Хаврын хахир цагт боломж л олдвол ядаргаа тайлах арга хэмжээ авч байх хэрэгтэй аж. Учир нь хаврын цагт биеийн байдал ямар байхаас дараа жилийн өнгө зүс шалтгаалдаг гэж ардын уламжлалт анагаах ухаанд үздэг байна. Тиймээс энэ хаврын урт өдрүүдэд та болон таны ойр дотныхон ядаргаанд орсон бол дараах аргаар асаргаа сувилгаа хийгээрэй.
-ХАВРЫН ЯДАРГАА ГУРАВДУГААР САРЫН ДУНДААС ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛДЭГ-
Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбод орчиндоо дасан өөрчлөгдөн зохицдог. Өөрөөр хэлбэл хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие дасах гэж нэлээд зүдэрдэг аж. Товчхондоо үүнийг л хаврын ядаргаа гэж нэрлэдэг байна. Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайлбарладаг. Ядарч сульдсан махбод ямар ч дархлаагүй болж гадны бүхий л нөлөөнд автамтгай болдог. Иймээс эмч, мэргэжилтнүүд ядрахгүй байхыг, ядарсан бол түүнийгээ тэр дор нь тайлж байхыг анхааруулж байна.
Хаврын ядаргаа гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг. Шинж тэмдэг нь тун энгийн. Ханатлаа унтсан ч нойр хүрч, толгой өвдөөд байвал ядаргаанд орсны дохио. Ямар ч юманд дур сонирхолгүй хандах, хүчгүй болох, үе мөч өвдөх зэргээр шинж илэрч байвал биедээ анхаарахыг зөвлөе.
Цаг агаар дулаарч, нэмэх хэм дээшлэх хэрээр цусны судасны хана тэлж даралт буурах өөрчлөлт хүний биед илэрдэг. Ядаргааны шинж тэмдгүүд их бага хэмжээгээр илэрч л байвал яаралтай арга хэмжээ авч ядаргаагаа тайлах хэрэгтэй.
ВИТАМИН+УУРАГ
Хүний биед бодисын солилцоог сайжруулан энерги авахад В витамины төрлүүд хэрэгтэй. Витамин B1 мах, төмс, буудайнд, B2 сүү, сүүн бүтээгдэхүүн, элэг, загас, өндөг, бууцайнд, B6 мах, загас, байцаа, төмс, вандуй, гадил жимсэнд, B12 загас, элэг, өндөгний шаранд агуулагддаг. С витамин, төмөрлөг, магниз агуулсан хүнс ч хаврын ядаргааг ялахад тань туслах эрдэс, амин дэмүүд. С витамин жимс,тэр дундаа жүрж, нимбэгэнд ихээр агуулагддаг аж. Мөн ногоон ногоо, амтат улаан чинжүү, улаан лооль, төмс ч С витаминаар баялаг. Мах, дотор мах, ногоон ногоонд төмөр агуулагддаг. Магнизын хувьд бүтэн үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, маханд баялаг бий.
ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгаагаар ядаргаанд өртдөггүй, стресст ордоггүй хүмүүсээр тамирчид шалгарчээ. Тэд бэлтгэлийн явцад бүхий л бие, булчин шөрмөсөө ажиллуулж, дотоод сэтгэлдээ байгаа бухимдал, стресс зэргээ хөлсөөрөө гадагшлуулдаг байна. Ийм учраас тамирчид дунд амиа хорлох явдал барагтай бол гардаггүй гэсэн сонирхолтой судалгаа ч гарч. Тэгэхээр фитнесст явж хөлсөө гаргах нь хаврын ядаргаанд баяртай гэж хэлэх нэг шилдэг арга байх нь. Бас орчин их чухал. Гэр орон, албан тасалгаандаа цэцэг тарих, зун хашаандаа ногоо тарьж, хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль ургуулж, арчилж, тордох нь ядаргаа тайлах гайхмаар шилдэг арга гэнэ.
Ядаргаатай тэмцэхэд нойр их чухал. Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтах ёстой аж. Шөнө хэт оройтохгүй, болж өгвөл 22:00 цаг гэхэд орондоо ороорой. Учир нь энэ цагаас хойш эсийн нөхөн сэргээлт явагддаг байна.
ЯДАРГАА ТАЙЛАХ УЛАМЖЛАЛТ АРГУУД
Эртний монголчууд ядаргаанд орж сульдсан хүнийг хонины чанасан толгойн шөл, шийртэй цай, шар будаатай хийцтэй цай зэргээр тордож, тэнхээ оруулдаг байжээ. Хонины толгой, шийрийг хуйлхалж, хярваслах үед ядаргаанд орсон хүнийг утаагаар нь утдаг байж. Таван цулын шөл, битүү шөлөөр ядаргаа тайлдаг арга ч бий. Цулхир, халгайн үр, хонины толгойн гавлын яс, тойг, дунд чөмөг, бажууны замбага, тасалсан гурил, шар тос, өрөм самарсан, хонины сүүл, өндөгтэй цай гээд олон төрлийн цайгаар ядаргаа тайлдаг. Уламжлалт аргаар ядаргааг хоол ундаар ийн тайлахдаа хамгийн гол нь салхи авахуулахгүй, гам сайн барих хэрэгтэй байдаг. Уламжлалт анагаах ухаанд гам барина гэдэг нь тан уухаас илүү ач холбогдолтой хэмээдэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна