Коронавирусийн эсрэг вакцины хүртээмж ядуу буурай улс орнуудад, ялангуяа Африкийн орнуудад бэрхшээлтэй хэвээр байна. Ийм нөхцөлд аюулт өвчнөөс сэргийлэх гэсэн хүмүүсийн хүслийг луйварчид далимдуулах явдал олон гарах болжээ.
Тухайлбал, Кени улсад нутгийн иргэдэд корона вирусийн эсрэг вакцины оронд "ус" тарьчхаад мөнгө нэхсэн хэрэг гарсан тухай “Vice” бичсэн байна. Тодруулбал, Африкийн энэ улсын иргэд уг нь бол “AstraZeneca” компанийн вакцин үнэгүй хийлгэх эрхтэй юм байна. Вакциныг улсаас эрх авсан тусгай төвүүдэд хийх ёстой аж. Гэтэл вакцины хүртээмж муу байгааг зарим эмч нар урвуулан ашиглаж боловсрол мэдлэг муутай хүмүүст вакцины оронд ус тарих тохиолдол гарчээ. Ингээд зогсохгүй үүнийхээ төлөө хүмүүсээс мөнгө авч байсан аж. Одоо Кенийн цагдаа нар ийм хэд хэдэн хэргийг шалгаж байгаа юм байна.
Үүнээс өмнө, нэгдүгээр сард Эквадорт ардын эмчилгээ хийдэг нэгэн эмнэлэг юу нь мэдэгдэхгүй зүйлийг коронавирусийн эсрэг вакцин гэж тарьсан хэрэг гарч байсан. Энэхүү ардын эмчилгээний төв нь хуурамч вакцин тариулсны төлөө 15 доллар нэхээд, гурван удаа тариулбал COVID-19-ийн эсрэг дархлаатай болно гэж тайлбарлаж байжээ. Хэрэг илэрсний дараа эмнэлгийн удирдлага вакцин тариагүй харин дархлаа сайжруулдаг ийлдэс ба амин дэмийг уусмал тарьсан гэж гүрийсэн байна. Шалгалтын явцад энэхүү шидэл эдээр хэдийн 20 мянган хүн тариад амжсаныг илрүүлж байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна