Төв банкны үндсэн үүрэг бол үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг хамгаалах буюу үнийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг тогтвортой үргэлжлүүлэх буюу санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал юм.Монголбанкны 2016-2019 онуудад хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээг эдийн засгийг тогтворжуулах (2016-2017), эдийн засгийн өсөлтийг дэмжих (2017-2018), эдийн засгийн өсөлтийг тогтворжуулан хэт халалтаас сэргийлэх (2019 оноос эхэлсэн) гэж зааглаж болно.
Монголбанкны 2016-2017 оны туршид хэрэгжүүлсэн бодлогын үндсэн зорилго нь эдийн засгийн уналтыг зогсоож, санхүүгийн зах зээлийг тогтворжуулахад чиглэлээ. Тогтворжуулах бодлого нь; нэгдүгээрт, төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй холбоотойгоор бий болсон үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралын эрсдэл; хоёрдугаарт, ханш болон чанаргүй зээлтэй холбоотойгоор бий болсон банкны зээлийн тасалдал, системийн тогтвортой байдал алдагдахаас сэргийлэхэд чиглэсэн болно.
Эдийн засгийн уналт 2016 онд хамгийн доод цэгтээ хүрсэн бол өнөөгийн байдлаар эдийн засаг сэргэж, идэвхжлийнхээ төлөвт оров. Эдийн засгийн уналтыг илтгэх үзүүлэлтүүдийг 2016 оны байдлаар авч үзвэл эдийн засгийн өсөлт -1.4%, ажилгүйдэл 11.6%, дефляци 0.6%, валютын нийт нөөц 1.1 тэрбум ам.доллар, цэвэр нөөц -402.5 сая ам.доллар, зээлийн өсөлт -6.0% байсан юм. 2017 онд зөвхөн улсын сектороос 2.5 орчим тэрбум ам.доллар[1]-ын эргэн төлөлт хүлээгдэж байхад түүнийг төлөх валютын нөөцгүй, зээлжих зэрэглэл 2-3 удаа унаж, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан байсан нь дахин санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж гадаад өрийн дефолт зарлах эрсдлийг бий болгосон юм. Эдгээр эргэн төлөлтүүдэд дефолт зарласан тохиолдолд түүнийг даган хувийн секторын өр хугацаанаасаа өмнө эргэн дуудагдахаар байв. Дотоод орчны хувьд банкны системд зээлийн эрсдэл нэмэгдэж, зээлийн тасалдал үүсч, хэрэглээ, хөрөнгө оруулалт санхүүжилтийн эх үүсвэрийн хомсдолд орж бартерийн харилцаа үүссэн байлаа. Гадаад валютын нөөцийн хүрэлцээгүй байдал, төсвийн ужгирсан алдагдал, түүнээс улбаалсан өрийн тогтворгүй байдлын эрсдэл нь эдийн засгийн өсөлтийн үргэлжилсэн уналтыг зогсоож, сэргээхэд чиглэгдэхтөсвийн болон мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байв. Иймд мөнгөний бодлогын хувьд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, эрсдэлийг бууруулах нь нэн тэргүүний зорилт болсон юм. Энэхүү зорилтыг бодлогын хүү, гадаад валюттай харьцах төгрөгийн илүү уян хатан ханш, олон нийттэй нээлттэй харилцах хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлсэн болно. Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралаас сэргийлэх зорилгоор бодлогын хүүг 2016 оны 8 дугаар сард 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн мөнгөний бодлогыг хатууруулсан хэдий ч төгрөгийн ханшийн тогтворжилт, валютын дотогшлох урсгалтай уялдуулан эдийн засаг тогтворжихын хэрээр богино хугацаанд эргэн бууруулсан юм. Бодлогын хүүг 8 дугаар сард нэмэгдүүлснээс хойш 12 дугаар сард 1 нэгж хувиар, 2017 оны 6 дугаар сард 2 нэгж хувиар бууруулсан нь эдийн засаг тогтворжихийн хэрээр бодлогын хүүний эдийн засгийн сэргэлтэд үзүүлэх сөрөг нөлөөг бага байлгах зорилготой байсан. Үүний хүрээнд төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшуулалыг бодлогын хүүний хамт нэмэгдүүлсэн нь зээлийн хүүг нэмэгдүүлэх нөлөөг бага байлгахад чиглэсэн арга хэмжээ байв.
Төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй байдлаар тогтоох болов. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, импорт, бүтээмж болон өрсөлдөх чадвар, гадаад валютын нөөцийн хүрэлцээтэй байдал зэрэг ханшийг тодорхойлогч суурь хүчин зүйлстэй харьцангуйгаар төгрөгийн ханш тогтворжих нөхцөл бүрдсэн юм.
Олон нийттэй нээлттэй ил тод харилцсанаар Төв банкны хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, олон нийтээс итгэл хүлээхийг зорьсон нь бодлогын чухал хэсэг байсан юм. Учир нь зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд, хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Төв банкны богино, дунд хугацааны зорилт, бодлогын шийдвэрийн үндэслэл, эдийн засгийн ирээдүйн төлөвийн талаарх мэдээллээр хангагдсанаар харилцан итгэлцлийг бүрдүүлж, өгөөж-эрсдэлийн харьцааг илүү сайн дэнслэх, Монголбанк хүлээлтэд нөлөөлөх бололцоог бий болгосон нь үр дүнгээ өгсөн юм. Монголбанкны зүгээс улирал тутмын инфляцийн тайлан, мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл, хурлын тэмдэглэл, сар бүрийн хэвлэлийн хурал, ярилцлага, судалгааны товхимол зэрэг олон нийттэй харилцах төрөл бүрийн чиглэлийн сувгийг ашигласан нь зах зээлийн болон бодлогын шийдвэрийн хүлээлтийг удирдах, Төв банк илүү ойлгогдох зэргээр бодлогын үр нөлөөг нэмэгдүүлсэнээс гадна цаашид илүү хариуцлагатай Төв банк болж төлөвшихөд үр дүнгээ өгч байна.
Энэхүү бодлогын арга хэмжээнүүд нь гадаад зах зээлийн харьцангуй таатай нөхцөл, Монгол улсын Засгийн газрын гадаад бодлого, төсвийн алдагдал болон өрийн бууралт, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр үр дүнгээ өгч 2017 оны байдлаар эдийн засгийг тогторжуулж чадсан юм. Өөрөөр хэлбэл, 2017 оны эцсийн байдлаар төгрөгийн ханш өмнөх оноос 2.5 хувиар чангарсан, ГШХО1,494 сая ам.долларт хүрсэн, ЗГ-ын болон МУХБ-ны өрийг дахин санхүүжүүлж, ХАБ-ны свопын хугацааг сунгасан, ГВАН 3.5 тэрбум ам.долларт хүрсэн, эдийн засаг 5.3 хувиар өссөн, инфляци 7.2 хувь болж дефляциас гарсан, зээлийн жилийн өсөлт 9.6 хувь болж сэргэсэн зэрэг үзүүлэлтүүд нь макро эдийн засаг, санхүүгийн бодлого үр дүнгээ өгч эдийн засгийг тогтворжуулах зорилт хангагдсаныг илэрхийлнэ.
Нэгэнт эдийн засгийг тогтворжуулах зорилт хангагдсан тул 2018 оны бодлогын зорилт бол инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн өсөлтийг урамшуулах явдал байлаа. Энэхүү зорилтыг хангах хүрээнд бодлогын хүүний бууралт болон олон нийттэй нээлттэй харилцах явдлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ макро зохистой бодлогыг шинээр нэвтрүүлсэнээрээ өмнөх жилийн бодлогоос ялгаатай.
Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр макро зохистой бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, мөнгөний бодлогын хороогоор шийдвэрийг гаргаж байна. Эдийн засгийн төлөв 2017 онд тогтворжсон хэдий ч нэгд; дотоодын банкны салбараас бизнесийн салбарт зээл олголт өсөхгүй байсан, хоёрт; хэрэглээний зээл огцом нэмэгдсэн юм. Хэрэглээний зээлийн өсөлт нь нэг талаас иргэдийн санхүүгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлийг дагуулж байсны зэрэгцээ бизнесийн зээлийн сэргэлтэд сөргөөр нөлөөлдөг. Иймд макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах бодлогын арга хэмжээ авахаа 2018 оны 1 дүгээр сард банкуудад урьдчилан анхааруулж, 2018 оны 6 болон 9 дүгээр саруудад хэрэглээний зээлийн сарын орлого, төлбөрийн харьцааны дээд хязгаарыг 70 хувиас хэтрүүлэхгүй байх, зээлийн хугацааг 36 сар байхаар тогтоов.
Бодлогын хүүний бууралт болон макро зохистой бодлогын хосолсон арга хэмжээний үр дүнд бизнесийн зээлийн зах зээл дээрх банкуудын өрсөлдөөн нэмэгдэж, 2018 оны 2 дугаар улирлаас эхлэн бизнесийн зээл сэргэж эхлэв. Өрсөлдөөний үр дүнд 2018 онд өмнөх оны эцэстэй харьцуулахад зээлийн хүү 16.9 болж 2.5 нэгж хувиар буурахын зэрэгцээ бизнесийн зээлийн жилийн өсөлт -0.5%-аас 16.1% болж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрнэмэгдэв.Түүнчлэн макро зохистой бодлогын хүрээнд ханшийн эрсдэлтэй гадаад валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгож нэмэгдүүлсэн нь гадаад валютаар бус төгрөгөөр зээл олгох шаардлагыг өндөрсгөв. Эдийн засгийн сектор хоорондох нөөцийн урсгалын шинжилгээнээс харахад 2018 онд нийт хадгаламж, хөрөнгө оруулалтын зөрүү 5 их наяд төгрөгийн дутагдалтай байсан ч үүнийг 2.2 тэрбум ам.долларын гадаад хөрөнгө оруулалт болон 3.6 их наяд төгрөгийн дотоод зээлээр бүрдүүллээ.
2018 оны эцсийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.9%, ажилгүйдлийн түвшин 6.6% (сүүлийн 3 жилийн бага түвшин), хөрөнгө оруулалтын өсөлт 27.2%, өрхийн хэрэглээний өсөлт 3.9%, нийт дотоод эрэлтийн өсөлт 11.7%, валютын нөөц 2019 оны 3 дугаар сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засаг сэргэснийг илтгэж байна. Иймд 2018 оны эцсээс эхлэн Монголбанк мөнгөний бодлогын зорилтоо эдийн засгийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлэх бус харин тогтворжуулж, удаан хугацаанд хадгалах горимд шилжүүлж байна. Энэхүү зорилтын хангах зорилгоор гадаад орчны тодорхой бус байдал, дотоод эрэлтийн өндөр өсөлт, 2019 оны батлагдсан төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын өсөлт зэргийг харгалзан гадаад, дотоод тэнцэл алдагдах, эдийн засгийн хэт халалт үүсэхээс сэргийлэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сард бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 2019 оны 3 дугаар сард хэвээр хадгалах шийдвэр гаргасан юм. Энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулах бус, харин эдийн засгийн өсөлт, идэвхжилийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хадгалах зорилготой гаргасан шийдвэр.
Эдийн засгийн 2019-2020 оны төлвийг авч үзвэл эдийн засгийн өсөлт, идэвхжил үргэлжлэх бөгөөд үүнд голлон цалингийн өсөлт, өрхийн хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт нөлөөлөхөөр байна. Түүнчлэн 2019 онд экспортын үнэ таатай, 2020 он хүртэл Оюу толгойн хөрөнгө оруулалт үргэлжилж, экспортын салбар эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлнэ. Эдийн засгийн идэвхжлийг даган санхүүжүүлэх эх үүсвэр буюу банкны зээлийн олголт хэвийн үргэлжлэхээр байна.
Эдийн засгийн ойрын ирээдүй өөдрөг байгаа хэдий ч 2019-2020 онуудад дунд, урт хугацааны сорилтуудыг амжилттай даван туулахад бэлтгэх хугацаа юм.ОУВС 4 дүгээр сард дэлхийн эдийн засгийн 2019 оны төсөөллийг 3.3%, 2020 оны төсөөллийг 3.6% болгож, өнгөрсөн оны 10 дугаар сарын төсөөллөө харгалзан 0.4 болон 0.1 нэгж хувиар бууруулаад байгааг бид анзаарахгүй өнгөрч болохгүй (WEO, 2019.4). Монгол улсын эдийн засгийн бүтэцтэй холбоотойгоор дор хаяж ойрын 10 жилд түүхий эдийн үнэ, худалдааны түнш эдийн засгаас хамаарах байдал үргэлжлэх нь тодорхой тул хүссэн ч эс хүссэн ч төр, хувийн хэвшлийн аль аль нь гадаад орчноо анхааралтай судалж эрсдэлээ зөв үнэлсэн санхүүгийн удирдлага, бизнесийн төлөвлөлт, бодлогын стратегиа боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Эдийн засгийн суурь эмзэг байдал нь илүү их нөөц, хөрвөх чадвар, эрсдэл даах чадвартай байхыг биднээс шаардаж байна. 2018 оны дэлхийн эдийн засгийн хандлагын тайланд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи 10 жилийн дараах эдийн засгийн сэргэлтийг шинжилж дүгнэлтээ танилцуулжээ. Энэхүү судалгаанаас харахад хямралын өмнө санхүүгийн салбар нь илүү эмзэг байсан улс орнууд хохирол өндөр байсан бол төсвийн сектор нь илүү хүчирхэг, уян хатан валютын ханштай улс орнууд илүү хохирол багатай байжээ.
Эдийн засаг тогтворжиж богино хугацааны хүндрэлүүд илааршиж, сэргэж байгаа ч дунд хугацааны эмзэг байдал хадгалагдаж байна. Тодруулбал, төлбөрийн тэнцлийн хувьд экспортын орлого нэмэгдэж байгаа хэдий ч импортын өсөлттэй холбоотойгоор урсгал тэнцлийн алдагдал өндөр хэвээр байна. Гадаад өрийн хэмжээ 28.7тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 220.5%-тай тэнцэх түвшинд хүрсэн энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, нутагшуулах тууштай бодлого дутагдаж байгаа нь дунд хугацааны гадаад тэнцлийн тогтвортой байдалд санаа зовоход хүргэж байна. Цаашид гадаад орчноос хамааралтай байдал, гадаад өрийн дарамтыг харгалзан үзэж валютын ханшид аль болох дарамт учруулахгүйгээр валютын нөөцөө нэмэгдүүлэх нь тогтвортой байдлын баталгаа болно. Эдийн засгийн сэргэлт, түүхий эдийн үнийн таатай төлөвтэй холбоотойгоор төсвийн орлогын гүйцэтгэл сайн байж, төсвийн алдагдал буурсан ч цаашид сахилга баттай, мөчлөг сөрсөн бодлогоор үргэлжлүүлэн бууруулах нь гадаадын өрийг бууруулах орон зайг бий болгож, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн сектор өргөжих бололцоог бүрдүүлэн татварын дарамтыг бууруулна. Банкны бизнесийн арга барил, системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, Монголбанкны хяналт шалгалтыг олон улсын түвшинд хүргэх нь хөрөнгө оруулалтын дотоодын эх үүсвэрийн тогтвортой байдлыг бүрдүүлнэ.Уул уурхайн салбараас хэт хамаарах, төвлөрлийг сааруулах бодлогыг хувийн сектор, гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурлан маш аядуу, сайн төлөвлөлттэйгээр урт хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь ихээхэн өргөн агуулгатай ойлголт бөгөөд эдийн засгийн секторын төрөлжилтөөс гадна инноваци, инстистуци, дэд бүтэц зэрэг олон суурь хүчин зүйлээр дэвшил гаргах шаардлагатай байна.
Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх шаардлага, гадаад өрийн эргэн төлөлтийг амжилттай шийдвэрлэхэд урт хугацааг харсан, "зардал-өгөөж-эрсдэл"-ийг сайн дэнсэлсэн тууштай, тогтвортой бодлогыг дэлхийн санхүүгийн зах зээлийн тоглогчидтой маш найрсаг хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх учиртай.
Монголчууд бид олон чухал ажлыг хийж амжуулан сайн үр дүнд хүрч байгаа хэдий ч цаашид хийх ажил, даван туулах сорилт даваанууд шил шилээ даран хүлээх ажмой.
Айсуй цагийн сорилтуудад бэлтгэж, улс орныхоо ирээдүйн сайн сайханд хувь нэмрээ оруулах ажил үйлс бүтээмжтэй, шийдвэрүүд мэргэн байх болтугай!
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН
Хөгжлийн банк, Чингис бонд, ХАБ-ны своп хэлцэл.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна