ӨВӨРХАНГАЙ: А.ИШДОРЖ: Малчид хоорондоо ойлголцдог байх нь хамгийн чухал


Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржтой цаг үеийн ажил, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Та Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдон ажилласнаас хойш хоёр жилийн нүүр үзэж байна. Хэдийгээр бага хугацаа боловч ковидын цар тахал, эдийн засгийн хямрал гээд хүндхэн цаг үеийг туулж байх шиг санагдлаа. Таны бодол?

- Дэлхий нийтээрээ урд өмнө нь нүүр тулж байгаагүй, хор уршиг их халдварт цар тахалтай бүтэн хоёр жил тэмцлээ. Амаргүй цаг хугацаа таарсан. Ковидын цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоож, бүх салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Ялангуяа төрийн ажилд их түшиг тулгуур болж байдаг хувийн хэвшил, бизнесийнхний үйл ажиллагаа доголдож, 2020, 2021 оны турш хэцүүхэн цаг үе үргэлжилснийг хүн бүхэн мэдэж байгаа.

Гэхдээ Өвөрхангай аймаг өвчлөл, нас баралтаар улсын дунджаас доогуур үзүүлэлттэй байсан. Энэ бол цар тахлын үед өдөр, шөнөгүй ажилласан эрүүл мэндийн салбарынхан, онцгой комиссынхон болоод нийт иргэдийн оролцооны үр дүн юм. Миний хувьд бүрэн эрхийн жил гаруй хугацаа нь коронавирустэй тэмцэх байдлаар өнгөрч байгаа ч дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр зорьсон ажлаа бүрэн дүүрэн хийхийн төлөө хичээн ажиллаж байна.

2022 онд ковидын цар тахлын голомтыг хумиж, халдварыг зогсоож чадсан учраас улсын хэмжээнд тэгш ойн баяруудаа тэмдэглэн өнгөрүүлсэн. Аймгийн 90, 91 жилийн ойг нийт иргэдтэйгээ сайхан тэмдэглэж, түүхийн нэгэн хуудсыг баринтаглалаа. Аймгийн ой гэдэг бол хувь хүмүүсийн түүх юм. Салбар бүрт ажиллаж байсан үе үеийн хамт олон яаж ажиллаж байв, ямар амжилт гаргав гэдгийг нэгтгэн дүгнэх үйл ажиллагаа гэж хэлж болно.

Ковидын цар тахлын нөлөөгөөр үүссэн эдийн засгийн хямрал аймгийн ажилд хэрхэн нөлөөлж байна вэ?

- Ковидын дараах хүндрэлээс өнөөдөр ч бүрэн гарч чадахгүй байна. Дэлхийн томоохон улс орнууд нэг нэгэндээ хориг тавьсны улмаас хөгжлийн хурд саарч эхэллээ. Манайх шиг жижиг эдийн засагтай, импортын бүтээгдэхүүнээр амьдардаг улсад эдийн засгийн хямрал илүү мэдрэгдэж байгаа. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас өнөөдрийн эдийн засгийн хямрал, үнийн өсөлт нь олон улсын байдлаас ихээхэн шалтгаалж байгаа юм. Бид бүх зүйлээ гаднаас импортоор аваад сурчихсан. Үүнийгээ хөгжиж байна, болж байна гээд ойлгож байсан.

Гэтэл хил, гаальд хорио цээр тогтоонгуут бидний хэрэглэж байгаа ихэнх хүнс хоёр хөршөөс орж ирдэг нь тодорхой болсон шүү дээ. Хэрвээ Хятадаас данбаоли нь, Оросоос дрож нь орж ирэхгүй л бол бид талхаа ч барьчихаж чадахгүй юм байна. Барилгын салбарт ч ялгаа байхгүй, байшин барихад хэрэглэдэг ихэнх материалыг урдаас оруулдаг учраас барилгын ажлууд зогсож, улс, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа ажлууд удааширч байна. Гэсэн хэдий ч бид хөрөнгө оруулалтын ажлыг цаг хугацаанд нь хийж дуусгахыг гүйцэтгэгч компаниудаас шаардаж байгаа. Төсөв, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа хэдий ч УИХ-ын гишүүдийнхээ дэмжлэгээр 2022 оны улсын төсөвт 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгаж чадсан. Үүнээс 50 тэрбум орчим төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг энэ ондоо гүйцэтгэж байна.

 

Эдийн засгийн хямралаас гарахын тулд юу хийх ёстой вэ?

- Монголчууд бид хувьтай юм. Мах, гурил нь байна. Өөрсдөө төмс, ногоогоо тарьж чадвал өргөн уудам газар нутаг нь байна. Айл өрх бүр үйлдвэрлэгч болж, олсон мөнгөө зөв зүйлд зарцуулж байж л хямралаас гарна. Төмс үнэтэй байна гэж бухимдахын оронд хашаандаа хэрэгцээнийхээ төмсийг тарьчихдаг байх нь л чухал.

- Хямралын хажуугаар өвөлжилт ч дахин хүндрэх төлөвтэй байна. Аймгийн хэмжээнд отор нүүдлийн асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

- Энэ жил 5.6 сая мал намаржиж байна. Иргэдийн хүнсний хэрэгцээ, зах зээлийн эргэлтэд тодорхой тооны мал борлуулсны дараа 4.3 сая мал өвөлжинө гэх урьдчилсан дүнтэй байгаа. Өвөрхангай аймгийн хэмжээнд зуншлага харилцан адилгүй байсан. Сант, Богд, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Баруунбаян-Улаан суманд хавар эрт ногоо гарсан ч зундаа гандуу, хур бага байсны улмаас мал бүрэн тарга тэвээрэг авч чадаагүй. Тиймээс 800-гаад малчин өрх отроор явж, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Төв, Булган, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Хэнтий гээд олон аймагт очсон байна.

Өвөрхангайгаас очсон отрын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах талаар албан тоот, хүсэлтийг дээрх аймгуудад илгээсэн. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай биечлэн уулзаж, Өвөрхангай аймгаас оторлож очих малчдыг бүх боломжоороо дэмжин ажиллах хүсэлтийг тавьсан. Бидний хүсэлтийг хүлээн авч, отроор яваа малчдад төрийн үйлчилгээг хүргэх, өвөлжөө, хаваржаа, уст цэгээр хангах талаар анхаарч ажиллахаа илэрхийлэн хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байна.

Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан болон Говьсүмбэр аймгийн Малахын аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хуралд оролцож, мал оторлуулах санал хүсэлт тавьснаар тодорхой тооны мал өвөлжүүлж, хаваржуулах шийдвэр гарсан.

ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжираар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ, Төв аймагт ажиллаж, отроор яваа малчдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тухайн сумдын удирдлагуудтай уулзаж, гэрээ хэлцэл хийх санал хүсэлт тавьж, тодорхой ойлголцолд хүрсэн гэхчлэн отор нүүдлийг зохицуулах чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.

Мал аж ахуйн салбарт дараах хэдэн зүйлийг анхаармаар байгаа юм. Нэгт; аймгийн нутаг дэвсгэрийн 90 хувьд бэлчээрийн даац хэтэрсэн, эрсдэл өндөр аймгийн тоонд орж байгаа учраас манай малчид зарим малаа эдийн засгийн эргэлтэд сайн оруулмаар байна.

Хэт олон малтай байх нь оршин суугаа газар, байгаль орчиндоо амаргүй, отроор явахад хүлээж авч байгаа нутаг орондоо ч хүндрэлтэй байгааг ойлгох хэрэгтэй. Тиймээс малыг тооноос чанарт шилжүүлж, үүлдэрлэг, таваарлаг малтай фермерийн аж ахуй хөгжүүлмээр байгаа юм.

Ялангуяа, Арвайхээр сум бэлчээр нутаггүй учраас ойр хавийн малчид үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, жилийн дөрвөн улирлын турш сүү нийлүүлбэл 40 мянгаад хүн амтай Арвайхээрт гэхэд асар том зах зээл байна. Иргэд дэлгүүрийн хуурай сүү биш, шимийн сүү авахыг л хүснэ. Хоёрт; Малын ногоон тэжээлээ өөрсдөө тариалдаг баймаар байна.

Аймгаас 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд малчид өөрийн өвөлжөө, хаваржааны бууцанд ногоон тэжээл тариалдаг болсон. Энэ жил аймгийн хэмжээнд 2407 га талбайд ногоон тэжээл тариаллаа. 

600-аад малчин өрх хашаа хороондоо малын тэжээл тарьсан байна. Энэ бол том дэвшил. Байгалийн хадлан байхгүй үед өөрсдөө малын тэжээлээ тариалчихдаг байвал малчдын эдийн засагт ч маш их хэмнэлттэй. Хэрэв манай 17 мянган малчин өрх бүгд ногоон тэжээлээ тарьж ургуулаад хэвшчихвэл өвс тэжээлийн үнийг тогтвортой барих боломжтой юм.

Гуравт; Малчид хоорондоо ойлголцдог байх нь хамгийн чухал. Оторлож очсон нутгийнхаа иргэдтэй эвтэй найртай байх, ёс заншлыг нь хүндэтгэх, айлын өвөлжөө, хаваржааг ашигласан бол эвдэлж хэмхлэхгүй байх, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, дахиад очих нүүртэй байх нь чухал юм.

Энэ жил отор нүүдэл хийхэд малын халдварт өвчний асуудал хүнд байсан. Халдварт өвчлөлтэй холбоотойгоор зарим аймаг оторчдыг хүлээж авахгүй гэх шийдвэр гаргасан байна.

Манай аймаг одоогоор малын ямар нэг халдваргүй, эрүүл бүс болсон. Хавар, зун 300 гаруй малчин өрхийн 12 мянган толгой мал шүлхийтсэнийг яаралтай арга хэмжээ авч, 8 дугаар сарын 1 гэхэд голомтыг хумиж чадсан. 700-гаад мянган малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулаад байна. Малчид маань энд тэндээс мал худалдаж авахдаа маш болгоомжтой хандмаар байна. Халдварын голомттой аймгаас мал авахгүй байх, ялангуяа хээлтүүлэгчийг энд тэндээс худалдаж авахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. 

“Өвс тэжээлээ өөрсдөө ургуулдаг болцгооё” гээд өнгөрсөн жил аймаг, сум, айл өрхөөрөө ногоон тэжээл тариалсан нь таны санаачилсан томоохон ажлуудын нэг байсан. Үр дүн нь хэр байв?

-1990 оноос өмнө манай аймаг 14 суманд газар тариалан эрхэлж, малын ногоон тэжээлээ тарьдаг байсан. Үүнийг сэргээх бодлого барьж, 2021 онд “Өв Агро” ОНӨААН-ийг байгуулан 465 га талбайд вандуй, овъёос, улаанбуудай, арвай гэсэн дөрвөн төрлийн үрээр ногоон тэжээл тарьж ургуулсан.

Тухайн үед газар дээрээ нэг боодлыг нь зургаан мянган төгрөгөөр борлуулсан нь малчдын эдийн засагт нэлээн дэмжлэг болсон. Үлдсэн тэжээлийг нь хивэг болгоод хэрчээд хадгалчихсан байгаа. Мөн энэ жил 60-аад мянган боодол ногоон тэжээл хурааж авсан. Цаг хатуу үед өвс, хивэг тэжээлийн үнэ хэт нэмэгдэж, энэ нь малчдад хүндээр тусдаг. Орон нутаг өөрөө малын тэжээлээ тариалснаар малчдынхаа эрх ашиг, эдийн засгийг хамгаалж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Хүйтний улиралтай зэрэгцэж ирдэг, олон нийтийн шүүмжлэлд өртдөг нэг асуудал бол утаа. Энэ жил үүнд ямар байдлаар анхаарч ажиллаж байна вэ?

- Утаа хамгийн том тулгамдсан асуудал. Арвайхээр хотын агаарын бохирдлын 30 хувь нь уурын зуухны яндангаас, 60 хувь нь гэр хорооллын утаанаас, үлдсэн 10-аад хувь нь машин техник, бусад хүчин зүйлээс үүсдэг. Гэр хорооллын айл өрхүүдэд утаа тортог бага гардаг сайжруулсан түлш хэрэглүүлэхээр “Баянтээг түлш” ОНӨХХК-ийг байгуулж, шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн.

Энэ жил шахмал түлшний үйлдвэрт өргөтгөл хийж байгаа. 11 дүгээр сард ашиглалтад орчихвол цагт 10 тонн орчим кокос үйлдвэрлэнэ. Сайжруулсан түлшний илчлэг муу байна гэж зарим нь ярьж байна. Шахмал түлшний илчлэг стандартаар 4500 ккал байхад болно гэж үздэг. Манайх 5000-5200 ккал байна. Гэтэл Баянтээгийн түүхий нүүрсний илчлэг 6800 ккал. Манайхан асар өндөр илчлэгтэй нүүрс түлээд сурчихсан учраас шахмал түлшний илчийг голдог. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрх бүр шахмал түлш түлж сурах, хэвших л хэрэгтэй.

Дулааны станц барих ажлын явц хэр байгаа бол?

- Дулааны станцтай болох ажил 2010 оноос хойш яригдсан. Өнгөрсөн хавар Эрчим хүчний яамнаас худалдан авах ажиллагааг шалгаруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран ажиллаж байна.

Энэ намар дулааны станцын суурийг бүрэн цутгаж дуусгалаа. Ирэх оны 3 сард тоног төхөөрөмжийг суурилуулж, угсарна. Санхүүжилт шийдэгдсэн учраас зогсохгүй явчих байх гэж бодож байна. Ирэх оны 10 дугаар сар гэхэд ажлаа дуусгаад 2024 оны өвөл туршилтын галлагаа, тохируулга хийнэ. Ингээд 2024 оны 6 дугаар сард бүрэн ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Олон жил яригдсан 60 км замын ажил өнгөрсөн жил эхэлсэн ч гэрээнээсээ өмнө ашиглалтад орох нь. Замын чанарын асуудал олны шүүмжлэлд багагүй өртсөн, гэхдээ харьцангүй сайн зам тавигдаж байгааг хүмүүс хэлж байна?

- Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсэгт засвар, шинэчлэлийн ажлыг өнгөрсөн жил эхлүүлж, богино хугацаанд гүйцэтгэж байна. ЗТХЯ-нд төслийг шалгаруулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан.

Гэрээний хугацаагаар бол 2023 оны 4 дүгээр сард ашиглалтад өгөх ёстой. “Жархан км замыг ямар удаан барьдаг юм” гэх шүүмжлэл байсан. Монголд зам, барилгын ажил хийгддэг хугацаа жилд үсрээд л таван сар байдаг. Хавар 4, 5 дугаар сараас намар 10 дугаар сар хүртэл л хийгдэнэ.

Ийм учраас зам, барилгын ажил явц удаан байдаг юм. Гэхдээ бид замын ажлыг богино хугацаанд чанартай хийлгэхээр нэлээн шахсан. Үндсэндээ гэрээнд зааснаас зургаан сарын өмнө ашиглалтад оруулж байна. Замын гүйцэтгэлд аймаг, орон нутгаас, төслийн нэгжээс, зөвлөх багаас шат шатандаа хяналт тавьсан. Дээр нь иргэдийн хяналт гээд тал талын хяналт сайн байлаа.

-Өвөрхангайд ажилгүйдэл биш, ажиллах хүчний хомсдол их байгаатай та санал нийлэх үү?

- Нийлнэ. Өвөрхангайд ажиллах хүчин олдохгүй байна. Хархорины тариалангийн салбарт намар болгон ажиллах хүчний хомсдолд ордог. Аймгийн төвд бизнесийн салбарынхан “Ажиллах хүн олдохгүй байна” гэж над дээр орж ирдэг. Нэг, хоёр өдөр ажиллаад хаяад явчихдаг, араас нь ээж, аав нь орж ирээд цалинг нь нэхдэг, ийм л хэвшил тогтсон байна. Ажлыг зөвхөн хийх биш, хүний үг дааж сурах, итгэл даах гээд олон юм бий дээ.

Нийгэм дэх ажилгүйдэл, ядуурлыг би боловсролын тогтолцоотой холбоотой гэж боддог. 

Зах зээл эрэлт, нийлүүлэлтийн хуультай. Эрэлт, нийлүүлэлт нь тэнцэж байж зах зээл хөгжинө. Жишээ нь, би талх үйлдвэрлэдэг байлаа гэхэд эрэлтээсээ давчихсан талх үйлдвэрлэчихвэл борлогдохгүй. Хугацаа хэтэрнэ, чанар муудна, үнэ унана. Эрэлтээс бага түвшинд үйлдвэрлэвэл олдохгүй, үүнээс болоод үнэ өснө. Хөдөлмөрийн зах зээл дэх ирээдүйн ажлын байрны эрэлт, нийлүүлэлт үүнтэй яг ижил.
Тэгэхээр ойрын ирээдүйд Монгол Улсын аль салбарт хичнээн тооны ажиллах хүчин хэрэгтэй байгаа вэ гэдгийг холбогдох яамдууд судалж, ярьж байгаад тэр дагуу элсэлтийн квот өгдөг баймаар байгаа юм. Хэрэв ирэх дөрвөн жилд уул уурхайн салбар хөгжих төлөвтэй байвал тэнд ямар мэргэжилтэй хэдэн ажилтан хэрэгтэй байгааг судалж, тэр тоондоо багтаан мэргэжилтнээ бэлтгэвэл оюутнууд сургуулиа төгсөөд шууд ажлын байранд очно.

Харамсалтай нь, тийм судалгаа, квотгүйгээр дурын сургууль дуртай мэргэжлээр нь элсэлт авч байгаагаас шалтгаалаад хөдөлмөрийн зах зээлд зарим ажлын байрны илүүдэл үүсч байна. Нэгэнт илүүдэлтэй байгаа ажлын байранд нэмж боловсон хүчин бэлдээд байхаар дээд боловсролын дипломтой ажилгүйчүүд бий болж байгаа юм.

Нөгөө талдаа эцэг, эхээс их шалтгаалж байна. Тэдний хүүхэд сургуульд сурч байгаа бол манай хүүхэд сурах ёстой гээд ямар ч хамаагүй сургуульд малчны, цалингийн, тэтгэврийн зээл аваад хүүхдээ сургадаг. Дөрвөн жил 20-40 саяар сураад сургуулиа төгсдөг ч ажлын байргүй болохоор эргээд өртгөө олж чаддаггүй. Их, дээд сургууль төгсчихсөн болохоор хар, бор ажил хийхгүй гэх сэтгэлзүйтэй байдаг шиг байна.

Гэтэл МСҮТ, Политехникийн коллежид суралцаж, мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүүхдүүд төрийн албан хаагчдаас ч өндөр цалинтай ажилд ордог.

Ур чадвартай тогооч, гагнуурчин, сантехникчид, барилгын өрлөгчид, засал чимэглэлчид, техникийн ажилтнууд 2 саяас дээш төгрөгийн цалинтай ажилладаг. Гэтэл хэчнээн сайн төрийн албан хаагч байгаад хоёр сая төгрөгийн цалин авдаг нь тун ховор.

 Энэ байдлыг манай залуучууд олж хараасай, эцэг, эхчүүд хүүхдээ энэ чиглэлээр сургаж, улс орондоо хэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг байгаасай л гэж хүсдэг дээ. Үйлдвэрлэгч орон болоход дээд боловсролтон биш, мэргэжилтэй ажилтан чухал.

Боловсон хүчин гэснээс аймагт Сувилахуйн сургуулийн сувилагчийн анги нээснийг хүмүүс нэлээн дэмжиж байна. Сургалтын чанарт хэрхэн анхаарах вэ?

- Ковидын тархалтын үед эрүүл мэндийн салбарт сувилагч маш их дутагдалтай байсан. Тиймээс аймгийнхаа БОЭТ, Политехникийн коллежийг түшиглээд сувилагч мэргэжилтнийг бэлтгэе гэсэн зорилт тавьж, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай ярьж байгаад Политехикийн коллежид хоёр ангийг нээн хичээллүүлж эхэлсэн. Анагаахын их сургуулийн салбар байхгүй газар сувилагчаар сургаж төгсгөнө гэдэг маш чухал. Энэ бол орон нутгийн хэмжээнд анх удаа хийгдэж байгаа ажил юм.

Сувилагчийн ангийг нээснээр оюутнуудад хоёр том боломжийг олгож байгаа. Нэгт, эдийн засгийн маш их хэмнэлтийг үзүүлж байна. Хэрэв Улаанбаатарт очиж сурвал байр, унаа, хоол унд гээд багагүй зардал гарна. Хоёрт, сургуулиа төгсөөд шууд ажлын байранд гарна. Одоо суралцах хугацаандаа ч онол, дадлагыг хослуулж явах юм. Гуравт. Сувилахуйн сургуулиас оюутнууддаа үзүүлдэг хөгжлийн бүх хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Багш нарын хувьд Сувилахуйн сургуулийн туршлагатай эрдэмтэн багш нар болон манай БОЭТ-ийн зэрэгтэй сувилагчид хичээл заах учраас маш сайн мэдлэг, дадлагыг олгоно. Сувилагч гэдэг хүний эрүүл мэнд, амь насыг хариуцсан нэр хүндтэй, маш хариуцлагатай ажил учраас тухайн оюутан ч идэвх зүтгэл гаргаж суралцах нь чухал.

- Та аймгийнхаа цаашдын хөгжил, дэвшлийг том зургаар хэрхэн хардаг вэ? 

- Өвөрхангай аймаг газарзүйн хувьд тун аятайхан байрлалтай. Дээрээс нь Улаанбаатараас баруун чиглэлд явж байгаа улсын чанартай зам Арвайхээр болон Хархориноор дайран өнгөрдөг. “Зам дагавал хөгжил” гэдэг дээ.

Эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй, тэр дотроо мал аж ахуйгаа түшиглэдэг аймгийн хувьд энэ салбар руугаа нэлээн анхаарч ажиллах бодолтой байдаг. Сүүлийн жилүүдэд ноосны, арьс ширний, махны томоохон үйлдвэрүүд бий боллоо. Харамсалтай нь, хил гаалийн хорио цээрээс болоод махаа, арьс ширээ гадагш нь гаргаж чадахгүй байна. Мөн аялал жуулчлалын салбарыг сэргээж, гадна дотны жуулчдыг татах бодлогыг баримтлан ажиллаж байна.

Дэд бүтцийн хувьд хэд хэдэн томоохон ажил яригдаж байгаа. Арвайхээрт Тээвэр логистикийн төв байгуулж, Өмнөговь, Дундговь аймагтай холбосон босоо тэнхлэгийн авто зам барих судалгааны ажил хийж байна.

Дэлхийн банкны “Эрчим хүч – 2” төслийн хүрээнд Арвайхээр, Хархорин сумын 10/0.4 кВ-ын шугам сүлжээг сайжруулах, шонгийн модон тулгуурыг байгальд ээлтэй төмөр бетонон тулгуураар солих, айл өрхүүдийг ухаалаг тоолуурт шилжүүлэх, СИП бүрээстэй утас татах ажлыг хийж байгаа.

Мөн “Эрчим хүч – 3” төслийг хэрэгжүүлж, Тавантолгой, Мандалговь, Арвайхээр чиглэлийн 220 вольтын цахилгаан дамжуулах дэд өртөө байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Урдаас шугам татсанаар цахилгааны хоёр эх үүсвэртэй болж байна гэсэн үг.

Дараагийн яригдаж байгаа нэг том ажил бол “Орхон – Онги” эко төсөл юм. Орхон голын бүтэн жилийн урсацын нэгхэн хувийг хөв цөөрөм байгуулж хоолойгоор татаад Онги руу нийлүүлж чадах юм бол Онги голын сав дагуу бэлчээрийн усан хангамж сайжирна. Улмаар Улааннуурыг усаар тэтгэж, говийн бүсэд чийгшил бүхий орчин, эко системийг бүрдүүлнэ.

Ингэснээр цөлжилт багасч, ургамлын гарц сайжирна гэж үзэж байгаа. Улааннуурын усны түвшинг нэмснээр Оюутолгойн усан хангамжийн асуудлыг шийднэ. Оюутолгойг усаар хангаж чадвал төлбөр мөнгө нь Өвөрхангайд л орно. Үүгээрээ бусад дэд бүтцийн салбар руугаа хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэх юм. Манайх шиг уул уурхайгүй, зөвхөн мал аж ахуйгаар орлого олдог аймагт энэ том боломж. Энэ ажлыг Засгийн газар дэмжиж, бүх шатандаа анхаарч байгаа ч хөрөнгө санхүүгийн эх үүсвэргүйгээс болоод гацчихаад байна.

Мөн Орхоны хөндийд хангайн бүсийн тулгуур төв, шинэ хот байгуулах ажлыг УИХ, Засгийн газрын түвшинд ярьж хэлэлцэж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ хүрээнд өнгөрөгч 8 дугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар болон Орхоны хөндийд хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын багийнхан Хархорин суманд ажилласан. 

-    Аймгийн Засаг дарга гэдэг  нэр хүндтэй ч гэлээ нөгөө талдаа их хариуцлагатай ажил. Таны хувьд ямар зарчим, жанжин шугам баримтлан ажилладаг вэ?

- Төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаагаас 18 жилд нь удирдах албан тушаал хашсан байна. Бат-Өлзий сумын Засаг даргаар долоо, Арвайхээр сумын Засаг даргаар тав, аймгийн ИТХ-ын даргаар дөрвөн жил ажиллаад аймгийн Засаг даргын албыг үргэлжлүүлэн хашиж байна. Энэ бүх хугацаанд шударга ажиллахыг л эрхэмлэж ирсэн. Авлига, хээл хахууль ч юмуу, ямар нэг муу юманд нэр холбогдчихгүй юмсан, зөв нэр хүндтэй байх юмсан гэх бодолтой байдаг.

Ажлын хувьд өдөрт дунджаар 20 орчим хүнтэй уулзаж, санал хүсэлт, асуудал бэрхшээлийг нь сонсож байна. Хүн бүрийг сэтгэл ханамжтай гаргахыг хичээдэг. Сэтгэл ханамжтай гаргана гэдэг бол зорьж ирсэн ажлыг нь заавал бүтээгээд өгнө гэсэн үг биш. Шийдээд өгөх боломжгүй хүсэлт, гуйлт ч олон байна. Гол нь сайхан харилцаа үүсгээд шийдвэрлэх боломжгүй бол тодорхой тайлбарлаад өгөх хэрэгтэй. Ингэснээр тухайн хүн өрөөнөөс сэтгэл ханамжтай л гардаг. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, хойшлуулаад байна гэдэг хүнд суртал, ёс зүйгүй явдал юм. 

Төрийн албаны удирдлага, алба хаагчдадаа ч тийм шаардлага тавьж байгаа. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг дээ. Ажилдаа идэвх санаачилгагүй, дээр нь ямарваа асуудал, хэл аманд нэр хутгалдсан байвал хариуцлага тооцох, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг авч эхэлж байна. Ажлаа сайн хийдэг, хариуцлагатай албан хаагчдаа ч бас сайшааж, боломж байвал дэмжиж урамшуулах хэрэгтэй гэж боддог.

Өвөрхангай аймаг 1990 оноос хойших түүхэндээ улсад 9 удаа “Шилдэг аймаг”-аар шалгарч байсан. Энэ амжилтыг аймаг удирдсан хоёр жилдээ ямар ч байсан бууруулсангүй. 2021 оны үйл ажиллагаагаараа “шилдгийн шилдэг” буюу “Манлайлагч аймаг” хэмээх шагналыг хүртсэн. Энэ бол нийт иргэдийн маань хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм.

- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Өвөрхангай аймаг нэгдэж, 20 сая мод тарьж ургуулах гэрээ байгуулсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл юу байгаа вэ?

-  Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс “Монгол Улс 10 жилийн хугацаанд нэг тэрбум мод тарина” гэх амлалтыг өгсөн. Энэ бол монголчуудаас дэлхий дахины 7 тэрбум хүний өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлага гэж ойлгох хэрэгтэй. Жил ирэх тусам байгаль, цаг уурын байдал эрс өөрчлөгдөж байна. Дулаарлаас болоод цөлжилт явагдаж, ган гачгийн давтамж ойртож байна. Мод тарьснаар энэ бүх эрсдэлийг бууруулах учраас хүн бүр хичээнгүйлэн оролцоосой гэж хүсч байна.

Манай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарих гэрээ байгуулсан. Энэ хүрээнд олон томоохон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа. БНСУ-ын “Ногоон хэрэм” төслөөр Арвайхээр суманд 15 га газрыг мод үржүүлэг, сургалт, судалгааны талбай болгож байна. “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-ыг түшиглэн 5 га  талбайд мод үржүүлгийн газар байгууллаа.

Гэр бүлээрээ агаар амьсгалаад, зүлэг ногоон дээр тааваараа суух орчин дутагдалтай учраас хүмүүс Онги, Дайрганы голыг зорьдог. Тэнд бие засах газар, хогийн цэгээс эхлээд олон асуудал бий.

Энэ хэрэгцээ шаардлагыг хангахаар дөрвөн хэсгээс бүрдсэн цогцолбор цэцэрлэгт хүрээлэнг 12.5 га талбайд байгуулахаар төлөвлөлт хийж, төрийн албан хаагчид мод сөөгийг тариад байна. Энэ ажил үе шаттай хэрэгжинэ.

Мөн хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэрээ байгуулан мод бут тарьж байна. Арван жилийн дараа гэхэд төв суурин газрууд модлог, эко орчныг бүрдүүлсэн байна гэдэгт итгэлтэй байгаа.

Аймгийн төвд хашаатай зургаан мянган айл өрх бий. Айл бүр хашаандаа гурван мод тарихад Арвайхээр тэр чигээрээ ногоон харагдах болно. Энэ бол иргэн хүний л оролцоо, санаачилгаас хамаарна. Тийм учраас байгаль дэлхийдээ буян үйлдэж мод тариасай гэж иргэдийгээ уриалмаар байна.

-  Дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ: Орчуулагч охиноо хүчирхийлсэн хэргээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбатыг баривчилжээ 8 цагийн өмнө
З.Төмөртөөмөө: Надад 07777 дугаарыг өгсөн нь тийм хортой зүйл биш 10 цагийн өмнө
“Хүсээгүй азын дугаар ба хоггүй хот" Монголын нэг өдөр цуврал бичвэр-1 11 цагийн өмнө
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Шангри Ла-гийн яриа хэлэлцээ 2023” олон улсын хуралд оролцлоо 11 цагийн өмнө
Хэвтүүл хөдөлгөөний гишүүн Р.Шинэгэрэл БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авчээ 11 цагийн өмнө
​“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Д.Ариунболд БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч түүнийгээ тэглүүлжээ 11 цагийн өмнө
Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагертай хэлэлцээр хийв 12 цагийн өмнө
Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарыг авчрах ажиллагаа тасралтгүй явагдаж байна гэлээ 12 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ 12 цагийн өмнө
​Гэрэгэ системс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Эрдэнэбат БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авснаа төлөөгүй 13 цагийн өмнө
Н.Энхболдын хүү Э.Одмөнх 32 мянган ам.долларын зээлээр суралцаж, Л.Гантөмөрийн тушаалаар зээлээ тэглүүлжээ 13 цагийн өмнө
Хурандаа Ц.Очгэрэл БЗС-гаас 16 мянган ам долларын зээл авч тус зээлээ Л.Гантөмөрийн тушаалаар тэглүүлжээ 13 цагийн өмнө
Ерөнхийлөгч Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулав 13 цагийн өмнө
Ойд төөрсөн 13 настай хүүг олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ 13 цагийн өмнө
"Тусгай олимпын дэлхийн наадам-2023"-д манай улсаас 44 тамирчин оролцоно 13 цагийн өмнө
​Лу.Гантөмөрийн “Астра рүүт” ХХК нь ХААДС-гаас гурван удаагийн зээл авч 864 сая төгрөгийн өртэй байна 14 цагийн өмнө
МАН бүлэг: Төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Удирдлагын Академийн багш Б.Хэрлэн БЗС-гаас 45 мянган ам.долларын зээл авснаа төлөөгүй байна 15 цагийн өмнө
Танилц: Тэрэлж рүү нэвтрэхэд дараах хураамжийг төлнө 16 цагийн өмнө
4-5 дугаар ангийн сурагчдын зуны амралт өнөөдрөөс эхэллээ 16 цагийн өмнө