Эдийн засаг дахь төрийн оролцооны үр дагавар

М.Төгөлдөр
2023/03/08

Эдийн засаг дахь төрийн оролцооны систем интервенционизмын талаар цэгцтэй ойлголт өгөх, интервенционист арга хэмжээнүүд нь зорилгынхоо эсрэг үр дүнг л авчирдаг гэдгийг мэдүүлэх нь энэ бичвэрийн зорилго юм.

Интервенционизм

Интервенционизм бол төрийн оролцоот эдийн засгийн систем. Социализмтай адилгүй нь, интервенционизм нь үйлдвэрлэлийн хэрэгслийн хувийн өмчлөл, бизнес хийх орон зайг хязгаарлагдмал ч атугай олгодог. Өрнөдөд интервенционизмыг гуравдагч зам, дундыг баримтлах бодлого, социал демократизм, либерализм (Өрнөдөд либерализм гэх үгээр зүүний үзлийг хэлдэг), либерал ардчилал, зүүний либертаризм гэж өөр өөрөөр нэрлэнэ. Гэлээ ч эд бүгд ганц л зүйлийг буюу эдийн засаг дахь төрийн оролцооны системийг илэрхийлдэг. Интервенционистууд төрийн оролцоог хэр их, хэр бага байлгах вэ гэдэг дээр л санал зөрөхөөс зарчмын хувьд төр эдийн засагт оролцох ёстой гэх ижил байр суурьтай байдаг. Дараах нь интервенционист арга хэмжээнүүд болно.

Үнийн хяналт (Үнийн дээд болон доод хязгаар)

Үнийн хяналт гэдэг нь бараа, үйлчилгээний үнийг төрөөс хүчээр тогтоох арга хэмжээ. Үнийн хяналтын хэлбэрүүд болох үнийн дээд хязгаар (үнийн тааз), үнийн доод хязгаар (үнийн шал) нь бүхий л бараа, үйлчилгээнд ижил үйлчлэх ба хэр өндөр, хэр нам тогтоогдсоноосоо шалтгаалж нөлөөтэй байх эсэх нь шийдэгдэнэ. Үнийн дээд хязгаарыг зах зээлийн түвшнээс доогуур, үнийн доод хязгаарыг зах зээлийн түвшнээс дээгүүр тогтоосон тохиолдолд л үнийн хяналт нөлөөгөө үзүүлэх юм. Үнийн дээд хязгаарыг зах зээлийн түвшингээс доогуур тогтоовол ашиггүй ажиллахгүйн тулд компаниуд барааны нийлүүлэлтээ багасгах ба ингэснээр хомсдол үүсдэг. Үнийн доод хязгаарыг зах зээлийн түвшингээс дээгүүр тогтоовол тухайн барааны эрэлт буурч, зарагдахгүй үлдэж илүүдэл бий болно.

Бүтээгдэхүүний хяналт (Хориг)

Аливаа зүйлийн үйлдвэрлэлийг хорих үед эрэлт нь хэвээр байсаар байвал тухайн барааны үнэ нь өсөх бөгөөд хууль бус наймаа газар авна. Нийлүүлэлт нь бага байх тусам үнэ нь өндөрсдөг. Бүтээгдэхүүний хоригийн сонгодог жишээ болох 1920-1933 оны хооронд АНУ-д үргэлжилсэн хуурай хуулийн нөлөөгөөр мафиуд хүчирхэгжсэн билээ. 1985 оноос Михаил Горбачев ЗХУ-д архийг хориглох гэж үзээд бас л бүтэлгүйтсэн.

Квот

Квот нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хүчээр багасгах арга хэмжээ. Үйлдвэрлэлийн тоо хязгаартай байх учир төрийн томилсон цөөн тооны компаниуд л тухайн квот тогтоосон салбарт үйл ажиллагаа явуулна. Үүнийг төрийн картель гэнэ. Нацист Германд Адольф Хитлер, Фашист Италид Бенито Муссолини төрийн картелийн бодлогыг явуулж байсныг хүмүүс мэддэг. Харин яг тэрхүү цаг үед АНУ-д Франклин Рузвельт "New Deal" хөтөлбөрөөрөө мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг хүчээр багасган, тухайн салбаруудад төрийн картель тогтоож байсныг эдийн засагчид, түүхчид тоотой дурсдаг нь харамсалтай.

Лиценз

Лиценз тухайн салбарт шинэ компани, шинэ хүн орохыг хязгаарлан өрсөлдөөнийг хумьдаг ба бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг багасгаж, үнийг өсгөнө. Энэ бол олигополийн нэгэн эх үүсвэр. Монголд шатахуун импортлоход лиценз шаардагддаг нь, монгол иргэдэд гаднаас эм, витамин оруулж ирэх эрх байдаггүй нь аль аль барааг нь илүү үнэтэй болгодог байна.

Чанар, аюулгүй байдлын стандарт

Хэрэглэгчдийн тусын тулд гэх энэ төрлийн төрийн оролцоо бараа, үйлчилгээний өртгийг нэмэгдүүлдэг учраас жижиг, дунд бизнесийн хөгжих боломжийг нь хаана. Бизнес эрхлэгч үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд чанар, стандартаа хамгийн сайнаараа сахиулахыг хичээнэ, алдаа гаргавал дампуурдаг. Хэрэглэгч өөрөө мэдэж хаана, хэнээр үйлчлүүлэхээ сонгох учир төр энэ асуудалд хутгалдах шаардлага үгүй.

Гаалийн татвар

Импортын татвар гадны бүтээгдэхүүнийг дотоодын бүтээгдэхүүнээс үнэтэй болговол хэрэглэгчид дотоодын бүтээгдэхүүнээ сонгоно. Хэрэв ийм татвар байгаагүйсэн бол үнийн зөрүүгээр нь хэрэглэгч өөр зүйл худалдаж авч эсвэл хадгалж буюу зээлийн хүүг бууруулж бусад бизнесийг дэмжих байсан. Импортын татвар гадны бүтээгдэхүүний үнийг дотоодын бүтээгдэхүүний үнээс дээш гаргахааргүй дор тогтоогдсон байвал энэ нь төрийн санг арвижуулна. Гаалийн татвар гэдэг нэг бол төрийг, нэг бол төртэй хамссан бизнесийг хэрэглэгчдийн зардлаар тэжээдэг эд. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэрийн дор ашиглагддаг энэ татварын хохирогч нь дотоодын хэрэглэгчид юм. Хэрэглэгчид гэдэгт зөвхөн эцсийн бүтээгдэхүүний хэрэглэгчид биш, мөн үйлдвэрлэгчид ч орно. Цементийн гаалийн татвар өмнөх оны 10-р сар хүртэл Монголд 20% байсан нь үнийг нэмэгдүүлж байсан учраас төр түрдээ тус татварыг зогсоосон аж. Импортын квот, гаалийн татвар зэрэг гадаадын өрсөлдөөнийг хаасан арга хэмжээнүүдийг протекционизм гэдэг.

Гадаад валютын хяналт

Улс дахь гадаад валютын урсгалыг бүрэн хянана гэдэг зөвхөн импорт, экспортоос хамааралтай бизнесүүдийг бус нийт эдийн засгийг боомилж буй үйлдэл. Нэг валютын бусад валюттай харьцах үнийн дээд, доод хязгаарыг тогтоовол зах зээл дээр илүүдэл эсвэл хомсдол үүснэ.

Үйлдвэрчний эвлэл

Үйлдвэрчний эвлэлийн гол зорилго нь ажилчдын цалинг нэмэгдүүлэх. Үүндээ хүрэхийн тулд ажил хаялт зарлах ба үйлдвэрчний эвлэлд багтдаггүй, ажил хийхийг хүссэн ажилчдыг хүчирхийллээр далайлгаж болиулна. Хөдөлмөрийн хөлс зах зээлийн түвшингээс хэтэрсэн тохиолдолд ажилгүйдэл нэмэгдэх ба үүний үр дүнд үйлдвэрлэл буурч, эдийн засаг унадаг.

Татаас

Чөлөөт зах зээл гэдэг ашиг болон алдагдлын систем. Хэрэглэгчдийн хүссэн зүйлийг бага өртгөөр үйлдвэрлэж чадаж байгаа нь үлдэж, чадахгүй нь дампуурна. Харин татаас бол төр ялагчийг сонгодог, зах зээлийг гажуудуулдаг, чөлөөт өрсөлдөөний эсрэг чиглэсэн олон интервенционист бодлогуудын нэг. Өртгийг нь татвар төлөгчид төлнө. Хөгжлийн банк, элдэв сангууд нь тендертэй нэгэн адил татаасын хэлбэр юм.

Монополийн эсрэг хууль

Зах зээлийн эдийн засагт аливаа компанийг салбартаа монополь болгодог цорын ганц зүйл нь хэрэглэгчдийн шийдвэр. Компани монополь байна гэдэг хэрэглэгчдийг бусадтай харьцуулахад илүү хямд, илүү чанартай бүтээгдэхүүнээр хангаж байна гэсэн үг. Чөлөөт өрсөлдөөнөөр гарч ирсэн монополийг хүчээр устгах нь хувийн өмчид халдаж буй хэрэг. Хэрэглэгчийн сонголтоос бий болсон монополийг төрийн оролцооны улмаас үүссэн монопольтой адилтгаж болохгүй. Монополийн эсрэг хуулиар далайлгаж ШӨХТГ "Юнивишн" ХХК-д 1.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан нь эцсийн эцэст хэрэглэгчдийг л хохирооно.

Татвар

Татвар их байх тусам иргэдийн амьдралд хутгалдах төрийн цараа томорч, хүний ажиллах сэдэл буурна. Энэ бол хийснээс нь аваад хийгээгүйд нь өгдөг дээрэм. Татвараар санхүүждэг янз бүрийн төрийн үйлчилгээг иргэд хэрвээ татварлуулаагүй байсан бол өөрсдөө авчихаж чадах байсан. Хүний амь нас, хувийн өмчийг хамгаалахаас бусад зориулалттай татварууд нь төрийн хулгай, хуулийн завхралын үндэс болдог. Түүнчлэн, татвар нь хувийн хэвшилд хэрэглэгдэх байсан эдийн засгийн нөөцүүдийг төрд булааж авч өгдөг. Ард олон баригдаж дууссан төрийн бүтээн байгуулалтыг л харахаас баригдаж болох байсан хувийн хөрөнгө оруулалтыг хардаггүй. Үүнийг 173 жилийн өмнө Францын эдийн засагч Фредерик Бастиа "Ил харагдах, үл харагдах" номоороо тайлбарласан.

Төрийн монополь

Интервенционист, холимог эдийн засгийн системд төр боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбаруудыг өөрийн мэдэлд авдаг. Зах зээлийн өрсөлдөөн, чөлөөт үнэ салбарт нь үгүй, ажиллагсад нь хэрэглэгчдээс хамааралгүй байдаг учир үйлчилгээнийх нь чанар муу байх нь эдийн засгийн хууль. Өнөөдөр Монголд төрийн монопольт сектор бүр дампуурчихсан. Харин социализм гэдэг бол бүх сектор дахь төрийн монополь.

Мөнгөний нийлүүлэлт

Цаасан мөнгө материаллаг баялгийг бий болгодоггүй. Өөрөөр хэлбэл, мөнгө хэвлэлт нь баялгийн дахин хуваарилалт. Шинэ мөнгөнд хамгийн түрүүнд хүрсэн хүмүүс хожих бол бусдад нь дарааллаас нь хамаарч мэдрэгдэнэ. Ихэнх нь хохирно. Энэ үзэгдлийг эдийн засгийн ухаанд "Кантильон эффект" гэдэг. Төв банкны шинээр нийлүүлсэн мөнгө иргэдийн гар дээр шууд очвол хэрэглээний барааны үнэ өснө. Зээлийн хүүг бууруулахад зориулж мөнгө хэвлэн арилжааны банкуудаар тараавал энэ нь эдийн засгийн мөчлөгийг, цаашлаад уналтыг авчирдаг. Шинэ мөнгө банкнуудаар дамжин бизнесүүдэд хүрэхэд энэ нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнийг болон хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлнэ. Учир нь материаллаг баялаг өсөөгүй, цаасан мөнгө л нэмэгдсэн. Зээлийн хүү буурсанд найдаж шинэ хөрөнгө оруулалт эхлүүлсэн маш олон компани эхлүүлснээ дуусгаж чадахгүй, чадлаа ч өртөг нь маш өндөр болсон байх юм. Эдгээр буруу хөрөнгө оруулалтууд өөртөө бодит нөөцийг татсан болохоор бусад зүйлсийн үйлдвэрлэлийг багасгадаг. Нөөцийн буруу хуваарилалтаас (misallocation of resources) шалтгаалж үйлдвэрлэлийн хүчин зүйлс нь хомсодсон, үйлдвэрлэлийн өртөг нь өссөн компаниудаас хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн зүйлсийг үйлдвэрлэж чадсан нь амьд үлдэж, чадаагүй нь зарагдаагүй үлдсэн бараануудтайгаа хоцрох буюу дампуурахдаа тулна. Монголд төв банкны Ипотекийн хөтөлбөр зогсоход барилгын салбар сүйрэх нь тодорхой. Хүчээр хиймэл эрэлтийг бий болгодог Ипотекийн хөтөлбөр үргэлжилсээр байх аваас төгрөг үнэ цэнээ алдсаар байх болно.

Дүгнэлт

Монголд төрийн үйлчилгээнүүд чанаргүй байгаад, төртэй хамссан бизнесүүдийн монополь тогтсонд, төрийн сангийн хулгай арилдаггүйд, хууль ёс завхарсанд, төрийн авлига устдаггүйд, халамж нэхдэг паразит анги бий болсонд, эдийн засаг царцанги байдалд ордогт, улмаар буурдагт интервенционист арга хэмжээнүүд буруутай.

 

Нийтлэлийг бичсэн: Мизес Монгол ТББ


0
angry
0
care
0
haha
3
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 12 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 14 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 14 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 14 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 15 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 15 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 15 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 16 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 20 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 21 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 21 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр