Олон улсын валютын сан (ОУВС) Монгол Улстай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр тогтсон. Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн үнэлгээг улирал тутам хийж буй юм.
Зургаа дахь шатны үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 07-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийжээ.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээний талаарх ОУВС-ын ажлын хэсгийн мэдэгдэл
Энэхүү мэдэгдэлд илэрхийлсэн байр суурь нь ОУВС-гийн мэргэжилтнүүдийн байр суурь бөгөөд тус сангийн Захирлуудын зөвлөлийн байр суурийг илэрхийлэх албагүй юм. Ажлын хэсэг үнэлгээний урьдчилсан дүгнэлтэнд үндэслэн тайлан боловсруулж, ОУВС-гийн удирдлагаар батлуулсны дараа Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна.
Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж ноён Готтлийб дараах мэдэгдлийг гаргажээ.
Уг мэдэгдэлд "ОУВС-ийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөр талдаа орсон энэ үед эдийн засгийн хямралыг даван туулахад эрх баригчдын зүгээс бодитой ахиц дэвшил гаргасан байна. Эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрч, төсвийн тэнцэл их хэмжээний алдагдалтай байснаас бага хэмжээний ашигтай болон өөрчлөгдөж, засгийн газрын өр огцом буурсан. Экспортыг нэмэгдүүлсэн нь гадаад орчинд дэмжлэг үзүүлж, хэрэглээ болон хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өссөн нь эдийн засгийн сэргэлтийг өргөжүүлж байна. Үүний зэрэгцээ, эрх баригчид 12-р сарын эцсээр төсвийн алдагдал болон гадаад валютын нөөц зэрэг голлох макро эдийн засгийн зорилтууд ыг биелүүлэх чиглэлд байна.
Санхүүгийн салбарт 2017 оны сүүлээр хийгдэж эхэлсэн Активын Чанарын Үнэлгээ эцсийн шатандаа ирлээ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээгүй банкуудад энэ оны 12-р сарын эцэс хүртэл өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацааг олгосон.
Өөрийн хөрөнгийн шаардлагыг хангаж чадаагүй банкуудын үйл ажиллагаанд Төв банк оролцох эсвэл Банкны тухай хуулийн дагуу шийдвэрлэх болно.
Эрх баригчид мөн чанаргүй зээлийг илүү түргэн шийдвэрлэх, Мөнгө угаахтай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг сонгох болон үнэлэхэд чиглэсэн шинэ удирдамжийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх шинэчлэлтүүдийг хийж байна. Илүү их гадаадын хөрөнгө оруулалт татахыг чухалчлан эрх баригчид бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд анхаарах ёстой.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дэх үнэлгээний эцэст ОУВС-гийн ажлын хэсэг эрх баригчидтай ажлын хэсгийн тохиролцоонд хүрлээ. Энэхүү тохиролцоо нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэн баталгаажна. Эрх баригчид хэд хэдэн арга хэмжээнүүдийг Захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө гүйцэлдүүлэхээр тохирсон бөгөөд тэр дундаа санхүүгийн салбарт төвлөрөхөөр байна.
Ажлын хэсэг Монгол улсад байх хугацаанд хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэн, зочлон хүндэтгэсэн эрх баригчдад талархал дэвшүүлье." гэжээ.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна