Сэтгүүлчийг ялласан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе, гишүүд ээ

Н.Мижидмаа
2024/07/24

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлаар Өдрийн сонины сэтгүүлч Т.Дарханхөвсгөл дараах нийтлэлийг бичжээ.

Тэрбээр:

"Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, түүнд 4.9 жилийн хорих ял өгч, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Өмгөөлөгчид нь давж заалдана гэдгээ мэдэгдсэн. Гэвч ямар ч хамаагүй хугацаагаар түүнийг хорихоор зүтгэж байгаа юм шиг олон жилийн ял өгчихлөө. Давах шатнаас ялын хугацааг багасгахаас бус ялгүй болгох боломжгүйгээр тооцоолж яллалаа гэж үзэж байгаагаа ойр дотныхон болон гэр бүлийнхэн нь хэлсэн. Жил орчмын өмнө түүнийг цагдан хорьж, дараа нь гэрийн хорионд байлгаж, гэрийн хориог нь цуцалж, хэд хэдэн удаа шүүх хурал нь хойшилсон. УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө болохоор товлогдсон шүүх хурлууд ямар нэгэн байдлаар хойшилсоор байсан нь нийгэмд хардлага төрүүлээд байсан. Учир нь түүнийг сонгуулийн өмнө шүүгээд ял өгчихвөл сонгуулийн үр дүнд нөлөөлж мэднэ хэмээн тооцоолсон байхыг үгүйсгэхгүй. Үүнийг батлах мэт өнгөрсөн долоо хоногт шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргасан нь олны дургүйцлийг хүргэсэн. Шийдвэр гарсны дараа иргэд шүүхийн гадаа цуглаж, эсэргүүцлээ илэрхийлж байсан бөгөөд тэд шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлчийг ингэж болохгүй хэмээн үзэл бодлоо илэрхийлж байна лээ. Үнэхээр ч сэтгүүлч Н.Өнөрцэцэг шударга үнэний дуу хоолой болж, эрх баригчид, дарга нарын олон булхайг илчилж байсан. Тиймдээ ч дайсан олонтой болсон биз. Мэдээж түүнд алдаа дутагдал бий юу гэвэл бий. Гэвч тэр нь ийм хэмжээний ял авахаар биш гэдэг дээр олон хүн санал нэгдэж байгаа юм. Түүнийг дөрвөн зүйл ангиар буруутгасан боловч тэдгээр нь ял өгөхөөр хэмжээний биш гэдгийг хуульч, өмгөөлөгчид, учир мэдэх хүмүүс хэлээд байгаа. Мөн түүнийг улсын нууцыг хадгалсан гэж буруутгасан мөртлөө тухайн нууцыг харж хамгаалж байх ёстой албан тушаалтан хариуцлага хүлээхгүй байгаад олон дургүйцлээ хүн илэрхийлээд буй. Тэрхүү нууцыг өмнөх Засгийн газарт сайд хийж байсан одоогийн УИХ-ын нэгэн гишүүн Za­rig.mn сайтын сэтгүүлчид өгсөн гэсэн мэдээлэл ч олон нийтийн сүлжээгээр тарж, тухайн хүн нь хэн болох тухай таамаг өрнөж байна. Сонгуулийн өмнө Н.Өнөрцэцэг Ардчилсан намд гишүүнээр элссэн. Харамсалтай нь эцсийн мөчид түүнийг Их хурлын сонгуульд нэр дэвшүүлээгүй нь мөн л хардлага төрүүлсэн. Нэр дэвшүүлнэ хэмээн амлаж, бусад нам, эвслээс өрсөлдөх боломжгүй болгож байгаад эцсийн мөчид нэр дэвшүүлсэнгүй гэж үзэх хүмүүс ч тухайн үед гарч байсан юм. Үнэн ч байж мэднэ. Угаас улс төрд үүрдийн найз, мөнхийн дайсан гэж байхгүй. Гагцхүү эрх ашиг бий гэсэн үг байдаг шүү дээ.

Ингээд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэр дэвшүүлээгүй ч Ардчилсан нам сүүлийн хоёр сонгуульд гаргаагүй амжилт үзүүлж, энэ удаад 43 суудал авсан. Улмаар эрх баригчид санал тавьсны дагуу хамтарсан Засгийн газарт орж, найман сайдтай болчихоод байгаа. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар 100 өдрийнхөө төлөвлөгөөг батлаад, гэрээгээ байгуулчих юм бол үндсэндээ асуудал шуударч, тэд ажилдаа орно. Нэг үгээр бол энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан гэсэн үг. Харин тэдний ийм амжилтын гол хүч нь ард түмний итгэл. Иргэд шүүх болоод нийгэмд бий болсон шударга бус явдлыг үгүй хийнэ. Шударга ёсыг тогтооно. Хүн бүр эрх тэгш амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн тэдний амлалтыг нь дэмжсэн. Гэвч Ардчилсан нам засагт орохтой зэрэгцээд ардчилсан Монгол Улсад нэгэн сэтгүүлч шоронгийн хаалга татчихаад байгаа нь харамсалтай. Тус намаас мэдэгдэл гаргаж, “…Ардчилсан намын бүлгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хууль ёсны эрхийг хангуулах асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хандаж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд тайлбар гаргуулан ажиллах болно…” гэсэн байна лээ уг нь. Гэвч намрын чуулган эхлээд, тайлбар гаргахыг хүлээгээд суух цаг өнөөдөр биш. Сэтгүүлчдэд хамгийн их хэрэгтэй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг эрх баригчид батлалгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Харин ч Эрүүгийн хуульд тусгай заалт оруулж өгсөн нь сэтгүүлчийг буруутгахад амар болсон гэдгийг салбарынхан хэлдэг.Тэгэхээр эрх баригчдаас энэ тал дээр нааштай шийдвэр, хариу хүлээгээд нэмэргүй. Тиймээс энэ асуудлыг Ардчилсан нам бодитойгоор хөндөж, Их хурлын гишүүдээ уриалж, шүүхийн ил тод байдал болон, хараат бус байдал дээр нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Тэгж байж олон нийт шүүх засаглалын сайн, муугийн тухай ойлголттой болно. Алдаа дутагдал нь хаана байгааг олж мэднэ. Үүний үр дүнд хэрхэн засаж сайжруулах арга эв олдоно.

Эцэст нь шороотой хутгалдчихсан шүүхэд итгэх олон нийтийн итгэл эргэн сэргэнэ. Энэ бол зөвхөн нэг сэтгүүлчийн асуудал огт биш болчихлоо.

Н.Өнөрцэцэгийн өгсөн тайлбараар бол “Ямар зорилгоор энэ мэдээг бэлтгэсэн бэ” гэдэг асуултыг л хоёр өдрийн турш тавьсан гэж байгаа. Үнэн бол яг ийм байдлаар дараа дараагийн сэтгүүлчдийг буруутгана. Улмаар дөрөв дэх засаглал болсон сэтгүүл зүй арчигдаж, хэвлэлийн эрх чөлөө бүрэн нурснаар ардчилсан гэдэг тодотголоо манай улс алдаж ч мэднэ. Зүй нь бол тухайн мэдээлэл үнэн бодит байсан уу. Хэрэв үнэн бол буруу зүйл хийсэн эрх мэдэлтэн, эрхэм дарга нарыг шалгах ёстой юм.

Өнөөдөр дарга нарын гомдлоор цагдаагийн үүд сахиж, прокурор дээр хэрэг нь боогдож байгаа сэтгүүлчдийн цуваа улам уртассан. Нийгэмд сэтгүүлч гэдэг мэргэжлийг гутаах, буруу ойлголт төрүүлэх даалгавартай юм шиг цөөн хэдэн нөхөр байгааг үгүйсгэхгүй. Тэдний буруу. Улстөрчид ч тэднийг сайтар хөөргөддөг нь нууц биш. Гэвч эрх зүйн орчныг нь сайжруулаад, орой дээрээ залж явах хуулийг нь олигтойхон болгочихсон байсан бол сэтгүүл зүйн салбарт ийм асуудал үүсэх ч үгүй байсан биз.

Харамсалтай нь сэтгүүл зүйг, сэтгүүлчдийг муухай харагдуулах сонирхол улстөрчдөд байгаа учраас хуулийн орчин нь сайжирч өгөхгүй байна. Баримт гаргаж тавьсан сэтгүүлчийг баримтаа хаанаас олж авсан бэ хэмээн асуугаад яллаад байх юм бол ардчилсан тогтолцооны амин чухал тулгуур багана болсон хараат бус хэвлэл мэдээлэл алга болох аюултай. Тийм болохоор хүнийэрх, эрхчөлөөгхамгаалдаг улс төрийн намын хувьд Ардчилсан нам үүнд онцгой анхаарал хандуулж, сэтгүүлчийг өмгөөлөгчгүй, хаалттайгаар шүүж ял өгсөн асуудлаар нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж хэлээд байгаа юм".

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН, Т.ДАРХАНХӨВСГӨЛ


5
angry
1
care
3
haha
25
liked
1
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархан аварга Н.Батсуурь зодоглоно 2 цагийн өмнө
-11 градус хүйтэн байна 2 цагийн өмнө
Импортын бараа хямд үед дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолж, хаалгаа барихад хүрнэ 15 цагийн өмнө
​ Б.Билгүүн: Миний хөтлөлт хэнийг ч уйдаахгүй 17 цагийн өмнө
Э.Батшугар: Төсвийн урсгал зардал дэндүү их болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна 18 цагийн өмнө
Утааны сонсгол хийх цахим өргөдөлд 70480 иргэн гарын үсэг зуржээ 19 цагийн өмнө
Ө.Шижир: Засагт орсон найман сайдаар Ардчилсан намын ирээдүй битгий бүрхэг болгоосой 20 цагийн өмнө
Д.Сарангэрэл: Миний хань П.Сүхбат "Арслан" цолоо авч чадаагүй гомдолтойгоор хорвоогоос буцсан 20 цагийн өмнө
Хятадын хакерууд АНУ-ын харилцаа холбооны 8 компани руу халдсан хэмээн Цагаан ордноос мэдээллээ 21 цагийн өмнө
Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд 1620 иргэний газрын нөхөн олговрыг шийдвэрлэжээ 21 цагийн өмнө
Хятад иргэдийг барьцаалж, нэгийнх нь аминд хүрсэн хэрэг гарчээ 21 цагийн өмнө
Угаартах айдасгүй “Нүүдэлчин эко” зуухыг сонгох шалтгаан 22 цагийн өмнө
2025 онд тэтгэврийн нэмэгдэлд 400 тэрбум төгрөг зарцуулна 23 цагийн өмнө
Хальтиргаа үүссэн тул нислэгийн хуваариас 2-3 цагийн өмнө ирэхийг анхаарууллаа Өчигдөр
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр
Иргэд: Утаанаас утаа, ханиаднаас ханиадны хооронд амьдарч байна, хичээгээд хичээгээд нэмэр алга Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Зүүн өмнөд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна Өчигдөр
Кураш бөхийн ДАШТ-д 300 тамирчин өрсөлдөж байна Өчигдөр
“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна Өчигдөр
Б.Жавхлан: "2025 оны төсвийн зарлагаас 2,3 их наяд₮ хасч, алдагдалгүй оруулж ирсэн Өчигдөр