Н.Оюундарь: Эмэгтэйг элдвээр оролдоод зогсохгүй нөхрийг нь цагдаагаар дарамтлуулан шалгуулсан тохиолдол ч бий

О.Шүрэнцэцэг
2019/11/18

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

-Та нэг ярилцлагадаа "Ажлын байран дахь бэлгийн дарамт чимээгүй тахал шиг л байна" гэсэн байсан. Үнэхээр ингэж ярих хэмжээнд хүртэл ноцтой хэмжээнд хүрсэн хэрэг үү?

-Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг нь тухайн хүнд дарамт үзүүлээд дуусдаг асуудал биш. Энэ нь гэр бүлийг салгаж, сарниулж, нөхрийг нь ил цагаанаар дарамталж, гэр бүлийн хүчирхийллийн томоохон шалтгаан болж байхад өөрөөр юу гэж дүгнэх вэ.

Эмэгтэй хүнийг элдвээр оролдоод зогсохгүй, гэр бүлтэй нь муудалцуулж, нөхрийг нь цагдаагаар дарамтлуулан, шалгуулсан тохиолдол ч байдаг юм билээ. Бүр гаарсан биш үү, энэ дарамтлагч этгээдүүд. Болохгүй болоод л бид үндэсний хэмжээнд хэлэлцүүлэг хийж, зохих хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

-"Ажлын байр-Аюулгүй орчин" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК-д хандаж, асуудлаа ярьж буй хүн байна уу?

-Манай ажлын хэсэгт утсаар байнга мэдээлэл ирж байна. Өөрийн биеэр ирж асуудлаа яримаар байна гэсэн хүсэлт ч олон гарсан. Бид тухайн иргэнд боломжтой бол ХЭҮК-т албан ёсоор гомдол гаргаж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө, мэдээлэл авахыг зөвлөж байгаа. Энэ бол нэг хүн толгой мэдээд шийдчих хэрэг биш ээ. Гэр бүлээрээ ярилцаж шийдвэрлэнэ. Ингэж байж зөв гарцыг олох ёстой.

-Ихэвчлэн ямар асуудал гарч байгаа бол?

-Ажлын байрны бэлгийн дарамтын талаар ярьснаас үүдэж, "Ажлын байр-Аюулгүй орчин" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан олон иргэн мэдээлэл өгөхөөр хандсан.

Хүмүүс дан ганц ажлын байрны бэлгийн дарамтын талаар бус, ажлын орчин дахь аюулгүй байдал, сэтгэл санаа, бие махбодод учруулсан дарамт, хандлагын талаар гомдол гаргаж байна. Тухайн байгууллагын удирдлага, ажилтны харилцааны хэм хэмжээ зөрчсөн үйлдлийг баримт сэлттэй нь мэдээлдэг боллоо.

Томоохон байгууллагуудын удирдлага ч иймэрхүү хэргүүдийг бүртгэж, хэрхэн шийдсэнээ манай ажлын хэсэгт эргэн мэдээлж байна. "Намайг тоохгүй байна" гээд удирдлага нь ажилтнаа зодсон хэрэг орон нутагт гарсан байдаг. Тухайн этгээд албан тушаал буурч, хэрэг нь мөрдөн байцаалтад явж байгаа мэдээлэл байна. Ажлын байрны аюулгүй орчин хот, хөдөөгүй адилхан хангагдаасай.

Салбар бүрт бид цочроо өгч, эрүүл саруул нийгмийн төлөө бүгдээрээ зүтгэх, хичээх ёстой. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд, сэтгүүлч нар бас өөр, өөрийн шугамаар санаачлагатай ажиллаж буй нь нийгэмд тун зөв давалгаа үүсгэж байна. Бидний хамтын ажилд бага ч гэсэн ахиц гарч буй нь сайны дохио. Эерэг нийгмийг хүсдэг хүн олон болсонд баярлаж л сууна.

-Ажлын байрны бэлгийн дарамт аль салбарт их байгааг гаргах боломж бий юү. Бүсгүйчүүд бэлгийн дарамтад өртөж буйгаа ойлгодоггүй, үүнийг шийддэг хууль журам байдгийг мэддэггүй юм шиг санагддаг?

-Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд боломжоороо сайн ажиллаж байгаа шүү. Цаашдаа үндэсний хэмжээний нэгдсэн судалгаа хийх хэрэгтэй. Байгууллагууд өөрийнхөө ажил, үүргийн хүрээнд боломжийн судалгаанууд хийж хуульд оруулах өөрчлөлт, нийгмийн хандлагын талаар санаа зовж, ярьж, хэлсээр байгаа.

Амьдрал гэнэт л нэг өдөр сайхан болж, ямар ч асуудал нэг хүнтэй уулзаад л шууд шийдэгдчихгүй. Хууль, журам, цаг хугацаа, хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг гэх мэтээр олон хүчин зүйлээс шалтгаалж асуудал шийдэгддэг. Иргэдэд хуулийн талаар мэдээлэл түгээх ёстой юм байна. Байгууллагын дарга нар ч гэсэн ажилтнууддаа хүний эрх, хөдөлмөрийн орчинд аюулгүй байх эрх зүйн мэдлэг олгох сургалт хийх, зөвлөмж, дотоод журам гаргах ажил байхгүйтэй адил. Эндээс харахад асуудал хаа, хаанаа л байна.

-Холбогдох байгууллагад хандсан ч шийдүүлж чадаагүй, өөрөө буруудаад өнгөрөх гэх мэтийн асуудал гардаг болов уу?

-Байлгүй яах вэ. Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн эмэгтэй байгууллагын удирдлагадаа энэ талаар мэдээлж, тусламж хүсжээ. Гэтэл гомдлын хариуд 'Та хоёр хайр сэтгэл, ор хөнжлийн асуудлаа өөрсдөө шийд" гэсэн байх юм. Цолны эрэмбээр дарамталж, хэчнээн эмэгтэйн амьдралаар тоглох гэсэн юм бэ, хүчний байгууллагынхан. Дарга гуай нь бусармаг явдалтай бүр эвлэрчихсэн.

Дарга нь утасдаж, энэ талаар битгий олон нийтэд мэдээлээч гэж гуйх тохиолдол гарч байна. Өөрийгөө хамгаалсан эмэгтэй ажилтнаа "Чам дээр ирээд гацахгүй шүү" гэж сүрдүүлдэг инженертэй газар байна. Тэр этгээд ямар ч гацалтгүйгээр эмэгтэйчүүдийг "бузарладаг" байх нь л дээ. Арай л эрээ, цээргүй байгаа биз. Илэрч байгаа нь л ийм зэрэгтэй. Илрээгүй ямар зовлон, зүдгүүрийг ажилтнууд амсаад явж буйг таашгүй.

Дарга нь эмэгтэй ажилтандаа олон жил ажлын байрны бэлгийн дарамт үзүүлжээ. Саналыг нь хүлээн авч, бэлгийн харилцаанд орохгүй болохоор нь ажлын байрыг нь цомхотгож, хорслоо тайлсан нь тогтоогдсон. Даргын ямбаа хэтрүүлэн "Яваарай, халагдах өргөдлөө өг, зайлаарай" гэж хөөх нь жирийн үзэгдэл болжээ.

Арга мухардсан залуухан ажилтнууд нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан тохиолдол ч цөөнгүй бий. Хүчний байгууллагын 40 гарсан эмэгтэйчүүд удахгүй тэтгэвэртээ суухаас хойш гээд сохор, дүлий юм шиг ажлын байрны бэлгийн дарамт эвлэрээд явж буйгаа мэдээлсэн байдаг.

Эмгэнэлтэй биш гэж үү.

-ХЭҮК-д ийм асуудлаар хандсан олон тохиолдол байдаг гэсэн. Та тэр бүх кэйстэй танилцсан байх. Тэдгээрээс ажлын байрны бэлгийн дарамт үнэхээр хавтгайрсныг илтгэх, сэтгэл эмзэглүүлэм кэйсүүдийн талаар дурдаач?

-ХЭҮК жил бүрийн нэгдүгээр сарын эхээр өмнөх оныхоо ажлыг дүгнэж "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-ийг хэвлүүлж, мэдээлдэг. Энд та бүхний асуугаад байгаа хэрэг зөрчлийн талаарх судалгаа, кэйс, байгууллагуудын хийсэн ажил хууль тогтоомжийн хэрэгжилт цөм багтдаг. Гарч байгаа хэрэг бүр л хэвийн бус, хэцүүхэн юм билээ.

"Энэ жирийн, гардаг л хэрэг" гэх нэг ч тохиолдол байдаггүй шүү. Магадгүй хүчирхийлэл, дарамт үйлдэгч этгээдийн зүгээс тэгж хардаг байх. Зөвхөн нэг байгууллага дээр ажлын байрны бэлгийн дарамтад өртөж гомдол гаргасан 30 орчим тохиолдол байна 27-45 насны эмэгтэйчүүд удаа дараа хохирогч болжээ.

27 настай удирдлага 45-тай эмэгтэйг элдэвлэн "Би эгчмэд эмэгтэй сонирхдог" гээд, бэлгийн харилцаанд орохыг шаардаад байгааг хэвийн үзэгдэл гэх үү. Монголд ажлын байрандаа сэтгэл амар байж, ажлаа хүн ёсоор хийх орчин үгүйлэгдэж байгааг олон жишээ харуулж байна.

-Та БХИС-ийн багш нар "Тэдэн оноо тавибал тэгнэ" гэх мэтээр ханш тогтоосон байдаг талаар жишээ авч ярьсан. Үнэхээр ийм явдал байдаг хэрэг үү. Таныг янз бүрийн кэйс ярьсны төлөө дургүйцлээ илэрхийлэх хандлага гарч байна уу?

-Хүмүүс итгэж ядан хүлээн авч, үнэхээр ийм хэрэг гарсан юм уу гэх мэтээр лавлаж байсан. Боловсролын салбарт өнөөдөр мэдлэг түгээхээс илүү айдас, хүйдэстэй, дарамттай явдал байж болохгүй гэсэн үүднээс хэвлэлээр гарсан баримтыг иш татаж ярьсан юм. Судалгаанаас харахад салбар бүрт л их, бага хэмжээгээр ажлын байрны бэлгийн дарамт байна. ХЭҮК-оос их, дээд сургуулийн оюутан, багш нартай ганцаарчилсан уулзалт хийхэд үнэнээ хэлж байх жишээтэй.

Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн талаараа бидэнд ярьж санаа нь амраад, зохих газар нь гомдол гаргахгүй яваа хүмүүс байна.

-Яагаад гомдол гаргахгүй байгаа юм бол?

-Хууль, хяналтын байгууллагад үл итгэх, иргэдийг чирэгдүүлдгээс нь залхах гэх мэтийн олон шалтгаан байна. Мөн удирдлагаас ирсэн дарамт амьдралд нь нөлөөлөх, хэргээ яаж нотлохоо мэдэхгүй байх, ажлаасаа ийм шалтгаанаар гарсан гэдгийг олон нийт мэдэх вий гэхээс эмээх, нэр хүнд, карьераа бодох зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа.

-Ажлын байрны бэлгийн дарамтыг ихэвчлэн эрчүүд үйлддэг гэж ойлгож болох уу. Эрчүүд ийм дарамтад өртсөн талаар мэдээлэл бий болов уу?

-Ихэвчлэн эмэгтэйчүүд ийм дарамтад өртдөг гэсэн судалгааны дүн бий. Гэхдээ эрчүүд ч бас дарамтад өртдөг, гэхдээ харьцангуй бага хувьтай юм байна лээ.

-Хүний эрхийн дэд хорооноос "Ажлын байр-Аюулгүй орчин" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Энэ асуудалд төрийн болон төрийн бус байгууллагууд хэр ач холбогдол егч байна вэ?

-УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос маргааш Төрийн ордонд "Ажлын байр-Аюулгүй орчин" хэлэлцүүлгийг зохион байгуулна. Нийгэмд эерэг хандлага, харилцаа түгээх кампанит ажилд Европын холбоо ач холбогдол өгч, бидэнтэй хамтран ажиллаж байна. УИХ-ын эмэгтэй гишүүд, ХЭҮК, НҮБ, АНУ, Австрали, Унгар, Франц, Герман, БНСУ, Япон зэрэг улсын Элчин сайд нар хэлэлцүүлэгт оролцоно.

МҮЭХ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд бий. Мэргэжлийн судлаачдын илтгэлийг сонсож, зарим байгууллага төлөөллөө оролцуулахаар болсон.

-Та ажлын байрны бэлгийн дарамтад анхаарал хандуулж, эрх зүйн орчныг чангаруулахаар ажиллаж байгаа. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсгийн болон 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсгийн заалт зөвхөн төрийн захиргааны болон тусгай албан хаагчид хамаарахаар ялгамжтай тусгасныг өөрчилж, төрийн, улс төрийн болон үйлчилгээний албан хаагчийг мөн адил хамааруулж хуульчлах ёстой.

Манай улсын хувьд бэлгийн дарамт учруулбал ингэнэ, тэгнэ гэсэн заалт Эрүүгийн болон Зөрчлийн, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд ч байхгүй. УИХ 2017 оны тавдугаар сарын 11 -нд Эрүүгийн хуулиас "Бэлгийн дарамт учруулах" гэдэг зүйлийг хассан. Энэ нь тухайн этгээдийг 1 -3 cap зорчих эрхийг хязгаарлах, 1 -3 cap хорих ялтай байв.

Бэлгийн дарамттай холбоотой ганц ч заалт Зөрчлийн хуульд ороогүй. Одоо оруулах гэж буй өөрчлөлтөөр ажлын байрны бэлгийн дарамт учруулсан албан тушаалтныг 100 мянган төгрөгөөр торгоод өнгөрөхөөр байгааг бид эсэргүүцэж байгаа.

Засгийн газрын хуралдаанаар 21 аймгийн Засаг дарга болон яам, агентлагийн дарга нарт 15 заалттай үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оны эхээр өгсөн. Уг үүргийн ес дэх заалтад "Төрийн албан тушаалтан бэлгийн дарамт үзүүлж, эрхшээлдээ оруулдаг явдлыг таслан зогсоож, ёс бус үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаар" гэсэн байгаа. Иргэдэд энэ мэт мэдээллийг та бүхэн маань шуурхай хүргэж байгаарай.

Хууль, дүрэм гэхээр хүмүүс тэр бүр нэг их ойшоодоггүй нь үнэн. Асуудал гарч, өөрт тулаад ирэхээр сая нэг мэддэг тал бий. Тиймээс шударга бус, хүний эрх зөрчсөн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа хэвлэл, мэдээллийн байгууллагууддаа талархаж явдаг шүү.


А.АМАР, ҮНДЭСНИЙ ШУУДАН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 7 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 8 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 9 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 10 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 10 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 12 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 12 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 12 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр