Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч банк болно


Дундаж давхаргын эрэлд...

Одоо сайд хийж байгаа, өмнө нь Үндэсний статистикийн хороог даргалж байсан А.Ариунзаяа Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу гэж мэдэгдэж байв. 2019 онд танилцуулж байсан энэ тоо 2021 он гарсан ч өөрчлөгдөөгүй биз ээ. Ковид19-ын дэгдэлт дэлхий нийтийг цочроохоос ч өмнө гурван монгол хүн тутмын нэг нь ядуу байсан бөгөөд цар тахлын жилүүдэд байдал сайжирсан гэвэл үнэнээс хол зөрнө.

Гэхдээ эрхэм сайдын танилцуулсан энэ тоо өөр олон асуултыг араасаа дагуулж байгаа юм. Монголчуудын гуравны нэг нь ядуу юм бол гуравны хоёр нь юу болох вэ гэх мэт... Лав баян биш. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон “Дундаж давхарга” гэвэл бүр ч биш юм.

Энэ асуултад “Эрчим” клубт тоглож байсан ОХУ-ын хөлбөмбөгчин Артем Кулешагийн “Монголд дундаж давхарга гэж байхгүй. Эсвэл мөнгөтэй, эсвэл ядуу” гэсэн тодорхойлолт л яв цав нийцэх юм шиг. Үнэндээ амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой л бол дундаж давхарга гэж нэрлэх нь өрөөсгөл. Хүний олж байгаа орлого нь хүссэнээ авчихдаг, хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлчихдэг, ядахнаа л жилдээ нэг гэр бүлээрээ гадаад, дотоодоор зугаалчих хэмжээнд хүрч байж л “Дундаж давхарга” гэж нэрлэгдэх байх. Түүнээс бус хэн нэгний тогтоож өгсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ахиудуу цалин авсан хүн бүрээ нийгмийг чирэгч “Дундаж давхарга” гэж тодорхойлоод байж болохгүй л дээ. Тиймээс л Артем Кулешагийн тодорхойлж хэлсэн нь үнэнтэй илүү ойр очоод байгаа хэрэг.

Мэдээж үндэстний хөрөнгөтнүүд энэ нийгмийг чирэгч нь. Гэвч дундаж давхарга л хөдөлгөгч хүч нь байх ёстой юм. Хөгжилтэй улс орон бүрт нийгмийг хөдөлгөгч гол хүч нь дундаж давхаргынхан байдаг. Харин манайд бол тийм биш. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа бидний зөвшөөрч чадахгүй байгаа энэ үнэнийг шулуухан хэлчихсэн байдаг.

Тэрээр “Бидний дундаж давхаргын тухай төсөөлөл их өөр байна. 2000-аад онд бол зурагттай, хөргөгчтэй айл дундажид тооцогдож, иймэрхүү хэрэглээний энгийн үзүүлэлтээр тооцоод дундаж амьдралтай, нэн ядуу биш гэж үздэг байлаа. Харин одоо асуудалд илүү бодитой хандмаар байна. Нэг хүнд ногдож буй хүнсний тэжээллэг чанар, амьдарч буй байрных нь зай талбай, амьдралын орчин нь хэр аюулгүй байгаа тухай, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь асуудалгүй хамруулаад ажил төрлөө хийж чадаж байгаа эсэх, жилдээ ядаж ганц удаа дотооддоо, эсвэл гадаадад аялал хийж байна уу үгүй юу, хадгаламжтай байна уу гэх мэт асуудлууд тавигдана. Түүвэрчилсэн судалгааг үзэхэд л Монголд дундаж давхарга гэж байхгүй байгаа нь тодорхой болно. Энд манай иргэд хуримтлалтай юу гэсэн асуултад 71 хувь нь “байхгүй”, жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чаддаг уу гэсэн асуултад 73 хувь нь “чаддаггүй”, байрны зээл авах боломжтой эсэх тухай асуухад 69 хувь нь “боломжгүй”, хөдөлмөрөөрөө хэдэн жилийн дараа байртай болох вэ гэсэн асуултад 63 хувь нь 20 ба түүнээс дээш жил, гадаадад сурах боломжтой юу гэсэн асуултад 94 хувь нь “боломжгүй” гэж хариулсан байна. Энэ хариултууд дундаж давхарга байхгүйг илтгэж байна. Нөхцөл байдал ийм байгааг дээр дооргүй хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга” гэсэн байдаг.

Шинэ хандлага, шинэ зорилт

Ямар боловч энэ Засгийн газар үнэнийг нуусангүй. Хөгжил дэвшил, аз жаргал, баян ядуугийн зааг ялгаа, улс үндэстнүүдийн үнэлэмжийг тооцох аргачлал үнэндээ өөрчлөгдөж байна. Ямар улсыг хөгжингүй улс гэх вэ, ямар ард иргэдийг аз жаргалтай гэх вэ гэдэг шалгуур ч үндсэндээ хэдхэн жилийн өмнөхөөс эрс ялгаатай болжээ.

Улс орны эдийн засгийг нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтөөр бус, нэг хүнд бодитоор хүртээж буй баялгийн хэмжээгээр үнэлэх ёстой гэсэн санаа биеллээ олж, 100 иргэнтэй, 1000 төгрөг олоод 500 нь иргэддээ зарцуулдаг улс адилхан 100 иргэнтэй, 1000 төгрөг олсон боловч 200-г нь л иргэддээ зарцуулдаг улсаас дээгүүр үнэлэгдэх болов.

НҮБ 2012 оноос эхлэн “Аз жаргалын индекс” (дэлхийн улс орнуудыг иргэдийн орлого, амьдрах хугацаа, нийгмийн халамж, эрх чөлөө, итгэл болон өгөөмөр зан гэсэн зургаан бүлэг үзүүлэлтээр дүгнэдэг) тооцох болсон. Эдийн засгийн багтаамжаараа дэлхийд эхний дөрөвт бичигддэг АНУ, БНХАУ, Япон, Энэтхэгийн аль нь ч энэ “Аз жаргалын индекс”-ийг тэргүүлж байгаагүй. Харин ДНБ-ий өсөлтөө иргэддээ илүү нааж чаддаг, дундаж цалин, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжээр тэргүүлэгч Скандинавын орнууд толгой цохиж иржээ. Бусад улс эхний дөрвийг л харж, өсөлтийн төлөө улайрч байсан бол одоо өсөлтөө өгөөж болгоход анхаарч эхэлсэн гэж хэлж ч болох юм.

Улс орны хөгжлийг хэмжих чиг хандлага ийнхүү өөрчлөгдсөн тул улс төрчид, эрх баригчдын удирдах арга барилд ч өөрчлөлт орж байна. Улс орнууд ДНБ-ий өсөлтөөс гадна, оновчтой зарцуулалтад илүү ач холбогдол өгч, нийгмийн аз жаргалыг хангах секторуудад эерэг үзүүлэлт гаргахыг чармайж буй. Энэ бол нэг талаар жам ёсны гэж хэлж болох ч нөгөө талаар цоо шинэ хандлага, өөрчлөлт юм.

Ө.Гантөр: Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ойлголт, хандлагаа өөрчилж ирээдүйгээ зураглаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн нь сайн хэрэг. Дундаж давхаргыг дэмжих, нэмэгдүүлэх нь аль ч Засгийн газрын хамгийн чухал зорилт байдаг. Одоогийн Засгийн газар энэ чиглэлд түлхүү ажиллаж байна. Ингэхдээ иргэдэд илүү бүтээмжтэй хөдөлмөрлөх цаг, боломжийг нь гаргаж өгөх буюу амьдралын чанарыг нэмэгдүүлэх гэсэн нэг, нэгнээсээ харилцан хамааралтай асуудлыг орчин үеийн, шинжлэх ухаанч шинэлэг чиг хандлагаар цогцоор нь шийдэхийг хичээж буй.

Засгийн газраас хэрэгжүүлж буй техник, технологийн дэвшлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж иргэдийн цагийг хэмнэх, ШУА-д хуримтлагдсан мэдлэгийг эргэлтэд оруулах, шинэ мэдлэг үүсч бий болох тогтолцоог бүрдүүлэх, шинэ тутам боловч ирээдүйтэй салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах эдийн засгийн механизм ажиллуулах зэрэг нь бүгд л чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэ дундаас нэг шийдвэр нь үнэхээр нүдээ, бас цагаа олсон юм. Юу гэхээр, Засгийн газраас ирэх жилүүдэд явуулах бодлого иргэддээ бэлэн мөнгө, тусламж өгөх бус боломж, дэмжлэг санал болгох чиглэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандаж үг хэлэхдээ онцолсон. Бэлэн мөнгө тараах биш, Ерөнхий сайд “Давс шиг гашуун” гэж тодорхойлсон ч хүмүүст “Чихэр шиг” сонсогдсон нэг мэдээ нь дундаж давхаргад зээл олгох, тэднийг бойжуулах, хооронд нь холбох гүүр болох  банк санхүүгийн тогтолцоог бий болгох тухай байв.

Дугуйг дахин зохиох шаардлагагүй гэдэг. Түүн шиг дахин шинээр банк байгуулж, тогтолцооны өөрчлөлтийг ч хийх гэсэнгүй. Монголын банк санхүүгийн салбарын топ-уудын нэг болох Төрийн банкийг Дундаж давхаргыг дэмжигч банк болгох зорилтыг Засгийн газар дэвшүүлээд байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан ч олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ онцолсон. Тэрээр “Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоор өөр өөр байдаг. Манайд нийгмийн дундаж давхаргыг нэг саяас гурван сая хүртэлх орлоготой хэсгийг үзэж байна. Тэгэхээр бид нийгмийн дундаж давхаргад үйлчилнэ. Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийнэ. Тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна” гэж мэдэгдсэн юм.

Дундаж давхаргыг дэмжих энэ бодлогыг ч Төрийн банк өнгөрсөн хугацаанд биелүүлж эхэлсэн. Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу энэ оны хоёрдугаар сарын 23-наас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр манай улс энэ тогтолцоо руу орсон гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Тэгвэл Төрийн банк энэхүү бодлогын хүрээнд Ажлын байрыг дэмжих зээлээр л гэхэд орон нутагт 6185 зээлдэгчид 258.4 тэрбум, Улаанбаатар хотод 2276 зээлдэгчид 152.7 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа юм байна.

Арилжааны нэг банк л гэхэд 411.2 тэрбум төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон нь яах аргагүй том дэмжлэг. Хамгийн гол нь энэ дэмжлэг үргэлжилж, дундаж давхаргыг дэмжих бодлогыг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлэхээр болсон нь олзуурхууштай гэдгийг дахин тодотгоё. Тус банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр ч “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний дагуу жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана” гэдгээ мэдэгдсэн байна лээ.

Үнэндээ дорвитой хөгжихийн тулд энэ мэтээр зоригтой дэмжих л хэрэгтэй юм. Тэгж байж Артем Кулешагийн “олоогүй” дундаж давхарга Монголд “мэндэлнэ”.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 54 минутын өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 1 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 2 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 2 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 3 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 7 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 7 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Хүүхдийн парк ажиллаж эхэллээ Өчигдөр