Сэтгүүлч Р.Ганпүрэвийн нийтлэлийг хүргэж байна.
Иргэд энэ пүрэв гаригт /2024.11.07/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралдааныг анхааралтай ажиглаж байна.
Анхан шатны шүүх жилд дунджаар 100 гаруй мянган хэрэг шийдвэрлэдгээс ердөө 7-8 хэргийг тойрсон шүүмжлэл л шүүхийн талаарх сөрөг мэдээллийн 50-аас дээш хувийг эзэлдэг юм. Энэ байдал сүүлийн 20 жилд бараг өөрчлөгдөөгүй. Хоёр, гурав, бүр арван жилийн турш байнга яригдаж, бичигддэг хэргүүд ч бий. Ихэвчлэн авлига албан тушаалын болон нийгэмд дуулиан дагуулсан хэргүүд байдаг. Харин энэ жилийн хувьд Н.Өнөрцэцэгийн хэрэг л хамгийн их анхаарал татаж байгаа бөгөөд шүүхийн талаарх шүүмжлэлд хичнээн ч жилээр яригдах жишээ болж мэдэхээр харагдаж байна.
Эрх зүйн ойлголт төлөвшиж байгаа гэх ч манай монголчуудын шүүх, цагдаагаас цэрвэх бодол өнөөг хүртэл арилаагүй. Шүүхээр орж байгаагаа мэдэгдэхийг хүсдэггүй, адгийн зарга арав хоног ч гэж ярьдаг. Шүүх, цагдаагаас жийрхдэг иргэд маань ер нь төсөөллийн үнэлгээтэй. Тиймээс ч тэр хамгийн их бичигддэг, яригддаг 7-8 хэргийн хүрээгээр шүүх бүтэхгүй, шударга бус шийдвэр гаргадаг, хараат, захиалгаар шийддэг гэх нь олонтаа. Гэхдээ уулын мод урттай богинотой гэгчээр шүүхэд ч бас сайн, муу холилдон байхыг үгүйсгэхгүй.
Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийг саяхан УИХ баталж, үүнийг дагаад төсөв мөнгийг нь ч хангалттай баталж өглөө. Энэ хөгжлийн бодлогын гол зорилго нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа нь цагаан дээр хараар бичигдсэн байна. Шүүхийн эрхэм зорилгын нэг нь шударга ёсыг бэхжүүлэх. Шударга ёс, тэгш байдлыг шүүх л тогтоох ёстой гэж иргэд үздэг. Шүүх шударга байж л итгэл хүлээнэ. Шударгаа яаж мэдүүлэх вэ, нээлттэй байж л харуулна, өөр арга байхгүй. Тэрүүхэндээ бид сайжраад байна гэж уулзалт цуглааны мэдээ өгөөд, шүүхийн боловсрол гэж мөнгө хөрөнгөөр хөтөлбөр хэрэгжүүлээд итгэл хүлээнэ гэдэг бол бүтэшгүй зүйл.
Иргэдийн мэдэхийг хүсдэг зүйл бол шүүхийн гол бүтээгдэхүүн болох шийдвэр нь л юм. Тэр нь ил байх, дурын Дорж, Бат үзэж болдог байх чухал. Монгол Улсын шүүхийн шийдвэрүүд shuukh.mn цахим хуудаст ил бий. Гэхдээ тэнд хэдэн зуун мянган шийдвэр байлаа ч олны анхаарал татсан нэг хэргийн шийдвэр байхгүй л бол шүүхийн ил тод нээлттэй байдалд бүхэлдээ эргэлзээ төрнө. Шийдвэрийг яагаад нууцалснаа цахим санд тодорхой оруулахгүй бол нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдгийг санах нь зүй.
Шүүх хуралдааныг цахимаар шууд нэвтрүүлэх тухай заалт 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуульд орсон, Дээд шүүхээс энэ талаар санаачилга гаргаад явж байгаа. Гэхдээ 2000-аад оны эхээр эрэн сурвалжлагч дүрдээ итгэсэн залуухан сэтгүүлч явахад минь хавтаст хэрэг гэдэг хүний гарт баригдаж, нүдэнд харагдахгүй зүйл биш, дуртай сэтгүүлч нь танилцаж болдог байсан юм. Дурын шүүх хуралдаандаа ч сууж болдог байлаа. Харин одоо сайжруулах гээд байна гэж ярьсаар байгаа ч тэр хавтаст хэрэг гэгч улам л алсраад байх шиг. Хууль тогтоомжоосоо шалтгаалаад байгаа бол хууль тогтоогчид нь засаад өгчих хэрэгтэй юм. Хууль хэрэглээндээ байгаа бол шүүгчид нь анхаарахад болмоор. Гадаадын улс орны шүүхүүд шүүх хуралдаанаа шууд нэвтрүүлэхээс гадна хэргийн материалаас холбогдох мэдээллийг сэтгүүлчдэд нээлттэй өгдөг практик бий. Иргэдийн сонирхдог мэдээллийг сэтгүүлчид л илүү хүртээмжтэй түгээх нь мэдээж учир энэ бол итгэл хүлээх том боломж болно. Нээлттэй нийгэм форумаас хийсэн Монгол Улсын шүүхийн индекс 2023 судалгаагаар шүүхийн нээлттэй, ил тод байдлын үзүүлэлт өссөн ч хэвлэл мэдээллийн сурвалжилгын үзүүлэлтийн оноо буурч, дөнгөж 44.01 байна. Мөн иргэдийн шүүхэд итгэх иргэдийн итгэлийн үнэлгээ ч 53-аас 48 болж буурсан бөгөөд энэ нь хоорондоо харилцан уялдаатай гэж хувьдаа дүгнэж байна.
Гол зүйл рүүгээ оръё. Н.Өнөрцэцэгийн хэргийн шүүх хурлыг хэсэгчилж нээлттэй хийх боломжтой гэж харж байгаа. Хууль тогтоогчид ч, мэргэжлийн хуульчид ч үүнийг ярьсаар байна. Үйлдэл бүрийг тусдаа гэмт хэрэг гэж үзэж, тусад нь ял оногдуулдаг тул төрийн нууцтай гэх хэргийг тусгаарлан шүүх бүрэн боломжтой. Хувь хүний нууцтай холбоотой хэргийн тухайд хэсэгчлэн эсвэл бүхэлд нь хааж болохоор заасан байна. Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяа, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын ярьснаас харвал 12 настай охиныг хөнөөсөн хэрэгт холбогдсон Г.Гантулгын хувийн мэдээллийг задруулсан гэх. Энэ мэдээллийг задруулсны төлөө Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сар хорих ялын ихэнх буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь үнэн бол үүнийг ард түмэн төдийлөн ойлгохгүй болов уу. Тиймээс шүүхийн шийдвэрийн тоймдоо хуулийн үндэслэлээ тодорхой тусгаж өгөхгүй бол иргэдийн эргэлзээ улам нэмэгдэнэ.
Шүүх ер нь хэргийг хэсэгчлэн нээлттэй явуулж байсан тохиолдол бий юу гэвэл бий. Жишээ дурдахад 2000-аад оны дундуур дуулиантай нэгэн хэргийн шүүх хурал Ганцхудагт болсон юм. Тухайн хэрэгт зайлшгүй хаалттай шийдэхээр заасан хувь хүний нууцтай холбоотой үйлдлийг хурлын хамгийн эхэнд үдээс өмнө хаалттай хэлэлцээд хэд хоног үргэлжилсэн уг хурлын бусад хэсэг Ганцхудагийн танхимд хүссэн сэтгүүлч бүрт нээлттэй явагдсан билээ.
Нээлттэй шүүсэн хэргийг дагаж гарах хардлага сэрдлэг ч бага байдаг, нүдээр харж чихээр сонсох бол өөрөө хүнд итгэл төрүүлдэг эд.
Н.Өнөрцэцэгийн хэргийг нээлттэй шүүх нь шүүхэд яагаад хэрэгтэй вэ. Түүнийг буруутгасан 5 үйлдлийн нэг болох худал мэдээлэл тараах хэргийн нэг хохирогч нь Шүүхийн ерөнхий зөвлөл байгаа нь шүүхийн захиргааны байгууллагыг шүүх л гэж хардаг олон нийтэд “сэжигтэй” санагдаад байна. Ер нь шүүгч томилдог байгууллагыг шүүн таслах ажиллагаанд эрх мэдэлгүй гэж ард иргэд харахгүй байгааг буруутгахад хэцүү. Тэгээд ч төрийн байгууллага нээлттэй байж, ойлгогдохыг хичээхээс бус, олон нийтийн санаа бодлыг шүүмжлэх боломжгүй.
Олон нийтийн нүдэн дээр Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа маш хурдтай явсан, энэ ч шүүх дээр цагдан хорих санал хэлэлцэгдээд тэр ч шүүх дээр дуудаад... Тийм ч учраас энд ямар нэгэн нөлөөлөл байна, Өнөрцэцэгийг дарж авахаар шийджээ гэсэн яриа энд тэндгүй байгаа нь нууц биш. Шүүх бол хэн нэгнийг дардаг байгууллага биш. Шүүх бол зөрчигдсөн эрхийг сэргээдэг, хамгаалдаг, тэр явцдаа шударга ёсыг бэхжүүлдэг л байгууллага. Тэгэхээр тэр шударга ёс нь яагаад Өнөрцэцэг дээр их хурдан яваад, зарим авлигач дээр удаан яваад байна вэ гэдэгт л шүүх нээлттэй байдлаар хариулахгүй бол хардлага сэрдлэг байсаар байх болно. Бид хараат бус шүүх эрх мэдэл учир тайлбарлахгүй гээд байх нь өөрөө асуултын тэмдэг үлдээнэ. Нээлттэй байдал бол шүүхийн хамгийн гол зүйл болох хараат бус байдлын дархлааны нэг тал бөгөөд үүнийг зөвөөр ашиглах хэрэгтэй.
Н.Өнөрцэцэгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх үеэр шүүхийн хашаа руу хүн оруулаагүй. Хаалттай хуралдааны шийдвэрийг нээлттэй уншиж сонсгодог хуулийн заалт байгаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийн шийдвэрийг Дээд шүүх нээлттэй уншиж сонсгосон, С.Баярцогт нарын хэргийг шүүсэн Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдийн нэгдсэн хуралдааны эхлэл ч, шийдвэр уншиж сонсгох хэсэг ч нээлттэй байсан гээд хэдэн арван жишээ дурдаж болно.
Иргэдийн итгэл хүлээх нь шүүхийн хүрэхийг хүсэж буй үр дүн мөн гэвэл хаалттай хуралдааны шийдвэрийг нээлттэй уншиж сонсгох ил тод байдлын боломжийг шүүх яагаад ашиглаагүй вэ. Мэдээж тухайн шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэр гэж хариулах ч Дорж шүүгч нээлттэй, Бат шүүгч хаалттай гэсэн дабль стандарт байх ёсгүй юм. Хувь шүүгчээс үл хамааран шүүх Үндсэн хуульд заасан эрх мэдэл, төрийн институцийн хувьд нэг л стандарттай байхгүй бол шүүхэд итгэх итгэлд эргэлзээ төрсөөр л байх болно. Бусад улсад хувь шүүгчийн үзэл бодол, хандлага, шийдвэрийг тухайлан судалдаг бол манайд одоогоор үгүй. Мэдээж цаашдаа судалж таарна. Гэхдээ яг одоо иргэдэд эргэлзээ төрүүлээд байгаа олны анхаарал татсан хэргүүдээ шийдвэрлэхдээ хуульд байгаа нээлттэй байдлын боломжийг хэрэгжүүлье гэж хоорондоо хэлэлцэх нь хэн нэг шүүгчийн дотоод итгэл, хараат бус байдалд халдсан хэрэг биш юм. Хараат бус байдал нь шүүхийн шийдвэр гаргах процесстой л холбоотой яригдана гэж хувьдаа ойлгодог бөгөөд нээлттэй шүүх нь үүнтэй хамаагүй зүйл.Цаашдаа шүүх яагаад хуралдааныг хэсэгчлэн нээлттэй хийх боломж байхад бүхэлд нь хаалттай хуралдсан талаар зөвхөн хуулийн зүйл заалт биш, үндэслэлийг маш тодорхой бичиж тайлбарлаж байхаар хуульд тусгах нь зөв ч байж мэднэ.
Өмгөөлөгчийг оруулахгүй хийсэн нь бас л асуудал дагуулсан. Үүнийг бусад хүн хангалттай ярьж бичсэн тул зүгээр л сэтгүүлч би илүүдэх биз ээ.
Шүүхийн шийдвэрийн тоймыг энгийн ойлгомжтой бичих ажил 2022 оноос эхэлсэн нь сэтгүүлчид, хуульчид энгийн иргэдийн зүгээс ч сайшаал дагуулсныг өөрөө судалж байсан хүний хувьд баттай хэлнэ. Гэхдээ шүүхийн шийдвэрийн тойм бичих ажил эхэлсэн шигээ яваа гэхэд хэцүү гэвэл шүүгчид гомдохгүй байх. Н.Өнөрцэцэгийн хэрэг дээр шүүхийн шийдвэрийн тойм хурдан гарсан нь сайшаалтай ч хаалттай хаалган цаана шүүсэн хэргийн мэдээлэл атлаа зарим зүйл нь тодорхой биш, учир дутагдалтай. Хэвлэлээр Н.Өнөрцэцэгийн 5 үйлдэл тус бүрд оногдуулсан ялыг мэдээлснийг харлаа. Мөнгө угаах гэмт хэрэгт нэг сайт дээр 6 сар, нөгөө дээр 1 жил хорих ял оноосон гэж мэдээлжээ. Аль нь үнэн бэ гээд хайхаар шүүхийн шийдвэрийн тоймд аль хэрэгт нь ямар ял оногдуулсан нь алга. Хэргийг хаалттай шийдлээ гээд үйлдэл тус бүрт оногдуулсан ял нь нууц биш баймаар. Гол нь зарим сайт дээр гарсан мэдээллийн хорих ялыг нэмэхээр 4 жил 9 сардаа хүрэхгүй байгаа юм. Шүүх албан мэдээгээ бүрэн өгөөгүй тохиолдолд үүнд сэтгүүлчийг буруутгах боломжгүй. Мэдээж сайтууд мэдээлэхдээ тоо алдсан байх. Гэхдээ ийм их анхаарал татаж буй хэргийн хувьд бүхэлдээ иргэдэд ялын талаар бараг “боловсрол” олгож байдаг шахуу гэхэд хилсдэхгүй. Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийн хохирлын хэмжээ шүүхийн шийдвэрийн тоймд байхгүй, харин хэвлэлүүдэд 57 сая төгрөг гэж мэдээлэгдсэн. Ийм хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд уг хэрэгт нь зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаас гадна тэр 57 сая төгрөгөө ашигласан гэж мөнгө угаах хэргээр 6 сар, эсвэл 1 жил хорих ял оногдуулсны алин болох нь аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудад бол маш чухал мэдээлэл юм.
Төрийн нууц материал олж авсан гэх хэргийн тухайд түүнд өгсөн хүн нь холбогдох ёстой гэж харж байна, олон нийт. Энэ гэмт хэргийн объект нь төрийн нууц мэдээлэл гэхээр түүнийг хамгаалах хүн илүү буруутмаар санагдахад гайхах юмгүй. Гэтэл яагаад Н.Өнөрцэцэг ганцаараа яллагдчихав гэдэгт ямар нэгэн байдлаар хариулах ёстой бөгөөд дотор нь бичигдсэн зүйлс нь нууц болохоос өөр хүн холбогдсон уу, тусгаарласан уу, эсвэл ял зэмгүй өнгөрсөн үү, зүгээр явж байтал зам дээр хэвтэж байсан уу, яаж олж авав гэдэг нь нууц биш байх гэж бодогдоно. Ядахдаа цаашдаа сэтгүүлчид нууц материалд анхааралтай хандах юм байна шүү, өгсөн хүн бол буруугүй үлдэх юм байна шүү гэж мэдэж авах нь бас л ач холбогдолтой. Нууц материалынх нь дотоод агуулгыг хөндөхгүйгээр хэрхэн олж авсан талаар ярихад тэр хэргийг хаалттай хийх шаардлагатай юу, үгүй юу гэдэг дээр цаашдаа хууль тогтоогч бас анхаарах ёстой байх. Тэгээд ч Н.Өнөрцэцэг бараг би олж аваагүй, манай ажилтанд байсан материал гээд байгаа нь ямар учиртайг бүү мэд. Нууц шүүчихээр хэн нь үнэн ярьж байгааг мэдэх арга алга.
Н.Өнөрцэцэгийг би хувьдаа алдаа, оноотой гэж хардгаа нуумааргүй байна. Гэхдээ ардчилсан Монгол Улсын иргэн, хоёр хүүгийн ээж энэ бүсгүйд эцэг эх, үр хүүхэд, өөрт нь итгэл хүлээлгэдэг хүмүүс, ер нь бүгдийн өмнө хуулиар олгогдсон боломжийн хэмжээнд нээлттэй шүүлгэх, өмгөөлөгчийн туслалцаа авах эрх бий гэж бодном.
Энэ хэрэг бол ганцхан Н.Өнөрцэцэгийн асуудал биш, Монголын сэтгүүл зүйн, бүр цаашилбал, иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч тодорхой хэмжээгээр холбогдох учир нээлттэй шүүх нь маш их ач холбогдолтой юм.
Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй хийх, хаалттай шийдвэрлэсэн хэсгээ ч тодорхой тайлбарлах нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд асар их нөлөөтэйг хэлэхгүй өнгөрч боломгүй. Шүүх нээлттэй байдлын зарчимдаа зогсож байгаа гэдгээ харуулах боломж хуулиар бол байгаа л гэж харж байна. Н.Өнөрцэцэгийн хэрэг өнөө маргааш яригдаад дуусахгүй, хаалттай хаалганы цаана олон асуулт хариултгүй үлдэж буй нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд шууд нөлөөлнө.
Шүүхийг шүүмжилдэг ч ард түмэн итгэсээр хандсаар найдсаар байдаг. Нээлттэй байдлаараа иргэдийн итгэлийг илүү их олж аваач гэж хүсмээр байна.
Р.ГАНПҮРЭВ
Эх сурвалж: Hemnel.MN
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна