Ч.Эрдэнэдалай: Би банкуудтай ганцаараа өрсөлдөж байна

М.Төгөлдөр
2021/04/15

Алтан Бумба Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ын дарга, шинжээч Ч.Эрдэнэдалайтай уншигч та бүхнийг уулзуулж байна. Тэрбээр Калифорнийн их сургуулийг эдийн засгийн бакалавраар, Английн Засгийн газрын Chevening тэтгэлгээр Лондонгийн их сургуулийг Санхүүгийн шинжлэх ухааны магистраар төгссөн. Англи хэлтэй хоёр их гүрэнд санхүүчийн мэргэжил эзэмшин, санхүүгийн зах зээлд байр сууриа эзэлж буй Ч.Эрдэнэдалайгийн ярьсан зүйл надад сонирхолтой байсныг дурдах нь зүйтэй болов уу.

-Алтан Бумба Санхүүгийн Нэгдлийг үүсгэн байгуулахаас өмнө та хэн байсан бэ?
-Би багадаа Майкл Дугласын тоглосон "Wall street" киног үзээд сэтгэл хөдөлж, ирээдүйд санхүүч болно гэж шууд шийдсэн. Тэгээд АНУ-ын топ их сургуулиудын нэг болох Калифорнийн их сургуульд азаар тэнцэж, арай гэж төгссөн.
Алтан Бумба Санхүүгийн Нэгдлийг байгуулахын өмнөх жилүүдэд би Японы хөрөнгө оруулалттай "Frontier Securities" компанид шинжээчээр ажиллаж байсан. Тэр үед Bloomberg, Reuters гэх мэт олон улсын томоохон агентлагууд миний судалгаа шинжилгээний тайлангуудаас багагүй иш татаж дэлхий дахинаа мэдээлдэг байлаа. 
2017 онд би Б.Бат-Эрдэнэ гэх СЭЗИС-ийг төгссөн залуу санхүүчтэй хамтарч энэхүү санхүүгийн нэгдлээ ТҮЦ шиг жижиг газарт үүсгэн байгуулсан. 
-Хүмүүс таныг 9911 дугаараар андахгүй. Анх яагаад 9911 дугаараар бизнес эрхэлье гэж шийдсэн бэ?
-Лондонд магистр хамгаалж ирчхээд банкуудад олон улсын хэмжээний мэргэжлээрээ ажиллая гэж хандсан боловч тэд намайг тоосонгүй. Тэгээд л өөрөө хувиараа бизнес хийхээр зориг шулуудсан. Фэйсбүүк дээр зар тавьж, "Начин заан"-аас сарын 5 хувьтай үнэт эдлэл барьцаалсан зээлийг хүүг нь бууруулж шилжүүлж эхэлсэн. Үүнийг англиар "Refinancing" буюу зээлийг дахин санхүүжүүлэх гэж нэрлэдэг. Бэлэн мөнгөө халааслаад таксинд сууж “Начин заан”-ы бүх салбаруудаар хөөгдөн туугдан явдаг байлаа (инээв). Нэг нартай өдөр азаар 9911-ийн шуурхай зээлийн бизнес рүү орсон. Тухайн үедээ би олонд танигдсан шинжээч, эдийн засагч байсан тул банкны хадгаламжаас хоёр дахин өндөр хүү өгөх замаар иргэдээс мөнгө зээлдэг байлаа. Ингэж санхүүгийн салбарт идэвхтэй шинэчлэл хийж, өнөөдрийн байдлаар манай санхүүгийн нэгдлийн нийт хөрөнгө 16,6 тэрбум төгрөг хүрсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би иргэдтэй нийт 50 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Монголчууд намайг 9911 дугаарын үнийг өсгөсөн гэдгээр мэддэг. Сүүлдээ би ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.
-Зээлийн үйлчилгээгээр өрсөлдөхөд нэг бол зээлийн үнэлгээг нэмэх, эсвэл хүүг бууруулах замаар ямар нэгэн үнэ цэнэтэй үйлчилгээг санаачилж байж хэрэглэгчдийн анхаарлыг татна. Танай байгууллагын хувьд бусад санхүүгийн байгууллагуудаас юугаараа ялгарч гарч ирсэн бэ?
-2017 оноос өмнө би 9911 дугаарын үнэ цэнийг төдийлөн сайн мэддэггүй байлаа. Юутай ч анх 2000 онд “Бичил глобус” ББСБ 9911 дугаарыг нэг сая төгрөгөөр үнэлж зээл олгож эхэлсэн гэж сонссон. 2017 онд “Сайн” ломбард 9911 дугаарыг барьцаалж сарын 6 хувийн хүүтэй 6 сая хүртэлх төгрөгийн зээл гаргадаг байсан юм. Харин бид зориглож, 9911 дугаарын барьцаалсан зээлийг найман саяар гаргахаар болсон. Өнөөдөр буюу 4 жилийн дараа тус зээлийг 40 сая төгрөгөөр гаргаж байна. Зээл олгохоос гадна зээлдэгч жижиг дунд бизнес эрхлэгчдийгээ амжилтад хүргэж, "кэйрлэх" нь хамгийн чухал. Үүн дээр сүүлийн үед их төвлөрч байна. 
Зээлийг хэн ч олгож чадна, сэтгүүлч чи ч чадна. Харин бизнес эрхлэгчидтэйгээ олон жил хамтарч ажиллаж, тэр хүнийг зовсон үед нь түшиж, зовлон жаргалыг нь хамт хуваалцаж амжилтад хүргэх ёстой. Зээлээ хаагаад явсан ч эргээд миний бизнесийн түнш болоход би хамгаас баяртайгаар угтдаг.
-Энэ бизнесийг эрхлэхийн сайн ба бэрхшээлтэй талуудаас хуваалцаач. 
-Цаг хугацаа өнгөрөх хэрээр би 9911 дугаарыг жинхэнэ нэр төрийн дижитал хөрөнгө гэдгийг олж харсан. Өнөөдөр Монголд орон сууц, хашаа байшин, автомашин, үнэт эдлэл, 9911 гэх мэт таван хөрөнгийг л барьцаалах боломжтой. Энэ цөөн хөрөнгөнүүдийн нэгээр 9911 дугаар шалгарч чадсан. Netcapital, Invescore гэх мэт томоохон ББСБ-ууд ч үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. 
Бэрхшээлтэй талын хувьд гэвэл улсын хөгжилтэй шууд холбоотой. Ард иргэдийн дийлэнх нь өртэй, амьжиргааны түвшин доогуур байна. Тэр ч утгаараа атаархал, бухимдал, стресс ихтэй. Иргэдийн зарим нь банк санхүүгийн салбарынхныг мөнгө хүүлэгчид гэж үздэг. Тиймээс иргэдийн итгэлийг олж авах амаргүй. Хэдий тийм ч би монголчуудыг сүүлийн 30 жилд чамлахааргүй сайн хөгжилд хүрсэн гэж боддог. Гэр хорооллоор гүйж байхад бараг айл бүр л приустэй байна. Магадгүй бид хэт их ардчилалтай улс орон ч цаг хугацаа өнгөрөх хэрээр нийгэм маань харьцангуй зөв сайхан болж эхэлж буй. Би хувьдаа Монголд бизнес хийхэд дэлхийд хамгийн боломж ихтэй орон гэж боддог. Юм хийе гэвэл хаана л бол хаана боломж байна. Энэ нийгэмд би хэрэгтэй зүйлийг хийж байгаа учраас байр сууриа эзэлж байгаа гэж боддог. 
-9911 дугаарын зах зээлийн үнэлгээ одоо хэд байна вэ?
-Дөрвөн жилийн өмнө 9911 дугаар 13 сая төгрөг байсан бол өнөөдөр энгийн дугаар нь 65 сая төгрөг орчим байна. Алтан дугаарын дээд үнэ нь нэг тэрбум төгрөг хүрсэн. Цаашид энэ үнэ улам бүр өснө. Мэдээж энэ өсөлтийг би шийдэхгүй. Үүнийг зах зээлийн эрэлт нийлүүлэлт шийднэ. Энэ бол сонгодог зах зээл мөнөөс мөн.
Өнөөдөр зах зээлд 10 мянган ширхэг 9911 гэх органик койн байна. 9911 дугаарыг үнэтэй болго гэж ямар ч дарга үүрэгдээгүй, хэн ч ямар ч програм бичээгүй. Үүнийг Мобиком ч төсөөлөөгүй. 9911 бол зах зээлийн жамаар органикаар үнэ нь өссөн нэр төрийн дижитал хөрөнгө мөн. 

-Яг л биткойн шиг үү?
-Тийм, гэхдээ биткойн шиг савалгаагүй. Үнэ цэнэтэй дугаарын хэрэглэгчид өөрсдийнхөө нэр төрд хөрөнгө оруулж байна гэсэн үг. Дийлэнх 9911 дугаарын хэрэглэгчдэд дугаараа зарах санхүүгийн шаардлага байхгүй. Учир нь тэд нийгэмд байр сууриа эзэлсэн амжилттай яваа бизнесменүүд юм. Жишээ нь би өөрийнхөө 99114321 дугаарыг хоёр жилийн өмнө 24 сая төгрөгөөр авсан. Одоо энэ дугаарын зах зээлийн ханш 80-90 сая төгрөг байна.
-Та тэгээд дугаараа 80-90 сая төгрөгөөр зарахгүй гэж үү?
-Үгүй ээ. Магадгүй 250 саяас дээш төгрөгөөр худалдаж авъя гэвэл бодож үзнэ. Ихэнх 9911 хэрэглэгчид надтай адил бодолтой байгаа байх. Тийм учраас л үнэ нь өсөж байгаа юм. Нөгөө талаас 9911 дугаарууд үнэгүй болсон ч би дугаараа зарахгүй. Энэ дугаар бол миний брэнд болсон. Би ойрын 10 жилд огт зарахгүй, энэ хугацаанд зарах боломжгүй байсан ч эдлээд явахад сэтгэл ханамж өгөх тийм л хөрөнгийг худалдаж авдаг хөрөнгө оруулагч. Миний бүх хөрөнгөнүүд тийм. Би авсан байрандаа 10 жил амьдарсан ч, Ланд 200-гаа 10 жил унасан ч би "хаппи" байна. 99114321 бол миний шилдэг хөрөнгө оруулалт мөнөөс мөн.
-Сүүлийн үед манай улсад интернет хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор утсаар ярих хүн багассан. Тиймдээ ч үүрэн холбооны салбар хумигдана гэж олон хүн ярьдаг.
-Монголын үүрэн холбооны салбар нь хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг хангаж гайхамшигтай амжилтыг үзүүлсэн. Улсын хэмжээнд таван сая дугаар байна. Өөрөөр хэлбэл, нэг хүнд бараг хоёр дугаар ногдож байна. Мобиком хэчнээн гадаадын хөрөнгө оруулалттай ч ганц хоёр захирлаас бусад нь монгол хүмүүс бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй, монгол компани юм. Юнител ч мөн адил. Өнөөдөр зах зээлд инновациараа Юнител, Юнивишн хоёр тэргүүлж байна. Эдгээр компаниуд үргэлж цаг үетэйгээ хөл нийцүүлж, олон зуун сая ам.доллараар хөрөнгө оруулалт хийж буйг та бид харж байна. Оруулж ирж буй 5G сүлжээ нь өөрөө үйлдвэрийн интернет юм. Тэр ч утгаараа үүрэн холбооны салбар хумигдах хаа ч байсан юм, болоогүй ээ.
-Бусад оронд дугаарын зах зээл хэр хэмжээнд хөгжсөн байдаг вэ?
-Одоогийн байдлаар урд хөршид 8-ын цифртэй дугаараар арилжаа явуулдаг юм байна, олон 8 орсон тусмаа үнэтэй. 88 88 88 88 88 гэсэн дугаарын үнэ нэг сая ам.доллар давдаг. Сонирхуулахад, Дубайд олон долоогийн тоо орсон дугаар 5 сая ам.доллар давдаг. Шинжээчийн хувьд би Дэлхийн банканд 9911 дээр судалгаа хийх санал тавьсан. Мэдээллийн датагаа цуглуулж эхэлсэн, түүхэн дундаж ханшийн өсөлтийг харъя гэж бодож байна. 
-Таны хувьд одоо юу нь дээр төвлөрч ажиллаж байна вэ?
-Нэн тэргүүнд тавьж байгаа асуудал бол компанийн засаглал. Сүүлийн нэг жилд санхүүгийн нэгдэл маань чамлахааргүй өслөө. Шижигнэсэн 22 сайхан залуу ажиллаж, "MN tower"-ийн 17 давхарт цагаан өргөө оффис маань томорлоо. Үүнийг дагаад харилцагчдын тоо ч нэмэгдсэн. Миний бизнесийн түншүүд 220, зээлдэгч жижиг дунд бизнес эрхлэгч нарын тоо 700 давлаа. Одоо амжилтад хүрсэн бусад компаниудын явсан замаар илүү дөт, хурдацтай өсөн дэвжих нь хамгаас чухал байна. Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр хамгийн шилдэг компани нь "Invescore" ББСБ байна шүү дээ. Бидний хувьд тэднээс ямар нэгэн байдлаар илүүрхэж амжилтад хүрэхээр тэмүүлж буй юм. Монголын бүх компаниудын уулзах цэг бол Монголын хөрөнгийн бирж. Тэнд компаниуд шударгаар өрсөлдөж, харин хөрөнгө оруулагчид тэдэнд дүн тавьдаг. Энэ бол хөрөнгийн зах зээл мөн.
-Таны бизнесийн үнэт зүйл, баримталдаг зарчим тань юу вэ? Залуустаа зөвлөөч.
-Санхүүгийн байгууллагуудын хувьд хамгийн чухал зүйл бол тууштай, тогтвортой байдал. Үүнийг хэлэх амархан ч, хийх амаргүй. Эхлээд тууштай тогтвортой байдлыг хүн бүр өөрөөсөө эхлүүлэх хэрэгтэй. Ядаж л өглөө бүр эрт босоод гадаа гүйж, үүнийг өдөр тутамд хэвшил болгож, нэг ч гэсэн зүйлд тууштай байж сурах хэрэгтэй. Мөн цахим орчныг ашиглаж сур гэж зөвлөе. Сошиал медиа гэдэг зүйл хүн төрөлхтөнд маш их боломжийг авчраад зогсохгүй, шинэ эринг эхлүүлсэн. Олонд танигдсан хүн нэг хэвлэл мэдээллийн байгууллагатай тэнцэх хэмжээний нөлөөтэй болсон. Тиймдээ ч би банкуудтай ганцаараа өрсөлдөж байна.
Залууст шударга шулуухан хэлэхэд, чи чадвартай байвал компаниуд чамайг мөнгөөр "зодоод" авна. Өнөөдөр зарим залуус хэтэрхий залхуу, аймхай, өөртөө итгэлгүй байна. Англи хэл сурах хэрэгтэй гэж хүн болгон мэддэг боловч ч тэрнийхээ төлөө хэн ч юу ч хийхгүй байна. Тиймээс би залуучуудыг аль болох өөрийгөө хөгжүүлэхийг шаарддаг. Яг хурдан удмын адуутай адил. Хурдан удмын адууг өдөр бүр уявал түрүүлдэг жамтай. Тиймээс залуу хүн бүр өөрийгөө тултал хөгжүүлэх хэрэгтэй. Бүгд IELTS өг, хэд авах нь сонин биш. Гол нь эхлээд өөрийнхөө түвшинг тодорхойл. Адуугаар бол 10 км-т хэдэн минут давхиж байгаагаа тодорхойл гэсэн үг. Тэгээд дараа жил нь дахиад шалгалтаа өг. Унасан ч шантрахгүй нохой шиг зүтгээд л байх хэрэгтэй. Би лав нохой шиг зүтгэж байж амжилтад хүрсэн.
-Та Алтан Бумба Санхүүгийн Нэгдлийн алсын харааг юу гэж тодорхойлсон бэ? 
-Манай компани ТҮЦ шиг жижиг газраас эхэлсэн ч бид хөрөнгө оруулагчдад хамгийн өндөр өсөлттэй ногдол ашиг хүртээдэг үнэ цэнэтэй хувьцаат компани болно. Өнөөдрийн байдлаар Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл нь 2017 оны "Invescore" ББСБ-тэй дүйцэхүйц үзүүлэлттэй явж байна. Хэдий тийм ч бид тэднээс илүүрхэх давуу талуудаа харуулах болно. Цаашид Монголын хамгийн анхны "private" банк болно.
-Хүмүүс яагаад Алтан Бумба Санхүүгийн Нэгдлийг сонгодог гэж та боддог вэ? 
-Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл нь хөрөнгийн эздийн хөрөнгийн үнэ цэнийг тултал өсгөх үүрэгтэй мэргэжлийн санхүүгийн компани. Бид анхнаасаа ил тод байдал, компанийн засаглалыг эрхэмлэж ирсэн. Манай санхүүгийн нэгдэл, түүний төлөөл болсон би өдөр тутмын үйл ажиллагаагаа цахим орчинд ил тод байлгаснаар хөрөнгө оруулагчдын итгэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүний ачаар л бид өсөн тэлж байна. Харилцагчидтай хором тутам мэссэнжэр гэх мэт платформуудаар шууд харилцаж байгаа нь биднийг улам хариуцлагатай ажиллахад хурцалдаг. 
-Өнөөдөр Монголд яагаад баян, хоосны ялгаа их байна гэж та харж байна вэ? 
-Шударга шулуухан хэлэхэд үүний хариулт нь ерөөсөө л чадвартай холбоотой. Чадвар гэдэг зүйл Монголын хамгийн хурц асуудал болоод байна. Баян хүн чадвартай учраас баян болдог. Харин ядуу хүн эрсдэлээс айдаг, залхуу, зорилгоо тодорхойлдоггүй, тодорхойлсон ч түүнийхээ төлөө зүтгэдэггүй, эсвэл нэг өдөр зүтгэчхээд маргааш нь больё гээд хаядаг. Эцсийн дүндээ тийм л байна.
Харин чадвартай хүн хаана ч газардахгүй. Монголын бүх бизнесмен баячууд хоосноос эхэлсэн. Тэд бүгд чадвараа олж, түүнийгээ үнэлүүлж, ашиглаж чадсан. Харин миний хувьд гэвэл би мөрөөдлөөрөө амьдарч байна. "Теди"-гийн гудамжнаас өндийхдөө "Wall street" киноныхоо мөрөөдлийн төлөө нохой шиг зүтгэж, чадвараа олж авсан учраас л би өдий зэрэгтэй явна.
-Сайхан хариуллаа. Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Ярилцсан Г.Тэмүүлэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 12 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 13 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 14 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 14 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 15 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 15 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 16 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 16 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 16 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 16 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 17 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 18 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 20 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 20 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 20 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 22 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 22 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 22 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр