Энэ сарын эхээр нийслэлийн бүх дүүргүүдэд хоёр сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококийн эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулж байна. Ингэхдээ эхний тунг хоёр сартай, хоёр дах тунг дөрвөн сартай, гурав дах тунг есөн сартай хүүхдэд хийж байгаа юм. Энэ онд 38 мянга гаруй хүүхдийн гурван удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110 мянган тун вакциныг НҮБ-ийн Хүүхдийн санд захиалжээ. Үүний эхний 35 мянган тунг хүлээн авсан бөгөөд үлдэгдэл 75 мянган тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авах аж. Уг вакцины зах зээлийн үнэ нь нэг хүний тун нь 13-15 ам доллар байдаг. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлөлттэй үнэ болох 3.5 ам доллараар худалдан авч байна гэж мэдээллээ. Уг вакцины гурван тунг бүрэн авсан хүүхэд пневмоккоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтох гэнэ. Тэгвэл өнөөдрийн байдлаар хоёр сартай 520 хүүхэд уг вакцинд хамрагдаад байна. 2019 онд улсын хэмжээнд 74,300 хүүхдийг гурван удаа дархлаажуулахад хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна