ТАНИЛЦ: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль бүрэн эхээрээ

Ш.АДЪЯАМАА
2023/01/23

Намрын чуулганы төгсгөлд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-аар яаравчлан баталсан нь өнөөдөр иргэдийн дунд шүүмжлэл дагуулсаар буй.Уг хууль нь цахим орчинд хүний эрхийг хамгаалах зорилготой ч нөгөө талдаа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдсан хууль боллоо гэж улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас дүгнэж буй. 

Хуулийн заалтууд ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлж хэрэгжинэ. 

Батлагдсан хуулийн зүйл, заалтыг БҮРЭН ЭХЭЭР нь хүргэж байна. 

ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

  1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

          1.1.Энэ хуулийн зорилт нь олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүний эрх хангах асуудлаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль тогтоомж

2.1.Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль,  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах, хүний эрх хангах асуудлаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, олон нийтийг соён гэгээрүүлэхтэй холбоотой харилцаанд үйлчилнэ. 

3.2.Олон нийтийн сүлжээнд гурваас доош тооны хэрэглэгч хоорондоо харилцахад энэ хууль үйлчлэхгүй.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 

4.1.1.“Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” гэж Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 20.1.2-т заасныг;

4.1.2.“контентыг нийтлэх” гэж хэрэглэгч контентыг олон нийтийн сүлжээнд нийтэд нээлттэй хүргэхийг; 

4.1.3.“контентыг түгээх” гэж нийтэлсэн контентыг олон нийтийн сүлжээнд бусад этгээдэд дамжуулахыг;

4.1.4.“контентыг түдгэлзүүлэх" гэж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн контенттой танилцах, түгээх боломжийг тодорхой хугацаанд хязгаарлахыг; 

4.1.5.“ногоон суваг” гэж олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчтэй зөрчилтэй контентыг шийдвэрлэх, харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах сувгийг;

4.1.6.“олон нийтийн сүлжээ” гэж интернэт сүлжээ ашиглан контентыг нийтэд нийтлэх, түгээх, харилцан мэдээлэл солилцох зориулалт бүхий программ хангамжийг;

 4.1.7.“олон нийттэй харилцах нэгж” гэж Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн бүтцийн нэгжийг; 

4.1.8.“төлөөлөгчийн газар” гэж Иргэний хуулийн 29.3-т заасныг;

 4.1.9.“үйлчилгээ эрхлэгч” гэж олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийг;

4.1.10.“хэрэглэгч" гэж олон нийтийн сүлжээнд бүртгэгдсэн, хэрэглэгчийн хаягтай хүн, хуулийн этгээдийг;

 4.1.11.“хэрэглэгчийн хаяг” гэж олон нийтийн сүлжээнд хэрэглэгчийг ялган таних зориулалт бүхий үг, үсэг, тоо болон бусад тэмдэгтээс бүрдсэн мэдээллийг;

 4.1.12.“хүний хувийн мэдээлэл” гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11-д заасан мэдээллийг.

   4.2.Энэ хуулийн 4.1.5-д заасан ногоон сувгийг хэрэгжүүлэх эрхийг олон улсад зөвшөөрөгдсөн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад олгож болно.

  5 дугаар зүйл.Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалахад баримтлах зарчим

5.1.Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалахад дараах зарчмыг баримтална:

5.1.1.хууль дээдлэх;

5.1.2.үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэх,

5.1.3.хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх;

5.1.4.хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;

 5.1.5.хүний хувийг мэдээллийг хамгаалах;

5.1.6.үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журмыг хамгаалахад чиглэх;

5.1.7.олон нийтийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх.

 ХОЁРДУГААР БҮЛЭГ ЗӨРЧИЛТЭЙ КОНТЕНТ

 6 дугаар зүйл.Зөрчилтэй контент

 6.1.Зөрчилтэй контентод олон нийтэд хүргэхээр нийтэлсэн текст, тэмдэг, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс болон бусад хэлбэр бүхий дараах мэдээллийг хамааруулна:

6.1.1.Монгол Улсын төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжилсон;

 6.1.2.цахим сүлжээ ашиглан залилсан, залилахыг завдсан;

6.1.3.хүүхдийн бие махбод, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан;

 6.1.4.хүчирхийлэл, садар самууныг уриалсан, сурталчилсан;

6.1.5.хүнийг заналхийлэх, амиа хорлох, бие махбодод нь гэмтэл учруулахыг уриалсан, сурталчилсан;

 6.1.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг уриалсан, сурталчилсан;

 6.1.7.экстремист үйл ажиллагаа явуулах, үндэсний эв нэгдлийг бусниулах, төрийн болон албаны нууцыг задруулах, террорист үйлдэл хийх, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэрэг үйлдэхэд өдөөн турхирсан, уриалсан агуулга бүхий;

 6.1.8.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан;

 6.1.9.оюуны өмчийн эрхийн зөрчилтэй;

6.1.10.гэмт хэрэг, зөрчилд тооцогдох үйлдлийг нарийвчлан зааварчилсан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхийг уриалсан, өдөөн турхирсан, хатгасан, сурталчилсан, дэмжсэн;

 6.1.12.хүүхдийг гуйлга гуйх, тэнэмэл, хараа хяналтгүй амьдрахад татан оруулсан, уриалсан, өдөөн хатгасан, сурталчилсан.

