Л.Галбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэдүүлэг өгөөгүй гэж хорьсон заалт нь олон улсын гэрээг зөрчсөн

О.Шүрэнцэцэг
2023/12/11

“Глоб Интернэшнл Төв”-ийн хуульч, өмгөөлөгч Л.Галбаатартай Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудлаар ярилцлаа.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар буруутгаж, цагдан хорих процесс өрнөлөө. Хуулийн байгууллага процессын алдаанууд гаргасан тухай хуульчид онцолсоор байна. Таны хувьд энэ процессыг яаж харав?

-Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдлыг эрүүгийн гэмт хэрэг болгож хуульчлах нь зөв үү, буруу юу гэдэг хамгийн түрүүнд тавигдаж таарна. Ер нь аливаа мэргэжлийн хувьд алдаа гаргах тохиолдол байдаг. Мэргэжлийн алдаа дутагдалтай холбоотой асуудлыг өөрийн зохицуулалтын байгууллага нь шийдэх ёстой гэдэг зарчимтай. Энэ нь ардчиллын нэг зарчим ч гэж хэлж болно. Сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргахад хянадаг өөрийн зохицуулалтын байгууллага буюу Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёсзүйн хороо бий. Үүнийг онцолсон учир нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн буруутгагдаж байгаа хэрэг буюу Эрүүгийн хуулийн 13.14-т заасан худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэгтэй холбоотой шалгагдаж байгаа үйлдлийг өнгөрсөн есдүгээр сард Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн ёс зүйн хорооноос хэлэлцсэн шүү дээ.

Тухайн үед хэвлэл мэдээллийн ёсзүйн зарчмын зарим заалтыг зөрчсөн, заримыг зөрчөөгүй гэдэг дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, зарим зүйл дээр мэргэжлийн алдаа гаргасан байна, энэ нь өөрөө гэмт хэргийн хэмжээнд хүрэх алдаа биш гэж үзсэн. Гэтэл ёсзүйн алдааг гэмт хэрэг болгож шалгаж байгаа нь маш ноцтой асуудал юм.

-Худал мэдээлэл түгээж шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэж буруутгасан байдаг…?

-Эрүүгийн хуулийн 13.14 дэх зүйлийн гол агуулга нь худал мэдээлэл тараах гэдэг боловч доторх зохицуулалтыг нь харах ёстой. Үүн дотор гүтгэх гэмт хэргийн зохицуулалт байгаа юм. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан бол гэмт хэрэг болно гэж заасан. Уг нь энэ заалт Эрүүгийн хуульд байх ёсгүй. Учир нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2015, 2020 онд хоёр ч удаа Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж өгсөн. Эрүүгийн хуульд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах гэдэг агуулгатай заалт орох нь сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааг цензурдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах, шүүмжлэлт дуу хоолойг боомилох үр дагавартай байна. Тиймээс энэ заалтыг Эрүүгийн хуулиас хасч, Иргэний хуулиар зохицуулах ёстой гэдэг зөвлөмжийг өгсөн. Монгол Улсын Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлд энэ талаарх заалт байгаа.

Түүнээс гадна Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэдэг зарчимтай. Иргэний хуулийг бол болдог. Иргэний харилцаан дээр энэ хэрэгтэй холбоотой төстэй зохицуулалт энэ юм байна, үүний дагуу шийдье гэж үзэж болдог. Харин Эрүүгийн хуулинд үүнийг хориглодог.

Яагаад гэвэл Эрүүгийн хуулиар хүний эрх чөлөөг хязгаарладаг, үр дагавар өндөртэй учраас тус хуульд заасан ойлголтыг шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч бүгд нэг л утгаар хэрэглэх ёстой. Энэ нь тухайн үйлдэлтэй холбоотой асуудлыг яг л шууд хамааралтай заалтаар зохицуулах ёстой гэдэг зарчим юм.

-Сэтгүүлчийн эсрэг гаргасан зарим гомдлыг харахад нөгөө тал нэр хүндээ янз бүрийн байдлаар үнэлсэн байдаг. Магадгүй энэ нь өөр өөр ойлголт гэж таны хэлээд байгаа зүйл үү. Хэрэв тийм бол сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг дээр талууд яаж ойлгосон гэсэн үг вэ?

