Д.Дэмбэрэл: 1992 оны Үндсэн хууль байнгын ажиллагаатай парламентыг төлөвшүүлэхэд зөв суурь болж өгсөн

О.Шүрэнцэцэг
2022/06/28

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 30 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан анхны парламентын гишүүдийн нэг, “71-ийн бүлэг”-ийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын даргын албан тушаалыг хашиж байсан Дамдины Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Та Улсын Бага Хурал болон УИХ-д зургаан удаа сонгогдож, 25 жил хууль тогтоогчоор ажилласан. Байнгын үйл ажиллагаатай парламент байгуулах санаачилга анх яаж өрнөсөн талаар эргэн дурсахгүй юу?

-Байнгын ажиллагаатай гэдэг үг бол тусгайлсан онцлогтой. Парламентын түүх сөхвөл манайх 1911 онд парламентын доод танхим байж байгаад тараасан. 1921 оны Ардын хувьсгал ялсны дараа Ардын ардчилсан ёс тогтоосон. Өөрөөр хэлбэл, ард түмний засаглал тогтоох үеэс манай парламентын хөгжил эхэлдэг. 1924 онд баталсан анхны Үндсэн хуулиар Ардын Их Хуралд засаглалын эрх мэдлийг шилжүүлж, Бүгд найрамдах улсыг тунхагласан. Дараагаар нь Улсын Бага Хурал, Ардын Их Хурал, УИХ-ыг байгуулсан. Тиймээс манай парламентат ёс 30 биш 100 жилийн түүхтэй юм шүү. 

Энэ парламентын 30 жилийн шинэ түүх Үндсэн хуультай холбоотой. 1988 онд тэр үеийн МАХН Үндсэн хуулийг өөрчлөхөөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхөөр ахлуулсан Ажлын хэсэг байгуулан ажилласан. 1990 онд тус Ажлын хэсгийн санал дээр үндэслэн Үндсэн хуулийн нэмэлтийн хууль баталсан юм. Үндсэн хуулийн нэмэлтийн хуулиар Монгол Улсыг Ерөнхийлөгчтэй болгох, хоёр шатлалтай парламенттай болох, Улсын Бага Хурал байнгын ажиллагаатай байх, Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар гэсэн гурван эрх мэдлийн хуваарилалтыг хийх болсон юм. 1992 онд батлагдаж, өнөөдөр 30 жилийн ойг нь тэмдэглэж байгаа шинэ Үндсэн хуулийн язгуур үндэс ингэж тавигдсан. Үндсэн хууль төрөх, нэмэлт, өөрчлөлт хийх үйл явц өөрөө нийгмийн тодорхой зорилт, өөрчлөлттэй холбоотой гарч ирдэг. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаа бол өөрөө том сорил. 

Улсын Бага Хурлыг байнгын ажиллагаатай байгуулсан билээ. Одоогийн парламент бол байнгын ажиллагаатай хууль тогтоох байгууллага гэдгээрээ онцгойрно. 

Шинэ Үндсэн хуулийг батлахад тэр үеийн 430 депутат үлэмж ачаалалтай ажиллаж, ард түмнээсээ асууж, гадаад орнуудын туршлага судалж, Монгол Улсыг төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжүүлэх их зорилгод нийцүүлж баталсан. Үндсэн хуулийг гадаадын судлаачид чамбай Үндсэн хууль гэж дүгнэдэг шүү дээ. 

-Байнгын ажиллагаатай УИХ-ын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байсан бол. Ямар онцлогтой байсан бэ?

-Байнгын ажиллагаатай байсан Улсын Бага Хурлын хоёр жилийн туршлагад тулгуурлаж одогийн УИХ-ын үйл ажиллагаа эхэлсэн юм. УИХ-ын гишүүд хууль тогтоох үйл ажиллагаанд ардчилсан, чөлөөт байдлаар оролцож байв. Энэ үед манай нам Засгийн эрхийг дангаар барих Үндсэн хуулийн заалтаас татгалзаж, бусад намтай сонгуулиар өрсөлдөж, УИХ-д орох ардчилсан тогтолцоог төлөвшүүлнэ гэсэн тодорхой зорилт тавьсан байв. Бас парламентын гишүүдэд намын тулгалт, шахалт байгаагүй, 76 гишүүн саналаа илэрхийлэх чөлөөтэй боломжтой ажилласан. 

Хууль хэлэлцэх дэг чанга байсан. Үндсэн хуулийн хавсралтын хуулийн жагсаалтад орсон хуулиудыг дөрвөн жилийн хугацаанд батлах том зорилт бидэнд тулгарсан. 1992-1996 оны УИХ зорилтоо бүрэн хангасан билээ. Хууль болгоныг заалт бүр дээр нь санал хураана. Тэр үед манай нам парламентад 71 гишүүнтэй, олонхын бүлэг байлаа. Хуулийг хэлэлцэхдээ цөөнх болсон хэсэг асуудлаараа гурван удаа тайлбарлаж, санал хураалган шийднэ. Би тэр үед УИХ дахь Намын бүлгийн ахлагч байлаа. Харин 1996 оноос хойш парламентын олонх, цөөнх гэдэг асуудал намуудаар солигдсон. 

Манай намын Удирдах зөвлөлөөс УИХ дахь бүлэгтээ ямар хуульд, ямар асуудлыг оруулах талаар албан бичгээр чиглэл өгсөн тохиолдолд бид парламент дээр намын бодлогоо тайлбарлан, хамгаалдаг байлаа. Анхны парламент асуудалд бодлогоор ханддаг, намаас шахалт үзүүлдэггүй, УИХ хууль тогтоох үйл ажиллагаандаа голлон анхаарч, Засгийн газрын үйл ажиллагаанд халтирч ордоггүй, УИХ-ын гишүүд нь ёс зүйн хувьд өндөр түвшинд ажиллаж байсан онцлогтой. Үндсэн хуулийн хавсралтаар баталсан анхдагч хуулиуд одоо хүртэл суурь хууль зарчмаа хадгалсан, үнэ цэн нь хэвээр байна. Ер нь байнгын ажиллагаатай хууль тогтоох байгууллагыг төлөвшүүлэхэд анхны парламент зөв суурь тавьж өгсөн. 

-Хууль тогтоох дээд байгууллага 30 жилийн хугацаанд хэр бэхэжсэн гэж үздэг вэ?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хууль тогтоох үйл ажиллагаа их туршлагажлаа. Өнөөгийн хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчилсан дэг журам, соёлыг төлөвшүүлэх, эдийн засгийг зах зээлийн өнөөгийн голдиролд шилжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэх үйл ажиллагааг үе үеийн парламент Үндсэн хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ирлээ. Манай парламентыг туршлагатай, ардчилсан, парламент гэж олон улсад үнэлэгддэг болсон биз дээ. Мэдээж, сонгогчдын зүгээс шүүмжлэл байлгүй яах вэ. 

-Олон нийтийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд парламентын үүрэг чухал гэдэг. Гэтэл олон нийтийн итгэл буураад байх шиг байна. Энэ нь төрийн үйл ажиллагаатай холбоотой юу, сонгогдсон гишүүдтэй холбоотой юу?

-Үндсэн хуульд заасан эрх үүргийн зааг ялгааг УИХ-ын гишүүд барьж ажиллаагүйгээс олны эргэлзээ үүсэж байна уу гэж би хардаг. Тухайлбал, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр нөлөөлөх гэдэг. Парламентын нэр хүндийг гишүүн нь л муутгана. Энэ нь хувь хүний үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой. Парламентын гишүүд хувийн болон улсын ашиг сонирхлыг ялгаж, салгадаг байх хэрэгтэй. Хувийн ашиг сонирхлоо нийгмийнхээс дээгүүр тавьж болохгүй. 

Парламентын гишүүдэд олонд таалагдах, попрох хандлага ч байдаг. Энэ нь ч гишүүний нэр хүндэд сайн нөлөө үзүүлдэггүй юм. Энэ парламент УИХ-ын гишүүдийн Ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж, одоо Ёс зүйн хууль гаргахаар ажиллаж байгаа нь дутагдлыг засах гарц болно гэж харж байгаа. Хамгийн гол нь улс төрийн намууд хариуцлагатай хандах ёстой. Зөв хүнээ сонгуульд нэр дэвшүүлэх хариуцлагатай үүрэг намуудад Үндсэн хуулиар олгосон байгаа шүү дээ. Энэ нь төрийн нэр хүндийг сэвтүүлэхээс үндсэндээ сэргийлэх чухал механизм. 

-Шинэ Үндсэн хууль мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Эхний өөрчлөлт “Дордохын долоон өөрчлөлт” боллоо гэсэн шүүмжлэл дагуулсан байдаг. Үндсэн хуульд үе үе өөрчлөлт орж явах нь зөв үү?

-Цаг үеийн нөхцөлд тохиолдсон, гүйцэт судлагдаагүй асуудлыг тусган Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг “Дордохын долоон өөрчлөлт” гэсэн. Яагаад гэвэл, Засгийн газрын тэргүүнийг сонгохоор нэрийг нь Ерөнхийлөгчид өргөн барьж, Ерөнхийлөгч олон удаа буцаасан, парламентын ирцийн босгыг оруулж 75-аар тогтоосныг 50+1 болгож бууруулсан гэх зэрэг нь Үндсэн хуулийг дордууллаа гэдэг шүүмжлэлийг дагуулсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нь бодлогын глобал асуудал байх шаардлагатай. Хууль тогтоох дээд байгууллага бол гүйцэтгэх засаглалаа хянаж, хууль хэрэгжүүлэхэд анхаарч, салбарын хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтөд үндсэн суурь зарчмаар хандах боломжтой шүү дээ. 

-Энэ удаа ярилцаж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хамрах хүрээтэй та танилцсан уу. Улс төрийн намуудын шаардлагатай санал нэгдэх үү?

-Дэлхий дахинд ихээхэн өөрчлөлт гарч байгаа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шалтгаан болж өгч байгаа талаар ярьцгааж байна. Үнэхээр тийм бол энэ нь Үндсэн хуультай холбогдож байгаа эсэх талаар нухацтай тайлбарлаж, ард иргэдэд ойлгуулах ёстой. Өнөөдрийн Үндсэн хуультай зөрчилдсөн ямар асуудал байна вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. 

Пропорциональ системээр сонгуулийг явуулахыг намууд шаардаж байна. Энэ нь намын нэрсийн жагсаалтаар УИХ-д орж ирдэг хувилбар гэсэн үг. Мажоритар систем бол ард түмэн УИХ-ын гишүүнээ өөрөө сонгодог хэлбэр. Холимог системээр сонгуулийг явуулахаар ярьж байгаа бол бидэнд туршлага бий. Үүнийг судалж үзэх хэрэгтэй. Парламент дээд, доод танхим гэхээсээ гишүүд хоорондоо намаас, ард түмнээс сонгогдсон гэж хоёр талцдаг тал анзаарагдсан шүү. Ер нь сонгуулийн сонгодог системийг хаана ч тогтоогоогүй. Уг нь бид эхлээд Улс төрийн намын хуулийг баталбал зүгээр байсан юм. Өнөөгийн парламентын гишүүдийн ёс зүй, албан тушаал, хээл хахуульд холбогдоод байгаа явдал нь улс төрийн намууд ямар хүн нэр дэвшүүлсэнтэй шууд холбоотой. Би өмнө ч хэлж байсан. Тэгвэл намын жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүст ямар шаардлага тавих, хэрхэн, ямар аргаар жагсаалт гаргахыг нарийвчлан хуульчлах шаардлагатай. 2012-2016 онд явуулсан сонгуулийн холимог тогтолцоонд энэ аргачлал орхигдсон байсан юм. Намын жагсаалтад багтсан, нэр дэвшигчдэд сонгогчид саналаа өгөх шаардлагатай. Тэр саналаар нэр дэвшигчдийн хэн нь парламентад орох вэ гэдгийг шийдвэрлэх боломжтой.

-Пропорциональ системээр сонгуулийг явуулснаар улсын төсвийн үргүй зарлага багасна гэж зарим улстөрчид үзэж байсан. Та парламентын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байна уу?

-УИХ-ын гишүүнд бол нэг сонгогчийн саналыг ч сонгогдсон тойргийнхоо баг, сумын асуудлыг ч анхаарч, анзаарч байх хэрэгтэй. Монголын нэг аймаг хүн ам цөөтэй гэдэг нутаг дэвсгэрээр субьект. Тухайн аймгийг хөгжүүлэхийн төлөө гишүүд ажиллах үүрэгтэй. Харин хэрхэн анхаарах вэ гэдгийг хуульд нарийн заах шаардлага бий. Манай парламентын гишүүд 30 жил жалга, довны асуудалд анхаарлаа гэж шүүмжлүүлсэн ч орон нутагт зам гүүр, эрчим хүч, интернэтийг хүргэсэн, орон нутгийг хөгжүүлсэн. Төсөв хуваарилахад буруу нь юу байх билээ. Үр ашигтай бол хуваарилах ёстой. Тооцоогүй, зураг төсөвгүй, гал аргацаасан бус, эдийн засгийн үр ашиг нь ямар гэдгийг ялгаж, салгаж үзэх нь чухал. 

Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж болох ч олон асуудал дагуулах биз. 150 гишүүн хуралдах танхим бэлтгэхээс эхлээд дагалдах төсөв, зардал гээд олон орон тоо нэмэгдэх болно. Магадгүй Парламентын ордон шинээр барих шаардлагатай гэх мэт. 

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүний хувьд өнөөдрийн цар тахлын энэ нөхцөлд ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад юуг анхаарвал зүгээр гэж боддог вэ? 

-Аж үйлдвэржүүлэлтийн бодлогыг л хэрэгжүүлэх хэрэгтэй. Манай намын 30 дахь Их хурлаар дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогод энэ асуудлыг тусгаж, Засгийн газар хэрэгжүүлж эхлүүлээд байна. Одоо дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн хувьд үр ашигтай, технологитой үйлдвэрийг бодлогоор хөгжүүлбэл гадагшаа ажиллах хүчээ алдах явдал зогсоно. Гадагшаа ажиллах хүчээ алддагийг зогсоох цаг нь болсон. Засгийн газар дөрвөн жил болохдоо үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр гаргаж, хүмүүсийн цалин орлогыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрхлэхийг үндсэн үүрэг болгож, бонд, зээл авахгүй байхыг парламент хатуу хянах хэрэгтэй болж байна.

2004 оноос хойш НҮБ-аас Сайн засаглалын бодлого хэрэгжүүлэх, Авлига хээл хахуультай тэмцэх, Ажилгүйдлийг багасгаж, ядуурлыг бууруулах, Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах том зорилтуудыг улс орны өмнө дэвшүүлсэн. Энэ асуудлууд Үндсэн хуулийн хүрээнд бүрэн хэрэгжүүлэх боломжтой гэж би үздэг.

Н.Энхбат

Эх сурвалж:“Монголын Үнэн” сонин  2022.06.24 №025,026, (24506, 24507)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Арилжааны 9 банкинд торгох шийтгэл ногдууллаа 2022/08/12
Samsung Galaxy Z Flip4 болон Galaxy Z Fold4 утсууд нь ухаалаг утасны зах зээлийн хэвшмэл байдлыг үүрд өөрчиллөө 2022/08/12
2022 оны ЭЕШ-ын дүнгээр тэргүүлсэн сургуулиуд 2022/08/12
ЭМГЭНЭЛ 2022/08/12
Малчин цэрэг мориноос унаж, хүнд гэмтэл аван ГССҮТ-д нисдэг тэргээр хүргэгдлээ 2022/08/12
Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоох их бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна 2022/08/12
Эрэн хайж байсан 13 настай Т-ийн цогцос Хорих 461-р анги орчмын тогтоол уснаас олджээ 2022/08/12
Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээв 2022/08/12
Усны түвшин 5-10 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг даван үерлэх хандлагатай байна 2022/08/12
УНТЭ 30 ажилтанд 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа олгоно 2022/08/12
Mercedes болон Geely-ийн хамтарч бүтээсэн Smart цахилгаан автомашин 2022 онд олон улсад нээлтээ хийнэ 2022/08/12
Өнөөдөр “Олон улсын залуучуудын өдөр” 2022/08/12
Өчигдөр нийт 143 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 зөрчил илэрчээ 2022/08/12
Тэтгэлэгт хөтөлбөрөөр Цүкүбагийн их сургуульд суралцана 2022/08/12
Өнөөдрөөс Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг хаана 2022/08/12
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2022/08/12
Эрүүл ирээдүйн төлөө "Colgate" брэнд Архангай аймгийн 700 гаруй хүүхдэд амны хөндийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийлээ 2022/08/11
“Чухал амжилт” сургалтын төв мэргэжлийн ромбо, дипломтой төгсөх хагас жилийн ангидаа элсэлт авч эхэллээ 2022/08/11
Төрхүүг Нөмрөгийн Дархан цаазат газарт нь эргүүлэн тавилаа 2022/08/11
Хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана 2022/08/11