэхийг тодруулахад "Ер нь бол Богдын музейн газрыг өгчих л хэрэгтэй байгаа юм л даа" гэснээс өөр зүйл хэлээгүй "бултсан".

Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан:

Газраа авах гэж би бид, миний өмнөх удирдлагууд их олон жил уйгагүй хөөцөлдсөн. Өөр нэг байгууллага газраас минь хумслах гэж байсныг бид болиулж чадсан. Харин авчихсан байгаа, газар дээрээ үйл ажиллагаа явуулаад барилга барьчихсан байгууллагуудыг бид дийлэхгүй нь ээ. Төр газраа авчхаж чадахгүй байна.




Богдын ордоны газар дээр асар ч барьж болохгүй

Богдын музейн газар хөл бөмбөг үзэх талбай болж хувирах гэж байсан нь анхных биш. Өмнө нь ч асар барьж, олон залуус цуглан, хөл бөмбөг үзэж байв. Харин энэ жил цахим орчинд Богдын ордны газар дээр байгууламж барихыг эсэргүүцсэн тэмцэл олны анхааралд орж чадлаа. Тиймдээ ч NTV телевиз дараах мэдэгдлийг гаргаж, байгууламж барихаа зогсоосноо мэдэгдсэн юм. Яагаад асар ч барьж болохгүй вэ гэвэл их хотын олон залуус цэнгэлдэх тэр зуур Богдын орднууд болон үзмэрүүд нь ганхаж, газар хөдлөх мэт хөдөлдөг байна. Байнгын хөдөлгөөнд орчихсон эртний модон барилга энэ мэт цаг хугацааг элээсээр байвал барилгын насжилт богиносно уу л гэхээс уртсахгүй. Барилгын насжилтыг богиносгох аюул нь хүчтэй дуу чимээ, барилга байгууламж барих үйл явц зэрэг багтдаг байна.

Богд хааны ордон музейн газрыг олгосон хүмүүсийг байцаая

Богд хааны ордон музейн газрыг хэмэлж АПУ компанид найр тавин өгсөн тухайн үеийн засаг дарга нар болох М.Энхболд, Г.Мөнхбаяр болон, Хан-Уул дүүргийн үе үеийн засаг дарга нар тэр дундаа Д.Загджав нарыг байцаая. Эхнээсээ л соёлын өвийн хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахуйц хэмжээний үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн заалт бүхий Монгол улсын засгийн газрын тогтоол, шийдвэрийг уландаа гишгэжээ. Тэр бүү хэл уг тогтоолд "Богд хааны ордон музей"-н газарт ямар ч барилга байшин бариулахгүй байхыг тухайн үеийн нийслэлийн засаг дарга М.Энхболдод даалгасан байдаг. Гэтэл удаа дараа АПУ компани нь газар эзэмших эрхээ сунгасаар өдий хүрсэн юм. Энэ авилгын сэжүүр биш үү?

Соёлын өвийг хамгаалах нэг том ажил бол эргэн тойрных нь газрыг хамт хамгаалах, авч үлдэх. Ирээдүй хойчдоо байгаагаар нь өвлүүлэхэд газар нь хамгийн чухал. Тиймээс ч 2001 оны засгийн газрын тогтоолоор, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах тухай хуулиар Богд хааны ордон музейн газрыг хэнд ч өгч болохгүйг тусгасан. Гэтэл хууль АПУ ХК-д үйлчлэхгүй 19 жил өнгөрлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 10 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 10 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 11 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 12 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 13 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 13 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 13 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 13 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 14 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 14 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 15 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 15 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 15 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 16 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 17 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 17 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 17 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 18 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 18 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 18 цагийн өмнө