Тунгалаг тэнгэрийн дор нурж болохгүй “Уул”


..."Ижийнхээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болно

Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг

Үр нь амьд байхад л эх хүн жаргадаг” хэмээн шүлэглэчхээд, тэнгэрт харван одсон яруу найргийн тод од бол А.Эрдэнэ-очир агсан.

 

Тэрээр ертөнцийн мөнх бусыг үзүүлэн одовч бидний дунд мөнх амьдарсаар байгаагийн хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, түүний уран бүтээл, шүлэг яруу найраг. Хоёрдугаарт, түүний гурван “Уул” А.Эрдэнэ-очир агсан сэрүүн тунгалаг ахуйдаа “Сайн хүүхэдтэй хүн үхэвч, үргэлжлэн амьдарсаар байдаг. Үйл хэргийг нь сайн хүүхдүүд нь үргэлжлүүлж байгаа болохоор тэр“ хэмээн ярьдаг байсныг уран бүтээлч нөхөд нь дурсдаг юм. Тэгвэл энэ удаа яруу найрагчийн “гурван Уул”-ын ахмад нь болох Э.Цагаан-Уултай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

 

 А.Эрдэнэ-очир найрагч өнөө ч амьдарсаар байгаагийн шалтгаан- гурван “Уул”

1992 он. Хайрын шүлгийн “Цагаан Уул” наадамд яруу найрагч А.Эрдэнэ-очир түрүүлж, удалгүй ууган хүүгээ өлгийдөн авсан нь Цагаан-Уул байж. Энэ түүхийг сонсоод хүүгийнх нь нэр тухайн наадмын нэртэй холбоотой мэт санагдах авч, учир өөр.  Тодруулбал, ууган хүүдээ нэр хайрлахаар их найрагч Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгийн мөртүүдийг шигшихэд,

Yхэлгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцэгт

Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би” гэх мөр таарсан учир хүүгийнхээ чихэнд Цагаан-Уул хэмээн шивнэсэн түүхтэй аж. Удаах  хүү нь Э.Мөнх-Уул нэртэй бөгөөд мөн л Мөнх-Уул, Мөнхтүшиг гэх нэрсийг будаанаас шигшин, ууган хүүгээрээ сугалуулахад Мөнх-Уул хэмээх алдрыг дүүдээ оноосон нь, отгон хүүгийн нэрийг Ай. Төмөр-очир найрагч Энх-Уул хэмээн оноосон зэрэг түүхтэй. Ийнхүү А.Эрдэнэ-Очир найрагч өнөө ч амьдарсаар байгаагийн шалтгаан нь энэ л гурван “Уул” билээ.

Э.Цагаан-Уул сэтгүүлч мэргэжилтэй. Өдгөө аавынхаа төрсөн нутаг Дорноговь аймагт “Арлааны Эрдэнэ-Очир сан”-гийнхаа ажлыг хийж яваа. Э.Мөнх-Уул харин их сургуулийн Эмзүйн ангийн оюутан. Э.Энх-Уул ирэх жил оюутан болно.

Хүүхэд ахуй насандаа эдийн засагч болохыг мөрөөдөж явсан Э.Цагаан-Уулд тэднийхээр орж гарах яруу найрагчид ч ирээдүйн мэргэжлээ сонгоход нь нөлөөлсөн биз ээ.  Жил жилийн “Болор цом” наадмыг телевизээр шимтэн үзэж байхад нь тайзан дээрээс, тайзны араас тэр л мундаг яруу найрагчдаас ярилцлага авч явсан нутгийнх нь эгч, сэтгүүлч н.Бүжинлхамын ажил хамгийн сайхан санагдаж, Э.Цагаан-Уул МУБИС-ийн “Сэтгүүлч, утга зохиолын ажилтан”-ны ангид элсэн суралцжээ. Сургуулиа төгсөөд, “Нийслэл таймс” сонины  Урлаг, соёлын албанд сэтгүүлчээр ажиллаж, ажилдаа зүгшрэхийн хэрд тэр ажлаа орхиод хилийн застаб руу цэрэгт явчихжээ.

Застабын ханан дээрх хоёр мөрт аав минь мэт санагддаг байлаа

Цэргийн албанд мордох шийдвэрийг гаргахад ч аав нь нөлөөлсөн гэж тэр боддог. Учир нь, намрын нэг өдөр аав нь шинэхэн сэтгүүлч хүүгээ дуудаж, тагтан дээрх номоо хамт цэгцлэхээр болж. Хайрцагтай номуудыг эмхлэн, цэгцэлж байх зуур нэгэн  хайрцгаас “Эх орны төлөө” гэдэг тэмдэг гарч ирснийг А.Эрдэнэ-Очир найрагч хүүдээ үзүүлж, “Миний уран бүтээлд л өгсөн юм. Уг нь би цэрэгт явахыг мөрөөддөг байлаа” хэмээн ярьсан нь Э.Цагаан-Уул сэтгүүлчийн ажлаа өгч, цэргийн албанд мордох шалтгаан болжээ.

Э.Цагаан-Уул: Айлын том учраас чи л цэрэгт явж нүүр тахалж ир гэж аав маань тэр үед хэлсэн. Би ч тэр намраа цэргийн албанд татагдсан. Ингээд Дорнодын Халх голын Нөмрөгийн застав, МУ-ын хамгийн зүүн цэг Соёлз уулын модот хамрыг хариуцдаг заставт  хуваарилагдсан юм. Цахилгаан, гар утасны сүлжээ байхгүй. Гэрийнхэнтэйгээ захиагаар л харилцдаг байсан. Шүлэг бас их бичсэн.

Ц.Анхзул:  Аавынхаа дутууг гүйцээхээр цэрэгт мордсон. Тэр мэдрэмж хэвээр байв уу?

Э.Цагаан-Уул:  Хилийн отрядын бэлтгэл застав дээр буутал ханан дээрээс нь аавын минь шүлэг угтсан.  

“Цэх зогсон буудуулавч сум хүрэхгүй

Цээжний минь алсад эх орно бий” гэж. Тэнд намайг яруу найрагч А.Эрдэнэ-Очирын хүү гэж хэн ч танихгүй, гэсэн ч тэр мөртүүдийг хүн бүхэн мэдэж байгаа нь үнэхээр сайхан. Нэг л их нөмөр нөөлөг дунд, аавынхаа хажууд байгаа мэт... тийм л сайхан байсан.

Хил дээр эх орны тухай, түүнийгээ шүлгийн мөрүүдэд багтаах гээд л... түүнийг мэдрэх гэж явсан болохоор цэргийн нэг жил амттай сайхан байсан.

... Хилийн зурвас дагаад цас их унана. Зундаа бороо их орно. Хилийн манаанд мориор явах боломжгүй болно. Тэр үед хилчин цэргүүд эхний ээлжид морио хайрлаж эхэлдэг. Онц шаардлага гарвал морио унана, бусад үе морио сульдаахгүй, амраана  гээд л... унаж яваа морио хайрлахаас эх орноо хайрлах хүртэлх  аливааг хайрлах хүмүүжлийг цэрэгт олгодог юм байна гэж би ойлгосон. Мэдээж, хүн бүрийн харах өнцөг өөр л дөө.

Ц.Анхзул: Багаасаа шүлэг бичсэн болохоор хил дээрх тэр мэдрэмжүүд бүгд шүлэг болсон уу?

Э.Цагаан-Уул: Би дөрөвдүгээр ангиасаа шүлэг бичих гэж оролдож эхэлсэн.  Гэхдээ аав маань “шүлэг бичих дэмий шүү, амьдрал ахуйгаа бодоод явсан нь дээр. Яруу найрагч хүн ямар нэгэн зүйлээ золиосолж байж л уран бүтээл хийдэг шүү” гэж хэлдэг, шүлэг бичихийг минь  ойшоодоггүй байсан юм. Энэ нь намайг хайрлаж байсны л хэлбэр байх.

Гэхдээ би зөрсөн. Нүдэн дээр нь шүлэг бичээд, уншаад байхгүйг ч оролддог байсан. Тиймээс хил дээр бичсээн, бичсэн.

Аавынхаа зөвлөснөөр нутагтаа ажиллахаар төрийн алба хаагч болон очсон

Ц.Анхзул: Цэргээс ирээд сэтгүүлчээрээ ажиллав уу?

Э.Цагаан-Уул: Үгүй ээ, цэргээс халагдаад иртэл аав дахиад л нэг өөр санааг надад өгсөн. Аав маань 23 настайдаа “Ардын эрх” сонинд ажиллахаар Дорноговиос Улаанбаатарт иржээ. Тэр үеэ дурсаад “Аав нь яг чиний насан дээр орон нутагтаа ажиллаж хөдөлмөрлөнө дөө гэж бодож байгаад чадаагүй юм. Чи ер нь залуу байгаа дээрээ нутагтаа ажиллавал яадаг юм бэ” гэсэн. Ингээд би Дорноговь нутагтаа ажиллахаар төрийн алба хаагч болж очсон. Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт ажилласан.

Хажуугаар нь “Саран хөхөө” театрт “Мазаалай усны ертөнцийг аварсан нь” гэдэг хүүхдийн жүжиг тавилаа. Үүнийг аав дуулаад, их баярлаж, магтаж байсан. Аав маань “Саран хөхөө” театрын орлогч дарга байхдаа “Хүүхдийн жүжиг тавина даа” гэж боддог байсан ч чадаагүй байж. “Уран бүтээлээс хамгийн хэцүү нь хүүхдийн уран бүтээл. Хүүхдийн сэтгэхүйд тохируулж, тэдэнд хүрнэ гэдэг хэцүү” гэж аав минь яриад, магтаж урамшуулж, баярлаж байгаагаа хэлж байсан юм.

Аавыгаа бурхан болсныг дуулаад хорвоо хоосорсон мэт л санагдсан

Ц.Анхзул: Аавыг тань бурхан болоход харамсаагүй хүн монголд байхгүй. Гэнэтхэн л ийм мэдээ дуулдсан.

Э.Цагаан-Уул: Би ажлынхаа хажуугаар үйл ажиллагааны хөтлөгч хийдэг байлаа. Нэг тийм л ажилтай, тайзан дээр байхдаа энэ муу мэдээг сонссон. Сонсоод бүх зүйл дууссан, хоосон болсон мэдрэмж төрсөн.

Тухайн үед Зундуйн Алтангэрэл гуай намайг дуудаад “Чи уйлж гашуудаж болно. Яаж нурж байгааг чинь би мэдэж байна. Гэхдээ бүх юм чиний нуруун дээр ирсэн. Чамайг нурах л юм бол эмээ чинь, ээж чинь, ах дүү нар чинь яах вэ. Дүү нар чинь, хамаатнууд чинь чамайг харж байгаа. Тиймээс чамд нурах эрх байхгүй” гэж хэлсэн. Тэр үг надад маш хатуу ч буусан, хүлээж ч авсан. Тэр хэрээр би хумигдаж эхэлсэн.

Эмээ, ээж минь, хоёр дүү минь намайг нөмөрлөж байхад би уйлж унжаад сууж болохгүй гээд л хумигдсан. Мэдээж, аавыгаа бодож, гансрах үе бишгүй бий.

Би нурж болохгүй “Уул”, уйлсан ч хоосон уйлж болохгүй “том хүү”

Ц.Анхзул: Аавтай хүн аархаж туулдаг хорвоо гэдэг....

Э.Цагаан-Уул: Дарь.Сүхбаатар ах намайг нэг өдөр  дуудаад “Нутаг руугаа явахдаа ганцаараа сайхан уйлчхаад ирээрэй” гэж хэлсэн. Би тэгтлээ л хумигдсан байна гэж тэр үед анзаарсан.

Гэхдээ, хоосон уйлмааргүй, тийм эрх надад байхгүй санагдаад, ямар нэг юм хийх ёстой юм байна гээд аавынхаа сүүлийн хүслийг нь гүйцээх байдлаар номын жин тээсэн.

“Тэмээгээр номын жин тээх” талаар аав маань сэрүүн тунгалагтаа их ярьж байсан, хэвлэлд өгсөн ярилцлагууддаа ч хэлсэн байдаг. Түүнийг нь гүйцээж, 2018 оны өвөл номын жин тэгээд л нэг их  сайхан  уйлсан даа.

... Намайг цэрэгт явахын өмнө аав маань зүүдээ ярьж байсан юм. “Нутаг руугаа тэмээгээр  номын жин тээж байна” гэж зүүдэлсэн гээд. Тэгээд түүнийгээ хийх гээд төлөвлөөд л явсаар ирсэн. Номын хандив цуглуулсан. Жингээ тээх гэтэл, нхний жил нь нутагт нь шүлхий өвчин гараад явж чадаагүй. Дараа  жил нь цасгүй, хуурай жил болоод яваагүй. Учир нь “цасан дээр тэмээн жин явах нь шажигнасан чимээ гэхчлэн мэдрэмжүүдийг өгөх”-ийг аав бас бодолцсон. Тэгээд бас хойшилсон. Энэ мэт цаг зуурын эрхээр хойшлоод, чадаагүй юм билээ. Аав маань тэмээн жиндээ хөгжмийн зохиолч, яруу найрагч, зураач нарыг авч яваад, уран бүтээлч бүр уран бүтээлийн олзтой ирэх бодол тээж байсан.

 Ц.Анхзул: Жин ямар болсон бэ?

Э.Цагаан-Уул: Тэмээгээр номын жин тээх нь хоёр ач холбогдолтой байсан. Нэгдүгээрт, аймгийн хэмжээнд номд таван сая төгрөг төсөвлөдөг нь шинэ номоор сангаа бүрдүүлэхэд мэдээж хүрэлцдэггүй. Тиймээс сумын номын сан руу шинэ номуудыг хүргэх боломж байсан.

Хоёрдугаарт, тэмээг уналга, ачилгад хэрэглэх өв соёлыг хадгалж авч үлдэх санаа байсан.

Жин тээх нь налгар, дэлгэр цагаар бол бас мэдрэмжийг бүрэн авч чадахгүй.Тиймээс цаг агаарын мэдээ харж байгаад хамгийн хүйтэн өдрийг сонгож хөдөлсөн. Хөдөө хээр хоноглоод, даарч хөрөөд, жавар сөрөөд алхуулах, жаварт даарсан гараа амандаа барьж бүлээн амьсгалаараа дулаацуулах нь ямар гоё байдаг гэхчлэн тэр мэдрэмжүүдийг мэдрэхийг хүссэн.

Хязгааргүй хайр, тэвчээр байдгийг ээжээсээ мэдэрдэг

Ц.Анхзул: Ээж нь сайн уу?

Э.Цагаан-Уул: Миний ээж Ч.Энхжаргал гэж сайхан эмэгтэй бий. Эмзүйч мэргэжилтэй, нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд ажилладаг. Бүхий л амьдралаа, сайн сайхан бүхнээ, аавд минь болон гурван хүүдээ зориулсан.

 Арван жилийн сургуулиа төгсөөд л, 18 настайдаа намайг төрүүлсэн. Э.Мөнх-Уулыг төрүүлж, өсгөх жилүүддээ Дорноговийн Анагаахын сургуулийг төгссөн.

Эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, хайрлах орон зай хязгааргүйг ээж минь харуулдаг. Үнэнчээр хайрлахын бодит дүр бол миний ээж. Уудмын дээд, уужмын гүн хүн байгаа юм. Агуу их, хязгааргүй хайр, тэвчээр байдгийг ээжээсээ ухаарч мэдэрдэг.

“Мундаг хүний хүүхэд  байж...” гэж гологдох вий гэдэг айдас бий

Ц.Анхзул: Яруу найрагчид, бас яруу найрагт дуртай хүмүүс чамаас уран бүтээл хүлээж байгаа байх гэж би боддог. Би л гэхэд хүлээж байгаа.

Э.Цагаан-Уул: Аав маань дуртай байгаагүй болохоор ил бичээд, уншаад байсан шүлэг цөөхөн. Гэхдээ бий.

Бас нэг болгоомжлол надад байсаар ирсэн. “Мундаг хүний хүүхэд байж...” гэх вий гэх бодол. Мэдээж би аав шигээ байж чадахгүй ч, аавынхаа нэрийг хугалах вий гэдэг айдас. Сайн уран бүтээл цаг хугацааны хэмжүүрээр гардаг. Олон муу шүлэг гарч байж сайн шүлэг гардаг байж магад. Хэрэв тэр муу шүлгүүдийг нь уншигчид үзвэл “Иш чааваас даа, түүний хүү” гэх  вий гэдэг бодол, айдас байсан.

Ц.Анхзул: Гэхдээ, өөртөө их хэмжүүр тогтоох хэцүү. Бүх юм анхнаасаа л сайн байдаггүй.

Э.Цагаан-Уул:. Тийм ээ, бичсэн шүлгүүдээ эмхэтгэх бодол бий. Энэ оны эхний улиралд эмхэтгэнэ ээ гээд бодож яваа.

Ц.Анхзул: Аавынхаа цомгийг бас гаргасан байна лээ.

Э.Цагаан-Уул:. Гурван цуврал цомог гарах юм. Эхнийх нь  "Тунгалаг тэнгэрийн дор” яруу найраг, дууны яруу найргийн цомгийг нь гаргасан. Бүх шүлгүүдийг нь аав маань өөрийн дуу хоолойгоороо уншсан. Үнэхээр сэтгэл догдолсон. Тусалж дэмжсэн хүн бүхэнд баярлалаа.

Үүлэн сэвлэг намирсан тэр үдэш, энэ үдэштэй найрсаад
Үнэмшимгүй юмаа, энэ орчлонгийн тунгалаг тэнгэрийн дор...


Таныг үгүйд орчлон өөр болж эргэсэн
Танил юм бүхэн танигдахаа больж эхэлсэн...

Бидний яриа аавгүй болсон өдрүүдийн юмс яаж өөрчлөгддөг талаар өрнөсөн. Тэр олон зүйлийг ярьсан ч энд зөвхөн шүлгээр нь хариулт болгон нийтлэв.

Таныг үгүйд орчлон өөр болж эргэсэн
Танил юм бүхэн танигдахаа больж эхэлсэн,


"Талын бүргэд"-ийн жигүүр цуцаад
Тал нутгийнхаа дээгүүр дахин нисэхээ больж
Толгодын дээр амсхийн сууж алсыг ажаад
Таныг үгүйлэн гансраа мэт харагдсан

Үймсэн их талд чинь үелзсэн их зэрэглээ татаж
Өөдөөс минь хараад уйлж буй мэт санагдсан
Уужуу их сэтгэлийн чинь голоос эх авсан
Урт холын гол горхиуд чинь хүртэл ширгээд эхэлсэн

Таныг үгүйд орчлон өөр болж эргэсэн
Танил юм бүхэн танигдахаа больж эхэлсэн ААВ МИНЬ

Нутаг руу тань би сая оччихоод ирсэн
Надаас юмс бүхэн таныг нэхээд байх шиг санагдсан
Өмнийн тал, говь нутгийн чинь сүрлэг уулс хүртэл
Өнчин ишиг шиг харцаа нууж мэлмэрсэн

Өнгийн солонго өдөр бүр татахаа байж
"Өөрийнхөө сэтгэл шиг тал дээр" эх чинь сэтгэлээ урж эхэлсэн
Хайдаг ингэний хөх чинэрч буйлах дуу нь тэнгэрт хадаад
Хачин ихээр эхийн сэтгэл үймэрч суугаа харагдсан

Таныг үгүйд орчлон өөр болж эргэсэн
Танил юм бүхэн танигдахаа больж эхэлсэн ААВ МИНЬ...

Суль өвс гортиг татаж нар буруу эргээд
Санан бэтгэрсэндээ орчлонг буруу эргүүлж харагдсан
Санаж сэрэхийн гэгээн зүүднээс бусдыг хайж
Салхины чигийг өөрчилж бусдыг нөмөрлөж эхэлсэн

Уужуу сэтгэлийн чинь голоос ундаалсан адуун сүрэг чинь
Усандаа ирэхээ больж хүний нутагтаа  гүйсэн
Үлгэрийн юм шиг зүүдний амьдралаас минь харин
Үнэнчээр дэргэд минь байх нэгэн хүртэл урвасан

Таныг үгүйд юм бүхэн өөрчлөгдөж
Танил юм бүхэн дэргэдээс минь урваж эхэлсэн

Орчлон дотор багтах орчлонг эргэцүүлэн түүчээлж
Одоо хүү чинь бүхнийг таньж эхэлсэн
Таны цуглуулсан хорвоогийн гэгээн замыг олоод
Танил юм бүхнийг чинь эргэж цуглуулна аа ААВ МИНЬ... /Э.Ц/ 06.24.2019

Ярилцсан Ц.Анхзул

Гэрэл зургийг Н.Жаргалбаяр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 7 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 8 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 9 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 9 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 10 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 10 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 11 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 15 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 15 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 15 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр