Монгол улсын Хадгаламжийн даатгалын корпораци нь АНУ-ын Office of Technical Assistance (OTA) буюу Сангийн яамны Техникийн туслалцааны албатай хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж буйг мэдэгдэхэд таатай байна.
Ийнхүү хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж буй нь Монгол улсын хадгаламжийн даатгалын тогтолцоог олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн бэхжүүлэхэд Хадгаламжийн даатгалын корпорацийн тууштай зорилт, хүчин чармайлтыг илэрхийлсэн үйл явдал боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид 2026 оны хоёрдугаар сард Хадгаламжийн даатгалын корпорацийн урилгаар Монгол улсад айлчилж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагын талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
“Эдгээр уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд талууд баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.”
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд корпораци нь санхүүгийн салбарын тогтвортой байдал, хадгаламжийн даатгалын сангийн зорилтот түвшинг тогтоох аргачлал, хураамжийн тогтолцоо, хууль эрх зүйн зохицуулалтын орчныг сайжруулах, байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албанаас тусламжийг үзүүлэх юм.
“Энэхүү түншлэл нь Монгол улсын санхүүгийн салбарын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал амжилтуудын нэг боллоо.
Ингэснээр Хадгаламжийн даатгалын корпораци нь АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албанаас шууд хэлбэрээр техникийн туслалцааг авч буй Евро-азийн бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангагч байгууллагуудын нэг болохын зэрэгцээ хадгаламжийн даатгалын чиглэлээр дээрх хамтын ажиллагааг хэрэгжүүлж буй Азийн цөөн улсын эгнээнд багтаж байна.”
Техникийн туслалцааны бодит хэмжээ нь мөнгөн дүнгээр 1,2 сая ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд Хадгаламжийн даатгалын корпорацийн хувьд томоохон амжилт төдийгүй Монгол улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Корпорацийн зүгээс энэхүү чухал хамтын ажиллагаанд итгэл, дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллаж буй АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны алба, Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яам болон холбогдох бүх оролцогч талуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Энэхүү түншлэл нь Хадгаламжийн даатгалын корпорацийн олон улсын хамтын ажиллагаанд гарч буй томоохон ахиц дэвшил бөгөөд Монгол улсын хадгаламжийн даатгалын тогтолцоо тэргүүлэх олон улсын байгууллагуудын түвшинд улам бүр хүлээн зөвшөөрөгдөж буйг илтгэж байгаа хэрэг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна