Говь-Алтай аймгийн Жаргалан сумын дунд сургуулийн тааз өнгөрсөн пүрэв гаригт нурсан байна. Аз болоход энэ үеэр сурагчид ангидаа байгаагүй гэнэ. 1973 онд баригдсан энэ сургуульд өдгөөг хүртэл ямар ч их засвар шинэчлэл хийгдээгүй, элдэгдэлд бүрэн орсон аж. Сумын удирдлагуудаас засвар шинэчлэл хийх талаар жил бүр аймгийн удирдлага, орон нутгаас сонгогдсон гишүүддээ танилцуулсан ч асуудлыг шийдэлгүй явсаар өдгөөг хүрсэн байна. Энэ талаар сургуулийн захирал Ш.Болдбат "Манай сургуулийн барилгын насжилт өндөр. Өнгөрсөн хугацаанд их засвар хийгдээгүй. Зуны улиралд бороо орвол байнга дусаал гоожино. Бид 2003 оноос хойш их засвар хийлгэхээр зургаа төслөө гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр. Нуулгүй хэлэхэд цаашдаа бүх ангийн тааз нурах эрсдэл бий. Иймд холбогдох байгууллагууд нь анхаарч, манай сурагчдыг аюулгүй орчинд суралцахад нь туслаасай гэж хүсч байна" гэв.
Говь-Алтай аймгийн Жаргалан сум нь нийслэлээс 1130 км зайд орших бөгөөд байгалийн үзэсгэлэнт газар ихтэй говь хангай хосолсон нутаг ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна