ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧДЫН ХОТХОН БАРИХАД ГААЛЬ, ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/26

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.25) нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн бөгөөд Төсвийн байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахыг 2017 оны 92 дугаар тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгосны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулжээ. Уг компани нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт импортын банкны 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтад шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, барилгын материалыг гаалийн татвараас хөнгөлж, буцаан олгохоор уг хуулийн төсөлд тусгасан байна.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга нь арилжааны болон тансаг зэрэглэлийнх биш бөгөөд дунджаар 55-60 ам метр талбайтай, нийтдээ 550 орчим айлын орон сууц баригдана, барилгын нэг ам метрийг нь 800 мянган төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Хотхон барихад шаардлагатай материал, түүхий эдийг аль болохоор дотоодын зах зээлээс авна, гэхдээ зайлшгүй шаардлагатай зарим материалыг импортоор авахаас аргагүй байгаа. Эхний ээлжид төслийн баг болон ажилчид байрлах бөгөөд ирээдүйд боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон болж өргөжих юм гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.

Ингээд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар төслийн 3 дугаар зүйлийн "батлагдсан өдрөөс" гэснийг "2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Уг хуулийн төсөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны санхүүжилтийн нийт төсөвт өртөг 57.8 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 2.8 тэрбум төгрөгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудал энд яригдаж байгаа. Үйлдвэрийн дэд бүтэц, ажилчдын орон сууцны асуудлыг Монгол Улс хариуцахаар гэрээнд тусгагдсан. Хуулийн төсөл батлагдсанаар хотхоны нийт хөрөнгө оруулалтын зардлыг ойролцоогоор 5 хувь хэмнэх боломж бүрдэнэ гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв.

Ингээд хуулийн төслийн 3 дугаар зүйлийн "батлагдсан өдрөөс" гэснийг "2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс" гэж өөрчлөхөөр Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй. Иймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэх явцад зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо дахин хэлэлцүүлэх чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн юм.

Үргэлжлүүлэн Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Иймээс хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Хуулийн төслийг үзэл баримталын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.


Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг Улсын Их Хурал 2002-2003 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд 2015 онд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн тухай хуулиудыг хүчингүй болгож, Чөлөөт бүсийн тухай 2002 оны хуулийг шинэчлэн найруулжээ.

Шинэчлэн найруулсан уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтад ""Хил дамнасан чөлөөт бүс" гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг хэлнэ"", мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна" гэж заажээ. Энэ үндсэн дээр Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр захирамжийг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурж байгуулжээ. Хэлэлцээрийн төслийг боловсруулах, Хятадын талтай хэлэлцээ хийх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс "Хил дамнасан чөлөөт бүс" гэсэн томьёоллыг өөрчлөх чиглэл өгсний дагуу Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа аж.

Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ /1994 он/", "Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал /2014 он/", Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд бүрэн нийцэж байгаа. Чөлөөт бүсийн тухай /2015 онд батлагдсан/ хуульд тусгагдсан "Хил дамнасан чөлөөт бүс" гэсэн томьёолол нь Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх, нийгэмд сөргөөр ойлгогдох магадлалтай тул Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд харилцан тохиролцсон "Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс" гэсэн томьёоллоор Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.


Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Амарзаяа, Д.Мурат нар Монгол Улсын Шадар сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан. Мөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь, Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, чөлөөт бүс байгуулах тухай баримт бичиг батлагдаад олон жил өнгөрсөн, энэ асуудлыг бараг 30-аад жил ярьж байгаа ч бодитой үр дүн гараагүй өнөө хүрсэн. Харин сүүлийн жилүүдэд энэ асуудал эрчимтэй яригдаж, энэ хэрээр эрх зүйн зохицуулалтыг нь сайжруулах шаардлагатай болоод байгаа. Замын-Үүдийн чөлөөт бүсийн тухайд дэд бүтцийн ажил хийгдээд үндсэндээ дуусаж байгаа. Одоо тээвэр ложистикийн дэд бүтцийг чөлөөт бүстэй холбох ажил хийгдэнэ. Энэ асуудалд Азийн хөгжлийн банк оролцож байгаа нь чухал ач холбогдолтой юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны энэ бүсэд ямар ямар үйлдвэр байх вэ гэдэг нь хууль соёрхон батлагдсаны дараа тодорхой болно. Асуудлыг аль болохоор цогц байдлаар нь авч үзэхээр хоёр тал ярилцаж байгаа гэдгийг хэлж байв.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулсан юм.

Улс орны эдийн засгийн сэргэлт үргэлжилж, инфляци зорилтот түвшний орчинд тогтвортой хадгалагдаж, банкны салбар санхүүгийн зуучлалын үүргээ хэвийн үргэлжлүүлж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд эдийн засагт бий болсон сэргэлтэд чухал хувь нэмэр оруулж байгаа. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар банкны салбарын зээл жилийн өмнөх үеэс 10 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн. Мөн валютын нөөц 3.7 тэрбум ам.доллар буюу импортын 8-9 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн байгаа. Засгийн газрын өрийн хэмжээ буурч, ДНБ-ий 60 хувиас бага түвшинд очсон. Эдгээр нь эдийн засаг уналтаас гарч, өсөлтийн төлөвт шилжсэнийг илэрхийлэх тоон үзүүлэлт юм. Гурван жилийн өмнө ДНБ агшиж, гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдын итгэл суларч, дефолтын ирмэгт тулж байсан хүнд үеийг бодлогын сургамж болгон санаж байх ёстой гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч илтгэлдээ онцоллоо.


Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжлийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляци 2019 оны 6 дугаар сард улсын хэмжээнд 8.1 хувьтай гарсан. Инфляцийн хэлбэлзэл нь газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг дагасан шатахууны үнэ, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан мах, хатуу түлшний үнийн огцом өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байгаа гэдгийг тэрбээр танилцуулсан юм.

Сүүлийн гурван жилд Монголбанк эдийн засгийг тогтворжуулж, сэргээх, гадаад өрийн дефолтоос зайлсхийж, эрсдэлийг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлж, дархлааг сэргээхэд чиглэсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Эдийн засгийн сэргэлтийг мөнгөний бодлогоор дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 2017, 2018 онд шат дараатай бууруулснаар банкны салбараас бодит эдийн засаг руу нийлүүлэгдэх санхүүжилт нэмэгдэж, зээлийн хүү буурсан нь эдийн засгийн сэргэлтэд чухал дэмжлэг болсон. Улмаар хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт болон импортын өсөлт эрчимжиж, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр сүүлийн хоёр жилд иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэн татварын орлого сайжирсан, ажил эрхлэлт нэмэгдэн ажилгүйдлийн түвшин буурсан, санхүүгийн зуучлал нэмэгдэн банкны зээлийн тэр дундаа бизнесийн зээлийн өсөлт нэмэгдсэн зэрэг нь бодит эдийн засаг дээр ч, санхүүгийн зах зээл дээр ч сэргэлт бий болсны илэрхийлэл юм гэдгийг бас дурдлаа.

Макро эдийн засгийн гүйцэтгэлийн тухайд эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж, 2018, 2019 онд сэргэсэн, төсөв болон мөнгөний бодлогын түвшний оновчтой тохиргоо, банкны салбарт хийгдэж буй реформ, гадаад эдийн засгийн харьцангуй таатай байдал, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагаат улс орнуудын дэмжлэг туслалцааны үр дүн байсан хэмээн дүгнэжээ. Энэ оны туршид эдийн засгийн өсөлт 7 хувиас дээш түвшинд хадгалагдаж байгаа нь ажлын тодорхой үр дүн гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хэлж байв. Эдийн засгийн идэвхжлийн үр өгөөж зарим салбарт тодорхой ажиглагдаж байгаа аж. Тухайлбал, өрхийн бодит орлого 2014-2016 оны хүндрэлийн үед 12 улирлын турш агшсаар байсан бол сүүлийн 10 улирал дараалан өсчээ.

Санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, зээлийн хүү тогтвортой буурч, сүүлийн таван жилийн доод түвшинд хүрсэн нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн нөхцөл таатай болоход бодит нөлөө үзүүлсэн байна. Энэ оны 8 сарын байдлаар банкны салбараас олгосон бизнесийн зээл 10.9 их наяд төгрөг буюу өнгөрсөн оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгал 1.3 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа аж.

Монголбанк санхүүгийн салбарт эрсдэл хуримтлуулахгүй байх, өрхийн өрийн дарамтыг хэт нэмэгдүүлэхгүй байх, банкны зээлийн нийлүүлэлтийг үр ашигтай хөрөнгө оруулалт руу чиглүүлэх зорилгоор макро зохистой бодлогын арга хэмжээг 2019 онд авч хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнтэй болж байгаа. Энэ оны 8 дугаар сарын байдлаар хэрэглээний зээлийн жилийн өсөлт 14.7 хувь болж, өнгөрсөн оны эцэст 50 гаруй хувьд хүрч байсан түвшнээсээ буурчээ. Түүнчлэн бизнесийн болон жижиг, дунд бизнесийн зээл өмнөх оны түвшнээс 51 хувиар өссөн байна. Эдийн засаг үйлдвэрлэл талаас авч үзвэл уул уурхай төдийгүй бүхий л салбарт жигд өсөлт ажиглагдаж, 2020 онд үргэлжлэх төлөвтэй байгааг Монголбанкны ерөнхийлөгч дурдав.


Энэ мэтээр эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч байгаа ч хүрсэн өндөр өсөлт, үр дүнг цаашид тогтвортой хадгалж, баталгаажуулах, иргэдийн амьжиргаанд наалдацтай болгох нь чухал. Иймд Төв банк макро эдийн засаг дахь эерэг үр дүнг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлж, санхүүгийн зуучлалыг тогтвортой үргэлжлүүлэхэд чиглэсэн зохицуулалтын реформуудыг 2020 онд авч хэрэгжүүлнэ. Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогод санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, финтекийн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлууд тусгагдсан. Түүнчлэн олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх арга хэмжээний эхлэл 2020 онд тавигдана. Энэ нь банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох шинэчлэлийн эхний алхам болох юм гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч онцолж байв.

Түүнчлэн манай эдийн засаг түүхий эдийн үнэ, гадаад хөрөнгийн урсгал, гадаад эрэлтээс өндөр хамааралтай байгаагаас эдийн засгийн болон санхүүгийн мөчлөг богино, давтамж олон байдаг. Нөгөө талаас Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2010 оноос хойш 4 дахин нэмэгдсэн бөгөөд ирэх таван жилд хийгдэх гадаад өрийн төлбөр одоогийн валютын нөөцөөс даруй 3.5 дахин өндөр байгаа нь эдийн засгийн эмзэг байдлыг ихээхэн нэмэгдүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бууруулах эрсдэлтэй юм. Иймд мөчлөгийн уналтын далайцыг бууруулах, болзошгүй эрсдэл, хүндрэлээс сэргийлэхийн тулд эдийн засгийн болон санхүүгийн секторын дархлааг нэмэгдүүлэх, санхүүгийн нөөцийг бүх шатанд хуримтлуулах, санхүүгийн салбарын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь нэн чухал зорилт болж буйг тэрбээр дурдсан юм.

Хэдийгээр эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, өсөлт сэргэж байгаа ч эргэн төлөлтийн доголдолтой зээлийн хэмжээ буурахгүй байна. Тухайлбал, банкны салбарын анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар өмнөх жилийн мөн үеэс 26.0 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 41.2 хувиар өслөө. Чанаргүй зээл өсөхөд уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын зээлийн чанар үргэлжлэн муудаж байгаа нь голлох нөлөө үзүүлсэн байна. Банкны системд хуримтлагдаад буй чанаргүй зээл нь санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулахааргүй байгаа ч эдийн засгийн хүндрэлийн үед системийн хэмжээнд чанаргүй актив хурдтай нэмэгдэхээс сэргийлэх, нэгэнт үүссэн чанаргүй активыг шийдвэрлэх тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалт бий болгох зорилт тулгарч байгаа. Үүний зэрэгцээ санхүүгийн системд хуримтлагдаж болзошгүй эрсдэлийг тогтмол хянаж, бодит эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг урьдчилан тооцох, санхүүгийн системийн эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлэх, түүний мөчлөг дагасан байдпыг сааруулж, дотоод эмзэг байдлыг бууруулах, системийн тодорхой нэг хэсэгт эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх замаар тогтвортой байдлыг хадгалах, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн макро зохистой бодлогыг үргэлжлүүлж, мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хэллээ.

Гадаад өрийн эргэн төлөлт, "саарал жагсаалт" гэх зэргээр сорилтууд тулгарч байгаа энэ үед эдийн засгийн дархлааг бэхжүүлэх, сорилтуудыг давж гарах чиглэлээр шинээр эхлүүлэх болон хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээгээ тууштай үргэлжлүүлэх шаардлага манай улсын өмнө тулгарч байна. Тиймээс Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтийг ахиулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч, холбогдох олон улсын байгууллагуудын шаардлагыг биелүүлэхэд эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдааг сайжруулах, өндөр дүнтэй мөнгө угаах гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулж, идэвхтэй хамтран ажиллах шаардлага хэвээр байгааг мөн дурдлаа.

Цаашид ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь манай эдийн засгийн хэтийн төлөвт стратегийн чухал ач холбогдолтой. Тэр дундаа Монгол Улсын гадаад өрийг тогтворжуулах, дарамтыг бууруулахад ОУВС болон бусад доноруудын тусламж дэмжлэг цаашид ч онцгой шаардлагатай байна. Иймээс Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэгдэнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ.

Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.


Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих чиглэлээр төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах; саарал жагсаалттай холбоотойгоор эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож, шаардлагатай арга хэмжээг төсөлд нэмж тусгах; гадаадын хөрөнгө оруулалт, гадаад зээлийн эргэн төлөлтийн асуудлыг анхаарах; зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх; ипотекийн зээлийн талаар нэгдсэн бодлоготой байж, зээлийг зорилтот бүлэгт хүргэх; банк, санхүүгийн салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг үргэлжлүүлэх зэрэг санал гаргасан байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Ж.Батзандан, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж, Д.Оюунхорол, Д.Сумъяабазар, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар Монголбанкны ерөнхийлөгч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Ж.Энхбаяр нар тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.7 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэхээр тогтов.

Төрөөс 2020 онд баримтлах мөнгөний бодлого нь эдийн засгийн болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжихэд чиглэгдэж байгаа аж. Иймээс ирэх онд мөнгөний бодлогын зорилтын хүрээнд: Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь орчимд тогтворжуулахаар тусгажээ. Энэ үндсэн дээр банкны системийн эрсдэлийг үнэлэх, санхүүгийн мөчлөгийг тодорхойлох шинжилгээний аргачлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж, системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулах зорилгоор Төвбанкны олон нийттэй харилцах харилцааг өргөжүүлж, Банк, санхүүгийн салбарт хууль эрх зүйн шинэтгэл хийж, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохистой засаглалын зарчим, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байнагэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 8 минутын өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 1 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 2 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 2 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 2 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 2 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 3 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 3 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир Т.Мөнхсайханыг “сайшаав” 14 цагийн өмнө
Ардчилсан нам МЭДЭГДЭЛ гаргав 14 цагийн өмнө
Ц.Туваан: Бид 60 гаруй улсаас таван мянган тонн эм импортлож байна 18 цагийн өмнө
М.Оюунчимэг: Монголд 39000 төгрөгөөр зарагдаж буй эмийг Улаан-Үдээс 8000 төгрөгөөр авч байна 18 цагийн өмнө
Таваас дээш жил техникийн үзлэгт ороогүй машиныг бүртгэлээс хасна 19 цагийн өмнө
Удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвдсэн зөрчил илэрчээ 19 цагийн өмнө
​GenZ Loyalty урамшуулалт аян эхэллээ 19 цагийн өмнө
М.Оюунчимэг: Уналт таталтын эмийн жагсаалтад тураах эм оруулсан баримтууд хүртэл бий 19 цагийн өмнө
Д.Тогтохсүрэн: Ц.Анандбазарыг нэр дэвшүүлэх эсэхийг нам л шийднэ 20 цагийн өмнө
C.Амарсайхан: Амь наснаас үнэтэй тоног төхөөрөмж гэж байх ёсгүй, алба хаагчид бүрэн тоноглогдох ёстой 20 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг лхагва гарагт олгоно 21 цагийн өмнө