​ӨРИЙГ УДИРДАХ НЬ ЧУХАЛ...



Монгол Улс л ганцаараа өртэй юм биш. Гол нь өр тавьж олж ирсэн мөнгөө юунд зарцуулж байна вэ гэдэг нь үндсэн сэдэв. Хөгжиж дэвшихэд хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Өр бол хөрөнгө оруулалт. Тиймээс ч өрийн менежмэнт, зарцуулалтын асуудал хамгийн чухал. Гадаад зах зээлд бонд гаргахдаа, гадны байгууллагуудаас мөнгө зээлэхээсээ өмнө чухам юу хийх гэж буйгаа, ямар төсөл хөтөлбөрүүдэд мөнгө зарцуулах гэж буйгаа, мөнгө зарцуулсан төсөл хөтөлбөрүүд нь хэзээнээс эргэн үр шимээ өгөх вэ, зээлийн эргэн төлөлтөд хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдгийг нэлээд өндөр магадлалтай тооцдог байх шаардлагатай аж. Манай тухайд бол тийм тооцоо төлөвлөгөө сэлтгүйгээр бондууд гаргасан явдал бий. Евро бонд, Чингис бонд гаргаж мөнгө олж ирэхдээ юу хийх гээд байгаагаа яг таг тодорхой болгоогүй байсан. Ямартаа л Хөгжлийн банк бондын мөнгөө хагас жил хаашаа хөдөлгөхөө мэдэхгүй, хоногийн 90 мянган ам.долларын хүү төлсөн гэж чичлүүлж байхав дээ. Тэгэхээр улстөрчид нь гадаад зах зээлээс улс орныхоо нэр сүрээр мөнгө босгож байгаа бол улстөржилтгүй, ухаалаг, холын хараатай зарцуулалтын асуудлыг нь ч бас давхар шийдэх ёстой юм. Сүүлийн хэдэн жилд дараалан гаргаж буй бондуудаас зарцуулалт нь тодорхой ганц л бонд байгаа нь Засгийн газраас гаргасан "Хуралдай" бонд болсон юм. Хуралдай бондын сураг гарах хүртэл Монгол Улс өрөө төлж чадах уу гэдэг анхаарал татсан асуулт хариу нэхэж байсан юм. Хэрэвзээ бид Евро бондын өрийн ард гарч чадахгүй бол ирэх 2018 онд төлөх Чингис бондын 500 сая ам.доллар, 2022 онд төлөх 1 тэрбум ам.долларын эргэн төлөлтийн асуудлууд улам ужигран хүндрэхэд хүрэх вий гэсэн сэрэмж бас дагаж байв. Эдгээр бондын мөнгөний зарцуулалт шүүмж дагуулдаг гэдгийг хэлэх хэрэгтэй.

Судалгаанаас харахад, манай улсын гадаад өр сүүлийн 5 жилд 3.2 дахин өсч, 2015 оны байдлаар 21.6 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Ингэж өсөхөд гадаад зах зээлд гаргасан бондууд үлэмж нөлөөлсөн нь тодорхой. Дашрамд тодотгоход, УИХ-аас 2015 онд баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт "улсын нийт гадаад өр"-ийг Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн харьяат бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүрэг гэж тодорхойлсон байдаг юм.

За тэгээд тухайн улсын Засгийн газар урьдчилан тохиролцсон гэрээний дагуу хүү, үндсэн төлбөрөө төлөхгүй байх тохиолдолд өрийн хямрал үүсэх нөхцөл бүрддэг гэдгийг гадны улс орнуудын жишээ харуулж ирсэн. Түүнчлэн энэ дашрамд, өрийн хямралын талаарх судалгааны мэдээллээс хүргэхэд анхны өрийн хямрал XVIII зууны үед гарч байсан бол орчин үед 1980-аад оны Латин америк, 2010 оны Европын улсуудад болсон гадаад өрийн хямрал томоохон жишээнд тооцогдож буй юм. Гадаад өрийн хямрал үүсгэх хүчин зүйл нь улс орон бүрийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг ч өрийн хямрал нь бусад төрлийн санхүүгийн хямрал үүсэх шалтгаан болдог байна. Тэгэхээр улс орон өрийн хямралт байдалд орохгүйн тулд өрийн зарцуулалтын асуудал дээр тун зөв хандах хэрэгтэйг дэлхийн улс орнуудын жишээ бидэнд харуулсаар байгаа юм.

Улс орнуудын өр нэмэгдэхийн хэрээр төсвийн бодлого хумигдаж, бодлогын орон зайгүй болж буй бөгөөд олон улс орнуудад сангийн бодлогын орон зай төсвийн өндөр алдагдал, өсөн нэмэгдэж буй төрийн өрөөс болж өрийн тогтвортой байдлыг хадгалахаар хичээж буй улс орнуудад хүртэл хязгаарлагдмал болсон талаар эдийн засагчид хэлж буй аж.

Гэхдээ өр гэдэг асуудлыг бүгд чичлээд байдаггүй. Өрийн талаарх судлаач, шинжээчдийн анхаарал татсан тодорхойлолтууд ч байна. "Нэг хүний өр өөр нэг хүний хөрөнгө болдог" гэж Антонио Фатас хэлсэн бол "Өр бол бидний өөрсдөөсөө зээлж буй мөнгө" хэмээн Паул Кругмэн хэлжээ. Тэгвэл "Төр ийм их хэмжээний өртэй удаан байж болохгүй. Төлөх чадвараасаа давсан өр нь эдийн засгийг аливаа шокоос хамгаалах дархлаагүй болгодог" гэсэн тодорхойлолт ч байгаа юм.

