АН-ЫГ ЛИБЕРТАРИ ӨНЦГӨӨС ШҮҮМЖЛЭХҮЙ


Өнгөрсөн сонгуулиас хойш албан ёсны даргагүй байсан Ардчилсан Нам (АН) шинэ даргатай болсон нь АН-ыг сэргээнэ гэж олон хүн найдаж буй. АН яагаад доройтсоныг мэдэхгүйгээр шийдлийг олох боломжгүй. АН-ын товч түүх, 2012-2016 онд хэрэгжүүлсэн бодлого, АН-ынхан баруун жигүүрийн үзэл дээр тогтвол юу хийвэл зүйтэйг зөвлөсөн дарааллаар бичигдсэн энэ нийтлэлээр ялзралынх нь эх сурвалж зүүний үзэл байсан гэдгийг харуулахыг зорив.

                                                                           АН-ын идеологи

2000 оны парламентын сонгуульд үнэмлэхүй ялагдсан ардчилсан тодотголтой 5 нам тэр жилийнхээ 12-р сарын 6-ны өдөр нэгдэж өнөөгийн АН-ыг байгуулжээ. Энэ нэгдэл нь үзэл санааны бус, эрх ашгийн нэгдэл байсан учраас анх байгуулагдахдаа л хагарлын суурь нь тавигдсан гэх ойлголт одоо ч амь бөхтэй. Гэвч АН-ын лидерүүд бүгд эдийн засаг дахь төрийн оролцоо, халамжийн төрийг номлодог социал демократ, интервенционист үзэл баримтлалтай. Тэд төрд мөнгө, эрх мэдэл төвлөрөх ёстой гэж үздэг. Зөрчилдөөн нь харин төрд хураагдсан мөнгө, эрх мэдлийн төлөөх тэмцлээс нь улбаатай.

АН 2000 оноос хойш ганц л удаа олонх болсон, иймээс чөлөөт зах зээлийн бодлого явуулах хүч дутсан гэж дэмжигчид нь намаа хамгаалдаг. Хүүхдийн мөнгийг 2004 онд АН санаачлав. Гэнэтийн ашгийн 68%-ийн татвар бас л тэдний бүтээл. 2008 онд Ц.Элбэгдорж "Эрдэнийн хувь" нэрээр иргэн бүрт 1 сая төгрөг амлаж уул уурхайн популизмыг шинэ түвшинд гаргалаа. Энэ нь эргээд 7-р сарын 1-ний явдалд түлхэц болсон нь ойлгомжтой. 5 хүн алуулж, хэдэн зуун залуус хоригдож, АН МАХН-тай эвссэнээр хэрэг дууссан билээ. 

Ардчиллын "хараацайнууд" чөлөөт зах зээл, эрх чөлөө, ардчилал гэж хашхирдаг л болохоос эдгээрийн талаар ямар ч цэгцтэй ойлголтгүй. Тодорхой асуудал гарч ирэхэд бусад зүүнтнүүдтэйгээ адил төрийн оролцоог нэхдэг. АН төдийгүй Монголын намууд идеологигүй гэдэг маш хортой ойлголт Монголд түгээмэл. Эдийн засгийн ухаан, улс төрийн онолын мэдлэггүй байлаа гээд аливаа хүн, нам эдийн засгийн баримжаагүй болчихгүй. Дэмжиж, үгүйсгэж буй бодлогоороо идеологи нь тодорхойлогдоно. АН төрийн оролцоог эрхэмлэдэг зүүний нам, АН-ын гишүүд, лидерүүд нь зүүнтнүүд.

                                              Шинэчлэлийн ба Шийдлийн засгийн газар

МА(Х)Н хоёр салсан нь АН-д 2012 оны сонгуулиар олонх болох бололцоог нээж өгөв. Дангаар засаг байгуулах хэмжээнд ялаагүй АН Н.Алтанхуягийн болон Ч.Сайханбилэгийн кабинетын аль алинд нь суудлын 2/3-ыг эзэлжээ. МАН-ын чигээс зөрж төрийг цомхон болгон, эдийн засгийг чөлөөлнө гэсэн бага ч атугай хүлээлтийг АН төрийн оролцооны бодлогоороо бүрэн хөсөрдүүлсэн. АН-ын дэмжигчид нь ч, манлайлагчид нь ч өөрсдийгөө буруу зүйл хийж байна гэж бодоогүй нь эмгэнэл. 2012-2016 онд хэрэгжсэн АН-ын голлох интервенционист арга хэмжээнүүдийг доор жагсаан тайлбарлая.

                                                            Чингис бонд ба 888 төсөл

Ардчилсан Намын толгойлсон засгийн газар 2012 оны 11-р сард 1.5 тэрбум долларын дүнтэй "Чингис бонд"-ыг гаргаж өр тавив. Зорилго нь "экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүд"-ийг болон бусад дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх байлаа.[1] Төр үйлдвэрлэлийн чиглэлийг тодорхойлох уг бодлогыг төвлөрсөн төлөвлөгөө гэнэ. Чөлөөт зах зээлийн эдийн засагт үйлдвэрлэлийн хүчин зүйлс ямар зорилгоор ашиглагдахыг түр зуурдаа бизнесменүүд шийддэг. Бизнесменүүдийн шийдвэр зөв байсан эсэхийг эцсийн бүлэгт хэрэглэгчид худалдан авах, эс худалдан авах шийдвэрээрээ тодорхойлдог юм. Хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд зах зээл дээр үлдэж, нийцээгүйнүүдийнх нь үйлдвэрлэл зогсохоос аргагүй. Капиталист системд хэрэглэгчид засагладаг, хэрэглэгчид үйлдвэрлэлийг чиглүүлдэг гэдэг хэлц нь ийм учиртай. Төр компаниудад зээл олгон, тэдэнд юу үйлдвэрлэхийг зааварлах нь капитализм биш.

                                                                             Хөгжлийн банк

Хөгжлийн банкны хувьд ч ижил. Хөгжлийн банк гэдэг бол мөн чанараараа төвлөрсөн төлөвлөгөөний хэрэгсэл бөгөөд капитализмтай үл нийцэх байгууллага. 2013 онд тус банк 30 тэрбум иенийн зээлийг "Самурай бонд"-оор авахад Ардчилсан Намын засгийн газар баталгаа гаргаж өгч байв. 2015 оны жилийн эцсийн байдлаар Хөгжлийн банк 4.9 их наяд төгрөгтэй дүйцэхүйц дүнгээр 1660 гаруй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлжээ.[2] Төр бүгдийг нийгэмчилж авахгүйгээр хувийн гэгдэх компаниудаар дамжуулан үйлдвэрлэлийг удирддаг ийм системийг фашизм хэмээдэг. Зөвхөн Хөгжлийн банкны ч гэлтгүй төрийн аливаа зээл, татаас нь авлигыг бий болгодог нь удаах завхрал. Төрөөс мөнгөн дэмжлэг авахыг хүссэн хүн тухайн дэмжлэгийг олгох эрх мэдэлтэй албан албан тушаалтанд хахууль өгөх нь зайлшгүй.

                                                          Үнэ тогтворжуулах хөтөлбөр

АН 2012 оны 10-р сард "Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр" буюу Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Монгол банктай хамтран хэрэгжүүлэхээр тогтов. Үнийн дээд хязгаараар үнийг хүчээр барихын оронд төв банкнаас хэвлэсэн бага хүүтэй зээлээр үнийн өсөлтийг саармагжуулах нь тус хөтөлбөрийн зорилт байлаа. 2012-2016 оны хооронд төв банк нийт 7.2 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зах зээлд нийлүүлсэн аж.[3][4] Үр дүнд нь төгрөгийн худалдан авах чадвар үлэмж доройтов. Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсан 2012 оны 8-р сарын 10-ны өдрөөс 2016 оны 9-р сарын 1 хүртэл төгрөгийн ханш америк долларын эсрэг 62%-иар, ЕХ-ны еврогийн эсрэг 47%-иар, Хятадын юанийн эсрэг 54%-иар суларчээ.[5] Эдгээр валютууд инфляцид мөн өртдөг гэдгийг мартаж болохгүй. Ерөөс мөнгө хэвлэж үнийг барих оролдлого нь хөтөлбөрт хамрагдсан гол бараануудын үнийг барьж болох ч бусад зүйлсийн үнийг нийтэд нь өсгөдөг.

                                                          Ипотекийн зээлийн хөтөлбөр

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн "Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн нэг хэсэг юм. Засгийн газар хийгээд Монгол банкны эл хөтөлбөрийг 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг авчирсан АНУ-ын "subprime mortgage"-ийн бодлогын Монголд дахь хэрэгжилт гэж хэлж болно. Төрийн ипотекийн хөтөлбөр нь 5%-8%-ийн хүүтэй зээлээс үүдэлтэй хиймэл эрэлт, инфляцид өртсөн төгрөгөө үл хөдлөх рүү хөрвүүлэх иргэдийн шийдвэр гээд хэд хэдэн шалтгаанаар орон сууцны үнийг өсгөв. Нөгөө талаас, төв банкны шинэ мөнгө үйлдвэрлэлийн өртгийг нэрлэсэн дүнгээр нь нэмэгдүүлдэг тул компаниудын үнээ арай хямдаар тогтоох боломжийг хязгаарладаг. Чөлөөт үнийг төр гажуудуулж орон сууцны эрэлтийг нэмснээс барилгын компаниуд, орон сууцнууд дагаад олширлоо. Борлогдоогүй орон сууцны тоо 2015 оны 11-р сард 40 мянгад хүрсэн байж.[6] Төрийн хувьд эзэнгүй орон сууцны тоог буулгах шийдэл нь мөнгө хэвлэх. "Төрийн бодлогын залгамж чанар"-ын илэрхийлэл болсон энэ хөтөлбөр үргэлжлэх тусам төгрөгийн худалдан авах чадвар улам доройтно. Харин төв банк мөнгө хэвлэхээ зогсоовол барилгын компаниуд дампуурна. Сонголт эрх мэдэлтнүүдийнх. АН засгаас буухад ойртсон 2016 оны 5 дугаар сар гэхэд ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 704.2 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 83280, үүний 76.5% нь төв банкны 5%-8%-ийн хүүтэй зээл байсан байна.[7]

                                                                                НӨАТ

АН татварын дарамтын эсрэг зогсдог гэж лоозогносоор ирсэн. Гэвч Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед НӨАТ-ыг нэвтрүүлэв.[8] НӨАТ бол үйлдвэрлэлийн дамжлага бүрийг татварлаж, бизнес эрхлэгчдийг нэгийг нь нөгөөгөөр нь хянуулдаг харгис систем. Компаниуд төлбөрийн баримтынхаа тусламжтайгаар НӨАТ-ын дарамтыг мэдэрдэггүй гэж мэтгэх нь бий. Гэлээ ч тийм биш. НӨАТ эцсийн бүтээгдэхүүний үнэд шингэдэг нь зарим зүйлсийн эрэлтийг бууруулна. Тэрхүү эрэлт нь буурсан зүйлсийн борлуулалт муудахад үйлдвэрлэлд нь ордог завсрын бараануудын эрэлт "домино эффект"-ээр цуг буурч, нийлүүлэгчдэд нь сөргөөр нөлөөлөх юм. Монголын эрх баригчид эцсийн хэрэглэгчдэд НӨАТ-ын 2%-ийг нь буцаан өгдгөөрөө саймширдаг. Цаад санаа нь иргэдийг харж үзсэндээ биш, засгийн газрын төсвийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой. 2%-ийг буцаан олгодоггүй байсан бол дэлгүүрүүд НӨАТ-ын баримтгүй хямд үнийг санал болгох ба худалдан авагчид зөвшөөрч таарах нь эрүүл ухаан. 2021 оны НӨАТ-ын орлого 2.8 их наядаар хэмжигдсэн нь ААНОАТ, ХАОАТ-ыг нийлүүлсний 85%-тай дүйнэ.[9] Энэ хэрээр АН татварыг нэмсэн юмсанж.

                                                                                   Эс үйлдлүүд

АН 2012-2016 онд засаглаж байх хугацаандаа төрийн зарцуулалтыг танаагүй. МХЕГ, ШӨХТГ зэрэг хувийн хэвшлийг хавчдаг байгууллагуудыг татан буулгаагүй. Эрчим хүч, нийтийн тээврийн салбарын үнийг чөлөөлөөгүй. Төрийн нийгмийн даатгалын системийг үгүй хийгээгүй. Боловсрол, эрүүл мэндийн салбаруудыг шууд биш юм гэхэд шат дараатайгаар хувьчлах талаар юу ч дуугараагүй. Эдгээр эс үйлдлүүд болоод өмнө дурдагдсан интервенционист арга хэмжээнүүдээрээ АН эдийн засгийн либералчлалын чанх эсрэг явжээ.

                                                                            AН бутарсан нь

2016 оны сонгуулиар арчуулснаасаа хойш АН сэхсэнгүй. Эрх мэдлээ булаацалдсан сөргөлдөөн нь даамжирсаар л байв. Лидер дагасан бүлэглэлүүд нь нэг нэгнийгээ уналтын шалтгаан, гадны агент хэмээн буруутгах нь тоймгүй. АН-д түүхэнд нь нэг ч баруун жигүүрийн "сонгодог либерал" баримтлалтай улс төрч байгаагүй нь ялзралынх нь жинхэнэ шалтгаан юм. АН үнэхээр чөлөөт зах зээлийн төлөөх нам байсан бол Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Эрдэнэ, Х.Баттулга зэрэг үе үеийн лидерүүд нь зүүний бодлого сурталчлахад гишүүд нь эсэргүүцэх байв. Тийм зүйл болоогүй. Өмнө дурдсанчлан мөнгө, эрх мэдлийн хуваарилалтаас хоцорсон, хуваарилалтад сэтгэл ханаагүй гомдол нь АН доторх шүүмжлэл, үзэн ядалтыг төрүүлдэг.

Юу хийх ёстой вэ?

Дараах зөвлөгөө маань зөвхөн АН-д хамаарахгүй. Чөлөөт зах зээлийн системд ээлтэй гэж өөрсдийгөө тооцдог бүх намд хүртээлтэй.

Татварыг эрс бууруулах: Монголчууд орлогын, НӨАТ-ын, гаалийн, онцгой албан татвар зэрэг татваруудаар орлогынхоо 20%-30%-ийг булаалгадаг. Үүн дээр НДШ-ийг нэмэх нь зүйтэй. Татвар бага байснаараа, татвар огт байхгүй байснаараа эдийн засгийн өсөлтөд түлхэц болдог. Иргэдийн, компаниудын худалдан авах чадвар дээшилнэ. Төрийн зарцуулалт, бүтээн байгуулалт татрахад эдийн засгийн ресурс хувийн хэвшилд шилжинэ. Хөгжье гэвэл орлогын албан татварыг 10%-д хязгаарлаж, бусад бүх татварыг авч хаях ёстой.

Үнийг зохицуулахаа болих: Монголын нийтийн тээвэр, эрчим хүчний салбарын дампуурал нь төр үнийг хүчээр барьдагтай холбоотой. Үнэ чөлөөлөгдөхөд богино хугацаандаа үнэ өсөх нь мэдээжийн хэрэг боловч татвар буурсан тохиолдолд цохилт нь хүндээр мэдрэгдэхгүй. Үнийг чөлөөлөх нь өрсөлдөөнийг өдөөж, өрсөлдөөн нь дунд хугацаандаа бүтээгдэхүүний үнийг буулгаж, чанарыг сайжруулна. Чөлөөт өрсөлдөөнөөс хэрэглэгчид л хождог.

Тусгай зөвшөөрлийг цөөлөх: Шинэ өрсөлдөгч тухайн салбарт ороход саад хийн өрсөлдөөнийг хумьдаг тусгай зөвшөөрлөөс монополь, олигополь үүсдэг. Жишээ нь, шатахуун импортлох эрх хэн бүхэнд нээлттэй байх нь төртэй хамссан компаниуд, лиценз олгогч эрх мэдэлтнүүдээс бусдад тустай. 

Компанийн халамж буюу татаас, хөнгөлөлттэй зээлийг зогсоох: Зөвхөн ядуус, ажилгүйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд халамж авдаг гэвэл үгүй.Халамжийн томоохон хэсэг компаниудад очдог. Компанийн халамж гэдэг нь татаас, хөнгөлөлттэй зээл, тендер зэрэг арга хэмжээнүүд. Материаллаг баялаг хомс, бүгдэд нь мөнгө хэвлэж тараавал гиперинфляци болох тул дээрх халамжууд онцгой эрхтэй цөөн компанид очно. Хөгжлийн банк, ЖДҮДС, ТЭДС гэх мэт газрууд нэгэнд нь давуу тал олгон нөгөөхийг нь хохироодгоороо капитализмын эсрэг шинжтэй. (Жич: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан халамжаас бусдыг даруй цэглэх ёстой.)

МХЕГ, ШӨХТГ, яамдыг татан буулгахХэрэглэгчдийн чанар, стандартын шаардлагад хүрээгүй бизнесийг зах зээл өөрөө шийтгэдэг. МАН МХЕГ-ыг татан буулгасан гэсэн авч чиг үүргийг нь холбогдох яамдад нь шилжүүлснээрээ нэмэгдэхүүний байрыг солив. Зах зээлийг хөндлөнгөөс зохицуулахад чиглэгдсэн яамдыг ч бас цөөлбөл зохилтой. Шударга өрсөлдөөний орчныг бий болгоход ШӨХТГ-ыг ашиглах нь бус, монополь, олигополийг үүсгэгч төртэй тулах нь чухал.

Төрийн нийгмийн даатгалын системийг үгүй хийх: Өмнөх үеийнхний тэтгэврийг өнөө үе нь, өнөө үеийнхний тэтгэврийг хойч үе нь төлдөг механизмтай төрийн нийгмийн даатгал нь хуульчлагдсан понци схем юм. Ажиллах хүчний тоо цөөрөх хэрээр төрийн нийгмийн даатгалын систем ганхана. Хөдөлмөрчдөд, ажил олгогчдод тэнцүүхэн дарамт учруулдаг НДШ-ийг татвар гэж тооцох нь үнэнд ойрхон. Уул уурхайн орлого төрийн сектороос хувийн сектор луу шилжих шилжилтийг хөнгөвчлөх болно.

Төв банкны мөнгө хэвлэх үйл ажиллагааг зогсоох: Татвар нэмж санхүүжилт олохоос зайлсхийсэн засгийн газар төв банк руу ханддаг.  Хэр их мөнгө хэвлэгдсэнээс шалтгаалж үнийн инфляци хэд байх нь шийдэгдэнэ. Яагаад гэвэл мөнгө хэвлэх нь бодит материаллаг баялгийн тоонд өөрчлөлт оруулахгүй. Өнөөгийн дэлхийн фиат мөнгөний системийн үед аливаа улс цаасан мөнгө (электрон мөнгө) ашигласаар байх нь гарцаагүй авч дотооддоо төв банк мөнгө хэвлэхийг болиулж чадна. Төгрөгийн заналт дайсан бол Монгол банк. Инфляци бол далд татвар.

Төрийн эрүүл мэнд, боловсролын системийг үе шаттайгаар дуусгах: Үүнийг Монголд шууд хийнэ гэж тунхагласан нам ялахгүй. Тиймээс дээр бичигдсэн эдийн засгийн либералчлалын бодлогуудыг нэг бүрчлэн гүйцээх ёстой. Тэгсэн цагт чөлөөт зах зээлийн хүчийг хүмүүс харж эхэлнэ, нүд нь нээгдэнэ. Төрд эрүүл мэнд, боловсролын салбарууд үлдлээ ч эдийн засаг гайхамшигтайгаар дэвжсэн байх болно.

Капиталист систем дэх төрийг "шөнийн харуул"-тай зүйрлэдэг. Капитализм дахь төрийн үүрэг нь хүний амь нас, хувийн өмчийг хамгаалах агаад иргэддээ чөлөөтэй үйлдвэрлэл, арилжаа эрхлэх эдийн засгийн орчныг бүрдүүлэхээр хязгаарлагдана. Австрийн аугаа эдийн засагч Людвиг фон Мизесийн бичсэнээр "Ард түмний материаллаг сайн сайхан байдлыг сайжруулахад төрийн хийж чадах цорын ганц зүйл бол үйлдвэрлэлийн технологийн аргачлалыг сайжруулдаг капиталын хуримтлалд саад болдоггүй институцийг бий болгож, сахин хамгаалах. Энэ бол капитализмын өнгөрсөнд хүрсэн амжилт, төр хөндлөнгөөс оролцохгүй бол ирээдүйд ч хүрэх зүйл."[10]

                                                                         АН-ын ирээдүй

Татвар, НДШ, инфляцид дарлуулсан иргэд болон бизнесийн таагүй орчинд амиа торгоох гэж хичээх жижиг, дунд бизнес эрхлэгчид эдийн засгийн ухааны өндөр мэдлэгтэй биш байж болно. Гэхдээ чөлөөт зах зээлийг уриалсан, төрийн дарамт, шахалтыг эсэргүүцсэн намыг дэмжихэд бэлэн нөхцөлд очтолоо сөхөрчээ. Харин АН-ын шинэ дарга Л.Гантөмөр чөлөөт зах зээлд талтай биш гэдгийг намтар нь гэрчилнэ. Удирдлагын хүрээний улс төрчид нь ч мөн адил. 2012-2016 оны бодлогоо одоо ч өмгөөлсөөр. Ямар ч гэмшилгүй. Гишүүдийн тоогоор 2-т ордог нам доороосоо хувирна гэхэд даанч хэцүү. Толгой хэсэг нь өтчихсөн. Баруун, зүүнээ ялгахгүй АН дахиад л чөлөөт зах зээл, эдийн засгийн эрх чөлөө гэж худал орилох нь дамжиггүй. 2024 оны сонгуулиар хамтарсан засагт орох нь лидерүүдийнх нь онилж буй бай. Чадахгүй бол дараагийн намд байр сууриа алдах нь цаг хугацааны асуудал.

 Нийтлэлийг бичсэн: Мизес Монгол ТББ

Эшлэлийн жагсаалт

1. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслийг хэрхэн санхүүжүүлэх вэ, ikon.mn, 2014.03.03.

2. Н.Мөнхбат: Бондын эх үүсвэрээр 1660 гаруй төслийг санхүүжүүллээ, itoim.mn, 2016.06.09.

3. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт 7.2 их наяд төгрөг зарцуулжээ, gogo.mn, 2022.04.06.

4. Н.Ургамалсувд. 2018. "Монголбанкнаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлсэн нөлөөлөл" Мөнгө, санхүү, баялаг сэтгүүл.

5. Монголбанкнаас зарласан ханшийн хөдөлгөөн, mongolbank.mn.

6. Б.Лхагважав: Зарагдаагүй 40 мянган байрыг хот худалдаж авбал эдийн засгаа аварна, itoim.mn, 2015.11.03.

7. 1654 зээлдэгчид 102.0 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ, barilga.mn.

8. Ч.Сайханбилэг: НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй, dnn.mn, 2016.01.04.

9. Монгол улсын нэгдсэн төсвийн орлого, 1212.mn.

10. Мизес, Людвиг фон. 2022. "Дундыг баримтлах бодлого социализмд хөтөлнө". Бүтээлийн Түүвэр. Мизес Монгол ТББ.

 


2
angry
0
care
0
haha
18
liked
4
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 9 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 9 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 10 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 11 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 11 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 12 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 12 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 12 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 13 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 13 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 14 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 14 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 15 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 16 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 16 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 17 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 17 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 17 цагийн өмнө