УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг түргэн, шуурхай хүртээмжтэй болгож цахимжуулах зорилгоор Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулах заалтуудыг нарийвчлан тусгасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Мөн иргэний хувийн мэдээллийг цахим иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэх, уг мэдээллийг хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх зэрэг зохицуулалт тусгажээ. Энэхүү төслийг энэ оны нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч нарийвчлан боловсруулах шаардлагатай хэмээн үзэж, Засгийн газарт буцаасан билээ. Тиймээс Засгийн газраас УИХ-ын гишүүдийн өгсөн санал, дүгнэлтэд тулгуурлан хуулийн төслийг нарийвчлан боловсруулж, дахин өргөн мэдүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна