ХЭҮК: Үйлчлүүлэгчдийн харилцаа хандлага эмч нарт дарамт учруулж байна

Ц.Цэрэнбадам
2023/04/10

Хүний эрхийн үндэсний комиссоос эрхлэн гаргадаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэл өнгөрсөн долоо хоногоос олон нийтийн хүртээл болж эхэллээ. Энэ удаагийн илтгэлийг долоон бүлэг сэдвийн хүрээнд боловсруулсан бөгөөд эрүүл мэндийн салбарт ямар асуудал тулгамдаж буйг хөндөн тавьсныг хүргэж байна.

Өрхийн эмнэлэгт 2000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан дутагдалтай байна

Эрүүл мэндийн салбарын хувьд нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвд хүний нөөцийн дутагдал, орон тоо нөхөгдөхгүй байгаа асуудал тулгамджээ. 2022 оны байдлаар өрхийн эмнэлэгт 2000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан дутагдалтай байна. Тухайлбал, эрүүл мэндийн газрын мэргэжилтний сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, зар түгээхэд төрийн албаны шалгалтад бүртгүүлэх хүн байхгүй тул нэг хүн 2-3 хүний ажлыг хавсран гүйцэтгэж байгаа газар олон буйг өгүүлжээ.  

Сумдын эрүүл мэндийн төвд эмч, эмнэлгийн ажилтны орон тоо сул, нөхөгдөхгүй байдал удаан хугацаанд үргэлжилсээр байгаа тул аймгууд хүний нөөц татах зарим арга хэмжээ хэрэгжүүлэхээр зарлаж, хүний нөөцийг татах оролдлого, санаачилгыг эхлүүлснийг мөн дурджээ.

Үүний нэг тод жишээ нь өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд болсон “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган юм. Энэхүү чуулганд оролцсон 21 аймгийн удирдах түвшний албан тушаалтнууд бүгд л тухайн аймагт боловсон хүчний дутагдал буйг өгүүлж, Улаанбаатар хотоос шилжин суурьшсан тохиолдолд байрны урьдчилгаа, орон сууц байраар хангах боломжтойг хэлж байсан юм.

Жишээлбэл, Хөвсгөл аймгийн засаг даргын орлогч М.Хуягбаатар “Шаардлагатай боловсон хүчин болох нарийн мэргэжлийн эмч, багш нар, өндөр технологи хэрэгжүүлэх инженер гэх мэт хүмүүс Хөвсгөл аймагт очиж ажиллах юм бол ипотекийн зээл, орон сууцанд орох урьдчилгаанд хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжинэ” хэмээж байсан юм.

Эмч нарт үйлчлүүлэгчийн зүгээс ирэх дарамт, шахалт, зүй бус харьцаа хамгийн хэцүү нь

Эмч, эрүүл мэндийн ажилтан 624 оролцогчийг хамруулсан эрүүл мэндийн салбар дахь хүний эрхийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайланд эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хүрээнд хамгийн тулгамдаж буй асуудал нь нэгдүгээрт, үйлчлүүлэгчийн зүгээс ирэх дарамт, шахалт, зүй бус харьцаа хэмээн нэрлэжээ.

Хоёрдугаарт, ажлын хэт их ачаалал, гуравдугаарт, цалин хөлсний асуудал гэж судалгаанд хамрагдсан эмч, эрүүл мэндийн ажилтнууд хариулсан байна. Ажлын хэт их ачаалал, цалингаас илүү тэдэнд хамгийн хэцүү нь үйлчлүүлэгчийн харьцаа байх нь. Сүүлийн жилүүдэд эмч нарт халдах нь түгээмэл болсон бөгөөд зарим эмч нар ширээн дээрээ иртэй, мэстэй зүйл тавихаас айдаг болсон гэдгээ ярилцлагын үеэр өгүүлжээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 61.7 хувь үйлчлүүлэгчийн зан харьцаа (хэл амаар доромжлох, гүтгэх, дарамт шахалт үзүүлэх, зарим тохиолдолд биед халдах гэх мэт) хүндрэл учруулдаг гэж, 22.2 хувь нь ажлын ачаалал (илүү цагаар ажиллах, олон ажил үүрэг давхар гүйцэтгэх гэх мэт) их, 8.6 хувь нь цалин хангамж бага гэж үзжээ.

27.9 хувь нь хэл амаар доромжлох явдалд байнга өртдөг

Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцөл нь бусад салбарын ажилтнуудаас ихээхэн онцлог ялгаатай. Үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн хувьд ямар нэгэн байдлаар доголдсон, эмнэлгийн тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардагдсан, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, эмзэг болсон хүмүүс байдгаас эмч, эмнэлгийн мэргэжилтний харьцаанаас сөрөг үр дагавар гарах магадлалтай, мэргэжлийн алдаа нь хор хохирол өндөртэй байдаг.

НЭМГ-ын харьяа 26 эрүүл мэндийн байгууллагын 1879 эмч, эрүүл мэндийн ажилтныг хамруулсан хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн судалгааны дүнгээс харвал оролцогчдын 27.9 хувь нь үйлчлүүлэгчийн зүгээс хэл амаар доромжлох явдалд байнга өртдөг, 56,9 хувь нь өртдөг гэж хариулжээ.

Харин үйлчлүүлэгч биед халдаж зодох цохих явдалд 1.6 хувь нь байнга өртдөг, 27.5 хувь нь хааяа өртдөг, ажлын хэт ачаалалтай гэж 37.7 хувь, байнгын өндөр ачаалалтай гэж 48.7 хувь нь хариулжээ. Үүнээс 289 оролцогч буюу 15.3 хувь нь байнга, 972 оролцогч буюу 51.7 хувь нь хааяа сэтгэл зүйн дарамтад өртсөн байна

Үүний нэг тод жишээ нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч М.Цэвэлмаа. Тэрээр ажлын байран дээрээ халдлагад өртсөн бөгөөд “Нэг өвчтөн маань хоёр цаг 30 минут хоцорч ирчихээд цагийн хүний урдуур дайрч орж, давшлан доромжилж, цээж нуруу мөр рүү цохиж зодож сүрдүүлж байгаад үзүүлэн гарлаа. Амбулаторийн тасгийн эрхлэгч хэцүү хүнээ өөрөө зохицуулга хий гэнэ. Өнөөдөр би зодуулж байхад өмөөрөх хүн байхгүй, хууль байхгүй. Өрөөндөө уйлаад суух тавилантай Монголын нийгэм. Эмчийн нэр хүнд. Эмчийг хамгаалах тогтолцоо. Дахиж өнөөдөр үзэх ёстой 50 хүн байна. Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна” хэмээн өгүүлж байсан юм.

Мөн өөр нэгэн жишээг энэ тайланд өгүүлсэн нь ХЭҮК-т ирүүлсэн гомдол бөгөөд “Иргэд цаг аваад цагтаа ирдэггүй. Хоцорч ирээд бусад цагаараа үйлчлүүлж байгаа иргэдийн урдуур дайрдаг, та цагтаа ирсэнгүй бусад хүмүүст хүндрэл учруулж байна гэхээр уурлаж зандарч, хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилдог, цохих түлхэх үйлдэл үзүүлдэг. Эцэстээ захиргаанд өргөдөл гомдол гаргаж эмчийн буруу болж хариуцлага хүлээн цалин, нэмэгдлээс хасуулдаг” хэмээжээ.

(ХЭҮК-т ирүүлсэн гомдлоос)

Эмч нарын 41.6 хувь нь сард 10 хүртэл цаг илүү ажилладаг

ХЭҮК, НЭМГ-тай хамтран 2023 онд нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 26 эрүүл мэндийн байгууллагын 1879 эмч, эрүүл мэндийн ажилтныг хамруулан хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн судалгаа авсан бөгөөд нийт оролцогчдын 41.6 хувь нь сард 10 хүртэл цаг илүү ажилладаг ба 17.1 хувь нь 50-аас дээш цагаар ажилласан байна.

Үүнээс 193 оролцогч буюу 10.9 хувь нь жижүүр эмчээр, 391 оролцогч буюу 22.1 хувь нь ээлжийн ажилтан, 869 оролцогч буюу 49.1 хувь нь эрт илрүүлэг, 332 оролцогч буюу 18.7 хувь нь үндсэн ажлаа цагт нь амжихгүй учраас, 229 оролцогч буюу 12.9 хувь нь бусад ажлын улмаас илүү цагаар ажилласан байна.

Судалгаагаар 671 оролцогч буюу 59 хувь нь нэг удаа ажиллахдаа 8-12 цаг ажиллаж байгаа бол 41 хувь нь илүү цагаар, үүнээс 30.4 хувь нь 24 цагаар илүү цагаар ажилласан байна. Дээрх хоёр үнэлгээ, судалгааны ажлаас үзвэл илэрсэн нөхцөл байдал ижил үр дүнтэй харагдаж байна.

..Хүн өвдөх эрхтэй, эмч эмчлэх үүрэгтэй гэдэг буруу ойлголтыг засах хэрэгтэй байна. Харин ч хүн өвдөхгүйн тулд арга хэмжээ аваагүйнхээ төлөө төлбөрөө төлдөг байвал эмнэлгийн ачаалал буурна, эмчийн нэр хүнд ч өснө. Түүнээс биш бүх зүйлийг халамжаар, үнэгүй шийдээд байвал хэчнээн эмч бэлтгээд ч өвчтөнөө дийлэхгүй, хүмүүс нь орж ирээд дараалалд удаан зогсоолоо гээд уурласаар л байх болно...

(Эмч нартай хийсэн ярилцлагаас)

Эмч нараа хайрлахгүй бол

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны дарамт, хүчирхийллийн асуудлаар эмч, эрүүл мэндийн ажилтнуудаас гомдол, мэдээлэл төдийлөн гаргадаггүй нь эмчийг буруутгадаг нийтлэг хандлага, удирдлагын зүгээс асуудлыг шийдвэрлэдэггүйтэй холбоотой байна. Тиймээс байх л ёстой юм шиг энэ хандлагад салбар яамнаас анхаарал хандуулахгүй байвал эмч нарын талаас илүү нь халдлагад өртөж байна. 2023 оны байдлаар эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн тогтвор суурьшил алдагдан, туршлагатай ажилтны тоо эрс цөөрсөн. Энэ нь үйлчлүүлэгчийн зүгээс үзүүлэх дарамт, хүчирхийлэл ихэсч байгаа, ажлын хэт их ачааллын улмаас сэтгэл зүйн дарамтад орж байгаатай холбоотой болохыг өгүүлжээ.  

Эмч эмнэлгийн ажилтны эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрлөх эрхийг хангах, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, бодитоор хэрэгжүүлэхэд салбарын яамд, холбогдох бусад байгууллага даруй шийдвэрлэх шаардлагатай байна.

Мөн “Удирдлага, хамт ажиллагчид, үйлчлүүлэгчийн зүгээс үзүүлж буй дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах хандлагаас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн салбарын бүх шатны ажилтнуудад хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, үйлчлүүлэгчийн хариуцлагыг нэмэгдүүлсэн эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай байна” хэмээн Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөжээ.


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг 6 цагийн өмнө
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо 6 цагийн өмнө
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо 6 цагийн өмнө
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 6 цагийн өмнө
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна 7 цагийн өмнө
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд 9 цагийн өмнө
Эхлээд хүнээ шүтье! 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 12 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай 12 цагийн өмнө
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана 12 цагийн өмнө
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна Өчигдөр
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа Өчигдөр
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо Өчигдөр
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд Өчигдөр
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан ₮2.3 сая байна Өчигдөр
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр
“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ Өчигдөр
Генерал Т.Бадралыг Сүхбаатарын одонгоор шагналаа Өчигдөр
СУИС-ийн уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хаана Өчигдөр