Олон улсын хүний эрхийн өдөрт зориулж УИХ хүндэтгэлийн чуулган боллоо

Н.Мижидмаа
Өчигдөр

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой маргааш тохионо. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу уг ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2023.12.09/ Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 40 минутад эхэллээ.

Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын дарга нарын төлөөлөл, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн болон Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд  уригдан оролцсон юм.

Хүндэтгэлийн хуралдааныг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар /бүрэн эхээрээ эндээс/ үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглаж, хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Түүнчлэн Хүний эрхийг хамгаалах нь орчин үеийн парламентын нэн чухал чиг үүрэг болохыг Олон Улсын Парламентын Холбоо тунхагласан. Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан. Тэдгээрээс хүний эрхийн суурь найман конвенц, тэдгээрийг дагалдах 40 гэрээнд нэгдээд байна. Эдгээр гэрээ, пакт болон НҮБ, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлэхийн төлөө байнгын хүч чармайлт тавьж, тайлан илтгэлүүдээ хүргүүлж, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж буйг онцлов.

Мөн Тунхаглал нь зөвлөмжийн шинжтэй баримт бичиг боловч хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, улс орнуудын Үндсэн хууль, хууль тогтоомжийн үндэс болсоор ирсэн. Энэ утгаараа Тунхаглалын үзэл санаа 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд бүрэн тусгалаа олж, хүний салшгүй эрхийг анх удаа бүрэн цогцоор нь баталгаажуулсныг тэмдэглэж байлаа.

Үндсэн хуулийнхаа энэхүү үзэл баримтлалд суурилсан “Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө”-нд “ард түмний засаглах эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх” нь эрхэм зорилго мөн хэмээн тодорхойлсон. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох Шинэчлэлийн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.  Энэ хүрээнд хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийдэг аргачлалыг хэвшүүлж, “Хүний эрхийг дээдлэгч” парламент байхаа зарласан. Улсын Их Хурал, ОУПХ-той хамтран Хүний эрх, жендерийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг өнгөрсөн сард хийлээ. Хүний эрхийн өөрийн үнэлгээг ОУПХ-ноос баталсан аргачлалын дагуу анх удаа хийсэн парламент нь Монгол Улсын Их Хурал болсныг Улсын Их Хурлын дарга мэдэгдсэн юм.

Түүнчлэн хүний эрхийг хамгаалах тогтолцооны асуудлыг авч үзэхдээ хэн зөрчих боломжтой вэ гэдэгт илүү анхаарах ёстой. Тэгвэл хүний эрхийг зөрчих, хязгаарлах гол субъект нь Төр өөрөө байдаг байна. Тиймээс төрийн эрх мэдлийг хуваарилах, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгааг тодотгоод Төр бол ердөө л хүний эрхийг хангах тогтолцоо юм. Төр гагцхүү хуулиар зөвшөөрсөн хүрээнд ажиллаж, шийдвэр гаргах үүрэгтэй, харин иргэн хуулиар хориглоогүйг хийх эрхтэй гэдгийг бид ямагт санаж байх учиртай гэв.

Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах тогтолцоог эрх зүйн шинэчлэлээр дэмжих чухал алхмууд хийснийг тэмдэглээд хүний эрхийг хуулиар хязгаарлаж болох боловч тэр нь зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зайлшгүй шаардлагаас л хийгддэг. Аливаа хэлмэгдүүлэлтээс хүн бүр ангид байх ёстой. Үүний нөгөө талд ял завших байдал хэрхэвч байж болохгүй гэдгийг Улсын Их Хурлын дарга анхааруулж байлаа.

Монгол Улс хүн засагладаг биш, хууль засагладаг, хууль нь хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалдаг, хангадаг тогтолцоо бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгож байна. Хууль дээдэлдэг, хууль нэг мөр үйлчилдэг нийгэмд л хүн эрх чөлөөтэй амьдардаг. Тиймээс эрх чөлөөнийхөө эзэн байх эрхийг иргэдэдээ эдлүүлэх үүрэг, хариуцлага Монгол төрийнх юм гэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсөлд, Монгол Улс Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаанд үнэнч байж, тууштай сахисаар ирсэн, цаашид ч хэлбэрэлтгүй мөрдөж, хүний эрхийг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулах эрмэлзэл төгс байгаагаа нотолж найман санаачилгыг дэвшүүлж  байгаагаа мэдэгдээд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдэд уг санаачилгыг дэмжиж, ажил хэрэг болгохыг уриалсан юм.

Хуралдаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссар, ноён Фолкер Тюрк цахимаар мэндчилгээ ирүүлсэн байв.

Тэрбээр мэндчилгээндээ, Одоогоос 75 жилийн өмнө дэлхийн хоёр дайн, геноцид, цөмийн аюул, их хямралд нэрвэгдсэн улс орнууд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хамтдаа баталж, хүн бүрийн эрхийг хамгаалж, баталгаажуулах үүргийг хүлээсэн. Хүйтэн дайн намжиж, дэлхийг хамарсан цахим сүлжээ тэлэх шинэ эрин цагт дэлхий ертөнц дахин нэгдэж 1993 онд Венийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү хоёр түүхэн үйл явдлыг энэ жил тэмдэглэж байгаа нь өндөр ач холбогдолтойг онцолж байлаа.

Эдгээр баримт бичиг нь дэлхий дахинаа эерэг өөрчлөлтүүдийг бодитоор бий болгосон. Хүний эрхийг баталгаажуулах аливаа хүчин чармайлт нь үр дүнтэй шийдвэр гаргах сайн засаглалын цөм болсоор байгааг бид тодоос тод харж байгаа. Хүмүүс эрхээ хамгаалуулах, шударга бус явдлын эсрэг дуу хоолойгоо илэрхийлэх эрх эдлэх болсныг бид “Black Lives Matter”, “Me Too”, “Fridays for Future”, yугуул иргэдийн хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаал зэрэг хөдөлгөөнөөс харж болно. Залуус санаа бодлоо илэрхийлэхдээ ихэвчлэн хүний эрхийн хэлээр ярьдаг болсон байна гэв.

Мөн тэрбээр, Хүний эрхийн тэмдэлэлт энэ ойн хүрээнд өнөөдрийн та бүхний хуралдуулж байгаа чуулган шиг үндэсний яриа хэлцэл, арга хэмжээ чухал ач холбогдолтой. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд хүний эрхийг хангах чиглэлээр томоохон ахиц гаргасан. Эдгээр ололт амжилтад хүрэхэд УИХ чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тухайлбал, 2000 онд Хүний эрхийн үндэсний комисс байгуулах, 2003 онд Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, 2016 онд цаазаар авах ялыг халах, 2021 онд Ази Номхон далайн бүсийн хэмжээнд Хүний эрхийг хамгаалагчдын тухай анхны хуулийг батлахад УИХ өндөр үр нөлөөтэй байсан.  Мэдээжийн хэрэг, хэрэгжүүлэх ажил олонтой. Хүний эрх бол эцэс төгсгөлгүй замнал юм. Миний ахлаж байгаа энэхүү алба болон танай улсад байгаа НҮБ-ын төлөөлөгчийн газар та бүхний хүчин чармайлтыг дэмжсээр байх болно гэдгийг тэмдэглэж байлаа.

Хүндэтгэлийн хуралдаан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганы  дарга, ноён Деннис Фрэнсисээс ирүүлсэн цахим мэндчилгээгээр үргэлжилсэн юм.

Тэрбээр, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан үг хэлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Тунхаглалаар тогтоосон хэм хэмжээ нь амилаагүй байгаа нь гашуун үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь учиртайг онцолж байлаа. 

Дэлхий даяар сая сая хүн зовлонд нэрвэгдэн наад захын эрхээ ч эдэлж чадахгүй байсаар л байна. Үүнийг 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа сорилт бэрхшээл, дэлхий дахинаа газар авсаар л байгаа зөрчил, мөргөлдөөнөөс бид хараад байна. Эдгээр  зорилтын хэрэгжилт удааширан орхигдсоор байгаа нь бид бүхний өөрсдийн үйл ажиллаагатай ч зарим тохиолдолд холбоотой байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаврыг нь шийдвэрлэх амлалт, хүчин чармайлт хангалтгүй байна. Аливаа маргааныг дайн мөргөлдөөний замаар шийдвэрлэх гэсэн оролдлого нэмэгдсээр байгаа. Ядуурлаас үүдэлтэй нийгмийн тэгш бус байдaл даамжирсаар л байна. Энэ бүхнийг засахын тулд бид бүхэн илүү ихийг хийж чадах бөгөөд хийх ч ёстой хэмээн мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр, Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол та бидний Алтангадас од юм. Энэ баримт бичигт тулгуурлан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг түргэтгэх, энх тайван, хөгжил дэвшил, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд хүргэх зорилгын дагуу “2024 оны Ирээдүйн төлөөх дээд хэмжээний уулзалт” зэрэг арга хэмжээг зохион байгуулах болно. Энэ бүх чиглэлээр бид үр дүн гаргах үүднээс бүх түвшинд, бүх салбарт хамтран ажиллах болно. Үүнийг хийхийн тулд Монгол Улсын Их Хурал болон дэлхийн улс орнуудын парламентын үүрэг зайлшгүй чухал. Олон талт хэлэлцээрүүд бол улс орон, нийгэм, иргэдийн амьдралыг бодитоор өөрчлөх ажил болж өрнөдгийг парламентууд ойлгож, дэмжиж ажилладаг.  Энэ орон зайд л бид иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, түүнчлэн хөгжих эрхийг хангаж чадна. Та бүхний хууль тогтоох, хянах, төсөв батлах эрх мэдэл нь хүний эрхийг хамгаалах гол арга хэрэгсэл юм гэдгийг онцлон тэмдэглэсэн.  

Дараа нь Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч, ноён Тапан Мишра цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн баярт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэх завшаан тохиосон нь нэр төрийн хэрэг гэдгийг тодотгоод ойг тэмдэглэж буй энэ цаг үед бид хүний эрхийг хамгаалахад урьд, хожид тохиож байгаагүй томоохон сорилтууд төдийгүй шинэ боломжуудтай тулгарч байна. Авлига, уур амьсгалын хямрал, дижитал халдлага, популизм болон экстремизм газар авч буй нь бидний хүсэл зориг болоод эв нэгдлийг сорьж байна гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүдэд хандаж, өнгөрсөн үеийн ололт, амжилтыг тэмдэглэхийн сацуу хэтийг харж ирээдүйгээ тодорхойлж, хүний эрх эрх чөлөөг сахин хамгаалах парламентын хяналтыг сайжруулж, бүх хууль тогтоомжийг хүний эрхийн түгээмэл тунхаглалын зарчмууд болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээтэй нийцүүлэх нь нэн чухал. Бид хүний эрхийн асуудлаар Улсын Их Хурлын Ажлын хэсэг байгуулах, тогтоолууд батлах, хүний эрхэд суурилсан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг хүний эрхийн төлөөх шинэ санаачилгуудыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй гэдгийг мэдэгдэж байлаа.

Түүнчлэн тэрбээр, Хүний эрхийг хангах талаарх үйл ажиллагаагаа Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөртэй уялдуулж буй Улсын Их Хурлын хүч чармайлтыг миний бие ихэд сайшаан дэмжиж байна. Үүний нэг тод жишээ болох ОУПХ-ны дэмжлэгтэйгээр хүний эрх болон жендерийн тэгш байдлын асуудлаарх өөрийн үнэлгээ хийхийг санаачилсанд баяр хүргэе. Тус үнэлгээ нь хүний эрхтэй холбогдох ололт, амжилт сорилт бэрхшээл болон тэргүүлэх зорилгоо тодорхойлж цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулахад эергээр нөлөөлдөг. Миний бие Монгол Улсад иргэний болоод улс төрийн эрхийг хамгаалж ардчиллыг бэхжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон хүний эрхтэй холбогдох шинэ хууль тогтоомжуудыг баталсан явдалд баяр хүргэж байна. Үүний үр дүнд хараат бус үр нөлөөтэй хүний эрхийн болон шүүх засаглалын институц бэхжиж буйг дурдахад таатай байна. Эдгээр нь та бүхний олон улсын өмнө хүлээсэн хүний эрхтэй холбогдох үүрэг, амлалтаа хүндэтгэн сахих хүчин чармалтыг тод харуулж байна гэж байлаа.

Дараа нь “Эмнести Интернэшнл” Олон Улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Агнес Калламардаас Хүний  эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулж Монгол Улсын Их Хурлаас хүндэтгэлийн хуралдаан хийж буйтай холбогдуулан талархлын захидал ирүүлснийг цахимаар танилцуулсан юм.

Уг захидалд “Эмнести Интернэшнл" нь шударга бусын эсрэг 10 сая гаруй хүнийг нэгтгэсэн дэлхий дахины хөдөлгөөн юм. Бид хүн бүр эрхээ эдэлдэг дэлхий ертөнцийн төлөө, үүний дотор дэлхий даяарх хүний эрх хамгаалагчид аюулгүй орчинд үйл ажиллагаагаа явуулдаг байхын төлөө кампанит ажил өрнүүлдэг. Олон улсын хүний эрх хамгаалагчдын өдрийг тохиолдуулан би Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Азидаа анхдагч орон болсонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Монгол Улс хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд хүний эрх хамгаалагчдын оруулж байгаа хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, 2022 онд уг хуулийг хэрэгжүүлэх механизмыг амжилттай байгуулсанд сайшааж байна гэсэн байв.

2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар хүний эрх хамгаалагчдын асуудлаарх тогтоолыг өргөн мэдүүлэхэд Монгол Улс хамтран оролцсон явдалд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид Монгол Улсын Их Хурлаас хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай  хуулийг практикт үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт бид итгэж байна. Энэ хуулиар хүний эрх хамгаалагчдыг бүрэн хамгаалахын тулд хүний эрх зөрчигчдөд хариуцлага тооцохыг шаардсан идэвхтний дуу хоолойг боомилж болзошгүй  хуулийн цоорхойгоо арилгаж, хүний эрх хамгаалагчдад тайван замаар үйл ажиллагаагаа явуулах аюулгүй орчинг бүрдүүлэхийг "Эмнести Интернэшнлээс" уриалж байна гэж уг захидалд дурдсан байлаа.  

Мөн захидалд, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан бид Монгол Улсын Их Хурлаас Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөртөө хүний эрхийг албан болон албан бус боловсролын тогтолцоонд нэгтгэх тухай удирдамж бүхий Хүний Эрхийн Боловсролын Дэлхийн Хөтөлбөр болон Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай НҮБ-ын Тунхаглалын дагуу хүний эрхийн боловсрол олгох асуудлыг тусган манлайлж, дахин Азидаа анхдагч орон болохыг уриалж байна гэсэн байв.

Үүгээр Хүний  эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өндөрлөв хэмээн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сайхан мэдээ: О.Хулан Монголын анхны эмэгтэй легионер боллоо 1 цагийн өмнө
Налайхын авто замаас “Скай ресорт” хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орно 1 цагийн өмнө
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эхэллээ 17 цагийн өмнө
Аж үйлдвэржилтийн Үндэсний хороог Ц.Туваан ахална 17 цагийн өмнө
С.Жавхланбаатар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга боллоо 17 цагийн өмнө
Голомт банк “Mining week & MinePro 2024” арга хэмжээнд оролцлоо 19 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ, цаашлаад 1 саяд хүргэнэ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 20 цагийн өмнө
О.Алтангэрэл: Авлигчдын хууль бус хөрөнгийг хураана 20 цагийн өмнө
Ирэх онд 27 сургууль, 48 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулна 20 цагийн өмнө
Дорнод аймагт бэлчээр булаацалдсан залуус нэгнээ хутгалжээ 20 цагийн өмнө
ИТХ-ын сонгуулийн саналын хуудас бөглөх заавар 21 цагийн өмнө
Нийслэлийн ЕБС-иудад “Сүү” төсөл хэрэгжиж байна 22 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замыг хааж, шинэчилнэ 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар 26 асуудал хэлэлцэж байна Өчигдөр
Төв аймгийн иргэд: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг л нийгмийн болж бүтэхгүй асуудлыг ил гаргадаг байсан Өчигдөр
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна Өчигдөр
"Blue Sky"-д тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа Өчигдөр