Г.Дамдинням: Дарханы замд олон хүн хохирсоор, сайд солигдох бүрт уучлаарай гээд өнгөрдөг байж болохгүй

О.Шүрэнцэцэг
2020/11/09

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн авто замыг өнөөдөр (өнгөрсөн баасан гарагт) түр нээлээ. Та УИХ-ын гишүүнээр сонгогдмогцоо уг замд онцгой анхаарна, салбарын сайдаас зууралдана гэж амлаж байсны хувьд энэ төслийн явц, түр нээсэн тухайд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Энэ чиглэлийн замыг таван багц хэсэгт хуваан гүйцэтгэж буйг уншигчид мэдэх байх. Хучилт хийхэд бэлэн болсон нэг, гурав, тавдугаар багц замын хөдөлгөөнийг нээлээ. Одоо байгаагаар нь буюу индүүдэж, тэгшилсэн замаар явуулж буй хэрэг. Арга ядсан юм хийж байна л даа. Ирэх хавар индүүдэж, бэхжүүлэх ажлыг дахиад хийнэ гэсэн үг. Зардлыг нь гүйцэтгэгч компани нь гаргана гэж хэлсэн гэсэн. Хоёр, дөрөвдүгээр багцынх нь ажлыг огт хийгээгүй. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт албан бичиг хүргүүлэхэд хучилт хийхэд бэлэн болчихсон нэг, гурав, тавдугаар багцын замын хөдөлгөөнийг энэ сарын 1 гэхэд нээгээд, хуччихсан байна гэсэн ч хэрэгжүүлээгүй. Ер нь энэ яамныхны үгэнд итгэхэд хэцүү болсон байна. Хойд бүсийн найман аймгийн хүн ам хэдэн зуун мянгад хүрнэ. Дээрээс нь энэ бол Монгол орны өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг, бизнесийн ихээхэн ач холбогдолтой зам. Улс хоорондын тээвэр ч хийдэг. Уг зам үндсэндээ хоёр жил “там” болсон. Сүүлдээ энэ ажлыг хөөцөлдөөд байхаар үглээ чавганц шиг болж байна л даа. Гэхдээ энэ бол миний хийх ёстой ажил. Хэн нэгэн хүн шахаж шаардах ёстой. Би тойрог руугаа байнга явдаг. Миний хувьд амьд оччих юм сан гэж бодож л машиндаа суудаг. Ер нь энэ бүтээн байгуулалтад анхнаасаа маш буруу зохион байгуулалттай ажилласан. Энэ бол салбарын яамны ажил муу байгаагийнх. Одоогийн сайд, дэд сайд нар өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамандаа багагүй хуга­цаанд ажилласан хүмүүс.  Дарханы  замын нөхцөл, байдлыг маш сайн мэдэж байгаа. Шинэ удирдлага гээд дуугүй яваад байхаар бас худлаа яриад байх юм.   

-Анхнаасаа муу зохион байгуулсан гэлээ. Огт ажил хийгээгүй хоёр, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгчийг шинээр шалгаруулах гэж буй байх аа?

-Энэ  хоёр багц замын ажлыг  гүйцэтгүүлэхээр Хятадын Шинжааны компанийг шалгаруулсан байдаг. 200 гаруй км зам тавихаас бараг тал ажлыг нь нэг компаниар гүйцэтгүүлэхээр ЗТХЯ сонгосон. Тэр нь авто замын барилгын чиглэлээр нэг ч ажил хийж байгаагүй, хөрөнгө хүч, технник, технологи, ажиллах хүчгүй компани. Үүнийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хэлсэн. Шинжаан Уйгурын бүс нутгаас (Хятадаас) гадна үйл ажиллагаа явуулахын тулд төв Засгийн газраасаа зөвшөөрөл авдаг юм байна. Зөвшөөрлөө авах гээд хөөцөлдөж байхад нь коронавирус дэгдчихэж. Тус компанийнхан бүх буруугаа коронавирус рүү чихээд, ажлаа хийхгүй хаяад алга болчихсон. Ингээд үндсэндээ нэг жил гаруй болсон. Монголын талаас гэрээг нь цуцалчихъя гэхээр тендерээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гээд Засгийн газар торгууль төлөх болж магадгүй байв. Нөгөө компани олон улсын арбитрын шүүхэд хандвал дөрөв, таван жил ч үргэлжилж, замын ажил гацаж болзошгүй байлаа. Тиймээс ганц үлдсэн арга нь тэр компанийг өөрсдийг нь гүйцэтгэгчээр ажиллуулахыг болиулах байсан юм. Бид БНХАУ-ын Элчин сайд, төслийн санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк, ЗТХЯ-ны гээд уулзвал зохих бүх төлөөлөлтэй уулзсан. Төр, засгийн шугамаар ярьсаар тэр компанийг энэ ажлыг гүйцэтгэхийг өөрсдөөр нь болиулсан. Одоо тендерт шалгаруулсныг цуцлах ажлыг хийж байна. Хоёр, дөрөвдүгээр багцын замыг барих компанийг шалгаруулах тендерийг энэ өвөл зарлаад, ирэх гуравдугаар сар гэхэд гүйцэтгэгчийг сонгож, улмаар намар нь замын ажлыг дуусгах юм. Одоо гайгүй компани шалгаруулаасай гэж залбирах л үлдэж байна, бараг. Нөгөө талд нь нэг, гурав, тавдугаар багц замыг хуччихсан, ирэх хавар нэмж хучих ёстой байсан. Гэтэл хучаагүй замыг олны шахалтаар арга буюу хөдөлгөөнийг нь нээлээ. Ирэх хавар таван см доошоо сууна. Дээд талынх нь бэхэлгээ, хатуулаг байхгүй болно. Дээр дурдсанчлан нөхөж, индүүдсэнийхээ дараа хучилт хийж байж нэг, гурав, тадугаар багцын замыг тавьж дуусна. Тэгэхээр ирэх жилийн арваннэгдүгээр сард буюу яг өдийд нэг урсгал нь ямар ч байсан дуусах юм шиг байгаа юм.

Иргэд “Хэзээ энэ замыг нээх юм бэ. Хоёр жил тамаллаа” гэж асуудаг. Дархан-Уулын замд хэдэн хүн хохирч, хэр хэмжээний зардал гарсан талаар даатгалын компаниуд руу хандаж лавлахад 450 гаруй хүн 500 орчим сая төгрөгийн нөхөн төлбөр авсан гэсэн дүн гарсан. Шүүх, прокурор, цагдаа, даатгалын байгууллагуудаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон хүмүүсийн тоог тодруулж байна. Ингэж харахад хохирлын дүр зураг гарч ирнэ. Иргэдийн хохирлыг барагдуулах ёстой. Уучлаарай гээд өнгөрдөг, салбарын сайд нь солигдоод л асуудлыг мартдаг байж болохгүй. Дээрх дүн бол зөвхөн бодит хохирол. Өөрөөр хэлбэл, дугуй, шил нь хагарсан, машин нь гэмтсэн зэрэг л гэсэн үг. Гэтэл даатгал төлдөггүй хэчнээн хүн байгаа билээ. Өмнө нь 2.5 цаг явдаг байсан бол энэ тоо найм болсон. Шороон дотор тэмтчиж, бэдэрч явж хүрдэг учраас аргагүй. Гурав хүрэхгүй цаг явдаг байсан бол 2.5 дахин удаан туулна гэхээр 2.5 дахин их шатахуун зарцуулна. Дээрээс нь бараа эргэлтийн хурд удааширна гээд эдийн засагт олон сөрөг талтай.

-Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр барих замын талаар танд мэдээлэл байна уу. Ер нь энэ чиглэлийн замыг хэзээ барьж дуусгана гэж хэлсэн бэ?

-Тус банкны санхүүжилтээр барих хоёр урсгал авто замын тендерт таван компани шалгарсан. Ирэх хавраас ажил нь эхэлнэ. ЗТХЯ-ныхан 2022 оны эцэс гэхэд хоёр урсгалтай, дөрвөн эгнээ зам ашиглалтад оруулна гэж буй. Үүнд би итгэхгүй байгаа. Энэ хугацаанаас сунах болов уу. Бодит хугацаагаа хэлэх ёстой байхгүй юу, яамныхан. Хүмүүс ажил, амьдралаа төлөвлөмөөр байна  шүү дээ.

ТЭГШ БУС БАЙДЛЫГ АРИЛГАХАД КЭМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР НӨЛӨӨЛНӨ

-Та боловсрол, уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны чиглэлд анхаарч буй. Боловсролын чиглэлээр багагүй дуугарч байгаа харагддаг. Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуулийн тоог нэмэх ажил хэр ахицтай байгаа вэ?

-Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулийг олон болгоё гэхэд хүмүүс нэрэн дээр нь л “ажиллаад” байгаа. Уг нь бид олон улсад өрсөлдөх чадвартай сургалтын хөтөлбөрийг нутагшуулах асуудлыг л яриад буй юм. Ялангуяа хувийн сургуультай хүмүүс эсэргүүцэж байгаа. Явж явж энэ боловсролын асуудал бол нийгмийн тэгш бус байдлыг арилгах тухай л ярьж байгаа шүү дээ. 120 сая төгрөгийн төлбөртэй ху­вийн, Кэмбрижийн хөтөлбөртэй сургууль төгссөн хүүхэдтэй Дарханы Толгойтын улсын дунд сургууль дүүргэсэн сурагч яаж өрсөлдөх юм бэ. Боломжгүй шүү дээ. Гарааны цэг нь хэт ялгаатай учраас тэр. Энэ олон улсын хөтөл­бөрийг Монголд хэрэгжүүлсэн туршлага бий. “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл”, “Шинэ эхлэл” гэсэн гур­ван сургууль сүүлийн 10 жил Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэж байна. Ийм сургуулиудыг яагаад олон болгож болохгүй гэж. Олон улсад олон улсын бакалавр (IB), Кэмбрижийн гэсэн хоёр хөтөлбөр байдаг. Олон улсын бакалавраар суралцах хөтөлбөрт үндэсний онцлогийг тусгадаггүй, хатуу байдаг. Тэгвэл Кэмбрижийн хувьд сургалтын 30 хувьд нь үндэсний контент оруулж болдог, дэлхийн олон оронд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр.

Боловсролын тэгш бус байдлаас ашиг олж, бизнес хийж буй хэсэг бүлэг хүн “колончлолын, ашгийн төлөө хөтөлбөр” гэх мэтээр ярьж байгаа. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Малоун “Энэ бол ташаа мэдээлэл. Нэгдүгээрт, Кэмбрижийн хөтөлбөр ашгийн бус. Хоёрдугаарт, колончлолын ямар ч үзэл баримтлал байхгүй. Гуравдугаарт, улс орнуудын боловсролыг чанаржуулах чиглэлд л ажилладаг” гэж тодорхой хэлсэн. Улсын хэмжээнд Кэмбрижийн стандарттай сургуулийг эхний ээлжид арваар (таван дүүрэг, таван айм­гийн) нэмнэ. Манай үндэсний хөтөлбөр бенчмарк буюу стандартаас доогуур байгааг дүйцүүлэх тухай яриад буй болохоос үндэсний хөтөлбөрөө тэр чигт нь Кэмбрижийнх болгоно гэж хэн ч хэлээгүй. Би эгэл жирийн айлын хүүхэд. Аав маань жолооч, ээж минь тогооч. Намайг өдий зэрэгт хүргэсэн зүйл бол боловсрол. Энэ боломжийг олон хүүхдэд нээчих юм сан гэж боддог. Гарааны тэгш бус нөхцөлөөс гарсан хүүхдүүд ямар их бэрхшээл туулдгийг би биеэрээ туулсан. 

Кэмбрижийн сургалттай гурван сургуулийн сурагчдын 85 хувь нь бага болон дунд орлоготой айлын хүүхдүүд. Төгсөгчдийнх нь 75 хувь нь дэлхийн шилдэг их, дээд сургуульд шууд элсэж байна. Монголын төрөөс эдгээрийн нэг сургуульд нь 10 жилийн хугацаанд 7.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Тэгвэл зөвхөн нэг сургуулийнх нь төгсөгчдийн гадаадаас авсан тэтгэлгийн дүн 14 тэрбумд хүрсэн. Тэд Монголд эргэж ирнэ, бизнес эрхэлж, ажлын байр бий болгоно, татвар төлнө, улс орныхоо хөгжилд мэдлэг, боловсролоо зориулна. Гадаадад төгссөн суралцагсдынх нь 75 хувь эргэж ирсэн дүн гарсан байна лээ. Энэ хөтөлбөрөөр сургахад өндөр зардалтай гэж ярьдаг нь өрөөсгөл. Зарим орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудынхаас ч бага зардалтай.

-Энэ талаар илүү тодруулна уу.

-“Шинэ эрин” сургуулийн нэг хүүхдэд Мон­голын төрөөс жилд 2.8 сая төгрөгийн хувьсах зардал гаргаж байна. “Шинэ эхлэл” сургуулийн хувьд энэ тоо 3.5, “Монгол тэмүүлэл” сургуульд 2.9 сая төгрөг байна. Тэгвэл Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд 1.25, Архангай аймгийн Их тамир сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд хоёр сая төгрөгийн зардал гаргаж байгаа. Хол аймгийн, дотуур байртай сургуулийн нэг сурагчид гаргах зардал дөрвөн сая төгрөгт ч хүрдэг. Ер нь уг зөрүү багшийн цалин хөлсөн дээр л гардаг. Хос хэлний буюу олон улсын хөтөлбөртэй сургуульд хичээл зааж байгаа багшид ердийн сургуулийнхаас 1.5 дахин өндөр цалин өгдөг. Хүмүүстэй уулзахаар “Боловсролын чанарыг сайжруулж, багш нарын цалинг нэм” гэдэг. Энэ хоёрыг хоёуланг нь Кэмбрижийн хөтөлбөртэй сургуульд шийдэж байгаа байхгүй юу. Тодруулбал, боловсролын чанарыг олон улсын түвшинд хүргэж, багшийн цалинг нэмж байна. Гарц нь энэ мөн үү гэвэл тийм. Одоо бид дэлхийн хаана явж байгаагаа мэдэх ёстой. Ирэх жилийн улсын төсөвт үүнд мөнгө тусгахаар байгаа. Нэгдүгээрт, Кэмбрижийн буюу олон улсын стандартын сургалтыг хүүхдүүд онлайнаар авдаг болно. Хоёрдугаарт, олон улсын PISA-гийн буюу дэлхийн ерөнхий боловсролын зэрэглэл тогтоодог шалгалтад орох бэлтгэлээ Монгол Улс хангаж эхэлнэ.

Монголд хувийн 140 гаруй сургууль бий. Тэдгээр сургууль татвар төлдөггүй, төрийн бус байгууллагын бүртгэлтэй, боловсролын тэгш бус байдлаар бизнес хийдэг. Сурагчдаас төлбөр авна, газрын төлбөр төлдөггүй, улсаас ирэх жил 35 тэрбум төгрөгийг хүүхдийн хувьсах зардал гэж авна. Бас “Үдийн цай” хөтөлбөрөөр таван тэрбум төгрөг авдаг. Ингээд жил бүр 40 тэрбум төгрөг авч байна. Боловсролын энэ тэгш бус байдал дээр хориг тавих гэхээр эсэргүүцэж байна л даа. Сургалтын төлбөр нь жилд 10-120 сая төгрөг. Бид хоёр зүйлийг л ярьж байгаа. Улсаас хүүхдийн хувьсах зардал авч буй бол төл­бөрөө төртэй тохирч байж тогтоо, үгүй бол дураараа тогтоо, харин төрөөс хувьсах зардал өгөхгүй гэж байгаа юм. Бид либерал, шинэ үеийн хүмүүс. Бизнесийг дэмжинэ. Хувийн сургууль байх ёстой юу гэвэл тийм. Гэхдээ та нар төрөөс битгий мөнгө ав, ашиг олж буй бол түүнээсээ татвар төл гэж байгаа л хэрэг.

-“Ковид-19” дэгдсэн, эдийн засаг хүнд байгаа үед Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэггүй гэж зарим хүн ярьж буй нь өрөөсгөл юм байна, тийм үү?

-Японы Хирошимад бөмбөг дэлбэрснээс долоо хоногийн дараа нурчихсан барилгын үүдэнд самбар тавиад багш хүүхдүүдэд хичээл зааж байгаа зургийг сошиал дээр тавиад “Боловсролыг шүтсэн ард түмэн ийм болдог юм, хар даа” гээд бүгд уйлцгаадаг, тийм биз. Үнэхээр л тийм юм бол бид ямар ч үед боловсролд хөрөнгө оруулах ёстой. Энэ бол бидний хөгжлийн суурь. Боловсролтой хүмүүс л Монголыг хөгжүүлнэ. Монголд боловсрол эзэмшсэн хүн олон улсад өрсөлдөж чаддаг байх ёстой. 

-10 сургуулийг ийм хөтөлбөртэй болгоход зардал ямар байх вэ?

-Төсвийн төсөлд 5.6 тэрбум төгрөг тусгаад байгаа. Багш нараа бэлдэнэ, хөтөлбөрийнхөө зөрүүг судлах шаардлагатай. Одоо бидэнд турш­лага судлах гурван сургууль бийг дээр өгүүлсэн. Тэдгээрээсээ “хуулаад” л тавиад байна шүү дээ. Хичээлийн байрууд, хүүхдүүдийн бэлтгэл гээд хийх ажил их бий.

-Дээр дурдсан Кэмбрижийн хөтөл­бөр­тэй гурван сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд хэр олон байдаг бол?

-100 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 2000, 8000, заримдаа 15 000 сурагч өрсөлддөг. Үнэтэй сургуулиуд яагаад байгаад байгааг хэлэх үү. Аав, ээжүүд баян, мөнгөө багтааж ядсандаа хүүхдийнхээ сургуульд тийм өндөр төлбөр төлдөггүй. Хүүхдээ өөрөөс нь илүү сайн боловсрол эзэмшээсэй гэсэндээ зах дээр зогсож олсон мөнгөө аваачиж төлдөг юм. 

-Боловсролын чиглэлээр өөр юунд анхаарч байна вэ?

-Энэ сард багтаад улс орон даяар боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлттэй хол­боотой хэлэлцүүлэг өрнүүлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооныхон үүн дээр ажиллаж байгаа. Нэг гишүүн хоёр аймагт очиж ажиллана. Дээд боловсролын, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг хэлэлцэхээр байгаа. Залуу гишүүд бид үр дүнгүй санхүүжилт олгодгийг больё гэсэн байр суурьтай байгаа. Манайд Шинжлэх ухааны академи гээд тусдаа нэг байгууллага бий. Их сургууль гээд нэг байгууллага байна. Эдгээрийн хооронд уялдаа холбоо байдаггүй. Их сургууль оюутнуудын сургалтын төлбөрөөр санхүүжиж, үйл ажиллагаа явуулдаг, ШУА улсын төсвөөс санхүүждэг. ШУА-д хийсэн судалгаа их сургуулийн сургалтад “орж ирдэггүй”, бизнес болдоггүй. Манайд судалгааны их сургуультай болно гэж олон жил ярьсан. Инновац, технологийг дэмжинэ гэж бас л олон жил ярилаа. Их сургуулиудад мастер, докторын зэрэг хамгаалсан хүмүүсийн судалгааг ШУА-иас хийж буй судалгаатай холбох ёстой. Ингэж байж чанар бий болно. Тэгэхээр их, дээд сургуулиуд, ШУА-ийнхан уулздаг, хамтардаг, мэдлэгээ хэрэглээнд нэвтрүүлдэг, түүнд нь зориулж санхүүжилт өгдөг өөрчлөлт хийхээр зорьж байгаа.

УУЛ УУРХАЙН КОМПАНИУД НИЙГМИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД АНХААРАХ ЁСТОЙ

-Та Бритиш Колумбын их сургуульд уул уурхай, засаглалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо докторын зэрэг хамгаалах гэж буй. Уул уурхайн хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үздэг үү?

-Энэ намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ. Үүнд  нэлээд идэвх, санаачилгатай оролцоно. Дэлхийн хамгийн супер гүрнүүд ч уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татахаар өрсөлддөг. Жишээ нь, Хятадад мөнгө байгаа ч олон улсын санхүүгийн байгууллагаас зээл авч, хөрөнгө оруулалт татдаг. Тэр мөнгийг дагаад чадвар, туршлага, мэдлэг, засаглах чадвар “орж ирдэг” учраас тэр. Бидэнд ч хөрөнгө оруулалт хэрэгтэй. Манай эдийн засаг уул уурхайгаас маш их хамааралтай, аялал жуулчлал хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа хийх, Азийн бар болох гээд юу байдаг юм мэдэхгүй, энэ бүгдийг хэрэгжүүлэхэд мөнгө шаард­лагатай. Тэр мөнгийг эхний ээлжид уул уурхайгаас л олно гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Өөр зүйлээр биднийг тоохгүй. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд хөрөнгөө оруулаад ирчихсэн хүмүүсийг хамгаалах ёстой, нэгдүгээрт. Хоёрдугаарт, хамгаалж байна гээд тэдэнд шулуулдаг байдлыг болих ёстой. Уул уурхайн салбарт төр, иргэд, компани гэсэн гурван тал оролцдог. Төр нь хэт давуу байхаар авлига дийлдэхээ байчихдаг. Иргэдийг хэт давамгай болгочихвол нэг ч төсөл нь ахидаггүй, ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, гудамжны жагсаал өрнөж, хөрөнгө оруулагчид зугтдаг. Компаниудыг нь давамгай болгочихоор тухайн улс орныг шулаад, сороод алга болчихдог. Тэгэхээр тэнцвэрийг нь олох ёстой.

Дэлхийн уул уурхайд нийгмийн зөвшөөрөл (social license to operate) гэдэг ойлголт бий болсон. Үүнийг Ашигт малтмалын тухай хуульд тод болгох ёстой. Нийгмийн зөвшөөрөл авна гэдэг нь тухайн компанийн, тухайн салбарын нэр хүндийн асуудал байдаг. Сүүлийн 10 гаруй жилд уул уурхайн компаниудын хувьд хамгийн эхний, том эрсдэл нь нийгмийн асуудал болж хувирсан. Өөрөөр хэлбэл, resource nationalism буюу үндсэрхэх үзлээс сэргийлэх болж хувирсан хэрэг. Өмнө нь технологи, мөнгө хамгийн том асуудал болдог байлаа. Канад, Австралид уул уурхай амжилттай хөгжсөн гол түлхүүр нь олон нийттэйгээ ойлголцож, урагшилж чадсан явдал.

-Манайд гадаадын хөрөнгө оруулалттай зарим компани иргэдтэй уулзъя, хэрэгжүүлэх шаардлагатай төсөл юуг байгааг ярилцъя гэхэд очдоггүй атлаа юу ч хийдэггүй гэж ярьдаг, эсэргүүцдэг иргэд байдаг юм билээ.

-Ганц манай улсад ийм зүйл тохиолддоггүй. Уул уурхайн төсөл хэрэгжүүлснээр тухайн иргэнд ямар ач холбогдолтойг нутгийн иргэн бүрт, айл бүрээр орж ойлгуулж байж үүнийг давдаг. Энэ бол компанийн хийх ёстой ажил. Увс аймагт Канадын нэг компани нэлээд хэдэн жилийн өмнө орж ирсэн байдаг. Бас л бөөн эсэргүүцэл үүссэн ч тэдэнтэй ойлголцсоноор сумын иргэдээс санал авахад 70 гаруй хувь нь тухайн компанийг дэмжсэн байдаг. “Уул уурхайтай холбоотой бүх асуудал явж явж уул уурхайнх биш байдаг” гэсэн шог үг бий. Нэгдүгээрт, уул уурхай­гаас мөнгө олох ёстой. Энэ явцад хамгийн их асуудал үүсдэг нь байгаль орчных байдаг. Үүнийг техник, технологиор шийдэж болдог. Хоёр­дугаарт, нийгмийн асуудал тулгардгийг томоохон төсөл хэрэгжүүлэгчид шийдээд явж байна. Тэгвэл хамгийн том буюу учирч буй бэрхшээлийг хувьчилж үзвэл тал буюу 50 хувь нь орж ирсэн орлогыг зарцуулах тухай байдаг. Тухайн газар оронд бүтээгдэхүүн олборлож, компани татвар төлөөд, тэр нь нутгийн иргэдэд хүртээмжгүй байвал уурлах нь мэдээж.

Аймгийн ИТХ-ын, нэг намын арван хэдхэн хүн сууж байгаад “Оюутолгой” төслөөс жилд өгч буй зургаан тэрбум төгрөгийг (АМНАТ-ийн ногдох хувь нь л гээд бодоход) зарцуулна. Тэдэнд хөгжлийн төлөвлөгөөний тухай ойлголт хангалттай байгаа, эсэхийг мэдэхгүй. Тэгэхээр тэднийг чадваржуулах асуудлыг ярих хэрэгтэй болно. Компаниуд гомдоллох хэрэггүй. Иргэдтэйгээ цуг хөгж. Сурга, ойлгуул, ажлын байрара ханга, үйлдвэрлэгч болго. Өөрийнхөө ханган нийлүүлэгч болгож бойжуул. Мэдээлэлтэй болго, мэдээлэлтэй ажиллаж сурга. Нийгмийн зөвшөөрөл авахын тулд компани үүнийг заавал хийх хэрэгтэй болно. Мөн ил тод байх хэрэгтэй. “Манайх төчнөөн төгрөг төлсөн шүү. Та нар араас нь хөөцөлдөөрэй” гэдэг байх ёстой. Ингэж байж бизнес нь “явна”. Энэ чиглэлийн бодлогыг Ашигт малтмалын тухай хуульд тусгая гэсэн бодолтой байгаа.

-Манайд хайгуул хийж буй цөөн хэдэн компани байгаа. Тэд яаж хохирч байгаа гэж та үзэж байна вэ?

-Хамгийн эхэнд цаг хугацаагаар хохирч байна. Нэг лиценз авлаа гэхэд үүдэн дээр нь хэдэн нөхөр очиж зогсоод, эсэргүүцдэг тохиолдол гардаг. Гэтэл алдагдсан боломжийн өртөг гэж ойлголт бий. Күинслэнд, Харвардын их сургууль хамтран 2017 онд хийсэн судалгаагаар Австралид уул уурхайн зарим төслийн үйл ажиллагаа нэг өдөр зогсоход 50 сая долларын алдагдал хүлээдэг гэсэн дүн гарсан. Киргизийн Кумторын орд ганцхан замаар өгсдөг. Түүнийг нь дурын нэг хүн очоод зогсоочихдог. Ийм байж болохгүй.  Тиймээс уул уурхайн бүх үе шатанд иргэд өөрсдөө бизнес хийж, хөрөнгө оруулагчид, компаниуд, төр, засагтайгаа хамтарч ажиллаж сурахад анхаарах ёстой. Зүгээр сууж байгаад компаниудыг дарамтлаад юм уу, эсвэл төрийн халамжийн мөнгөөр амьдарна гэж харж болохгүй.

Эх сурвалж: Өнөөдөр сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Гантөмөр: МАН одоо боль... 14 минутын өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 17 минутын өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 21 минутын өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 1 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 1 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 2 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 3 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 3 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 4 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 4 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 4 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 5 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 5 цагийн өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 5 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 5 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 6 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 19 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 20 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 21 цагийн өмнө