Барон Унгерн бол офицер биш харин сайн дурын партизан, Майн Ридийн роман дээр гардаг мөрч анчин


Барон хэргэмтэй Роман Федорович Унгерн фон Штенбергийн талаар Оросын “Лента” сайт түүхийн ухааны доктор Василий Цветковтой хийсэн ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Унгерны дарга байсан барон Петр Врангель 2017 онд түүнийг ийн тодорхойлсон байдаг” “Дайнаар амьдардаг хүн. Гэхдээ алба хаах үндсэн дүрэм ба баримтлах наад захын журмыг огт мэддэггүй төдийгүй сахилга батын ямарваа нэг илрэл болон цэргийн хүмүүжлийн эсрэг хаа сайгүй, ямагт эсэргүүцсээр ирсэн тул бүгдийн төсөөлөл дэх офицер хүн биш бөгөөд Майн Ридийн роман дээр гардаг мөрч анчин, сайн дурын партизан хэв маягийн хүн” гэж тодорхойлж байжээ.

-Врангелийн тун оновчтой тодорхойлолт өгч. Роман Федорович бүр Дэлхийн нэгдүгээр дайны үед зоригтой, шийдэмгийн зүйл хийж чаддаг офицер гэдгээ харуулсан. Түүн шиг хүмүүсийн хувьд дайн гэдэг байр сууриа дээшлүүлэх боломж төдийгүй оршин амьдрах таатай цор ганц хэлбэр нь байдаг юм. Дайнаар амьсгалж амьдаодаг иймэрхүү хүмүүсийг одоо ч байгааг бүгд харж байна.

-Роман Унгерн нь үнэхээр сэтгэцийн хувьд тогтворгүй хүн байсан уу? Харгис хэрцгий авир нь хэрээс хэтэрдэг байсан тухай бичсэн байдаг.

-Түүнд сэтгэцийн магадалгаа хийж байгаагүй болохоор ямаршуу байсан тухай ярихад бэрхшээлтэй. Хэрцгий, өрөвдөхийг үл мэдэх дарангуйлагч биш байлаа ч магадгүй удирдлагадаа байсан хүмүүсийн өмнө тийм болж харагдах гэхдээ хэтрүүлдэг байсан байж болох юм.

-Гэтэл дэргэдэх хүмүүсээ хэрцгийлдэг байсан тухай олон гэрчлэх баримт үлдсэн. Жишээлбэл, Өвөр Байгал дах Кыра тосгоны орчим гол гатлах үеэр гурил ачсан тэрэг усанд автахад тээврийн даргыг нь бароны тушаалаар ташуурдаж, голд живүүлж алсан, дараа нь хөрш Алтан тосгонд үнэн алдартны ламтныг хүртэл дүүжилсэн. Цаашилбал, Унгерн өөрөө ташуурдаж зодож байсан офицерүүд, хөөрхий хурандаа Казаграндийн аймшигтай үхлийн жишээ байна. Энэ бүхэн хэвийн гэж үү?

-Унгерн Азийн өвөрмөц нөхцөлд, аймшигтай иргэний дайнд нэрвэгдсэн Азид байлдааны ажиллагаа явуулж байсан гэдгийг тооцох хэрэгтэй. Одоогийн өнцгөөс хэдий хачин санагдаж болох ч тэр үед цэргийн даргын хэрцгий авирыг тарчлаан зовоож таашаал авч байна эсвэл харгислал явуулж байна гэж хүлээж авдаггүй, харин нэр хүндээ хадгалж үлдэх цор ганц арга гэж тооцогддог байсан. Даргаасаа айдаггүй бол хүндлэхгүй гэж үздэг байж. Одоо бидэнд зэрлэг мэт санагдаж байгаа ч XX зууны эхэн үеийн тэр нутгийн хүмүүсийн зан авир Чингис хааны эзэнт гүрний үеийнхээс нэг их өөрчлөгдөөгүй байсан.

Барон ташуурдахаас гадна гэм хийсэн хүнийг өдөртөө наранд улайстал халсан төмөр дээвэр дээр суулгаж шийтгэсэн байсан байгаа юм. Гэхдээ энэ мэт шийтгэлийг таны нэр дурдсан хурандаа Казагранди гэх мэт офицерүүдэд ч хэрэглэдэг болсон ч дургүйцэл, бухимдал үүсгэж, хожим ялагдахад нь багагүй нөлөөлсөн.

Барон еврейчүүдийг үзэн яддагаараа зартай байсан. Дээр нь түүний удирдлагад байгаад хожим хэрцгий догшин авиртай ч Монголын нийслэлийг 1921 онд Улаан армид зүгээр өгсөн Хүрээний комендант, сөрөг тагнуулын дарга Леонид Сипайло гэх мэт аймшигтай хүмүүс ч бас байсан юм. Энэ зуур Колчак  нь орон нутагт байгаа дарга нарыг армийн дүрэм журамд захирагддаг болгох гэж нэг бус удаа оролдож байсан ч амжилтад хүрээгүй. Адмирал нь 1919 оны намар Өвөр Байгалийн ангиудыг фронт руу явуулах гэж оролдсон чадаагүй юм.

-Яагаад?

-Атаман Семёнов нь нутгийн улаантны партизануудтай тэмцэх шаардлагатай гээд яваагүй. Ер нь 1920-1921 онуудад Семёновчууд буюу Өвөр Байгал дах цагаантны хөдөлгөөний ангиуд ба маш хүнд Сибирийн аян дайны дараа Алс Дорнодод ирсэн Колчакийн армийн цэрэг, офицерууд болох каппелчуудын хооронд өвөрмөц далд сөргөлдөөн явж байсан.

Каппелчууд нь цэргийн сахилга баттай байхыг дэмждэг. Харин Семёновчууд, (Азийн дивизийн цэргүүд нь энэ бүлэгт багтдаг байсан) нь дарга ба цэргүүдийн хооронд цол, зэргээс үл хамаарсан, даргын нэр хүнд дээр тулгуурласан албан бус харилцаа байхыг илүүтэй үнэлж байсан байдаг.

-Барон Унгер нь 1919 онд атаман Семёновтой муудалцсаны дараа Оросоос Манжуур орох галт тэрэг дээрэмдэн гол зогоож байсан Өвөр Байгал дах Даур нутгаас гарч тунхаглагдаад удаагүй байсан Австрийн Бүгд Найрамдах Улс руу гарах гээд Бээжингээс Австрийн виз авах гэсэн тухай яриа нь үнэн үү?

-Энэ тухай Унгерн өөрөө 1921 оны есдүгээр сард одоогийн Новосибирск хотод мөрдөн байцаалт өгч байхдаа ярьсан байдаг. Тэр яриа нь үнэн гэдгийг нотлох баримт хараахан олдоогүй байна. 1918 онд Австри-Унгарын эзэнт улс задран унасны дараа нуранги дээр нь үүссэн улсуудын зүгээс өвөг дээдэс нь нэгэн цагт газар нутагтай нь холбоотой явсан хүмүүст паспортоо өгч иргэн, харьяатаа болгох гэсэн хандлага үнэхээр байсан.

-Тэгвэл Унгерн хэрэв Австрийн иргэд болсон бол 1938 онд Гитлер хүчээр нэгтгэсний дараа Гуравдугаар Рейхийн иргэн болоод атаман Шкуротой адил хувь тавилантай болох байж.

-Магадгүй. Гэхдээ Унгернийг тойрсон элдэв домог хууч яриа хэтэрхий олон гэдгийг хэлэх хэрэгтэй. Түүний тухай байж боломгүй элдэв яриа их. Зарим нь түүнийг Азийн тал нутагт арий үндэстний ялалтын талаар мөрөөдсөн Тевтоны хүлэг баатар гэж харуулах гэдэг. Өөр зарим нь бароныг Чингис хааны эзэнт улсын үйл хэргийг үргэлжлүүлэгч гэж харуулах гэдэг. Бүр зарим нь нууц тарнийг судлаач, буддист болгож харуулах гэдэг. Бусад олон хүний хувьд Цагаантны хөдөлгөөний харгис хэрцгийг харуулсан бас нэг жишээ төдий байлаа. Алс Дорнод дах Иргэний дайны онцлогийн талаар ул суурьтай судалгаа хийгдээгүйгээс энэ мэт яриа гарч байгаа нь ойлгомжтой. Европын юм болгоныг дээдэлдэг бидний ухамсарт тэнд, тэр үед болсон үйл явдал хачин сонин, тийм ч хэвийн бус нууцлаг зүйл мэтээр төсөөлөгддөг.

-Унгерний цэрэг хас тэмдэгтэй улаан тугтай байсан гэж уншиж байсан. Энэ үнэн үү?

-Унгерний Азийн дивизийн зарим нэгжүүдийн хувцас хэрэглэлд хас тэмдгийг үнэхээр ашиглаж байсан, гэлээ гээд энд хачин зүйл огт байхгүй, Дорно дахинд энэ тэмдгийг эрт дээр үеэс ашиглаж ирсэн, тэгээд ч Германы нацистууд нэр хүндийг нь унагаагүй байсан цаг. Улаан тугийн тухайд гэвэл 1921 онд бароны удирдлагад орсон генерал Андрей Бакичийн цэргүүд үнэхээр тийм тугтай байсан. Түүний цэрэгт большевикуудын эсрэг Өрнөд Сибирийн бослогод оролцсон Алтай нутгийн партизанууд олон байсан ч тэд улаан тугийнхээ буланд нь гурван өнгөт далбааг нэмж хатгасан байсан. Харин Азийн дивиз бол дээр нь “М II” (II Михаил эзэн хаан) гэсэн үсэг хатгасан шар тугийн дор байлдаж явсан.

-Яаж яваад барон Унгерн гэдэг хүн ийм романтик, шашны нууцлаг гэмээр алдар цуутай болж орхив оо? Германы хүлэг баатруудын удмын хүн яагаад Ази тивийг, Чингис өвийг сонирхох болов? Цагаантны хөдөлгөөний бусад удирдагч нарт ийм үзэл огт байгаагүй.

-Үнэндээ бол Азийг сонирхож байсан ч дан ганц Унгерн биш л дээ. XIX- XX зууны зааг дээрх Орост Дорно дахин моодонд ороод байсан юм. Елена Блаватскаягийн нууц шашны сургааль, Петр Бадмаев эмчийн номлол, Төвөд рүү хийсэн Николай Пржевальский, Карл Маннергейм, Николай Рерихийн аялал зэргийг жишээ татаж болно. Корнилов залуудаа Азиар олон удаа аялалд явж байсан. Төв Ази дах панмонголизмын үзлийг Унгернээс дутахааргүй дэмжиж байсан атаман Григорий Семёновыг мартаж болохгүй.

Унгерныг сонин содон “шар барон” болж хувирахад Фердинанд Антоний Оссендовскийн зохиолууд ихээхэн нөлөөлсөн. Гэхдээ Унгерн бол огт өөр зүйлээр хосгүй гэж болно. Тэрээр Оростой холбоогоо таслалгүйгээр харь улсын улс төрийн элит давхаргад орж чадсан байдаг юм. Иргэний дайн дуусаж байсан 1921 оны эхээр түүний удирдаж байсан ангиуд нь хуучин Цагаан армиас байлдах чадвартай үлдсэн цор ганц ангиуд болж үлдээд байсан юм.

-Унгенр 1920 он хүртэл Өвөр Байгал дах Даур өтөөний орчим байрлаж байгаад гэнэт Монгол руу дайтахаар явсныг аз үзсэн, ухаангүй алхам гэж санагдахаар байсан. Үнэн хэрэг дээрээ ямар төлөвлөгөө, зорилготой байсан юм бол?

-1920 оны намрын эхээр Унгерн нь Чита руу давшилт хийж байсан Алс Дорнод Бүгд найрамдах улсын Ардын хувьсгалт армийн ангиудын ар тал руу Троицкосавск ба Верхнеудинскийн орчим чиглэлд цохилт өгөхөөр төлөвлөж байсан гэх өндөр магадлал байна.

-Улааныхныг Транссибийн төмөр замаас таслахын тулд уу?

-Тийм. Гэтэл Унгернийг Даур өртөөнөөс хөдөлж явсаар байтал нь Улаан арми нь Читаг эзэлчихсэн. Семёнов ба каппелчууд Манжуур руу ухарсан бол Унгерн Монголын талд таслагдаад үлдсэн. Гэхдээ яг ийм маневр хийх гэж байсан тухай баттай нотлох баримт хадгалагдаж үлдээгүй гэдгийг шууд хэлье.

-Тэгвэл Унгерн цэвэр тохиолдлоор Монголд үлдсэн тул Хятадын цэрэгт эзлэгдээд байсан Хүрээг эзэлж авахаас өөр аргагүй болсон хэрэг үү?

-Тэгж л таарч байна. Семёнов тусламж боломжгүй хол Манжуур руу ухарсан бол ихээхэн хэмжээний хүнс, нөөц бүхий Хүрээ хавьгүй өөр байсан. Ийм нөхцөлд барон Монголыг (Гадаад Монголд гэвэл илүү зөв болох байх) Хятадын эзлэлтээс чөлөөлөхөд нь туслаад большевикуудын эсрэг тэмцлийн гол төв болгох гэсэн биелбэл багагүй амжилтад хүрэх төлөвлөгөө зохиосон байна.

Хүрээг эзлэх эхний дайралтыг 1920 оны аравдугаар сард хийхэд Хятадын цэрэг арай гэж тэсэж үлдсэн ч Унгерн Монголын ихэс дээдэс ба нутгийн иргэдийн дэмжлэгийг авсны дараагаар 1921 оны хоёрдугаар сард эзэлж чадсан. Монголын удирдагч Богд гэгээн түүнд Дархан хошой Чин ван гэсэн цол, Улсыг хөгжүүлэгч их баатар жанжин хэргэм өгсөн байдаг.

-Үүний дараанаас барон Унгер Монголын дарангуйлагч болж, Богд гэгээн түүний гар аясаар хөдөлдөг болсон гэсэн үг үү?

-Үгүй. Богд гэгээн Унгерний аясаар хөдөлдөг хүн байгаагүй. Монголын цэргийн ангиудыг нутгийн дарга нар удирдаж байсан ч байлдааны ажиллагааны стратеги төлөвлөлт, жинхэнэ их цэргийн хүч Унгерн ба түүний штабын офицеруудын гарт байсан.

-Унгернийг ирэх үед  Монгол ямаршуу байдалтай байв?

-Монгол нь Дундад зуунаас эхлэн тусгаар улс болохыг чармайсаар ирсэн. Хятадад 1911 онд гарсан Синьхайн хувьсгалаар далимдуулан Монголын удирдагч нар тусгаар тогтнолоо зарлаад Орост хандан ивээлдээ авах хүсэлт гаргасан. Ингэснээр хаант Оросын удирдлага ээдрээтэй байдалд орсон.

Гэхдээ төд удалгүй Оросын дипломатуудын чармайлтаар үүсэж болзошгүй мөргөлдөөнийг зөвшилцлөөр шийдсэн. 1915 оны Хиагтын гэрээгээр Гадаад Монгол нь Хятадын эрхийг ёс төдий хүлээн зөвшөөрч, хариуд нь Оросын эзэнт гүрний баталгаатайгаар өргөн хэмжээтэй автономит эрхтэй болсон. Дашрамд сонирхуулахад Унгерн тэр үед Монголын цэргүүдийг удирдаж байсан тул нутгийн ихэс дээдэстэй сайн харилцаатай болсон байсан.

Ингээд Орост иргэний дайн дэгдэж, Хятадын цэрэг Хиагтын гэрээг зөрчин Монголын эзэлж, автономит төрийг татан буулгасны дараа улаантны Москва ба цагаантны Омск хоёр эсрэг тэсрэг байр суурь баримтлах болсон. Колчакийн ГХЯ нь Хиагтын гэрээг дагаж мөрдөх хэрэгтэй гэсэн бол Ленины Ардын коммиссарудын зөвлөл нь Хиагтын гэрээг хүчингүйд тооцон, үгүйсгэсэн. Ингэснээр Монголд амьдарч байсан олон мянган суурьшмал иргэд хуулиас гадуур болж хоцорсон.

-Ингэснээр большевикууд Монголыг тусгаар улс байх эрхгүй гэж үзсэн хэрэг байна шүү дээ?

-Тийм. Гэхдээ хоёр сарын дараа Ленин Москвад Сүхбаатараар удирдуулсан Монголын хувьсгалчдын төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа тусгаар улс болох явц нь улаан тугийн дор болбол эсэргүүцэхгүй гэдгээ ойлгуулсан. Энэ үеэс Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь ил тод биш ч гэлээ улааны ба цагаантны гэж хуваагдах болсон. Хүрээг чөлөөлснөөс сарын дараа Зөвлөлтийн Хиагт хотноо Монголын ардын намыг үүсгэн байгуулах хурал болж, Түр засгийн газар байгуулагдахад тэр даруй Зөвлөлт Орос ба Алс Дорнодын бүгд найрамдах улстай холбоотон гэж тунхагласан.

-Нутгийн иргэд аль талыг нь илүү дэмжиж байсан бэ?

-Улс төрийн өндөрлөгүүд төдийгүй жирийн иргэдийн ихэнх нь цагаантны монголчуудыг дэмжсэн. Богд гэгээн халдашгүй нэр хүндтэй байсан. Хүрээнд Зөвлөлтийн цэрэг орж ирсэн байхад ч түүнийг түлхэн унагах гэж оролдож байгаагүй нь тохиолдлын хэрэг биш. Богд гэгээнийг 1924 оны тавдугаар сард нас барсны дараа л Бүгд найрамдах Монгол Ард улсыг тунхагласан байдаг юм. Харин улаантны монголчуудын удирдагч нар гэж хэн байв? Сүхбаатар нь Хүрээний пулеметчдын курс төгссөн хүн, ирээдүйд маршал болсон Чойбалсан нь Эрхүүгийн багшийн сургуульд хэдэн жил сурсан хүн байсан. Хоёул орос хэл мэддэг, Орост талтай хүмүүс байсныг онцлох хэрэгтэй.

-Тэгвэл олон хүчин зүйлийн нөлөөгөөр Монголд тохиолдлоор үлдсэн Унгерн яг үнэн хэрэг дээрээ юу хүсэж байв? Орост хаант засаглалыг сэргээх зорилгоор эсэн мэнд үлдсэн большевикуудыг эсэргүүцэгчдийг цуглуулан нэгтгэхэд газар нутгийг нь ашиглах бодолтой байсан уу? Эсвэл Чингис хааны эзэнт гүрнийг сэргээж, Бээжин рүү аян дайн хийж Чингийн хааныг ширээнд нь буцаан залахыг мөрөөдөж байв уу?

-Унгерн бол Монголын байнгын зэвсэгт хүчнийг үнэн хэрэг дээрээ байгуулсан хүн бөгөөд Монголын төрт ёсыг сэргээхэд их зүйл хийсэн. Монголын өмнө үүгээрээ их гавьяатай, түүнийг нь ч өнөөдөр талархан дурсдаг. Гэхдээ тэнд тусгаар улс байгуулах санааг анх атаман Семёнов гаргасан гэдгийг хэлэх хэрэгтэй. 1919 оны хавар түүний санаачилгаар Буриад-Монголын тусгаар улс байгуулах янз бүрийн хувилбаруудыг дэвшүүлэн хэлэлцсэн Даурын зөвлөгөөн гэж болсон байдаг юм. Зөвлөгөөний төлөөлөгчдийг Семёнов нь дэлхийн нэгдүгээр дайны дараах улс орнуудын хил хязгаарыг тогтоож байсан Версалийн энхийн хуралдаанд руу явуулахаар жинхэнээсээ төлөвлөсөн байж. Гэвч адмирал Колчак нь үүнээс болоод Буриад нутаг Оросоос тусгаарлагдаж болзошгүйн дээр Дундад иргэн улстай ээдрээтэй харилцаатай болно гээд энэ санааг нь дэмжээгүй юм.

Унгерн Монгол ирсний дараа бүс нутгийнхаа улс төрийн ба цэргийн хамгийн нөлөөтэй гэсэн хүчнийг өөрийн туг дор нэгтгэж эхэлсэн. Чингисийн удмын, Манжийн Чингийн удмын ба Оросын Романовын удмын холбоо байгуулах тухайгаа зарлаж байв. 1921 оны тавдугаар сард барон Алаш-Ордын казахуудын төлөөлөл, Киргизийн төлөөлөлд хандан “Нүүдэлчин Манж угсааны эзэн хаанаар удирдуулсан хүчиргэг Дундад гүрнийг байгуулах”-ын тулд Богд гэгээнд тусламж үзүүлэхийг уриалсан захидал бичсэн байдаг. Инээд зогсохгүй Унгерн нь нутгийн монгол ба манж ноёдод хандан монголчуудын нэгтгэхийн төлөө төдийгүй Чингийн эзэнт гүрнийг сэргээхийн тулд өөрт нь туслахыг уриалсан захидал бичиж байв.

Харин Оросын Цагаантны хөдөлгөөнийхөнд болохоор өөр хөтөлбөр санал болгосон. Өмнө нь Оросын ирээдүйн төрийн тогтолцооны талаар тодорхой төсөөлөлгүй байсан тул ялагдал хүлээсэн гээд Николайн дүү Михаилыг хаанаар өргөмжлөн, хаант засаглалтай улс болгохын төлөө тэмцэнэ гэсэн (тухайн үед Михаилыг 1918 онд алагдсан тухай тун цөөн хүн мэдэж байжээ).

-Тэгвэл 1921 онд Унгерн Монголоос Верхнеудинск руу тархай бутархай хүчээр давшихыг шалтгаан юу байна вэ? Энэ давшилтын дүнд тэрээр ялагдсан. Гэтэл Монголын нутагт бат бэх байр суурьтай байсан.

-Зөвлөлт Орос дах нөхцөл байдлын талаар бодит мэдээлэлгүйгээс большевикуудын цэргийн болон улс төрийн боломжийг дутуу үнэлж, өөрийн хүчийг хэтрүүлж дүгнэсэн.Алтай, Урианхайн хязгаар, Эрхүү, Верхнеудинск рүү шууд цохилт өгсөн даруйд тэнд нь Зөвлөлтийн эсрэг олон тооны бослого дэгдэж, өөрийнх нь цэрэгт нэгдэнэ гэж бодож байж.

-Гэтэл давшилтын үр дүнд хүчээ бутаргасан. Тэгээд ч нутгийн  иргэдийн дэмжлэгийг авч чадаагүй биз дээ?

-Тэр үед ялагдах нь тийм ч тодорхой биш байсан. Олон мужид Зөвлөлт засгийн байр суурь сул байсан 1921 он шүү дээ. Тамбов мужид болсон бослого, Кронштадт, Баруун Сибирийн бослогын талаар Унгерн мэдэж байсан. Өвөр Байгал дах зөвлөлтийн эсрэг нууц хөдөлгөөнтэй холбоотой байсан. Атаман Семёнов дурсамждаа Хяахт дах улаантны морьт цэргүүдийн дунд бослого гарах гэж байгаа тухай мэдээлэл түүнийг Сэлэнг мөрний дагуу Өвөр Байгал руу давшилт хийх яаруу сандруу шийд гаргахад нөлөөлсөн гэдгийг онцолсон байдаг. Уг нь анхандаа Хятадын бүрэлдэхүүнд байсан Өвөр Монгол руу дайрахаар төлөвлөж байсан юм билээ.

Унгерний энэхүү давшилт нь Алс Дорнодын бүгд найрамдах улсыг түлхэн унагасан Владивосток дах бослоготой цаг хугацаагаар давхацсан. Өвөр Байгал ба Алс Дорнод дах Зөвлөлт засгийн түлхэн унагах нэгдсэн цохилтын хэсгүүд байсан байж болох талтай. Энэ бүхнээс болоод Унгерн ялна гэдэгтээ бат итгэлтэй байсан учраас энэ давшилтыг эхлүүлсэн байх гэж бодож байна.

-Унгерн буруу тооцсон гэдэг нь хэзээ ойлгомжтой болсон бэ?

-Цэрэг нь Хяахтын ойролцоо хил давсан даруйд ойлгомжтой болсон. Алс Дорнодын бүгд найрамдах улс сул дорой, байлдах чадваргүй ангиудын оронд Улаан армийн шилдэг хэсгүүдтэй тулж байгаа нь илэрсэн. 1921 оны зургаадугаар сард Азийн дивизийн хошууч генерал Борис Резухины 2 дугаар морин бригад 24 настай Константин Рокоссовскийн удирдсан Улаан 5 дугаар армийн 35 дугаар морин хороонд ялагдсан. Ирээдүйд Зөвлөлтийн маршал болсон Рокоссовский энэ талаар дурсамждаа тун бага бичсэн байдаг ч тэр тулаанд хүнд шархдаж, Улаан тугийн одонгоор шагнуулсан нь тодорхой байгаа.

Улаан армийн ангиуд Унгерны отрядуудыг маш хурдан зогсоосон. 1921 оны долоодугаар сарын 24-нд Галуут нуурын дацангийн дэргэд болсон тулааны дараагаар цаашид Өвөр Байгалд давшаад нэмэргүй гэдгийг Унгерн ойлгосон. Түүний цэрэг Транссибийн төмөр зам хүрэлгүйгээр ухрах ёстой болсон. Тэгээд дээр нь мань хүн давшилтад орохын өмнө бас нэг стратегийн алдаа гаргасан байж. Тэр Хүрээнд тун ялихгүй хүч үлдээгээд тулалдах чадвар сайтай бүхнээ аваад Өвөр Байгаль руу явсан. Большевикууд үүнийг чадварлагаар ашиглан Унгернээр далимдуулан Монголын нутагт орж ирсэн. Дараа нь Алтанбулагаас давшсаар 1921 оны долоодугаар сарын 6-нд Хүрээг байлдалгүйгээр эзэлж, мөн сарынх нь 11-нд Монголын хувьсгалт Засгийн газар хот руу орж ирсэн.

Ингэснээр Унгерний хийсэн давшилт нь цэвэр аз сорьсон зүйл байсан болж таарсан. Монголыг орхиж явсныг цагаантны монголчууд уучлаагүй бөгөөд баривчилж большевикуудад өгөх нэг шалтгаан болсон. Унгерн 1921 онд Монголдоо үлдээд Зөвлөлт Оросоос дүрвэсэн цагаантнуудыг цуглуулах хэрэгтэй байсан юм.

-Хэрэв Унгерн 1921 оны хавар Монголд үлдсэн бол жижигхэн тоглоомын улс байгуулах боломжтой байсан уу?

-Яагаад үгүй гэж? Тэрээр Монголын улс төрийн элитэд багтаж байсан тул нутгийн иргэдийн дэмжлэгийг авч, цэргийнхээ байлдах чадварыг хадгалж үлдээд Зөвлөлт Орос ба Гоминданы Хятад хоёрын дунд нэлээд удаан тэсэх боломжтой байсан. Монголд одоо ч түүнийг эергээр дурсдаг. Манайд түүнийг элдвээр муулдаг бол монголчуудын хувьд түүний талаар сөрөг зүйл бараг байхгүй.

2015 онд Улаанбаатарын ойролцоо Түүхийн хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Унгерний музейг нээсэн. Энэ бол орон нутгийн төрийн бүрэн дэмжлэгтэйгээр Цагаантны хөдөлгөөний оролцогчийн дурсгалд зориулан өөр улсын нутаг дээр байгуулсан анхны музей юм. Бароны явуулж байсан дотоод зөрчлөөр дүүрэн үйл ажиллагаа бол Цагаантны хөдөлгөөн ба манай түүхийг нэг хэсэг.

-Роман Унгерний хувь тавилан адал явдалтай романтай адил юм. Тэрээр аажимдаа масс соёлын нэг үзэгдэл болж хувирч байна. Түүнийг яагаад ингэтэл нь домогжуулаад байна гэж бодож байна вэ?

-Дорно дахины шашны нууц урсгал, сонин содон зүйлсийг сонирхогчид л Унгерний гол шүтэн бишрэгчид. Барон Унгерн бол Цагаантны хөдөлгөөний нэг хэсэг хэдий ч түүний бэлэг тэмдэг бол биш юм. Цагаантны хөдөлгөөний бүх удирдагч нарын дундаас Унгерний дүр хамгийн ээдрээтэй, зөрчилтэй дүр байх.

-Унгернийг большевикууд буудаж алсан болохоор улс төрийн хэлмэгдүүлэлтийг хохирогч гэж цагаатгах боломжтой юу?

-Их ээдрээтэй асуудал. Албан ёсоор бол Унгернийг ёс бус авир гаргасан, харгислал үйлдсэн гэж шийтгээгүй харин Зөвлөлт засгийн эвлэршгүй дайсан гэдэг ялаар шийтгэж буудсан. Түүнийг Японтой холбоотой гэж буруутгасан нь бодит байдалтай огтхон ч үл нийцнэ. Япончууд Унгернтэй холбоотой байсан бол Япон улсын албан ёсны төлөөлөгч эсвэл тагнуулын гэдгээр ажиллаж байгаагүй. Гаднын оролцоо дээрээ тулбал түний дивизэд нэг негр хүртэл байлдаж байсан байдаг юм шүү. Гэхдээ бароныг ойлгож, зөвтгөх тун хэцүү. Тэр хүний нэрээр, өөрийнх нь шууд оролцоотойгоор харгислал үйлдэгдэж байсныг тооцож үзэх ёстой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 7 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 10 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 10 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана Өчигдөр
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо Өчигдөр
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр