Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийн хүрээнд өнгөрсөн 2023 он болон 2024 оны 01 дүгээр сарын 01-31-ний өдрүүдэд авч хэрэгжүүлсэн ажлын талаар Комиссын дарга Д.Сүнжид өнөөдөр танилцууллаа.
Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, үсэргээ, сорилт хийхийг хориглосон. Комисс өвлийн морин уралдаан зохион байгуулахгүй байхад анхаарч Комиссын гишүүний Зөвлөмжийг нийслэл, дүүргийн Засаг дарга нарт хүргүүлж, хэрэгжилтэд хяналтад тавин ажиллаж байна.
Комисст ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас 2023 онд нийт 151 гомдол, мэдээлэл, 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-ны хооронд 28 гомдол, мэдээлэл ирсний дагуу хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
Комисс өнгөрсөн 2023 онд нийт 1026 гомдол, мэдээлэл хүлээн авч, Комиссын гишүүний санаачилга, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр нийт 145 хяналт шалгалт хийж, шалгалтын үр дүнг үндэслэн Комиссын гишүүний шаардлага-26, Комиссын гишүүний зөвлөмж-61 хүргүүлж шийдвэрлэлээ. Комисст хандаж гаргасан гомдол мэдээллийг эрхийн төрлөөр ангилбал, шударга шүүхээр шүүлгэх, хөдөлмөрлөх, халдашгүй чөлөөтэй байх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хүүхдийн эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд эдгээрийн 93,8 хувийг хуульд заасан хугацаанд шалгаж, шийдвэрлэлээ. Мөн дүн шинжилгээний 22, судалгааны 11 ажил гүйцэтгэв.
Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, иргэдийн хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшүүлэхэд хүн бүрийн хичээл зүтгэл, идэвх санаачлага, оролцоо, хандлага чухал үүрэгтэй. Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл, орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөл, ЦЕГ, ШШГЕГ зэрэг төрийн захиргааны төв байгууллага түүний агентлагууд, хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, багш, судлаач, хуульч, өмгөөлөгчдийг хүний эрхийн давтан болон шатласан сургалтад хамруулснаар хүний эрхийн 272 сургагч багш бэлтгэгдлээ. Эдгээр хүний эрхийн сургагч багш нар өөр өөрийн ажилладаг салбар байгууллага, хамт олон, найз нөхөд, гэр бүлдээ хүний эрхийн соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх аянаа амжилттай хэрэгжүүлж байна.
Түүнчлэн Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ХЭҮК-ын дэргэд ажиллаж байна. Хүний эрхийн хамгаалагчийн хороо 2023 онд 4 гомдол хүлээн авч шийдвэрлэснээс нэр бүхий гурван хүний эрх хамгаалагчийг хууль зүйн болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээнд хамруулж, холбогдох зардлыг Хүний эрхийн форумын дэргэдэх “Хүний эрхийн зөрчилд шуурхай хариу үзүүлэх тусгай төсөв”-өөс шийдвэрлүүллээ. Мөн нэр бүхий 1 хүний эрх хамгаалагчийн амьжиргааны тэтгэмжийн асуудлыг олон улсын байгууллагад хандаж, шийдвэрлүүлэхэд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран амжилттай ажиллалаа. ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэстэй хамтарч нэр бүхий 2 хүний эрх хамгаалагчийг төрийн хамгаалалтад хамруулж, хүний эрхийн хамгаалагчийн эрх зөрчигдсөн асуудлаарх 4 дүгнэлтийг Хорооны хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн.
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 болон 116 ДУГААР СУРГУУЛЬ БОЛОН ЕБС-ИЙН ДОТУУР БАЙРАНД АМЬДАРЧ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН СУРЧ, БОЛОВСРОХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ
Нийслэлийн ерөнхий боловсролын 29 болон 116 дугаар сургуулийн сурагчдын сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх, хүнлэг бус, хэрцгий харьцаа, шийтгэлээс ангид байх эрхийн нөхцөл байдалд 2023 оны 04, 05 дугаар сард хяналт шалгалт хийж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг дээрх сургуулиудын удирдлагуудад хүргүүлсэн. Комиссын гишүүний шаардлагын дагуу дээрх сургуулиудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд сургуулиудын урсгал засварт шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэснээс гадна сургууль, сурагчдын дотуур байранд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй орчин, хоол хүнсний чанар, хүртээмжтэй байдалд ахиц дэвшил гарсан байна.
ХЭҮК-оос Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эрх, эрх чөлөөг сахин хангаж, хамгаалах үүднээс нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах зорилгоор нь Улаанбаатар хот болон 21 аймаг, сумдын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хяналт, шалгалт хийж, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдал, үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд тусгаж улмаар стандартын шаардлага хангахгүй дотуур байрыг шинэчлэх асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг шийдвэрлэх талаар Улсын Их Хурлын 2023 оны 35 дугаар тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосон юм. Илтгэлээр хүүхдийн сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах болон нийгмийн амьдралд оролцох эрхийг баталгаатай эдлүүлэхтэй холбоотой өгсөн санал, зөвлөмжүүд 2023 оны 7 дугаар сард батлагдсан Боловсролын ерөнхий хуульд тусгалаа олж, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаатай холбоотой зардлуудыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилсан талаар танилцууллаа.
ҮРГЭЛЖЛҮҮЛЭН 2024 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НЭЭС 31-НЫ ХООРОНД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ТОВЧ ТАНИЛЦУУЛЛАА.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс 31-ны хооронд нийслэл, дүүргээс 88, аймаг, орон нутгаас 22, нийт 110 гомдол, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс 2023 оны үлдэгдэл 41 гомдол мэдээлэл, 2024 оны 58 буюу нийт 99 гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлэлээ. Комисст хандаж гаргасан гомдол мэдээллийг эрхийн төрлөөр ангилбал, шударга шүүхээр шүүлгэх, хөдөлмөрлөх, халдашгүй чөлөөтэй байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хүүхдийн эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.
Энэ хүрээнд Комиссын гишүүний санаачилгаар-4, гомдол мэдээлийн мөрөөр 4 буюу нийт 8 хяналт шалгалт хийсэн. Тухайлбал, Комисст иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байранд амьдарч, суралцаж буй хүүхдийн эрх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцод нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийгээд байна. /ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАРЖ УНШИНА УУ/
Хүний эрхийн боловсрол олгосноос хүний эрхийг хамгаалах тогтолцоо бэхжүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүний эрхийн хэрэгжилтийг дээшлүүлдэг. Тиймээс ХЭҮК-оос төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 8 удаагийн сургалтад 339 оролцогчийг хамруулсан. Тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөх Чарльз Аутемэн, Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Барати Флюгтай хамтан “Хүний эрх ба Албадан хөдөлмөр эрхлэлт” сургалтад хэвлэл мэдээллийн 35 байгууллагын сэтгүүлч, хэвлэлийн ажилтнуудыг хамруулсан юм.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзвар орчимд гарсан галд өртсөн орон сууцны оршин суугчдын эрүүл мэнд, орон байр, ахуй амьжиргааны нөхцөл байдал, иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК хяналт тавин ажиллаж байна.
Тухайлбал, 2024 оны 01 дүгээр сарын 24-ны шөнө гарсан галын үеэр Комиссын гишүүн Б.Энхболд УОК, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох албаныхантай хамтарч шуурхай ажилласан юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулса бүрэлдэхүүн 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал хүсэлтийг хүлээн авсан. Уулзалтын үеэр иргэдийн төлөөллийн зүгээс Комиссоос дараах хүсэлтийг уламжилсныг холбогдох албанд уламжилж, иргэдийн хэвийн амьдралдаа орох хүртэл анхаарал хандуулан ажиллаж байна. /МЭДЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙГ ДАРЖ УНШИНА УУ/
Сэтгэгдэл (2)