Тэгвэл манай судлаач Б.Эрдэнэбат "Бага орлоготой оронд өр өсөх нь хатуу арилжааны нөхцөлтэй зээл авах байдалд хүргэдэг, энэ төрлийн өрийн удирдлага нь макро эдийн засгийн бодлогыг хүндрүүлэхийн зэрэгцээ, улсын төлбөрийн чадвар нь түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамааралтай тохиолдолд улсын нийт эрсдэлийг нэмэгдүүлдэг, энэ нь улсын салбарт томоохон эрсдэл болохоор байна" гэсэн бол судлаач Ч.Энхбаяр "өрийн шатлалыг хурдтай өсгөх нь Монгол улсын зээлжих зэрэглэл болон өрийн дарамтад орох сөрөг нөлөөтэй, мөн богино хугацаанд өрийг нэмэгдүүлэх нь өрийн дарамт бодитойгоор тулгарах эрсдэлийг анхааруулсан байдаг. Эдгээр байр сууриудыг харахад аль аль нь л бодит нөхцөл байдалд ойр байгаа нь, ямар ч улс орны тухайд тодорхой хэмжээний ӨР тавих нь эдийн засгийн хувьд хэвийн үзэгдэл, гол нь өрийн зөв зарцуулалтын асуудал болоод эргэн төлөлт шийдэл байдаг гэдгийг харуулж байгаа юм.

ӨР БА ЗЭРЭГЛЭЛ

Өртэй зэрэгцүүлэн зайлшгүй ярих ёстой нэг асуудал бол зээлжих зэрэглэл юм. Тухайн улс орны төлбөрийн чадварыг зээлжих зэрэглэлээр төлөөлүүлэн авч үздэг ба зэрэглэл буурах нь зээлээ төлөхгүй байх магадлалыг нэмэгдүүлдэг гэж үздэг. Манай тухайд сонгуулийн өмнө төсвийн зардлыг огцом өсгөсөн, төгрөгийн ханш суларснаар Засгийн газрын гадаад өрийн ДБН-д эзлэх хэмжээ нэмэгдсэн, гадаад валютын албан нөөц буурсан, бондын эргэн төлөлтийг хэрхэн хийх нь тодорхойгүй байгаа зэрэг үндэслэлүүдээр үнэлгээний байгууллагуудаас тааруу мэдээ сонсоод байгаа. Рейтингээ өсгөхийн тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, уул уурхайн мега төслүүдээ эргэлтэд оруулах гэсэн хувилбарууд бий. Тэгвэл манай тухайд улстөр тогтвортой байгаа. Мега төслүүдийн тухайд энэ жил Гацууртаас бусад төслүүдээ эргэлтэд оруулахгүй гэж буй. Тэгэхээр энэ мэдээ зээлжих зэрэглэлийг тодорхойлохдоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэгддэг Стандарт энд Пүүрс, Мүүдис, Фич зэрэг байгууллагуудын чихэнд ямархуу байдлаар хүрэх нь вэ гэдэг асуудал байгаа.

Гэхдээ нэг зүйлийг тодотгоход, зэрэглэл тогтоогч эдгээр байгууллагуудаас гаргасан үнэлгээнд 100 хувь хөдөлгөөнгүй итгэх нь эрсдэл дагуулна гэдгийг 2009 оны хямралын үед дэлхий нийтээр харсан. Учир нь дампуурлаа зарлаж, хямралын шанг татсан Lehman Brothers зэрэг банкуудад тухайн үед үнэлгээний байгууллагууд ААА гэсэн дүн тавьж байсан байдаг.

Стандарт энд Пүүрс, Мүүдис, Фич зэрэг зэрэглэл тогтоох байгууллагууд нь өөр өөрийн аргачлалд тулгуурлан үнэлгээ өгдөг ба зэрэглэлийг ААА-D хүртэл үсгээр тэмдэглэдэг. А зэрэглэл нь төлбөрөө хугацаанд нь төлөх магадлал өндөр, эрсдэл багатай, В зэрэглэл нь төлбөрөө хугацаандаа төлөх нь эргэлзээтэй, эрсдэл ихтэй, С зэрэглэл нь төлбөрөө хугацаанд нь төлөх магадлал багатай, эрсдэл хамгийн их, D нь төлбөрөө төлж чадахгүйг илэрхийлдэг байна.

Манай улсын зээлжих зэрэглэлийг эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал нэмэгдсэн, өрийн хэмжээ өсч байгаагаас шалтгаалан S&P агентлаг 2015 оны 11 дүгээр сард "B+" зэрэглэлээс бууруулж "B", Moody's B2, Fitch "B" гэж тус тус үнэлж байсан. Харин 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Fitch агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B-ээс -B болгон бууруулсан. Үүнээс хэд хоногийн өмнө Moody's Монгол Улс болон, арилжааны 7 том банкны зээлжих зэрэглэлийг бууруулаад байдаг. Үнэлгээний байгууллагууд манай зэрэглэлийг ийн бууруулаад байгаа нь эдийн засаг дахь эрсдэлээ багасгахыг, хөрөнгө оруулалтыг илүү нэмэгдүүлэхийг биднээс шаардаж буй юм.

Э.Болор


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 45 минутын өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 1 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 3 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 3 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 4 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 17 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 19 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 20 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 20 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 21 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 22 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 22 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 23 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 23 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр