Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте нь хар тамхины том наймаачдын толгойг тасдахад бэлэн гэж мэдэгдсэнийг "Manila Bulletin" уламжилжээ.
Дутерте "Би хар тамхийг үзэн яддаг. Хэрэв чи хар тамхины том наймаачин л бол хятад эсвэл япон, малай хүн байсан ч хамаагүй тонноор нь хар тамхи зардаг чиний толгойг би тасдана" гэж мэдэгджээ.
Мөн ийм хэрэг хийснийхээ төлөө шоронд орохоос айхгүй байгаагаа хэлээд хэрэв орвол жилдээ нэг удаа Зул сарын баяраар хоол оруулж ирж байгаарай гэжээ. Гэхдээ хар тамхиын жижиг наймаачид, хүргэгчдийг цаазаар авахгүй гэдгээ онцолсон байна.
Дутерте нь Ерөнхийлөгч болсноос хойш хар тамхитай хийсэн дайны явцад шүүхийн шийдвэргүйгээр цаазлах тушаал өгч байснаа "миний цор ганц нүгэл" гэж тодорхойлсон байдаг.
Харин Олон улсын эрүүгийн шүүх өөр бодолтой байгаа бололтой. 2018 онд Олон улсын эрүүгийн шүүхээс Дутертег Давао хотын мэр хийж байхдаа болон Ерөнхийлөгч болсны дараа хийсэн үйлдлүүдийг мөрдөн шалгаж эхэлсэн. Филиппиний Засгийн газраас гаргасан мэдээгээр Дутертегийн санаачилсан хар тамхины эсрэг дайны зөвхөн эхний хоёр жилийн дотор гэхэд л хар тамхины жижиг наймаачид, донтогсод голдуу 4,5 мянган хүн амиа алджээ. Харин Олон улсын эрүүгийн шүүх энэ тоог 8 мянга гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна