Оросын тамирчдыг допингоор шалтаглан хулгайж, шийтгэж болзошгүй

Ш.АДЪЯАМАА
2021/09/03

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров сонгуулийн сурталчилгаагаар явж байхдаа нэгэн сонирхолтой гэмээр мэдэгдэл хийжээ. Тэрээр “Америкчууд ямар нэг зүйл сэрдсэн хүмүүсийг дэлхий даяар хаа сайгүй хулгайж байдаг болохоор допингийн сорил нь эерэг гарч байсан, цаашдаа олон улсын тэмцээн уралдаанд америкчуудад аюул учруулна гэж үзсэн тамирчдын эсрэг энэ аргаа ашиглана гэдгийг үгүйсгэхгүй байна” гэжээ

 Өөрөөр хэлбэл, АНУ нь допингийн эсрэг хуулийг нь зөрчсөн нэрийдлээр ирээдүйд Олимп, тив дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд америкчуудыг алт авахад саад болж магадгүй гэж үзсэн Оросын тамирчдыг хулгайлан шийтгэж магадгүй гэсэн байна.

 Энэ мэдэгдлийг Америкийн эсрэг үзлээр сонгуулийн өмнө сонгогчдыг өөртөө татах гэсэн мэдэгдэл төдий гээд тоохгүй байж болох. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч саяхан “Родченковын хууль” нэртэй допингтой тэмцэх хууль баталсныг мартаж болохгүй юм. Энэ хуулийн дагуу Америкийн тамирчид оролцсон олон улсын тэмцээнд допинг хэрэглэсэн гадаадын тамирчдыг АНУ-ын шүүхээр шүүх боломжтой болсон. Оросыг тамирчдыг ялуулахын тулд допинг хэрэглэх бодлогыг төрөөс нь явуулж байсан гэх мэдүүлэг өгсөн Оросын допингийн эсрэг төвийн дарга асан Г.Родченковын нэрээр нэрлэсэн нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш ямар улсын тамирчдыг чигэлсэн гэдгээ шууд илэрхийлсэн хууль гэж зарим судлаач үзсэн байдаг.

 Хууль батлагдаад удаагүй байгаа тулдаа ч гадаадын тамирчидыг энэ хуулийн хадуу баривчилж эхлээгүй байгаа гэж болно. Хэрэв гадаадын тамирчин америкчууд оролцсон тэмцээнд ялалт байгуулахын тулд допинг хэрэглэсэн нь батлагдвал Родченковын хуулийн дагуу 1 сая доллароор торгох эсвэл 10 жил хүртэл хорих ялаар шийтгэх юм.

 Ингэснээр өмнө нь Оросын цагдаа цэрэг зэрэг хүчний байгууллагын ажилтнуудаа хулгайлагдахаас болгоомжлон хилийн чанадад амарч зугаалахыг хориглоод байсан бол одоо дээр нь өсөх ирээдүйтэй тамирчдаа гадаадад амрахыг нь хориглож ч магадгүй юм.

 Зөвлөлт задран унаж дэлхий тавцан дээр бодит өрсөлдөчгүй болсон цагаас АНУ нь олон улсын хэмжээнд ашиг сонирхлоо хамгаалахын тулд дотоодын хууль дүрмийн үйлчлэх хүрээг өөрийн хилээр хязгаарлахаа больсон. Иймд терроризм, авлига, цөмийн зэвсэг, хүний эрх, мөнгө угаах, татвараас зайлсхийх гэх мэт асуудлаар АНУ-ын дотоодын хууль дүрмийг зөрчсөн гэж үзсэн гадаадын ямар ч компанийг хууль зөрчсөн үйлдлээ ямар улсад үйлдэснээс нь үл хамаараад дэлхий дяар банкнууд дах дансыг царцаах, активуудыг нь түгжих, ийм хэрэгт оролцсон гэх гадаадын иргэдийг баривчлах арга хэмжээг үзэмжээрээ хийдэг болсон.

 Хамгийн тод жишээ гэвэл Дэлхий хөлбөмөгийн холбооны удирдлагуудыг олон улсын тэмцээн зохион байгуулах эрх олгохдоо авлигал авсан, авлигаа АНУ-ын доллароор авч Америкийн санхүүгийн аюулгүй байдалд аюул учруулсан гэж тус холбооны удирдлагуудыг Швейцарт хуралдаж байхад нь Холбооны мөрдөх товчооны ажилтнууд очиж баривчилсан, АНУ-ын шүүхээр шүүсэн хэрэг. Хөлбөмбөг нь дэлхийн хамгийн олон сонирхогч, дэмжигчидтэй спорт хэдий ч Америкт түүнийг соккер гэж нэрлэдэг бөгөөд тийм ч их сонирхоод байдаггүй. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээнд олон зуун сая, хэдэн тэрбум хүний анхаарлыг татдаг хөлбөмбөгийн тэмцээн уралдаан болох улсын тодруулахдаа АНУ-ын үндэсний эрх ашгийг бодолцохгүй байгаад дургүйцэхдээ ийм аргаар холбооны удирдлагуудад анхааруулга гэсэн гэж зарим мэргэжилтнүүд үзсэн байдаг. Жишээлбэл, 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Орост зохион байгуулахыг АНУ зүйл бүрээр эсэргүүцсэн ч дийлээгүй

 Дараагийн жишээ бол 2018 онд Канадад Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньчжоуг АНУ-аас гарагсан хүсэлтийг дагуу баривчилсан хэрэг. Мэн Ваньчжоуг Ираны эсрэг авсан АНУ-ын худалдааны хоригийг зөрчин Ирантай наймаа хийсэн байж болзошгүй гэсэн таамгааар баривчилсан бөгөөд Канадын шүүх түүнийг АНУ руу албадан хүргэх асуудлыг шийдэх гээд маш хүнд дарамтад ороод байгаа юм. Мөн Хятадын “ZTE” компанийг Ирантай худалдаа хийхийг хориглосон хуулийг нь зөрчлөө гэж шууд 1 тэрбум долларыг торгууль ногдуулсан.

 Оросын “МТС” гэсэн үүрэн телефоны оператор компаниуд Узбекистаны гар утасны гол оператор болох өрсөлдөөнд албан тушаалтнуудад нь их хэмжээний авлига өгсөн АНУ –ын хуулиар шийтгэн 850 сая доллароор торгосон. Хаа байсан Узбекистанд болсон авлигын хэргээр яагаад АНУ-д торгууль төлөх болов гэтэл “МТС” компанийн хувьцаа нь Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр борлогддог тул Узбекистанд хууль бус ажиллагаа явуулснаар Нью-Йоркийн биржийн нэрийг сэвтүүлсэн гэх шалтаг гаргаж иржээ. Ер нь гадаад худалдаа, наймааны төлбөр тооцоонд АНУ-ын доллар ашигладаг гадаадын ямар ч компани, хувь хүний эсрэг энэ мэт хэрэг үүсгэн торгож, эсвэл хорих боломжтой болсон. Иймд сүүлийн жилүүдэд БНХАУ, ОХУ гэх мэт улсуудад гадаад худалдаандаа ам.доллароо татгалзах, үндэсний валютыг ашиглах гэдэг болсон.

 Түүнчлэн АНУ нь ашиг сонирхлыг нь зөрчиж байна гэж үзвэл зөвхөн Орос, Хятад гэлтгүйгээр хамгийн ойрын холбоотон улсуудынхаа компаниудыг ч шийтгэдэг. Жишээлбэл, Британийн “Rolls Royce” компанийг Америкт бус бүр хаа хамаагүй гуравдагч улсуудад цахилгаан станцын турбин, онгоцны хөдөлгүүр нийлүүлэхдээ албан тушаалтнуудад нь авлига өгсөн хэргээр 800 сая доллароор торгоод авсан. Германы “Фольксваген” компанийг дизель хөдөлгүүрийнхээ агаарын бохирдуулах хэмжээний талаарх ташаа мэдээлэл өгч америк гэлтгүй дэлхий даяар хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулсан гэж 18 тэрбум доллароор торгосон.

 Оросын шатдаг хийг Германаар дамжуулан Баруун Европт түгээх “Умардын урсгал-2” хийх дамжуулах хоолойг барих ажилд оролцсон Швейцар болон Европын холбооны компаниудын эсрэг торгууль гэх мэт янз бүрийн хориг арга хэмжээ авахаар сүрдүүлж байгаад төслөөс гаргасан. Уг нь бол Орос өөрийн шатдаг хийгээ Европт зарах нь зөвхөн энэ хоёрын хэрэг баймар ч АНУ нь ингэж Оросын шатдаг хийг их хэмжээгээр Европт нийлүүлэх нь Европын эрчим хүчний аюулгүй байдлыг алдагдуулж байна гээд хориг арга хэмжээ авсан. АНУ нь Европын эрчим хүчний аюулгүй байдалд тэгтэл их санаа зовдог юм уу гэтэл үгүй болж таарсан. АНУ нь занараас шатдаг хий олборлох технологийн хувьсгал хийснээр шатдаг хийн олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг болж хувираад байгаа юм. Улмаар занарын шатдаг хийгээ Европт борлуулахаар асар их ашигтай төлөвлөгөөг нь “Умардын урсгал-2” нурааж байсан тул хориг арга хэмжээ авсан болж таарсан. АНУ-ын шатдаг хийг шингэрүүлээд тусгай усан онгоцоор далайг гатлан зөөж Европт хүргээд дараа нь буцаан хийн төлөвт оруулдаг гээд олон үйлдэлтэй учраас үнэтэй байдаг. Хэрэв “Умардын урсгал-2” тавигдаагүй бол жил ирэх тусам хийн хэрэглээ нь өсөж байгаа Европ Америкийн өндөр үнэтэй хийг авахаас өөр аргагүй болох байж. Тэгээд ч Европ руу Оросын хийг дамжуулдаг гол хоолойнууд нь Украйнаар дамждаг, харин Украйн нь АНУ-ын бүрэн хяналтад орсон учраас хүсвэл Европ орох Оросын хийг Вашингтоноос өгсөн зааврын дагуу тодорхойгүй хугацаагаар бүрэн хааж ч чадах байдалд үүссэн. Ингээд хааж орхивол Европ нь Америкийн шатдаг авах нь бүр ч найдвартай болох ёстой байсан. Гэвч “Умардын урсгал-2” баригдаж дууссанаар энэ бүх төлөвлөгөө нурсан. Арга бараад Америкийн улстөрчид “Оросын шатдаг хий бол Путины авторитар дэглэмийг тэтгэж, хүний эрхийг зөрчих боломж нөхцлөөр хангаж байдаг бол Америкийн шатдаг хий нь эрх чөлөөний молекул агуулсан, түүнийг хэрэглэсэн европчууд улам эрх чөлөөтэй болно” гэсэн мэдэгдэл хйиж байсан байдаг.

 Дэлхий дээр өрсөлдөгчгүй болсон АНУ нь бизнес, спорты, улс төрийн эрх ашгаа хамгаалахын тулд дотоодын хууль дүрмээ энэ мэтээр дэлхий хэмжээний болгох бодлогоо тууштай явуулсаар байгаа юм.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 3 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 3 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 3 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 5 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 5 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 5 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 5 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 6 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 6 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 6 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 7 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 8 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 10 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 10 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 11 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 11 цагийн өмнө