ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ҮГ НЭМЭРЛЭХ НЬ...

О.Шүрэнцэцэг
2019/07/19

Өмнөх нийтлэлүүдээрээ Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой зарим саналаа илэрхийлсэн билээ.

Төслийг хэлэлцэж эхлэхийн тулд Улсын Их Хурлын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулав. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс хуульд хориг тавих хугацаа дуусаагүй байхад хуучин Дэгийн хуулиа баримтлан Төслийг хэлэлцэж эхэлсэн нь гайхаш төрүүллээ. Уг нь ганц, хоёрхон хоног хүлээгээд л Дэгийн хуулийн шинэ заалтуудаа мөрдөөд явж болно доо. Ийнхүү адган байж, яаруу сандруу хэлэлцэж эхлэхийн учир юунд байв, хэт олонхидоо бардан хууль журмыг үл тоомсорлон гишигчиж байгаа юм уу?

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар юуг хэлэлцэж болох, юуг нь болохгүйг зааснаар барахгүй, хэлэлцэх нарийн дэг жаягийг нь ч тодорхой заасан байгаа даа уг нь.

Ингээд өргөн барьсан төслийн талаарх зарим саналаа илэрхийлье. Төслийн заалтуудын нилээд нь сүүлийн арваад жилийн турш парламентын гишүүд, эрдэмтэн судлаачид, иргэдийн дунд яригдаж, хэлэлцэгдэж байсан асуудлуудыг багтаажээ. Төсөл үндсэн таван хэсгээс бүрдсэн юм байна.

I.2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой заалтууд

2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь ард олны дунд "дордуулсан долоон өөрчлөлт" гэж цоллогдохдоо хүрсэн нилээн маргаантай, адармаатай асуудлууд билээ. Тухайн үеийн улс төрд үүссэн зарим хүндрэлийг яриа хэлэлцээ, улс төрийн соёл, зөвшилцөл, эрүүл ухаанаар даван гарахын оронд ард түмэндээ тайлбарлаж хэлэлцүүлэлгүй, хуйвалдааны замаар, парламентын хэт олонхийн хүч түрсэн нөхцөлд УИХ-ын танхимын дөрвөн ханан дунд яаран сандран Үндсэн хуульдаа гар хүрч шийдэх гэж оролдсон нь ямархуу үр дүнд хүргэснийг өнөөгийн парламентын гишүүд санаж явахад илүүдэхгүй болов уу.

Энэ хэсгийн зарим заалтын тухайд:

1. Төсөлд"27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна." гэсэн заалт оржээ. Үндсэн хуулийн уг эхийг яг хэвээр нь сэргээж байгаа нь сайн хэрэг. Хууль тогтоох ажлын чанар, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтын ажилд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ өнөөгийн Монголын нийгэмд хэт улс төржилт, хэрүүл маргааны эхийг тавигч нь УИХ болчихоод байгаа нь нууц биш. УИХ-ын чуулган хуралдаагүй үед монголчууд дор дороо хийдэг ажлаа хийгээд, тайван амгалан амьдарч, "малаа маллаад, махаа чанаж идээд" байж байснаа чуулган эхлэнгүүт л талцсан хэрүүл, улс төржсөн хийрхэлдээ автагдаад бужигначихдаг болсон нь одоо бүгдэд илэрхий болжээ. "Тэнэг хүн тэхий дундуур нь" гэдэг шиг 60 хоног байвал яасан юм? 1992 онд ажлын зургаан өдөртэй байсан, одоо таван өдөртэй болсон.

2. Төслийн заалт: "27.6.УлсынИх Хурлын чуулганы нэгдсэнболон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй болхуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална."

2000 онд орсон өөрчлөлтөөр гишүүдийн олонхи буюу 39 хүнээр ирцээ бүрдүүлээд, тэдний олонхи буюу 20 хүний саналаар хууль баталдаг болсныг засаж, хууль батлах босгыг өндөрсгөж байгаа тун сайн заалт.

Төслийн заалт: "27.7.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхидэмжсэн бол нууц санал хураалтявуулна".

2000 онд орсон хамгийн ноцтой, сөрөг үр дагавартай нэмэлт, өөрчлөлтийг засах юм байна. Үндсэн хуульд "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ" гэж нэмэлт оруулснаар УИХ-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр санал өгөх эрхийг хаан боогдуулж, тэднийг намын удирдлагаас хараат болгосон. Энэ нь Үндсэн хуулийн "23.1. Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана" гэсэн заалтыг олонтаа зөрчиж байв.

Саналаа ил гаргаж асуудлыг шийдэх нь зөв, харин нууц санал хураалтаар шийдэх асуудлаа ийнхүү тодорхойгүй, ерөнхийлсөн байдлаар томьёолох нь эргээд гажуудалд хүргэх үр дагавартай байж болно. УИХ дахь олонхи ард түмний санаанд нийцээгүй шийдвэр гаргахдаа нууц санал хураалтын энэ аргыг хэрэглээд байвал яах юм? Бусад хуулиар ч иймэрхүү шийдвэр гаргах нүх сүвээ малтаад байвал яах юм? Үндсэн хуульд саналаа нууцаар гаргаж асуудал шийдэх тохиолдол лав заагдаагүй байна.

Иймд Үндсэн хуулийн яг энэ заалтдаа нууц санал хураалт явуулах нөхцлийг тодорхой заах хэрэгтэй гэж үзэж байна. Жишээлбэл, "Ерөнхий сайд болон УИХ-аар томилогддог албан тушаалтныг томилохдоо нууц санал хураалтаар шийдвэр гаргана. УИХ-ын гишүүн нийгмийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэх санал гаргавал уг саналыг хэлэлцэж, УИХ-ын нийт гишүүний олонхи дэмжсэн тохиолдолд нууц санал хураалтаар асуудлыг шийдвэрлэнэ" гэж зааж болох юм. Мэдээж гишүүний гаргасан саналыг дэмжих эсэхээ ил санал хураалтаар шийднэ шүү дээ.

3. Төслийн заалт: "29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй".

Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх заалт бол хамгийн их маргаан дагуулдаг заалтын нэг.

Үндсэн хуулийн заалт анх 1992 онд батлагдахдаа "29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэж байв.Ингээд 1990-1996 онуудад УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсран ажиллаж байлаа.

1996 онд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч ийнхүү хавсран ажиллахыг бүрмөсөн хориглов. Ингэснээр Засгийн газар тогтвортой ажиллаж чадахаа больсон билээ.

Ингээд 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр уг заалт "29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн хэлбэртэй болж хориод жилийн маргааны бай, хэрүүлийн алим болсон юм. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл холилдож, эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдав. Засгийн газрын тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл ч хангагдсангүй.Сүүлдээ УИХ-ын гишүүн бүр бүрэн эрхийнхээ хугацаанд богино боловч хугацаагаар сайдын ажил давхар хийгээд авах уралдаан болж хувирав.

Хавсран ажиллахыг хорих нь ч, чөлөөтэй тавих нь ч манай нөхцөлд тохирохгүй нь лав илэрхий боллоо.Тэгэхээр төслийн энэ заалтыг сайн гарц,

шийдэлд хүргэх заалт болж чадах болов уу гэж найдаж байна.

4. Төслийн заалт: "39.1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно."

Юуны өмнө хэлэхэд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсрана гэж байж болохгүй. Харин УИХ-ын гишүүн Ерөнхий сайдын юмуу Засгийн газрын гишүүний албыг хавсран гүйцэтгэж болно. Ард түмнээс сонгогдсон гишүүдээс бүрдсэн Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилж байгаа юм.

Дээр Хорин есдүгээр зүйлийн 1 дэх заалтын талаар ярихдаа УИХ-ын гишүүн Ерөнхий сайдын юмуу сайдын ажлыг хавсрахыг бүрмөсөн хорих, эсвэл бүр чөлөөтэй, хорихгүй байх тухай дурдсан болохоор өөрийн саналыг товчхон хэлэхэд, УИХ-ын гишүүн зөвхөн Ерөнхий сайдын албан тушаалыг л хавсарч болохоор заах нь зүйтэй. Засгийн газрын бусад гишүүнээр УИХ-ын гишүүн хүн томилогдож болохгүй.

5. Төслийн заалт: "22.2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэнбол Улсын Их Хурал тарна.

22.3.Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гучхоногийндотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.

22.4.Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална."

Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох асуудлыг Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нарийвчлан тусгахаар томьёолжээ. Төслийн 22.2. заалтын хувьд хэлэхэд хэдийгээр ийм тохиолдол өмнө гарч байгаагүй, цаашид гарах магадлал бага ч гэсэн хуулиар заавал нэг шийдэл, гарцыг заасан байх нь чухал.

Харин хорин хоёрдугаар зүйлийн 3 дахь заалтын хувьд бол ард түмэн нэгэнт сонголтоо хийгээд, намууд өөрт ноогдсон суудлаа эзэлчихсэн байхад анхдугаар чуулган эхэлснээс хойш Ерөнхий сайдаа томилох гэж дөчин тав хүртэл хоног бужигнах юм уу. Улс төрийн тоглоом, наймаагаа тавтайхан явуул даа гэсэн шиг ийм олон хоног хэрэггүй, тэртэй тэргүй Засгийн газар шинээр байгуулагдах нь тодорхой байхад улс орноороо бүхэл бүтэн 45 хоног хүлээгээд байж байх юм уу, хамгийн ихдээ л 30 хоног хангалттай. Энэ заалтын дараагийн хэсэг буюу "Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гучхоногийндотор Ерөнхий сайдыг томилоогүй бол" гэснийг ийм ерөнхий байдлаар томьёолж болохгүй. Олон янзаар энэ нөхцөл үүсч болно. Ерөнхий сайд өөрөө хүсэлтээрээ огцрох, чөлөөлөгдөхийг хүсэх, удаан хугацаагаар өвчтэй байх гэх мэтээр олон шалтгаан байж болно. Түүнчлэн УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах янз бүрийн улс төрийн тоглоом байхыг ч үгүйсгэх арга байхгүй. Энэ тохиолдолд хэсэг улс төрчид, хэдэн намын эрх ашиг чухал уу, ард түмнээс сонгогдон байгуулагдсан парламент тогтвортой ажиллах нь чухал уу гэсэн сонголт тулгарнаа даа. Иймд энэ заалтыг сайтар ярилцаж, илүү нарийвчлан томьёолох хэрэгтэй.

6. Төслийн заалт: 39.2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэнхүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

Үндсэн хуулийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхойлсон Гучин гуравдугаар зүйлийн энэ заалтыг арай өөрөөр томьёолон энэ зүйлд зөөн авчирчээ. Уг нь Улсын Их Хурлын сонгуульд улс төрийн намууд эвсэл болж орох биш, сонгуулиар ард түмнээрээ дүнгээ тавиулаад УИХ-д суудалтай болсон намууд Засгийн газраа байгуулахын тулд эвсэл байгуулах ёстой. Манайд ард түмнийхээ итгэлийг хүлээж УИХ-д суудалтай болох хэмжээнд хүрээгүй намууд "эвсэл" нэрээр аль нэг том намын суганд хавчуулагдан УИХ-д орж ирчихээд, улс төрийн наймаа арилжаа хийгээд явж байсан түүх бишгүйдээ бий. Иймд энэ заалтад байгаа "эвсэл" гэсэн үгийг хасах хэрэгтэй.

Төслийн заалт: 39.3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь заалтын "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ." гэсэн өгүүлбэрийг олон жил дур дураараа тайлбарлан, хэрэглэж ирлээ. Уг нь энэ заалтын дагуу эхэлж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ "Засгийн газрын бүтцийн тухай хууль", "Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль" гэсэн хоёр хуулиар тодорхойлоод, дараа нь энэ зүйлийн дараагийн 3 дахь заалтын дагуу Засгийн газрын гишүүдийг УИХ хэлэлцэн томилно гээд Монгол Улсын Үндсэн хуульд цагаан дээр хараар биччихсэн байгаа юм. Тэгэхээр энэ заалтын "саналаа" гэснийг "тухай хуулийн төслийг" гэж нарийвчлан тодорхойлж байгааг зөв гэж үзэж байна.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд 2000 онд оруулсан "долоон өөрчлөлт"-ийн нэгээс бусдыг нь ямар нэгэн хэлбэрээр дахин өөрчлөх санал оруулж, харин Хорин дөрөвдүгээр зүйлийн УИХ-ын дарга, дэд даргыг сонгох тухай 1 дэх заалтыг хөндөөгүй юм байна.

I.ард түмний засаглах

эрхийг хангах

Нэмэлт, өөрчлөлтийн төслийн энэ хэсэгт Улсын Их Хурлын үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд чиглэсэн 6 үндсэн заалтыг оруулжээ. Нилээд эрээвэр хураавар, харьцангуй шинэ боловч, маргаантай асуудлуудыг хөнджээ.

1. Төслийн заалт: 6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.

Үндсэн хуулийн "Монгол Улсын бүрэн эрхт байдал" гэсэн Нэгдүгээр бүлгийн Зургадугаар зүйлийн 2 дахь заалтад сүүлийн өгүүлбэрийг нэмэх санал оруулж байгаа юм байна. Юуны өмнө төр байгалийн баялгийг ашиглах гээд байгаа юмуу гэсэн асуулт гарч ирж байна. Зүй нь байгалийн баялгийг ашиглахад төр ямар бодлого, зарчим барих тухай заах ёстой бус уу. Нөгөө талаас энэ өгүүлбэрт дурдагдаж буй зарчмууд угаасаа Үндсэн хуулийн тав, арван зургаа, гучин наймдугаар зүйлүүдэд байгаа зарчмууд юм.

Хэрэв Үндсэн хуулийн энэ заалтад өөрчлөлт оруулах гээд байгаа юм бол "төрийн өмч" гэсэн тодорхойгүй ойлголтоо тодруулж, Үндсэн хуулийн Тавдугаар зүйлд заасан "нийтийн болон хувийн өмч"-ийн тухай ойлголтод нийцүүлэх ёстой. Мөн заалтад өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах тухай ч заасан байгаа.

Тэгэхээр энэхүү нэмэх гээд байгаа хоёрдахь өгүүлбэрээ сайтар бодож тунгаан, зөвөөр найруулан бичихгүй болсонгуулийн сурталчилгаанд ашиглах улс төрийн уриа лоозон төдий болон хувирах вий дээ.

2. Төслийн заалт: 25.1.6."Засгийн газрын гишүүд," гэснийг хасах.

Улсын Их Хурал Засгийн газрын гишүүдийг хүн бүрээр хэлэлцэн томилдог одоогийн эрх мэдлээсээ татгалзах тухай энэ заалт нь төрийн эрх мэдлийг хуваарилах Үндсэн хуулийн зарчимд нийцсэн, Засгийн газар танхимын зарчмаар ажиллах боломжийг хангасан, УИХ-аас хуулийн хэрэгжилтэд тавих хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болох заалт болжээ.

3. Төслийн заалт: 25.1.7.төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах.Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;

Төслийн энэ заалтаар эхний өгүүлбэрт "бодлого" гэсэн үг нэмжээ. Уг нь энэ зүйлийн 2 дахь заалтад байгаа ойлголт. Гэхдээ илүү тодруулах шаардлагатай гэж үзсэн байх.

Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн талаар заасан Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт сүүлийн хоёр өгүүлбэрийг нэмэх саналыг төсөлд тусгажээ. "Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй" гэсэн заалтын тухай өмнө нь тодорхой бичсэн тул энэ удаа "үүсгэж" биш "үүсгэх" гэх нь зөв гэсэн саналаа нэмэрлэе.

Харин сүүлийн өгүүлбэрийн хувьд ихээхэн маргаантай санагдаж байна. "Хараат бусаар" гэдэг нь ямар хүрээнд яригдах ойлголт вэ, төрийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллага аль нэг газарт ядахнаа үйл ажиллагаагаа тайлагнах, уг байгууллагын хяналтаар гаргасан дүгнэлт нь ямар нэг үр дагавартай байх хэрэгтэй биз дээ. Яагаад УИХ-ын онцгой бүрэн эрхийн талаар ярьж байснаа гэнэтхэн нэг байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмын тухай яриад эхлэв. Хэрэв төрийн аудитын байгууллагын талаар ярьж байгаа бол ийм байгууллага нь парламентаас төсвийн гүйцэтгэлд тавих чиг үүргийн тодорхой хэсгийг хэрэгжүүлж, парламентад ажлаа тайлагнадаг агентлаг байх дэлхийн улс орнуудын жишиг бий.Нөгөө талаас одоо чгэсэн манай улсад хувийн аудитын компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зааг, хязгаарыг нь яаж тогтоохов. Ийм учраас энэ сүүлийн заалт болохгүй байна.

4. Төслийн заалт: 28.2.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.

28.3.Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй.Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно.Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

28.4.Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Мэдээж хэрэг, энэ заалтаар байгуулагдах хяналт шалгалтын түр хороо нь УИХ-ын бусад байнгын болон дэд, түр хороодоос огт өөр зарчмаар ажиллах түр хороо байх учраас Үндсэн хуулиар үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тодорхойлох хэрэгтэй. Дэлхий улс орнуудын парламентад хяналтын ийм чиг үүрэгтэй хороод ажилладаг. Гэхдээ эхний заалтад байгаа "Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудал" гэдэг том малгайн доор бүх юм руу үсчээд байдаг түр хороод байгуулагдах гарц нээгдэх аюул байна, нөгөө талаас хоёрдахь заалтад байгаа түр хороодын эрх мэдлийг маш тодорхой заахгүй бол нэг мэдэхэд л хүрээ хязгаараасаа халиад улс төрийн популистуудын гарт зэвсэг, индэр болчих вий гэсэн болгоомжлол байна.

5. Төслийн заалт: 21.4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

Өнөөг болтол батлагдан хэрэгжиж ирсэн сонгуулийн хуулиудад "нэг мандаттай 76 тойрогт сонгуулийн олонхийг төлөөлөх зарчмаар сонгуулийг явуулна", "сонгуулийн томсгосон тойрогт сонгуулийн олонхийг төлөөлөх зарчмаар сонгуулийг явуулна" гэх мэт сонгуулийн тогтолцоог тодорхойлсон заалтаас гадна сонгуулийн хороодыг байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргах, санал авах, санал тоолох гэх мэт сонгуулийн журмыг хамтад нь заасан заалтуудыг тусгасаар ирсэн билээ. Тийм болохоор энэ заалтад "тогтолцоо" гэсэн үг нэмэхийг эсэргүүцээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байна.

Ер нь бол энэ заалтдаа сонгуулийн тогтолцоогоо нэг мөр тодорхой заах хэрэгтэй байгаа юм. Сонгууль бүрийн өмнө нам бүр сонгуулийн хуулиа өөрчлөх гэж тархиа гашилган, буруу зөв тооцоо хийн, сонгуулийн системийг тогтворгүй болгож, эцсийн дүндээ ард түмний сонгох эрхийг ноцтой зөрчиж байдгийг таслан зогсоох цаг ирсэн.

6. Төслийн заалт: 191.1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.

191.2.Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно.

Эхний заалтын томьёололтой эцэс төгсгөлгүй маргаж болно: "иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлнэ" гэж юуг хэлээд байгаа юм, "улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна" гэж яахыг хэлээд байгаа юм гэх мэтээр. ТэгэхээрҮндсэн хуулиндаа ийм тодорхойгүй заалт оруулах хэрэггүй гэсэн үг.

Харин хоёр дахь заалт нь маш чухал, гэхдээ байршилаа олсонгүй. "Хүний эрх, эрх чөлөө" гэсэн Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад тусгах хэрэгтэй байх.

II.Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт

1. Төслийн заалт: 39.4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.

Улсын Их Хурлаар Засгийн газрын гишүүдийг хүн нэг бүрээр хэлэлцэн томилдог одоогийн туршлагаас татгалзах заалт. Энэ заалт Үндсэн хуульд тусгагдвал төрийн эрх мэдлийн хуваарилалт сайжирч, Засгийн газар танхимын зарчмаар ажиллах нөхцөл бүрдэнэ. Одоогийн заалтаар Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж авахын тулд УИХ дахь намын бүлэг, фракцуудтай наймаа арилжааны хэлцэлд орж, тэдний ашиг сонирхол, хүчний харьцаанд нийцсэн сайд нарыг томилуулснаар танхимын зарчим үндсэндээ алдагддаг. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагаанд муугаар нөлөөлөөд зогсохгүй, УИХ ч Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтаа алддаг сөрөг үр дагавартайг бидний сүүлийн хориод жилийн туршлага тов тодорхой харуулж байна.

Харин энэ заалтад дурдагдсан "Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулах" процессийг дагалдан гарах хуулиудаараа маш тодорхой нарийвчлан тусгах хэрэгтэй.

2. Төслийн заалт:43.1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад ньалбан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

43.2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ямарч тохиолдолд нийт гишүүдийн олонхиор шийдвэрлэх нь тодорхой. Гэхдээ одоог хүртэл Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавигдаж, УИХ-аар хэлэлцэж байсан туршлагаас үзэхэд гишүүд олонхиороо санал нэгдээд огцруулах асуудлыг шийдэж байснаас гадна цөөнхийн зүгээс санал гарган өөрийн хяналтын эрх мэдлээ хэрэгжүүлж, Засгийн газрын үйл ажиллагаанд юу нь болж, юу нь болохгүйг байгааг УИХ-аар нэг сайн хэлэлцээд авч байсан нь аль аль талдаа хэрэгтэй байсныг санах хэрэгтэй.

Иймд цөөнхийн зүгээс дараагийн Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэхгүйгээр Ерөнхий сайдыг огцруулах тухай санал тавих эрхийг хааж болохгүй юм.

3. Төслийн заалт:44.1.Ерөнхий сайдулсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийгоруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

44.2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

Үндсэн хуулийн дөчин дөрөвдүгээр заалтыг тодруулж байна. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангахтай холбоотой заалт юм. Гэхдээ яагаад асуудлын зөвхөн нэг талыг нь тусгаад, нөгөөг нь орхив гэсэн асуулт гарч ирж байна. Төслийн заалтаар бол парламент зөвхөн өөрөө тарах шийдвэр гаргаж болно, эсвэл Ерөнхий сайдыг хуулийн хугацаанд томилж чадаагүй бол тарна. Хариуцлагагүй, чадваргүй байгаа парламентыг тараах боломж байх ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад мөн парламентыг тараах санал тавих боломж байх ёстой.

4.Төслийн заалт:46.4.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна.

Төрийн албаны зарчмуудыг Үндсэн хуулиар тогтоох гэж байгаа бол хамгийн гол юм нь дутуу байна. Төрийн алба үр дүнтэй, улс орныг хөгжилд хөтөлж чаддаг, иргэддээ төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүнд сурталгүй хүргэж чадддаг байх ёстой.

Хоёр дахь өгүүлбэрийн хувьд бол тэртэй тэргүй Үндсэн хуулийн "Хүний эрх, эрх чөлөө" гэсэн хоёрдугаар бүлэгт заасан асуудлуудыг энд давтаад байх шаардлага байхгүй. Төрийн албан хаагчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр халж, чөлөөлнө гэвэл илүү зөв томьёолол болно. Гэхдээ эрхийг нь зааж байгаа бол үүргийг нь мөн заах л хэрэгтэй. Эрхийг нь Үндсэн хуулиар, үүргийг нь өөр хуулиар заах гээд байгаа юм уу.

Сүүлийн өгүүлбэрт хяналт тавьдаг нэг байгууллагын тухайяриад байх шиг байна. Ийм бүдэг бадаг заалт Үндсэн хуульд тусгах хэрэггүй юм. Зөвхөн хяналт тавиад суух биш, харин чадахуйн зарчмыг хангах хүнийг олох, сонгох, төрийн албанд томилох, томилсныхоо дараа хяналт тавих тухай заасан бол Үндсэн хуулийн хэмжээнд ийм заалт оруулж байгааг өчүүхэн боловч зөвтгөх шалтаг болох юм даа.

"УИХ дахь Ардчилсан намын зөвлөл"-ийн

Ажлын албаны дарга Дондогдоржийн Золжаргал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 1 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 1 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 1 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 3 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 3 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 3 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 3 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 4 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 4 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 4 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 5 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 6 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 7 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 8 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 8 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 9 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 9 цагийн өмнө