-Яг тийм. Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт бүгд нэг утгаар ойлгох боломжгүй заалт. Хүний нэр төр алдар хүнд гэдгийг Улсын дээд шүүх 2007 онд тайлбарлахдаа “Өөртөө өгч байгаа үнэлэмж болон бусдаас өгч байгаа үнэлэмж” гэж тайлбарласан. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө юу гэж үнэлж байгаагаас шалтгаална. Ингэхээр хүн бүр өөр өөрөөр хэрэглэх ойлголт болчихож байгаа юм. Шүүгч, өмгөөлөгч, прокурор энэ тухай өөрөөр ойлгоно, нэг ёсондоо барьцгүй ойлголт.

Хоёрдугаарт, тус заалтанд илт худал мэдээлэл тараах тухай бий. Үүнийг аль ч хууль тогтоомжид бас тайлбарлаагүй. Илт худал мэдээлэл гэдэгт хэчнээн хувийн худал мэдээллийг хэлэх вэ гэдэг нь тодорхой бус. 90-ээс дээш хувийг худал гээд байгаа юм уу, эсвэл 70 уу, 10 уу. Үүнийг бас л гомдол гаргаж байгаа хүн, мөрдөгч, прокурор, шүүгчид өөр өөрөөр ойлгоно гэсэн үг. Эрүүгийн хуулин дээр ийм ойлголт огт байж болохгүй зүйл. Энэ утгаараа Эрүүгийн хуульд байх ёсгүй заалтаар сэтгүүлч буруутгагдаад шалгагдаж байна.

-Сэтгүүлчийг баривчилсан нөхцөл байдал руу оръё. Шүүхээс тайлбарлахдаа “Прокурорын дуудан ирүүлэх тогтоолыг удаа дараа биелүүлээгүй” гэж мэдэгдсэн. Гэтэл хүний эрх талаас иргэн хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэй, мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж хуульчид, шинжээчид үзэж байна. Ерөөсөө мэдүүлэг авч хэрэг шалгадаг тогтолцоо өмнөх нийгмийн үеийн хэрэгт холбогдсон хүнийг өөрөөр нь хэрэг хүлээлгэдэг, хүний эрхийг ноцтой зөрчдөг арга хэмжээ гэж тайлбарлаж байна лээ. Үүнийг та юу гэж бодож байна?

-Гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах, шүүх процессийн талаар Эрүүгийн хууль тогтоомжид заасан. Тодруулбал, яллах, цагаатгах нотлох баримтыг аль алийг нь зэрэг бүрдүүлнэ гэдэг. Мөрдөгчийн хувьд яллах талын баримтыг дангаар нь цуглуулахгүй, цагаатгах талын баримтыг зэрэг цуглуулах ёстой гэдэг зарчим барих ёстой. Энэ нь тэнцвэртэй, нэг талыг барьж асуудлыг шалгах ёсгүй гэсэн үг.

Мөрдөн шалгах, яллах үйл ажиллагаа олон ажиллагаанаас бүрддэг. Эрүүгийн процессын хуульд зааснаар хүнийг дан ганц мэдүүлгээр яллаж болохгүй. Хэрэв тэгвэл хууль бус, яллах тогтоол хүчингүйд тооцогдоно. Үүний цаана хүнийг заавал дуудаж мэдүүлэг авах нь зайлшгүй ажиллагаа биш. Яахав, нэг төрлийн ажиллагаа байж болох ч түүнээс өөрийг хийж болохгүй юм шиг ойлгох нь өрөөсгөл.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчлах болсон шүүгчийн захирамжийг “Шүүхийн мэдээ” хуудсаас харсан. ЭХХШТХ-д хүнийг цагдан хорих дөрвөн үндэслэлийг зааж өгсөн байдаг. Үүний нэг нь ЭХХШТХ-ийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол цагдан хорино” гэдэг. Энэ заалтыг барьсан бололтой. Захирамжиндаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэдэг прокурорын үндэслэлийг онцолсон байсан. Тэгэхээр таны хэлдгээр хүн гэмт хэрэгт буруутгагдаж шалгагдаж болно. Ингэлээ гээд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлана гэсэн үг биш. Хүн өөрийгөө хамгаалж, би буруу зүйл хийгээгүй гэдгээ илэрхийлсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа гэж прокурор үзэх ёстой.

Яг эсрэгээрээ явчихлаа шүү дээ. Өөрийгөө хамгаалж үзэл бодлоо илэрхийлсэн, суулт зарласан. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн өөрийгөө хамгаалах эрхтэй гэж заагаад өгчихсөн. Гэтэл тэр үйлдэл нь цагдан хоригдох үндэслэл болчихов уу?

-Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа нь яаж нотлогдож байгаа вэ гэдэг тодорхой мэдээлэл байгаагүй. Хүнээс ярилцлага авсан нь шалгагдаж байгаа гэмт хэрэгт яаж саад учруулаад байгаа юм бэ гэдэг зүйлийг нотлоогүй байсан. Нөгөө талаар үнэхээр хэрэг шалгаж байтал тухайн сэтгүүлч хүнээс ярилцлага авах, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нь мөрдөн шалгах ажиллагаанд саад болоод байсан бол хуулийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг чанаргүй, чадваргүй байдлаар хийж байгаагийн нотолгоо болно.

Түүгээр зогсохгүй дээрх цагдан хорих үндэслэл олон улсын гэрээнд нийцээгүй зохицуулалт байсан. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээгээ заавал биелүүлэх ёстой. Нэгдэж орсон олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчинтэй үйлчилнэ гэдэг заалт бий. Өөрөөр хэлбэл, манай улсын нэгдэж орсон олон улсын гэрээг шүүх заавал хэрэглэх үүрэгтэй гэсэн үг. Тэгвэл манай улс хүний эрхтэй холбоотой тусгайлсан 17 гэрээ конвенцид нэгдэж орсон. Үүний нэг нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт. Энэ фактын 9.3-т шүүхийн өмнөх шатанд хүнийг цагдан хорьж болохгүй гэдэг. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг шүүхэд шилжээгүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Тэгэхээр дээрх заалт ЭХХШТХ-ийн цагдан хорин заалт хоёр зөрчилдсөн. ЭХХШТХ-ийн 14.9 дүгээр зүйлийн 1.4 дэх Олон улсын гэрээнд нийцэхгүй байна гэсэн үг.

Тэгвэл шүүх яагаад ийм заалтыг хэрэглэв. Хууль, шүүхийн байгууллага хүний эрхзүйн байдлыг дордуулахгүй байх зарчимтай шүү дээ?

-Шүүгчийн хувьд Олон улсын гэрээ, Үндсэн хуульд нийцэхгүй зохицуулалт байна гэж үзэх юм бол тэр заалтаас түдгэлзээд энэ заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоолгоё гэж Улсын дээд шүүх рүү хүсэлтээ явуулдаг. Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандаж, тэр заалтын талаар дүгнэлт гаргуулах процесстой.

Шүүгч өөрөө мэргэжлийн зориг гаргах юм бол мэргэжлийн заалт хэрэглэхгүйгээр түдгэлзүүлээд Цэцээс шийдвэр гартал түдгэлзүүлж болох байсан. Үнэхээр түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ гэхэд хуулийг хэрэглэх олон арга бий. Дан бичвэрийнх нь утгаар хэрэглэх, эсвэл тэр бичвэрийн үзэл баримтлал, үзэл санааг ойлгож хэрэглэх гэж хоёр зүйл байдаг. Дан бичвэрийнх нь агуулгаар харвал хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй л бол цагдан хорино гэж шууд уншигдах нь байна. Харин мэргэжлийн хуульч буюу шүүгчийн хувьд энэ заалтыг хүний эрхийн талаас ойлгож хэрэглэх ёстой байсан.

Тодруулахгүй юу?

-Прокурорын хувьд шүүгчид хүсэлтээ гаргасан байна. Зургаан удаа мэдэгдэх хуудсаар дуудсан, гуравт нь ирсэн, гуравт нь хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй гэж тайлбарлажээ. Шүүгч прокуророос “Гурван удаад нь уулзсан юм байна. Дахиад нэмж гурван удаа дуудах ямар шаардлага байсан бэ. Энэ удаа дуудахдаа юуг тодруулж шалгах гэсэн бэ” гэдгийг асуух ёстой байсан. Мөн “Яагаад өмнөх гурван удаагийн уулзалтаар багтааж тодруулж чадаагүй юм бэ” гэдгийг ч мөн лавшруулах байв. Үнэхээр цаг хугацааны хувьд амжаагүй, ээдрээ түвэгтэй байсан гэж хэллээ гэхэд “Заавал дуудахгүйгээр өөр ажиллагаагаар хэргээ шалгах боломжтой байсан уу” гэдгийг ч асуух ёстой. Эдгээр асуултыг асуухад прокурор нотолж чадахгүй, тайлбараар нь бүрэн нотлогдохгүй бол шүүгч таны дуудан ирүүлэх ажиллагаа чинь зайлшгүй биш учраас цагдан хорихтой холбоотой заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шийдвэрээ гаргаж болох байсан.

Энэ талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон шүүхийн мэдээнд тодорхой бус байсан. Тэнд дурдаагүй гэдэг бол энэ асуудал нотлогдоогүй, дүгнэлт хийгээгүй гэж ойлгоно. Энэ агуулгаар шүүгчийн захирамжийн үндэслэл бүхий байдал хангалтгүй харагдаж байгаа юм. Шүүхийн шийдвэр гэдэг хууль ёсны, үндэслэл бүхий байх ёстой шүү дээ.

-Шүүхийн шийдвэр гарсны дараа сэтгүүлчийг баривчлах ажиллагаа зохион байгуулагдсан. Цагдаагийн ажилтнууд шүүхийн шийдвэрийн талаарх бодит баримт, албан ёсны бичиг, тогтоолыг танилцуулахгүйгээр явахыг шаардсан. Ийм процесс байж болох юм уу?

-Шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад танилцуулах, биелүүлэх этгээдэд хүргэх үүрэгтэй. Мөн олон нийтийн анхааралд орсон хэргийг шүүхийн олон нийттэй харилцах албаар дамжуулж ийм, ийм үндэслэлээр ийм захирамж гарсан гэдгийг тайлбарлах ёстой. Учир нь шүүхийн үйл ажиллагаа ил тод байна гээд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заагаад өгчихсөн. Төрийн нууцтай холбоотой асуудал дээр л хаалттай хуралдана. Шүүхийн мэдээ гэдэг пэйж хуудсан дээр товчхон мэдээ бичээд шүүхийн үйл ажиллагааг ил тод байх зарчмыг хангачихлаа гэж ойлгож болохгүй. Талуудад шүүхийн захирамжийг ойлгомжтой байдлаар тайлбарлах ёстой байсан. Мэргэжлийн байх ёстой, итгэл хүлээхүйцээр шийдвэр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой. Захирамжийг биелүүлэх этгээдүүд очсон бол тэд “Ийм агуулгатай, ийм дугаар шийдвэртэй ийм шүүгчийн захирамж гарсан. Ийм үндэслэлээр бид шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж байна” гэж тайлбарлаад мэргэжлийн ажиллах ёстой байлаа. Ил тод байдал хангагдаагүй учраас үл ойлголцол үүссэн.

-Хоёр хоногийн зайтай хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, сэтгүүлчийг баривчилсан энэ үйлдэл хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ямар үр дагавар бий болгох бол?

-Эрүүгийн хуулийн 14.2, 14.3-т хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд саад хийх нь гэмт хэрэг болно гэсэн заалт байгаа. Энэ хүн хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлээд байна гэж прокурор харсан нь нөгөө талаас хэвлэн нийтлэх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн үү гэж харах үндэслэл болно. Дээрх зүйл ангиар холбогдох албадыг шалгуулахаар өмгөөлөгчид хүсэлтээ гомдол гаргах шаардлагатай.

Сэтгүүлчийг цагдан хорьсон нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзүүлэлтийг, ялангуяа сэтгүүлчийн аюулгүй байдалтай холбоотой үзүүлэлтийг нэлээд доош нь татна. Энэ нь манай улсад хэвлэл мэдээллийн эрх члөөөний үйл ажиллагааны баталгаа бүрэн бэхжээгүй байна, маш амархан нурж байна гэсэн үг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хангагдахгүй байна гэдгийн цаана хувь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал биш. Сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагаагаар дамжуулж иргэд мэдээлэлтэй байх эрхээ эдэлдэг. Мэдээлэлтэй байснаар эрх баригч улстөрчид, албан тушаалтнуудыг хянадаг. Тэд нарт шаардлага тавьдаг механизм юм. Энэ нь өөрөө ардчиллын механизм шүү дээ. Энэ механизмын аль нэг хэсгийг үгүйсгэж боомилж байгаа нь иргэдийн мэдээлэлтэй байх, мэдэх эрхийг боомилж байгаа гэсэн үг. Яалт ч үгүй хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нөхцөл байдалд хүндээр тусна.

Тиймээс одоо оролцогч талууд үүн дээр хөдлөх ёстой. Хууль тогтоогчид дуугүй өнгөрөхгүйгээр Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 9.3-т нийцүүлээд ЭХХШТХ-ийн цагдан хорих үндэслэлтэй холбоотой заалтыг хүчингүй болгох ёстой. Нөгөө талаар Засгийн газрын хувьд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд мөрдөн байцаах байгууллагын бие даасан хараат бус байдлыг хангахад анхаарч ажиллах ёстой. Прокурор, шүүхийн байгууллагыг сургалтаар дамжуулж чадавхжуулах, хууль тогтоомжоо хүний эрхэд нээлттэй байдлаар хэрэглэдэг болох, хүнлэг байх талаар мэргэшүүлэх шаардлага байна гэдэг нь харагдаж байна.

Эх сурвалж:  Өдрийн сонин


0
angry
0
care
2
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:1883:1d14:7e99:76e4:86cc
2023/12/13
0
0
Шантаач хийж нийгэм талцал хэрүүлийн бай болж үнэн худлаа ялгаж чадахгүй байх байлгахыг хийж тархи угааж байгаа ёс зүй хүмүүжил наад захын мэдлэггүй хүүхэн өөрийн шидсэн чулуундаа оногдлоо
Хариулах
66.181.180.128
2023/12/12
0
0
Хэн Өнөрцэцэг сэтгүүлчид гомдол гаргасан тэд нарыг ил болгож шалга!!!
Хариулах
59.153.86.69
2023/12/11
0
0
прокурор шүүгчээс татгалзлаа гээд хоригдож байгаа хүний асуудлыг орхичдог юм уу . өнөөдөр даваа гараг яагаад асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргахгүй байгаа юм бэ .
Хариулах
66.181.191.160
2023/12/11
0
1
БИТГИЙ ТЭНЭГТ МОНГОЛ УЛС ӨӨРИЙН НЭГ ИРГЭНЭЭ ШҮҮХЭД ДУУДАЖ МЭДҮҮЛЭГ АВАХДАА ГАДНЫ ОРНООС АСУУХ ЮМ УУ ТЭГВЭЛ ТУСГАЙР УЛС ГЭЭД БАЙХЫН ХЭРЭГ АЛГА ТА ТЭР ГАДААД УЛСДАА ОЧ ДОО
Хариулах
2405:5700:301:2792:29af:7cb5:1146:e7f6
2023/12/11
0
0
Энэ нэг эргүү юм юу хуцаад байна вэ хүн бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй нэгээс 2 удаа дуудхад ирээгүй бол шууд л хорьдог өнөрцэцэг бусдаас илүү эрх эдлэх ёстой юу хуцваа
Хариулах
2a05:9402::971
2023/12/11
0
0
Өнөрцэцэгийг хаалтын гэрээ хийж авилга авсан, нүүрс хулгайлсан , нэр бүхий хүмүүсийг шантаажилсан , гүтгэж доромжилсон, хуулийн байгууллагыг дуудахад очоогүй энэ тэр гээд тодорхой хэргүүд дээр шалгаад байгаа юм биш үү.
Хариулах
43.242.243.77
2023/12/11
0
0
Эргүү юмаа өнөрииг мэдүүлэг өгөөгүй гэж ч хориогүй байхаа өөр олон но их бии
Хариулах
Шинэ мэдээ
Танилц: Аравдугаар сард халамжийн мөнгө олгох хуваарь 48 минутын өмнө
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол явагдана 53 минутын өмнө
О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучин боллоо 1 цагийн өмнө
Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд болно 1 цагийн өмнө
Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянс Монголд айлчилна 1 цагийн өмнө
Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ 2 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар цас орж, шуурах тул зам, даваанд халтиргаа үүсэхийг анхааруулж байна 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: 2024-2028 онд хэрэгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулна 19 цагийн өмнө
НИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо 19 цагийн өмнө
АН бүлэг: Баасан гарагт санал хураасан нь нийслэлийн иргэдийн ирцийг бууруулсан 20 цагийн өмнө
НИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ 20 цагийн өмнө
И-баримт сугалааны тохирол болно 21 цагийн өмнө
“Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна 21 цагийн өмнө
Маргаашнаас зөвшөөрөлгүй таксинд явсан иргэнийг 5 сая төгрөгөөр торгоно 21 цагийн өмнө
Э.Золзаяа: Мөнгөний тэнцвэргүй тулаанд хүчин мөхөстсөн 21 цагийн өмнө
Энэ сарын 19-нд нэмэлт санал хураалт явуулна 22 цагийн өмнө
“Скай ресорт”-ооc Их тэнгэр хүртэлх замыг хааж засварлана 23 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллана 23 цагийн өмнө
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж байна Өчигдөр
Дархан-Эрдэнэт чиглэлийн замд халтиргаа гулгаа үүсжээ Өчигдөр