Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, онцгой байдлын байгууллагын 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Найм дахь удаагийн төрийн тахилга энэ сарын 16-17-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд тахилгын үеэр иргэд, сүсэгтэн олон олноор цугларч буйтай холбогдуулан аюулгүй байдлыг хангах бэлтгэл, зохион байгуулалтыг өндөржүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр 127 алба хаагчийг дайчлан ажиллуулж байгаа бөгөөд тэд 23 авто машин, 8 мотоцикл, 10 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байна.
Мөн тахилгын үеэр уулын бүс нутгийн цаг агаарын нөхцөл байдал хувьсамтгай, зорчих хэсгийн ачаалал нэмэгддэгтэй холбогдуулан иргэдийг баталгаагүй зам, гармаар зорчихгүй байх, хамгаалалтын алба хаагчдын заавар, зөвлөмжийг чанд мөрдөхийг анхааруулжээ.
Түүнчлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төөрөх болон осол, гэмтэлд өртөхөөс хамгаалах зорилгоор цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамгаалалт, зохицуулалтын үүргийг хамтран хэрэгжүүлж байна.
Албаны хүмүүс төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг тайван, аюулгүй зохион байгуулахад хамтран ажиллаж буй иргэд, сүсэгтэн олон, зочдод талархал илэрхийлж, аюулгүй байдлаа ханган, зохион байгуулагчдын өгсөн чиглэл, зөвлөмжийг чанд мөрдөхийг уриаллаа.

Энэ удаагийн Отгонтэнгэр уулын төрийн тахилгыг 1995 онд сэргээн уламжилснаас хойших найм дахь удаагийн ёслол бөгөөд төр, шашин, соёлын уламжлалыг хадгалан хамгаалах, байгаль дэлхийтэй зөв харьцах монгол ёс заншлыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна