“Оюу Толгой” ХХК-ийн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж “Рио Тинто” 2.3 тэрбум долларын зээл авах гэж байгаа тухай асуудлыг “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Түр хороо хуралдаанаараа хэлэлцээд зээл авахыг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газарт өгөөд байгаа. Энэ талаар Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулан “Рио Тинто” компани 2.3 тэрбум долларын зээл авах гэж байгааг Түр хороо дэмжихгүй гэж үзсэний гол шалтгаан нь юу вэ?
-“Рио Тинто” болон “Туркойс хилл ресурсес” компаниудын хооронд энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд Оюу Толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж 2.3 тэрбум ам.долларын нэмэлт зээл авах тухай хэлцэл явагдсан. Уг хэлцэлд Засгийн газраас дэмжлэг авах тухай асуудал туссан байсан. Дэмжлэг авахдаа зориулан зардал гаргах тухай ч асуудал бий.
Энэ зээл нь 10 тэрбум ам.доллар болж төлөгдөх тооцоотой юм билээ. Ийм зээлийг дахиад авбал далд уурхайн бүтээн байгуулалтын зардал улам өсөж, 22.4 тэрбум ам.долларын өр улам л нэмэгдэнэ. Тиймээс дахин нэмэлт зээлийн тухай асуудал байж болохгүй. Ер нь хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хөрөнгөө оруулаад, ашигтай ажиллуулаад, үйл ажиллагааны орлогоор дараагийн хөрөнгө оруулалтаа хийгээд явах ёстой шүү дээ. Манайх баялгаа гаргаад, тэдний тал хөрөнгөө оруулаад явах, ийм л гэрээ хийгдсэн.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр алт, зэс, өнгөт металлийн үнэ урьд өмнө байгаагүйгээр өсөж байгаа нь зээл авахгүйгээр хөрөнгө оруулалтаа хийгээд явах боломжийг улам нэмэгдүүлж байна. Гэтэл өрийг улам нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байна. Тиймээс 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авах асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг Түр хорооноос Засгийн газарт хүргүүлсэн. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн монголын талын төлөөлөл зээлийг дэмжихгүй байх, Засгийн газар өөрөө хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан монголын талын эрх ашгийг хамгаалах арга хэмжээг даруй авах ёстой гэж үзэж байгаа.
Нөгөө талаар өнөөдөр манай улсын нийт гадаад өрийн 36 хувь, хувийн салбарын гадаад зээлийн 53 хувийг “Оюу Толгой” ХХК-ийн зээл эзэлж, өрийн дарамтыг нэмэгдүүлж, зээлжих зэрэглэлийг бууруулж байна. Эдгээр үндэслэлүүдээр 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авах асуудлыг дэмжихгүй байгаа юм.
-Энэ асуудлаар Улсын Их Хурлын Түр хороо, Засгийн газар нэг байр суурьтай байгаа юу?
-Хуулиараа Улсын Их Хурлын гаргасан шийдвэрийг Засгийн газар буюу гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэх үүрэгтэй учир Засгийн газар хэрэгжүүлээд явна. Улсын Их Хурал, Засгийн газар байр суурь нэг биш гэх зэрэг мэдээллийг санаатай гаргаж байгаа гэж ойлгож байна. Өмнөх хугацаанд үүсэж байсан шиг нөхцөл байдал одоо өөрчлөгдсөнийг зарим хүн сайн мэдрэхгүй байх шиг байна. Энэ удаагийн парламентад Монголын эрх ашгийн эсрэг бүлэглэлийн төлөөлөл бараг байхгүй.
-Далд уурхайн бүтээн байгуулалтад зориулах гэж байгаа учир зээл авахгүй бол бүтээн байгуулалт удаашрах сөрөг нөлөө үүсэх юм биш биз дээ. Энэ талаар Таны байр суурь?
-“Оюу Толгой” ХХК-ийн 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайлангаас үзэхэд нэг тэрбум 80 сая ам.долларын ашигтай буюу чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй нь харагддаг. Энэ мөнгөөрөө хувь нийлүүлэгчийн зээлээ төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, жилдээ дор хаяж 400-500 сая ам.долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй ажилласан байна. Ийм тохиолдолд далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоор бүрэн санхүүжүүлэх боломжтой байсан гэж үзэж болно.
-Түр хорооноос хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхтэй холбогдуулан Засгийн газарт мөн чиглэл өгсөн. Энэ талаар?
-Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан Монгол Улсын эрх ашгийг хохироож байгаа заалтуудыг өөрчилж сайжруулах, цуцлах, тухайлбал, ашигт малтмалын нөөцийн төлбөрийг дэлхийн жишигт хүргэж өсөн нэмэгдэх зарчмаар тооцох, зээлээр бус хөрөнгө оруулалт хийх замаар санхүүжүүлэх үүргээ биелүүлсэн эсэхийг нягтлах, менежментийн төлбөрийг зардлаас тооцох бус ашигтай ажиллуулж үр дүнгээс тооцдог зарчимд шилжих, зээлийн өндөр төлбөрөөр ашгаа авч байгааг зогсоох, орлогоо Монголын банкны дансаар дамжуулах, зардлын хэтрэлтийг нягталж ТЭЗҮ-г заавал мөрдөх зэрэг асуудлуудыг хөндсөн. Түүнчлэн Дубайн гэрээг цуцлах, энэ тохиолдолд “Рио Тинто”-гийн дансандаа авсан 4.3 тэрбум ам.долларын зээл, 1.8 ам.тэрбум долларын зардлын хэтрэлтийг цуцлах зэрэг асуудлуудыг тусгасан байгаа.
-Түр хорооны хуралдаанаас Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар чиглэл өгсөн, Засгийн газар ч өчигдрийн хуралдаанаараа сөрөг нэхэмжлэл гаргах асуудлыг хэлэлцсэн. Сөрөг нэхэмжлэл гаргах тал дээр байр суурь нэг байна гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Түр хорооны хуралдаанаар татварын байгууллагын мэдээллийг сонсоод ийм шийдэлд хүрсэн. Манай татварын байгууллага хэдэн арван их наяд төгрөгийн торгуулийг “Оюу Толгой” компанид тавьсан юм билээ. Үүний эхний үр дүн гарч, нэг их наядын торгуулийн төлбөрөөр иргэн бүртээ 300 мянган төгрөг хүртээж байна. Цаашид ч торгуулийн ихээхэн хэмжээний төлбөр орж ирэх боломж байгаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна