Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гурван жилийн ой энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр тохионо. Тухайн үед Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.9 хувь нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн.Ингэснээр тэрээр Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд нарын нэг болж өдгөө гурав дахь жилд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байна.
Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа тэрбээр дөрвөн чиглэлд түлхүү ажиллана гэдгээ мэдэгдсэн. Нэгдүгээрт, цар тахлын нөхцөл байдлыг хэрхэн даван туулах вэ, төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх, экспортын гаралтаа нэмэгдүүлэх, онцгой байдлын мененежмэнтээ хэрхэн сайжруулах вэ. Хоёрдугаарт, ямар чиглэлийн бизнесүүдийг илүү дэмжих вэ, аж ахуйн нэгжүүдээ хэрхэн босгож ирэх вэ. Гуравдугаарт, дундаж орлоготой хүмүүсийг дэмжих тогтолцоог нэгтгэх. Дөрөвдүгээрт, сайн засаглал, цахим засаглалтай холбоотой асуудлыг голчилж хөндөхөө онцолсон.
Тиймээс дээрх амлалтаа хэрхэн биелүүлж мөн өнгөрсөн хугацаанд юу юу хийв гэдгийг эргэн сануулах болно. Энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад айлчлалуудыг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны гадаад айлчлал гуравдагч хөрш Япон улс байв. Тус айлчлал нь хүн төрөлхтний эв нэгдлийн наадам Токио-2020 олимпийн наадамтай зэрэгцсэн нь Монгол Улсын хувьд чухал айлчлал байлаа. Үүнээс өмнөх хоёр жилийн хугацаанд Covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын төрийн өндөрлөгүүд гадаад айлчлал огт хийгээгүй юм.
Тэгвэл 2021 оны долоодугаар сарын 21-25-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад айлчлил “Ковид-19” цар тахлын үед Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулах боломж олгосонд талархсан монголын ард түмний халуун сэтгэлийг илэрхийлсэн айлчлал болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын үеэр Японы эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн.
1.Монгол, Японы улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаад талууд санал нэгдсэн байна.
2.Хөшигийн хөндийд баригдаж ашиглалтад орсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөж, дагуул хот, эдийн засаг, мэдээллийн технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолжээ.
3.Нийслэлийн түгжрэлийг бууруулах үүднээс Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр зам, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, эдгээр салбарын инженер, боловсон хүчнийг бэлтгэх тал дээр Япон Улстай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
4.Нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) хийхэд хамтран ажиллах, улмаар Япон улсын туршлагад тулгуурлан ус төрөгчийн цахилгаан станц барих асуудлыг хөндөж ярилцав.
МОНГОЛ, СИНГАПУР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад 2022 оны долдугаар сарын 6-9-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж, Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах зарим санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний 11 жилийн дараа Сингапур Улсад хийж буй айлчлал байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргын хувиар 2019 онд Сингапур Улсад айлчилж,Сингапурын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар санал солилцож байсан. Тэр үеэр ярьж тохиролцсон ажлуудаа бодитоор хэрэгжүүлэх, үр дүнгээ баталгаажуулахаар Засгийн газрын тэргүүний хувиар айлчилсан.
Энэхүү айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны гурван баримт бичиг байгуулсан. Үүнд:
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх тухай” баримт бичиг
– “Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хоорондын санамж бичиг
“Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ХЗДХЯ, Сингапурын Үндэсний их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үссэг зурав.
ЭГИЙН ГОЛЫН УЦС ГАЦААНААС ГАРЧ, ШАТАХУУНЫГ УРТ ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ ҮНЭЭР АВАХААР БОЛОВ
2022.09.07: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож, Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа сэргээх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого” дэвшүүлж, томоохон 47 төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулаад эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС зэрэг төслүүдэд хоёр хөрштэй хамтарч ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн.
Мөн энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд /2022.09.07/ бараалхаж, Эгийн голын усан цахилгаан станц болон бусад эрчим хүчний цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн талаар яриа хэлэлцээ хийгдэж буйг танилцуулсан. Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төсөл тус бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтойд тооцогдож ирсэн. Талууд төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцсан. Мөн энэ үеэр албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиров.
2022.09.18: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцов
Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 18-ны өдөр Вестминстерийн ордонд Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн юм. Британи Улс нь манай улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн юм.
Ерөнхий сайд Герман улсад албан ёсны айлчлал хийв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийв.
Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтойг талууд онцолж байв.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан. Түүнчлэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүдтэй албан уулзалтууд хийсэн юм.
Мөн Берлин хотод төвтэй Транспэрэнси Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзсан.
Монгол, БНСУ-ын иргэд харилцан визгүй зорчих чиглэлд бодит үр дүн гаргахын төлөө ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийв.
Айлчлалын үеэр Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг үлэмж нэмэгдүүлэх, монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд тодорхой тохиролцоонд хүрэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё нарт тус тус бараалхав. Мөн тус улсын Гадаад хэргийн сайд Пак Жин, Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг тус тус хүлээн авч уулзсан юм.
Мөн Монголын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Орхоны хөндийд шинэ ухаалаг, ногоон хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах” төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх саналыг тавьж, Солонгосын тал нааштай судалж, хамтран ажиллахаар боллоо.
Түүнчлэн "Ховор метал нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан.
-Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын суурь хэлэлцээр, Цэргийн нууц мэдээллийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Соёлын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2023-2026 оны Соёлын солилцооны хөтөлбөрт тус ттус гарын үсэг зурсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын иргэд, түүний дотор БНСУ-ын иргэдийг визээс чөлөөлж, манай улсад зорчих таатай боломж бүрдүүлснийг дурдаад энэ удаагийн айлчлалын хүрээнд “Монголд зочлох жил”-ийн нээлтийн ажиллагааг БНСУ-аас эхлүүлж, “Монголд тавтай морилно уу” арга хэмжээг Сөүл хотноо амжилттай зохион байгуулсан.
ОЛОН ЖИЛ ЯРИГДСАН ТӨСЛҮҮДИЙГ ШИЙДВЭРЛЭХЭЭР ТАЛУУД ТОХИРОВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар тус улсад 2023 оны зургаадугаар сарын 26-нaaс долдугаар сарын 1-нд албан ёсны айлчлал хийсэн юм.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд санал нэгдэв.
Эдгээр төслүүдэд хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж, Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудал хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдлээ. Ерөнхий сайд нарын хэлэлцээний хүрээнд яригдсан асуудлаар Засгийн газар хоорондын комисс ажиллаж, дэд ажлын хэсгүүд байгуулсан.
Хоёр улсын Засгийн газар хот төлөвлөлт болон шинжлэх ухаан, технологийн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож, ногоон хөгжил, зам тээвэр, төрийн өмчит компанийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд санал нэгдэж, санамж бичигт гарын үзэг зурсан. Үүнд:
“Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай нэмэлт хэлэлцээр”, Төрийн өмч ба төрийн өмчит аж ахуйн нэгжийн салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулах хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад угаасан ноос, ноолуур экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”-д, “Хамтран ажиллах тухай Монголын хөрөнгийн бирж, Шанхайн Хөрөнгийн Бирж хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т тус тус гарын үсэг зурав.
Тэгвэл шинэ оны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-нд болох Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд тус чуулганд оролцох үеэрээ Швейцарын холбооны Улс, Бүгд найрамдах Армен, Бүгд найрамдах Сингапур улсын ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд найрамдах Солонгос улс, Тайланд улсын ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана. Мөн олон улсын үндэстэн дамнасан корпорациудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах санал солилцохоор төлөвлөжээ.
Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн энэ чуулганд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох юм.
Сэтгэгдэл (2)