 6.1.13.мэдээлэл нийтлэгдсэн олон нийтийн сүлжээний нөхцөл, шаардлагыг зөрчсөн.

 6.2.Энэ хуулийн 6.1-д заасан контентын зөрчилтэй эсэхийг хянан шийдвэрлэхэд дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

6.2.1.контент нь хүн, хуулийн этгээд, эсхүл нийгмийн тодорхой бүлгийн эсрэг чиглэсэн байдал;

 6.2.2.контентын агуулга, түүнийг илэрхийлсэн хэлбэр, хэв маяг, ашигласан үг хэллэг;

 6.2.3.контентыг нийтэлсэн, түгээсэн арга хэлбэр, давтамж;

 6.2.4.контентын улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол болон нийгэм, эдийн засагт учруулж болох эрсдэл.

 ГУРАВДУГААР БҮЛЭГ

ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ, ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

 7 дугаар зүйл.Үйлчилгээ эрхлэгч, түүний эрх, үүрэг

 7.1.Үйлчилгээ эрхлэгч дараах эрх, үүрэгтэй байна:

 7.1.1.зөрчилтэй контенттой холбогдуулан хэрэглэгчээс гомдол, мэдээлэл авах;

 7.1.2.зөрчилтэй контент, эсхүл зөрчилтэй контент агуулсан хэрэглэгчийн мэдээллийг гаргуулах, хаягийг түдгэлзүүлэх, устгах, мэдээллийн тархацыг бууруулах талаар олон нийттэй харилцах нэгжийн хүсэлт, шийдвэрийг хүлээн авч, хянан шийдвэрлэх;

 7.1.3.энэ хуулийн 7.1.2-т заасан хүсэлтийн тоо, түүнийг хянан шийдвэрлэсэн тайлан мэдээг жил бүр олон нийттэй харилцах нэгжид хүргүүлэх;

 7.1.4.Монгол Улсаас бүртгэлтэй 300000 буюу түүнээс дээш тооны хэрэглэгчтэй бол төлөөлөгчийн газар байгуулах;

 7.1.5.хэрэглэгчийг харилцах утасны дугаар болон цахим шуудангийн хаягаар баталгаажуулан бүртгэх;

 7.1.6.хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах;

7.1.7.зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг 7 хоногийн дотор хянан шийдвэрлэх.

 8 дугаар зүйл.Хэрэглэгчийн эрх, үүрэг

 8.1.Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй байна:

 8.1.1.зөрчилтэй контентын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд олон нийттэй харилцах нэгж, үйлчилгээ эрхлэгчид хандаж шийдвэрлүүлэх;

 8.1.2.зөрчилтэй контентыг олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй, түгээхгүй байх;

 8.1.3.хэрэглэгчийн хаяг, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

8.1.4.зөрчилтэй контентыг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн, түгээсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол, хор уршиг учруулсан бол учруулсан гэм хорыг арилгах;

 8.1.5.нийтэлсэн контентын үнэн зөв байдлыг хариуцах;

8.1.6.олон нийттэй харилцах нэгжийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

 ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ЗӨРЧИЛТЭЙ КОНТЕНТЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

 9 дүгээр зүйл.Зөрчилтэй контентын талаар хүсэлт гаргах

 9.1.Зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүн, хуулийн этгээд, зөвлөмж, шаардлагыг хуульд заасан эрх бүхий байгууллага олон нийттэй харилцах нэгжид цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана.

 9.2.Олон нийттэй харилцах нэгжийн үйл ажиллагааны журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 10 дугаар зүйл.Зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэх

 10.1.Олон нийттэй харилцах нэгж нь зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүлээн авч бүртгэн, хянан шийдвэрлэнэ.

 10.2.Олон нийттэй харилцах нэгж нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийн агуулга, нөхцөлийг харгалзан 72 цагийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд гарсан санал, дүгнэлтийг үндэслэн Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, хүсэлт гаргасан этгээдэд даруй мэдэгдэнэ:

  10.2.1.хүсэлтийг хүлээн авахаас татгалзах;

10.2.2.хүсэлтийг шийдвэрлэж, шийдвэр, зөвлөмж, шаардлагыг ногоон сувгийг хариуцан ажиллаж байгаа байгууллага болон олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хүргүүлэх;

 10.2.3.харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, хамтран ажиллах.

 10.3.Энэ хуулийн 10.2-т заасан хүсэлт хянан шийдвэрлэх хугацааг шаардлагатай тохиолдолд нэг удаа ажлын гурван өдрөөр сунгаж болно.

 10.4.Олон нийттэй харилцах нэгж нь зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах, шинжээч ажиллуулах, Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг авч болно.

 ТАВДУГААР БҮЛЭГ ОЛОН НИЙТИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 11 дүгээр зүйл.Олон нийтийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх соён гэгээрүүлэх үйл ажиллагаа

 11.1.Олон нийттэй харилцах нэгж нь олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах, үүсэх эрсдэлийг бууруулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

 11.1.1.олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээ, зан үйл, хор аюул учруулж болзошгүй шалтгаан, нөхцөлийг судлах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион багуулах;

 11.1.2.олон нийтийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх;

 11.1.3.олон нийтийн сүлжээнд өөрийгөө болон бусдыг хамгаалах зан суртахуун, хандлага, чадварыг бий болгоход чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах;

 11.1.4.олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс гэмт хэрэг, зөрчилд өртөх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдэгдэл, зөвлөмжийг хүн, хуулийн этгээдэд өгөх;

 11.1.5.олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах талаар гадаад улсын болон олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах.

 ЗУРГАДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

12 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

 12.1.Энэ хуулийг 2023 оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 ---o0o---

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 

2023 оны ... дугаар

сарын ...-ны өдөр

Улаанбаатар хот

 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

    1 дүгээр зүйл.Харилцаа холбооны тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

 1/23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг:

          “23.2.Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4.1.15-д заасан үндэсний хэмжээний кибер халдлага үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв, эсхүл нийтийн төвийн саналыг үндэслэн, нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр зөрчилтэй контентын тархацыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.”

 2/25 дугаар зүйлийн 25.2.14 дэх заалт:

 “25.2.14.энэ хуулийн 23.2-т заасан зөвлөлийн шийдвэрээр харилцаа холбооны сүлжээнд хязгаарлах арга хэмжээг авах.”

 2 дугаар зүйл.Харилцаа холбооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчгийн “дайчлан ажиллуулах” гэсний дараа “, хязгаарлах” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 Гарын үсэг

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны ... дугаар

сарын ...-ны өдөр

Улаанбаатар хот

 КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

  1 дүгээр зүйл.Кибер аюулгүй байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

 1/21 дүгээр зүйлийн 21.2.8 дахь заалт:

 “21.2.8.Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.7-д заасан агуулга бүхий зөрчилтэй контентыг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор зөрчилтэй контентын тархацыг бууруулах, хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөл тогтоох.” 

2/22 дугаар зүйлийн 22.2.5 дахь заалт:

 “22.2.5.Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.7-д зааснаас бусад агуулга бүхий зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авах бөгөөд уг арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн, Кибер аюулгүй байдлын зөвлөл тогтоох.”

 2 дугаар зүйл.Энэ хуулийг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны ... дугаар

сарын ...-ны өдөр

Улаанбаатар хот

 ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

  1 дүгээр зүйл.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалтын “дамжуулсан” гэсний дараа “, олон нийтэд нийтэлсэн” гэж нэмсүгэй.

 2 дугаар зүйл.Энэ хуулийг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны ... дугаар

сарын ...-ны өдөр

Улаанбаатар хот

 ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дахь дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 “13.4.Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн зөвхөн нэр, татвар төлөгчийн дугаар, гаргасан зөрчлийн талаар бусад татвар төлөгчийг эрсдэлээс хамгаалах зорилгоор татварын алба Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу татвар төлөгчид мэдэгдсэний үндсэн дээр нийтэд мэдээлж болно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг

 

 

 


2
angry
3
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 2 цагийн өмнө
​ ''Алтай констрашн'' компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ 3 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Уналтын доод цэгээ үзчихсэн хүн айх айдасгүй болдог юм билээ 4 цагийн өмнө
Залуу зохиолч Э.Миеэгомбо: Залуус хэлбэр хөөхөөс илүүтэй ном уншдаг болмоор байна 6 цагийн өмнө
Г.Очирбат: Ээждээ ''хүү нь олон пүүстэй болно'' гэсэн амлалтаа амьд ахуйд нь харуулж чадаагүйдээ харамсдаг 6 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг Өчигдөр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо Өчигдөр
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо Өчигдөр
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Өчигдөр
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна Өчигдөр
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд Өчигдөр
Эхлээд хүнээ шүтье! Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай Өчигдөр
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана Өчигдөр
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 2024/05/17
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо 2024/05/17
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” 2024/05/17
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд 2024/05/17