Мөрийн хөтөлбөр: У.Хүрэлсүх монголчуудад юу амлав?

Ш.АДЪЯАМАА
2021/05/25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчид гарааны зурхайгаас хөдөллөө. Энэ удаагийн сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН, Зөв хүн электорат эвсэл гэсэн гурван намын нэр дэвшигчид өрсөлдөж буй. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн эдгээр өдөр сонгогчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж ирэх зургаан жил ажиллах төрийн тэргүүнээ сонгоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Тиймээс нэр дэвшигчдийн уриа лоозон үүнд чиглэгдэх учиртай. Өмнөх УИХ-ын сонгуулиар улс төрийн нэг хүчин үнэмлэхүй ялалт байгуулсан учир сонгогчдын санал хуваагдах магадлал өндөр байгааг судлаачид хэлж буй.Өөрөөр хэлбэл, сонголтоо хийгээгүй сонгогч олон бий. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, өөрийгөө илэрхийлж байгаа байдал, мэтгэлцээний үр дүн эргэлзэж буй сонгогчдод ихээхэн нөлөөлнө. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр уриа лоозонгийн эсвэл бодлогын шинжтэй байна уу гэдгийг бид цувралаар хүргэх болно.

 Нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн байна гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд заасан. Манайх шиг эдийн засаг нь уул уурхайгаас шууд хамааралтай улсад улс төрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт амлалт өгөх нь элбэг байдаг. Үүнээс сэргийлэх зорилготой хуулийн заалтууд бий.  Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглосон.

  •  33.2.1. мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох; 33.2.2. уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;
  • 33.2.3. зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;
  •  33.2.4. иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;
  •  33.2.5. ажлын байранд зуучлах, ажилд оруулах;
  •  33.2.6. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудал;
  •  33.2.7. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал,

 Хуулиар ийн хориглосон нь эдийн засгийн үндэслэлгүй, огт хэрэгжих боломжгүй, санхүүгийн эх үүсвэргүй буюу сонгогчдыг хуурах зорилготой хоосон амлалтуудаас сэргийлсэн хуулийн хамгаалалт юм.  Тиймээс сонгогчдын хувьд гол анхаарах зүйл нь аудитын байгууллагын гаргасан дүгнэлтэд анхаарах хэрэгтэйг сануулъя.

Бид энэ удаад МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ бүрэн эхээр нь  олон нийтэд хүргэж байна. 

 У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн төслийн танилцуулгыг нийт таван удаа хийж, дараах хүмүүс болон ажлын хэсгүүдээс санал, шүүмж авчээ. Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан Н.Багабанди, Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Б.Даш-Ёндон, М.Энхболд, Сү.Батболд, Ө.Энхтүвшин, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ж.Мөнхбат, МАН-ын Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн сонгуулийн МАН-ын PR-ийн ажлын хэсэг, Ерөнхийлөгчийн сонгуулийн МАН-ын Хэвлэмэл материалын ажлын хэсгүүдээс тус тус санал авч боловсруулжээ.

МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЭРХЭМ ДЭЭД ЗОРИЛГО:

Монгол Улс, нийт иргэнийхээ эрх ашгийг дээдэлж, тусгаар тогтнол,аюулгүй байдлаа бататган, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ эрхэмлэж, сонгодог парламентын ардчилал, хараат бус шүүх,хүчирхэг эдийн засагтай, баялгийнхаа эзэд болсон чинээлэг хангалуун,аз жаргалтай иргэдтэй улс болгон эрчтэй хөгжүүлэхэд оршино.

 Миний бие мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлснээр:

 Монгол Улсад минь: Шударга ёс тогтож, хариуцлагатай, ёс зүйт ардчилсан төр цогцолсон байна. Үндэсний аюулгүй байдал бэхжиж, батлан хамгаалах тогтолцоо төгөлдөржсөн байна. Гадаад бодлогын нэгдмэл байдал хангагдаж, олон улс дахь Монгол Улсын нэр хүнд өссөн байна.

 Монголын нийгэмд: Язгуур эрх ашгаа дээдэлсэн ард түмний эв нэгдэл батажсан байна. Эдийн засаг хүчирхэгжиж, чинээлэг хангалуун дундаж давхарга зонхилсон байна. Үндэсний үнэт зүйл, өв соёлын дархлаа бэхэжсэн байна.

 Монгол хүн, айл өрх бүр: Эх орныхоо өгөөж баялгаас тэгш, шударгаар хүртдэг болсон байна. Ажил хөдөлмөртэй, ашиг орлоготой, чинээлэг хангалуун болсон байна. Эрүүл энх, өнөр өтгөн, сэтгэл тэнүүн, аз жаргалтай болсон байна.

 Би шударга үнэний түүчээ, ардаа өмгөөлөгч, авилга хулгайг таслагч  Шударга ёсны ерөнхийлөгч байна.

Би ард түмнийхээ эвийн зангиа, ардчилал, үндэс язгуураа дээдлэгч Эв нэгдлийн ерөнхийлөгч байна.

Би эхлүүлсэн их бүтээн байгуулалтаа эрчимжүүлэгч, хэлснээ хэрэгжүүлэгч Хөгжил дэвшлийн ерөнхийлөгч байна.

Монгол эх орноо сэргэн мандалт, хөгжил дэвшилд хөтлөх “Шударга ёс – хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөр маань ард түмэн Та бүхний их итгэл, мэргэн сонголтоор баталгаажна гэдэгт би итгэж байна.

           НЭГ. Шударга ёс

  • ХАРИУЦЛАГАТАЙ төр – ШУДАРГА нийгэм
  • Иргэндээ хүртээмжтэй эдийн засаг –
  • нандигнан дээдлэх үндэсний өв соёл,

 “Чин шударгууг зарчим болгоно

Чингис хааныхаа зарлигийг ёс болгоно”

Хүний эрхийг дээдэлсэн нийгэм

1.1.1.      Хүний эрх, эрх чөлөөг хангах тогтолцоог бэхжүүлэн, зөрчлийг зогсоож эрхийг сэргээх ажлыг тууштай дэмжинэ. Хүний эрхийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн хэвшлийн оролцоог өргөтгөн, иргэдийн санаачилгыг дэмжин ажиллана.  

1.1.2.       Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүлт, дарамт шахалтыг тасалж, хэлмэгдлээс ангид байх зарчмыг чанд баримтлан хүний эрхийг тууштай хамгаална.

 1.1.3.       Хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдаж байгаа эсэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэр нь бүрэн хэрэгждэг байх чиглэлээр хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ. 

Ардаа алагчилдаггүй төр

 1.1.4.       Төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсоож, хууль алагчлалгүй үйлчлэх, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлнэ. 

Сонгодог парламентын ардчилал

 1.1.5.       Ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, ард түмний төлөөллийг хангах, ил тод, нээлттэй тайлагнадаг, үр өгөөжтэй байх зарчмыг хэвшүүлнэ. 

1.1.6.       Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ. 

1.1.7.       УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ.

 1.1.8.       Төрийн бодлого, шийдвэрт иргэдийн шууд оролцоог хангаж, иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийг санаачилна. 

1.1.9.       Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтыг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтын тухай хуулиуд санаачилна. 

Өндөр ёс зүйтэй, мэргэшсэн төрийн алба

 1.1.10.    Улс орныг хөгжилд хөтлөх чадамжтай, зөв бүтэц, зохион байгуулалттай төрийн албыг төлөвшүүлж, “Сайн засаглал”-ыг бэхжүүлнэ.

 1.1.11.    Төрийн албаны хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлж, мэдлэг, чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж, хууль дээдэлдэг, ард түмэндээ үйлчилдэг болгох иж бүрэн шинэтгэл хийнэ.   

 Авлигагүй улс  

1.1.12.    Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авилгаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачилан хэрэгжүүлнэ. 

1.1.13.    Төр засгийн аль ч шатны албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрхзүйн орчныг бий болгоно. 

Баялгийн шударга хуваарилалт 

1.1.14.    Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана. 

1.1.15.    Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоо бий болгохыг дэмжинэ. Шударга, хараат бус шүүх 

1.1.16.    Шүүх, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ. 

1.1.17.    Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хүн бүрт хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ.

 Цахим Монгол 1.1.18.    Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, тэгш хүртээмжтэй, хүнд суртал, дарамт чирэгдлээс ангид байлгах “Цахим үндэстэн” бодлогыг дэмжинэ.

 Шударга хуваарилалт

  “Иргэн баян бол улс баян”

Олон тулгуурт эдийн засаг

  • Эдийн засгийг олон тулгууртай болгох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэндээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах төрийн бодлогыг дэмжиж ажиллана.
  • Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, байгалийн хийн хоолой, үндэсний хиймэл дагуул, холбоо мэдээлэл зэрэг суурь дэд бүтцийг өргөтгөн олон улсын сүлжээнд холбохыг дэмжиж ажиллана.
  •  “Мянганы төмөр зам үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана.
  • Хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх   “Органик хүнс экспортлогч улс” үндэсний хөтөлбөрийг санаачилж ажиллана. 
  • Эх орноо цахилгаан, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр бүрэн хангаж, Тавантолгой, Шивээ-Овоогийн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС  байгуулах, Багануур, Улаанбаатарын ДЦС III-ын өргөтгөл, 10 аймгийн дулааны станцын төслийг дэмжиж, Зүүн Өмнөд Азийн сүлжээнд холбон эрчим хүч экспортлогч улс болох бодлогоо дэмжиж ажиллана.
  • Монгол Улсад аж үйлдвэрийн IV хувьсгалыг амжилттай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, их өгөгдлийг удирдах, боловсруулах технологи, хиймэл оюун ухаан, зүйлсийн интернет, финтек, үүлэн тооцоолол, био, нано технологи, дижитал хөгжлийг дэмжсэн хууль санаачилна. Инновацийн татваргүй, чөлөөт бүс байгуулах бодлогыг дэмжинэ.
  • Шинжлэх ухаан, инновацийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг бүтээлч хэлбэрт шилжүүлж, нэгдсэн кластераар зохион байгуулахыг Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
  • Уул уурхайн томоохон ордуудыг үндэсний эрх ашигт нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулна. Алт, зэс, төмөр, нүүрс, газрын тос, газрын ховор элемент зэрэг баялгаа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олборлолтоос боловсруулалтад шилжих бодлогыг дэмжинэ.
  • “Монгол шатахуун хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусган, нефьт-химийн аж үйлдвэрийн суурийг тавихад онцгой анхаарч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ.
  • Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана.   “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана.
  • Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн давуу талыг эрчимжсэн мал аж ахуйн ололт амжилттай хослуулан загварчлан хөгжүүлэх, “Хөдөө аж ахуйн хоршоолол”-ын бодлогыг дэмжинэ. Малчны хотноос үйлдвэрийн цехэд” хөтөлбөр санаачлан, стандартын шаардлага хангасан түүх эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог төрийн бодлогоор дэмжиж ажиллана.
  • Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх,  импортыг орлох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд-ыг сэргээн байгуулах ажлыг дэмжинэ.
  • Малын удмын сан, сүргийн бүтцийг сайжруулж, үржил селекцийн ажлыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Бэлчээр усжуулах, худаг гаргах, малын тэжээлийн тариалалт, үйлдвэрлэл, хангамжийг өргөтгөх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ.
  • Газар тариалангийн усжуулалт, эрчимжүүлэлт, хөрс хамгаалалт, үр сортын ажлыг сайжруулан “Атар IV аян”-ыг өрнүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.
  • Нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх уламжлал, унаган байгальд түшиглэсэн төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлж, үндэсний хөгжлийн бие даасан тэргүүлэх салбар болгох бодлогыг дэмжиж ажиллана.
  • Иргэд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд олгож буй зээлийн хүүг нэг оронтой тоонд барих, баялаг бүтээгчдэд дарамтгүй, хүртээмжтэй санхүү, мөнгөний бодлогыг дэмжиж ажиллана.
  • Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжих   “Эх оронч худалдан авалт” хөтөлбөр санаачилна.
  • Ковид-19 цар тахлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа хурдтай сэргээх Засгийн газрын хөтөлбөрийг тууштай дэмжиж, нягт хамтран ажиллана.
  • Ард түмнээ бүрэн вакцинжуулж, дархлаажуулах   “Ковидгүй Монгол” санаачилгыг дэвшүүлж, манлайлж ажиллана. Ковидтой нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг төрийн албан хаагчдын нийгмийн хамгаалал, урамшууллын бодлогыг онцгой анхаарч Засгийн газарт чиглэл өгч ажиллана.

Хөгжилд хөтлөх бүтээн байгуулалт

  • Хүнс экспортлогч улс
  •  Эрчим хүч экспортлогч улс
  • Бүтээлч шинжлэх ухаан
  • Олборлолтоос боловсруулалтад
  • Монгол шатахуун
  • Үр өгөөжтэй Оюутолгой
  • Буянт малын үр шим
  • Эрчимжсэн газар тариалан
  • Төрөлжсөн аялал жуулчлал
  • Үндэсний баялаг бүтээгчид
  • Ковидгүй Монгол

 Үнэт зүйл

  “Үндэс язгуур, хэл соёлоо

Үрийн үрд өвлүүлэн бадраая”

Үндэсний хэл – Үнэт зүйл

  • Эх хэлний бодлогын хэрэгжилтэд онцгойлон анхаарна. Монгол Улсын уул, ус, газар нутгийн нэрийг уугуул эхээр нь хадгалан хэрэглэж, олон улсын болон үндэсний баримт бичиг, газрын зурагт тусган баталгаажуулна.
  • Монгол хүний үнэ цэнэ, авьяас чадварын үнэлэмжийг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Төрийн дээд шагналын журмыг шинэчилж, хөдөлмөр бүтээлийг бодитоор үнэлдэг оновчтой тогтолцоо бүрдүүлнэ.
  • “Өв соёлоо-Эх орондоо” уриалга гаргаж, үндэсний соёлын өв, түүхийн сурвалж, археологийн олдвор, урлагийн бүтээлийн үндсэн эх, анхдагч хуулбарыг эх орондоо авч ирэх хөтөлбөр боловсруулна. Дэлхийд тархсан болон эх орондоо байгаа өв соёлын “Бүртгэлийн нэгдсэн сан”-тай болох чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана.
  • Үндэсний өв соёл, урлагийн бүтээл, тэдгээрийн хуулбарыг гадаадад гаргах, худалдан борлуулах үйл ажиллагаатай холбоотой харилцааг хуулиар чангатган зохицуулна.
  • Түүх соёлын өв, археологи, палентлогийн олдворыг тонон сүйтгэж байгаа үйлдэлтэй хатуу тэмцэж, хүлээлгэх хариуцлагыг чангатгасан хууль санаачилж хэрэгжүүлнэ.
  • Олон улсын Монгол судлалын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж өргөжүүлнэ. “Чингис судлалын олон улсын холбоо”-г санаачлан байгуулж, өв соёлоо эх орондоо төвлөрүүлэн судлах ажлыг эрчимжүүлэх чиглэл Засгийн газарт өгч, хамтран ажиллана.
  • Уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандаж, төрийн тахилгат хайрханууд, үндэсний бахархалт зүйлсийг дээдлэн хамгаалах зарлиг гаргана.
  • Монгол туургатны өв соёлыг “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” болгон хөгжүүлэхийг дэмжинэ. Дэлхийд танигдсан соёл, урлагийн Монгол брэндийг хөгжүүлэх “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулан, соёлын салбарт эхлүүлсэн их бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ.
  • Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор “Нүүдэлчдийн соёл, спортын их наадам”-ыг эх орондоо тогтмол зохион байгуулах санаачилга гарган, ивээлдээ авч хэрэгжүүлнэ.
  • Монголын соёлын өвийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх бодлого хэрэгжүүлж, “Нүүдэллэх Монгол ёс, зан үйл”, “Говийн хадны зургийн цогцолбор”, “Хүннүгийн язгууртны булш”, “Өндөр гэгээн Занабазарын хийц”, “Уламжлалт анагаах ухаан” зэрэг өв соёлоо ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ.
  • Монголын төрт улсын гал голомт Орхон, Тамирын хөндий, их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий, олон ястны өлгий Алтай-Саяны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судлах, хамгаалах, сэргээн засварлах бодлогыг ивээлдээ авч хэрэгжүүлнэ.

Монгол хүн – Монголын бахархал

Өв соёлоо – Эх орондоо

Соёлын бүтээлч үйлдвэрлэл – Үндэсний баялаг

 ХОЁР. Эв нэгдэл

  • Эрхэмлэн хамгаалах үндэсний эв нэгдэл
  • ҮНДЭСНИЙ язгуур эрх ашиг – АЮУЛГҮЙ БАЙДАЛ
  • ХӨГЖИЛД ХӨТЛӨХ нэгдмэл ГАДААД БОДЛОГО

 “Эв эеийг эрхэм болгоно,

Эрх чөлөөг эрдэнэ болгоно”

Эвтэй Монгол

  • Ард түмнийхээ эв нэгдлийг бүх талаар бэхжүүлж, эе эвддэг бус эв нэгддэг байхыг эрхэмлэнэ. Үндэсний язгуур эрх ашиг, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэлд аюул занал учруулж болзошгүй аливаа санаархлыг хатуу хориглоно.
  •  Нийгэмд баян хоосны ялгаралд суурилсан талцал хуваагдал үүсч, гүнзгийрэн ужиграхаас сэргийлж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг баримтлан, ард түмнийхээ эв нэгдлийг бэхжүүлнэ.
  • Иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, төр засаг, нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцох боломжийг хангаж, төр, ард түмэн, үндэсний цөөнхийн харилцан итгэлцлийг бүх шатанд бататгана.
  • Улс төр, нийгмийн ээдрээтэй асуудлыг үндэсний хэмжээний зөвшилцөл, ойлголцлын зарчмаар шийдвэрлэж, улс төрийн манлайлал үзүүлж ажиллана.

Итгэлцэл – эв нэгдэл

Тулганд дүрэлзэх гал ариун байг,

Тусгаар тогтнол мөнх байг

Үндэсний аюулгүй байдал – төрийн ой санамж

  • Тусгаар тогтнол, эдийн засаг, үндэсний түүх, соёл иргэншил, байгаль орчин, монгол хүний аюулгүй байдлыг чухалчлан анхаарч, учирч болзошгүй аюул занал, эрсдэл, сорилтоос сэргийлэн хамгаална.
  • Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, холбогдох хууль, тогтоомжийг үндэсний язгуур эрх ашигт нийцүүлэн шинэчилнэ.  “Монгол хүний аюулгүй байдал”, “Эдийн засгийн аюулгүй байдал”, “Эм, хүнсний аюулгүй байдал”  хөтөлбөрүүд санаачлан боловсруулна.
  • “Үндэсний аюулгүй байдлын мэдээллийн нэгдсэн сан” бүрдүүлэн, Монгол төрийн ой санамжийг бэхжүүлж, кибер аюулгүй байдлыг хангах тухай хууль санаачилна.
  • Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэн, аливаа аюултай тэмцэх үндэсний чадамжийг нэмэгдүүлнэ. Зэвсэгт хүчин, төрийн цэргийн бусад байгууллагын төрийн захиргааны удирдлагын нэгдмэл байдлыг бий болгож, орон нутгийн хамгаалалтын цэгцтэй тогтолцоог бүрдүүлнэ.
  • Хил хамгаалалтын чадавхийг дээшлүүлэн, хилийн цэргийн байгууллагыг төгөлдөржүүлж, улсын хилийн халдашгүй дархан байдал, хилийн зурвасын хамгаалалт, инженерийн байгууламжийг  шинэчилж, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангана.
  • Онцгой байдлын албаны үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх үндэсний чадамжийг дээшлүүлнэ.
  • Батлан хамгаалах салбарын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай үргэлжлүүлэн, НҮБ-ын энхийг сахиулах болон хүмүүнлэгийн бусад ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорино. Зэвсэглэл, техникийг үе шаттайгаар шинэчлэн, цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх бодлого баримтлана.
  • Цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг олон улсын жишигт хүргэж, офицер, ахлагч нарыг орон сууцаар бүрэн хангах “Цэргийн хотхон” хөтөлбөр боловсруулна.
  • Цэргийн анги, салбарыг залууст эх оронч үзлээр хүмүүжих, бие бялдраа хөгжүүлэх, сэтгэлийн хат тэнхээтэй болох, тодорхой мэргэжил эзэмших, хүний хөгжлийн орчин, иргэний төлөвшлийн сургууль болгон хөгжүүлж, цэргийн дүрмийн бус харилцаа, дэгийг арилгана.
  • Цэрэг-иргэний хамгаалалтын болон их, дээд сургуулийн цэргийн хэргийн сургалт, бэлтгэлийн уламжлалыг сэргээж,   “Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн” хөдөлгөөн өрнүүлнэ.

Нэгдмэл удирдлагатай зэвсэгт хүчин

Монгол цэрэг – энхийн цэрэг

Цэргийн алба – иргэний төлөвшил

"Монгол төрийнхөө алтан аргамжааг бэхэлнэ,

Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгана.

Гадаад бодлогын залгамж чанар

  • ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлээ батжуулан хөгжүүлж, “Гуравдагч хөрш” орнууд, олон улсын байгууллагуудтай өрнүүлж буй харилцааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
  • Олон улс, бүс нутгийн харилцаанд гарч буй өөрчлөлт шинэчлэл, зөрчил сөргөлдөөнд анхааралтай хандаж, үндэсний ашиг сонирхлыг дээдлэн эвлэрлийг эрхэмлэгч байх идэвх санаачлагатай гадаад бодлого хэрэгжүүлнэ.
  • НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцоог идэвхжүүлнэ. Хүн төрөлхтөнд дайны эсрэг оюун санаа, сэтгэлгээний дархлаа тогтоох зорилгоор есдүгээр сарын 2-ныгХүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилга дэвшүүлнэ.
  • Олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг улам өндөрт өргөнө. Монгол Улсын нэр хүндийг нэмэгдүүлэх ардчилал, хүний эрх, засаглал, хэвлэлийн эрх чөлөө, жендер, авилга, бизнес эрхлэлт, аз жаргалын үзүүлэлтийг цаашид нэг ч байраар ухраахгүй, ахиулан ажиллана.

НҮБ дахь оролцоо, хувь нэмэр

Олон улс дахь Монгол Улсын нэр хүнд

Хөгжлийг дэмжих гадаад бодлого, санаачилга

  • Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу тал, төрийн бодлогын залгамж чанараа хадгалан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа - “Транзит Монгол Улс” болох зорилтыг дэвшүүлж ажиллана. 
  • Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжин, харилцан ашигтай, Монгол Улсын эрх ашигт нийцсэн “Хөгжилд хөтлөх хөрөнгө оруулалт” үзэл баримтлалыг санаачлан боловсруулж, Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
  •  “Хүчирхэг монгол паспорт” хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний гадаад паспорттой иргэдийн визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ.
  •  Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилтот арга хэмжээг өргөтгөнө. Тэдний үр хүүхдүүд эх хэлээ сурч, уламжлалт ёс заншлаа өвлөн хадгалахыг дэмжинэ. Эх орондоо ирэх, суралцах, амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд, харьяатын асуудлаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулна.
  • Дэлхий нийтэд сорилт болсон цар тахал, гамшгийн эрсдэлтэй тэмцэх хамтын ажиллагааг тэлж, эрүүл мэндийн дипломат бодлого, үйл ажиллагааг хөгжүүлнэ.
  • Үндэсний соёл, ёс заншил, өв түүхээ  ардын болон сонгодог урлаг, кино, рок поп, спорт, хүмүүнлэгийн бүх хэлбэрээр дамжуулан гадаадад сурталчлах ажлыг эрчимжүүлнэ.
  • Цахим дипломат бодлого хэрэгжүүлнэ. Дипломат төлөөлөгчийн газрууд тэргүүнгүй удаан хугацаанд ажиллаж байгаа гажуудлыг бүрэн арилгана.
  • Дипломат албаны мэргэжил, ур чадварын шаардлагыг дээшлүүлж, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чангатган, алдаа, дутагдал гаргавал заавал хариуцлага хүлээлгэдэг байх зарчмыг тууштай хэрэгжүүлнэ.

Иргэнд хүрсэн гадаад бодлого

Эрүүл мэндийн дипломат үйл ажиллагаа

Соёл, хүмүүнлэгийн дипломат үйл ажиллагаа

Мэргэшсэн дипломат алба

ГУРАВ. Хөгжил дэвшил

  • Монгол хүн – монголын баялаг
  • ногоон хөгжил – монголын ирээдүй

Улсын үндэс газар,

Улсын баялаг иргэн

Өрсөлдөх чадвартай боловсрол 

  • Монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, өрсөлдөх чадвартай, бүтээлч иргэн болгон хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.
  • Боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг тогтвортой байлгах, сургуулийн орчныг хотхоны хэлбэрээр хөгжүүлэх, малчин өрхийн хүүхдийн боловсролд онцгой анхаарна.
  • Эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн Хоёр гадаад хэл”-ийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.
  • Монгол Улсын дээд боловсролын чанарыг олон улсын жишигт ойртуулж, “Судалгааны их сургууль”-ийг хөгжүүлж, гадаадын оюутан, судлаачийн тоог нэмэгдүүлэн боловсролын экспортыг дэмжинэ.
  • Монгол Улсын иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношилгоонд жилд нэг удаа тэгш хамруулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг дэлхийн жишигт хүргэн, монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн, эрүүл мэндийн экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжинэ.
  • “Эрүүл – эх,нялхас”  үндэсний хөтөлбөр санаачлан боловсруулж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцлийг дэлхийн түвшинд нийцүүлж сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана. Эх, нялхсын эрүүл мэндийг онцгойлон анхаарна.
  • Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдээ чийрэгжүүлэх зорилгоор “Эрүүл чийрэг монгол хүн” хөдөлгөөн өрнүүлнэ.
  • Хүн амаа өсгөх, удмын сангаа хамгаалах бодлогыг тууштай баримталж, олон хүүхэдтэй гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих зарлиг гаргана.
  • “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”, “Залуучуудын Үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
  • Инноваци, бүтээлч байдал, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй эрхлэх ур чадвар (энтрепренер), гарааны бизнес (старт апп) эрхлэлт, хөдөлмөрийн хөлсийг шударгаар үнэлэх бодлогыг дэмжиж ажиллана.
  • Орлоготой оюутан тусгай хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нэн шаардлагатай, дутагдаж байгаа, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутан, залуусын сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцдаг тогтолцоонд шилжих хууль санаачилна.
  • Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит XXI зууны монголын ирээдүй - 2100 оюутан” хөтөлбөрийг санаачлан ажиллана.
  • Хүүхэд, залуусын дунд “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлж, ном унших соёл, дадлыг түгээн дэлгэрүүлнэ.
  • Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох “Дөл”, “Шонхор” хөтөлбөрийг сэргээн хэрэгжүүлнэ. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургуулийн эрэгтэй оюутны тоог нэмэгдүүлэх, сайн дурын үндсэн дээр эмэгтэй оюутныг хамруулах бодлого хэрэгжүүлнэ.
  • Дотоод, гадаадын их, дээд сургуулийн шинэ төгсөгчдийг төрийн албанд ажиллах тэгш боломж олгох хууль эрхзүйн орчин бүрдүүлнэ.
  • Залуу гэр бүл, залууст зориулсан “Залуус хороолол”-ыг Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд байгуулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана.
  • “Халамжаас хөдөлмөрт” бодлого хэрэгжүүлж, иргэдийн ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтыг үндэсний бүтээн байгуулалт, ажлын байр, ажил олгогчдын эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх  “Шинэ зууны баялаг бүтээгч хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ.
  • Ажилгүйдлыг бууруулах хүрээнд ажлын байр нэмэгдүүлж, чинээлэг дундаж давхаргыг хүн амын зонхилох хэсэг болгоход чиглэсэн ядуурлыг бууруулах цогц бодлого боловсруулна.
  • Ажилтай, орлоготой өрх бүрийг орон сууцтай болгох, олон хүүхэдтэй гэр бүлд нэн тэргүүнд хөнгөлөлт үзүүлэх “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санаачилна.
  • Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд зөв хүн болон төлөвших нөхцлийг бүрдүүлэх, хүүхдийн нийгмийн хамгааллын бодлогыг тогтвортой байлгах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх "Бүхнийг хүүхдийн төлөө” уриалга гаргаж ажиллана.
  • Жендэрийн тухай хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлыг анхааралдаа авч Засгийн газарт чиглэл өгнө.
  • Ахмадуудын насны хишиг, нийгмийн хамгаалал, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг дэмжиж, Ахмадын хотхон-ууд байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
  • Ахмад настныг ажиллуулж, тэдний туршлага, ур чадварыг залуу үед өвлүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, барилга байгууламж, нийтийн тээвэр, гудамж, зам талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгохыг шаардаж ажиллана.
  • Архидалт, хар тамхи, донтолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлж, хатуу тэмцэх хүрээнд “Эрсдэлгүй Монгол өрх” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ. Архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллана. Хар тамхины худалдаа, хэрэглээг таслан зогсоож, хуулийн хариуцлагыг эрс чангатгана.
  • Угийн бичиг, удмын түүхээ хөтөлдөг уламжлалыг сэргээн, цус ойртолт, хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг хангах зарлиг гаргаж хэрэгжүүлнэ.

Хүртээмжтэй эрүүл мэнд

Залуучууд – Монголын ирээдүй

Халамжаас хөдөлмөрт

Ядуурлаас ангид Монгол өрх

Зорилтот дэмжлэг – эзнээ олсон халамж

Эрсдэлгүй Монгол өрх 

“Өвөг дээдсийн өвлүүлж үлдээсэн газар шороо

Үр хойчис голомтоо тулах амин нутгаа хайрлая”

Газар, бэлчээр – амьдралын үндэс

  • Малын бэлчээр, тариалангийн газрын зохистой ашиглалт, менежментийг сайжруулж, бэлчээрийн доройтол, цөлжилттэй тэмцэх, нөхөн сэргээх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ.
  • “Эх оронч гол” хөтөлбөр хэрэгжүүлэн хур тунадас, гадаргын ус хуримтлуулах томоохон усан сан, хөв, далан, дамжуулах хоолой байгуулан, тал хээр, говийн бүсийг усжуулах, гүний усаа хэмнэх бодлогыг дэмжиж ажиллана.
  • Монгол орны байгалийн тэнцвэрт байдал, экосистем, ой мод, ховор ургамал, амьтны төрөл зүйлийг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөхөн сэргээх ажлыг дэмжиж, Монголдоо мод тарья” хөдөлгөөн өрнүүлнэ.
  • Техник технологийн дэвшлийг шингээсэн, байгал орчинд хор хөнөөлгүй, эдийн засгийн хувьд харилцан ашигтай, монгол хүний оролцоог хангасан, ил тод хариуцлагатай уул уурхайг дэмжинэ.
  • Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас бий болсон байгаль орчны доройтол, бохирдлыг арилгах, хууль бусаар олгогдсон лицензүүдийг цуцлах, байгалийг нөхөн сэргээх, хамгаалах, хохирол учруулагчид хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалтыг чангатгах чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна.
  • Байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн хувьд үр ашигтай ногоон дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалангийн нөхөн сэргээгддэг үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч зэрэг эко “Ногоон хөрөнгө оруулалт”-ын цогц төслийг санаачлана.
  • Монгол эх орныхоо газар нутгийн хуурайшилт, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх ажилд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог идэвхжүүлнэ. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад Монгол Улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ.
  • Хөдөө орон нутаг, хот, суурин газрын хогийг иргэд, олон нийтийн оролцоотойгоор бүрэн цэвэрлэж, эх нутаг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах “Цэвэрхэн Монгол” уриалга гаргаж орон даяар хэрэгжүүлнэ.

Ус – чандмань эрдэнэ

Ой мод, амьтан, ургамал – эх орны баялаг

Хариуцлагатай уул уурхай

Байгаль эх – ногоон үйлдвэрлэл

Эх дэлхий – Та бидний гэр

Цэвэрхэн Монгол

Хот, хөдөө – хөгжлийн тэнцвэр

 Төрөлх хотдоо тухтай амьдаръя,

Төрсөн нутагтаа жаргаж сууя

 Найрсаг хотууд – Улаанбаатар, Дархан, Эрдэнэт

Эрүүл, цэвэр хотууд

  • Хотуудын агаарын бохирдлыг 80 хувь бууруулах, гэр хорооллын хөрсний бохирдлыг багасгах, хог, хаягдлыг дахин боловсруулах байгальд ээлтэй үйлдвэрүүд байгуулахыг дэмжиж, Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
  • Хотдоо мод тарьж, зүлэгжүүлэлт хийсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, айлын хашаа, зуслангийн бүс, орон сууцны хотхон бүрт “Бичил ногоон орчин” бүрдүүлэх хөдөлгөөн санаачилж өрнүүлнэ.
  • Улаанбаатар хотын Туул, Сэлбэ, Улиастай, Баянгол, Түргэний гол, Дархан хотын Хараа, Зулзагын гол, Эрдэнэт хотын Эрдэнэт, Говил, Зун, Хангалын голын дагуу иргэд амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжууд барих санаачилга гаргана.
  • Хотуудын авто замын түгжрэлийг арилгах зорилгоор давхар зам, гүүрүүд, нийтийн тээврийн олон төрөлт, ухаалаг сүлжээг барьж байгуулах “Түгжрэлгүй хотууд цогц төсөл санаачлан, дэмжиж ажиллана.
  • Дархан цаазат Богдхан уулыг тойрсон “Богдхан төмөр зам”-ыг барьж, Улаанбаатар хотод төмөр замын гармыг цөөлөх бодлогыг дэмжиж ажиллана.
  • Хотуудын орон сууцны хотхон, гэр хорооллын гудамж талбай, орц, гарцыг чөлөөтэй нэвтэрдэг болгох, тэдгээрийн доторх замуудыг шинээр нэмж барихыг дэмжиж, оршин суугчдын тав тухыг алдагдуулсан аливаа үйлдлийг таслан зогсоох чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана.
  • Хот суурин газарт олон улсын стандартад нийцсэн явган, дугуйн замын сүлжээ, автомашингүй гудамжуудыг шинээр байгуулахыг санаачлан, Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
  • Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задалж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод олон төвт суурьшлын бүс, хаяа, дагуул хот, суурингууд байгуулах, “Налайх, Багануур, Багахангай”-г өргөжүүлэн хөгжүүлэхийг төрийн бодлогоор дэмжинэ.  
  • Зүүн хойд Азийн агаарын зам, төмөр замын зангилаа болсон "Шинэ Зуун мод – Аэросити” хот байгуулахыг тууштай дэмжинэ.
  • Эрдэнэт хотыг шинэ төлөвлөлтөөр хөгжүүлж,  Инноваци, цахим, технологийн үндэсний загвар хот” болгохыг дэмжиж ажиллана.
  • Дархан хотыг металлургийн хүнд аж үйлдвэр, арьс, шир боловсруулах, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолбор бүхий    “Орчин үеийн аж үйлдвэрийн хот” болгож эрчимтэй хөгжүүлэхийг дэмжиж ажиллана.
  • Бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх, шинэ үзэл баримтлалаар дэмжих хууль санаачилна. Бүс нутгийн эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хөнгөн, хүнсний үйлдвэр, уул уурхайн боловсруулах хүнд аж үйлдвэрүүдийг дэмжинэ.
  • Баруун, Хангайн, Төвийн, Зүүн бүс бүрт үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн төв бүхий “Үндэсний кластер”-ууд байгуулах, чөлөөт бүсүүд хөгжүүлэх бодлогыг дэмжин ажиллана.
  • Аймгийн төвүүдийг орон нутгийн хотууд болгон хөгжүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх “Аймаг бүрт – Жишиг бүтээн байгуулалт” хөтөлбөр санаачилж, Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
  • Аймаг, сум хооронд сайжруулсан, хатуу хучилттай зам барих “Нутгийн зам” төслийг эрчимжүүлж, “Мянганы зам”-ын магистрал сүлжээнд холбох ажлыг дэмжиж ажиллана.
  • Бүсчилсэн хөгжилтэй уялдуулан орон нутаг дахь их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийг хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.
  • Бүс нутгийн томоохон бүтээн байгуулалтыг нарийн мэргэжлийн хүний нөөц, ажиллах хүчээр хангах бодлогын хүрээнд МСҮТ-үүдийг  хөгжүүлэх тусгай хөтөлбөр санаачлан Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
  • Алслагдсан бүс нутаг, аймаг, сумдад томоохон аж ахуйн нэгжүүд салбараа нээх, инновацад суурилсан шинэ үйлдвэр байгуулахыг хүү багатай зээл, татварын хөнгөлөлт, хөрөнгө оруулалт, импортын бүтээгдэхүүнээс хамгаалах бодлогоор дэмжинэ.
  • Хот, орон нутгийн иргэдийг эх орныхоо экологийн цэвэр, хямд, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол, аюулгүй, найдвартай хангах бодлогын хүрээнд улсын хэмжээнд зоорь, хүлэмж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх “Органик хүнсний зоорь” хөтөлбөрийг санаачлан Засгийн газарт чиглэл өгч ажиллана.
  • Байгальд ээлтэй нүүдлийн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрсдлийн даатгал, бүртгэл, мэдээлэлд суурилсан ухаалаг системтэй холбон, тогтвортой хөгжүүлэх “Эрсдэлгүй ХАА” хөтөлбөрийг санаачлан, дэмжиж ажиллана.
  • Орон нутгийн брэнд бүтээгдэхүүнээр хот суурин газрын хэрэглэгчдийг хангах, хотын бүтээгдэхүүнийг хямд үнээр орон нутагт шуурхай, чанартай хүргэх “Онлайн худалдаа”-г дэмжиж ажиллана.
  • Аймаг, сумын төвд цэвэр, бохир ус, дулааны шугам, мэдээлэл холбооны сүлжээг өргөтгөн хөгжүүлж, төрөлх нутаг, төрсөн сумандаа тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх Шинэ хөдөө төсөл хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгнө.
  • Алслагдсан бүс нутгийн иргэдэд нэмэгдэл олгох, хөдөө орон нутгийн иргэдэд орон сууцны хөнгөлөлт, ипотекийн зээл олгох бодлогыг эрчимжүүлнэ.
  • Хот суурин газраас орон нутагт шилжин суурьших иргэдийг нийгэм, эдийн засгийн цогц бодлогоор дэмжиж, хөдөлмөрлөх, бизнес эрхлэх, ая тухтай амьдрах бүхий л таатай нөхцлийг бүрдүүлэх Нутагтаа сайхан амьдаръя” хөдөлгөөн өрнүүлж ажиллана.

Ногоон хотууд

Түгжрэлгүй хотууд

Олон төвт хотууд

Б. Хөдөө нутаг – хөгжлийн тулгуур

Бүсчилсэн хөгжил – тогтвортой ирээдүй

Бүс нутаг – чадварлаг хүний нөөц

Орон нутаг – брэнд үйлдвэрлэл

Миний нутаг – тавтай амьдрал

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан ₮2.3 сая байна 39 минутын өмнө
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй 1 цагийн өмнө
“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ 1 цагийн өмнө
Генерал Т.Бадралыг Сүхбаатарын одонгоор шагналаа 2 цагийн өмнө
СУИС-ийн уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хаана 2 цагийн өмнө
Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ 2 цагийн өмнө
Угаасан ноолуурыг долоодугаар сарын 1-нээс экспортолно 3 цагийн өмнө
''Өдөрт 10 гаруй хүүхэд бөөсөө цэвэрлүүлэхээр ирж байна'' 5 цагийн өмнө
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 5 цагийн өмнө
Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудлаа 5 цагийн өмнө
Everest today: Эверестэд гарсан уулчид өмнөд оргилд хоёр цогцос харсан байна 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 6 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ''шалгалт'' өгчээ 19 цагийн өмнө
Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо 20 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийг хямралд оруулах эрсдэлтэй 20 цагийн өмнө
Б.Гангаамаа: Хоёр уулчин маань 8000-8500-гийн хооронд л осолдсон гэсэн дүгнэлт гаргасан байна 20 цагийн өмнө
С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх хуулийн төсөл санаачиллаа 21 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар болон Токио хотын Захирагч Юрико Койкэ нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ 21 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Эдийн засгаа шинжлэх ухаанжуулж, шинжлэх ухаанаа эдийн засагжуулсан улс орон хөгждөг 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хуулийн төслийг өргөн барилаа 23 цагийн өмнө