АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нь олон арван жил үргэлжил байгаа Араб Израйлийн мөргөлдөөнийг эцэслэн шийдсэн хүн гэдгээр түүхэнд үлдэхийг хүсч байгаа бололтой. Түүний захиргаа нь Израль ба Палестин хоорондын энхийн гэрээг хүлээн зөвшөөрвөөл Палестины нутагт 27,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт, Египет, Иордани, Ливан дахь палестинчуудад 9,1 тэрбум, 4,4 тэрбум, 6,3 тэрбум долларыг тус тус өгөх санал тавьсан байна.
Бахрейнд эхэлж байгаа "Энх тайвнаас хөгжил цэцэглэлт рүү" гэсэн уриатай зөвлөгөөнд оролцогчид Америкийн тавьж байгаа энэ саналыг хүлээн авбал Палестины ДНБ-ийг хоёр дахин өсгөх, сая гаруй ажлын байр шинээр бий болгох 179 төслийг хэрэгжүүлж эхлэх аж.
Үүний хариуд Палестины чөлөөлөх байгууллага, ХАМАС хөдөлгөөн нь Шинэ Палестин нэртэй улс байгуулах гэрээг Израйльтай байгуулна. Энэхүү шинэ улс нь Иордан голын баруун эрэг, Газын зурвас дахь еврейчүүдийн суурин баригдаагүй газрыг хамрах бөгөөд еврей сууринтай газар нутгийг Израйлийн газар нутаг гэж хүлээн зөвшөөрөх ёстой.
Гэвч Палестин улсын Ерөнхийлөгч Махмуд Аббас "Улс төрийн шийдэл гараагүй цагт асуудлын эдийн засгийн талыг бид хэлэлцэхгүй" гээд татгалзсан байна. Палестины бусад улс төрчид ч Аббасыг дэмжин "палестинчуудад Америкийн мөнгө биш харин Израйлийн булаан эзлэлтээс чөлөөлөгдөх хэрэгтэй байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна