Эцэг эхчүүд ээ, охид тань цахим педофилд олзлогдсон юм биш биз!


(Нэгэн охины эцгээс илгээсэн захидал)

Энэхүү нийтлэлийг үр хүүхдээ нүдний цөцгий шигээ хайрладаг эцэг эхчүүддээ зориулан сийрүүлж байгааг минь хүлээн авна уу. Миний бие яг л та бүхэн шиг үрээ нандигнадаг эгэл нэгэн эцэг билээ...

Юуны өмнө өсвөр насны охид хөвгүүдтэй бол яг одоо хаана, юу хийж яваа, цахим ертөнцөд хэнтэй ямар харилцаа үүсгэж буйг нь нэг шалгаад үзээрэй.

Яагаад ийнхүү сануулж буй гэхээр яг л тань шиг завгүйд баригдан явсаар сэрэмж алдан сэтгэлдээ хар гунигтай үлдсэн учраас л тэр.

ОХИНТОЙ ХҮНИЙ ЗОВЛОН ИХ БУЮУ АЙШИГТ ҮНЭНТЭЙ НҮҮР ТУЛСАН НЬ...

Би их завгүй хүн. Ажил гэрийн хооронд өдөр хоногийг өнгөрөөдөг ганц бие аавуудын төлөөлөл. Нэг охинтой. Охин минь 13 настай. Бид ихэвчлэн өглөөний цай, оройн хоолны ширээний ард тааралдаж хичээл ном зэрэг ойр зуурхныг л хөөрөлдөж амжина. Шилжилтийн насныхны онцлог уу, эсвэл угаас дуу цөөтэй болоод тэр үү охин маань хэр барагтай амнаасаа үг унагахгүй. Гэвч сүүлийн үед илүү дотогшоогоо болсон нь ажиглагдах болов. Эрэгтэй хүн гэдэг тийм зүйлийг анзаарсан ч эмэгтэй хүн шиг тэр бүр нарийн ширийнийг мэдэрч, ач холбогдол өгөхгүй шүү дээ.

Нэгэн өдөр охин минь хичээлээ хийж байгаад ширээгээ дэрлэн унтчихсан байлаа. Компьютер нь асаалттай байх юм... Гэнэт сониуч зандаа хөдлөгдөн юу хийдгийг шалгаж үзмээр санагдав. Дэлгэц дээр нь түүний нүүр хуудас нээлттэй байх нь тэр. Амьдралдаа хэзээ ч энэ мэтээр охиныхоо хувийн орон зайд дураар халдаж байсангүй. Харин энэ удаад юу хатгасан юм бүү мэд дур мэдэн цахимын амьдралыг нь сонирхлоо.

Сүүлд харилцсан бололтой нэгэн чатны цонх нээлттэйг харав. Бурхан минь юу байсан гээч. Хүүхдүүдийн сонирхдог аниме зурагтай хаягаас охинтой минь эгээ л насанд хүрсэн хүмүүс шиг, бүр тэр дундаа эрээ цээргүй үг хэллэгийг хайр найргүй харилцсан текст дурайлаа.

“...Маргааш надтай ахин уулзахгүй бол би нүцгэн зургийг чинь найзууд руу чинь явуулна. Эцэг эхэд чинь хэлнэ. Цаашлаад сургууль даяар чинь шившиг болгоно гэж хэлсэн байх аа. Дуулгавартай байвал харин ч өөрөөр харьцана шүү *** минь! Үгүй бол өөртөө гомдоорой...” гэсэн байв.

Нүд харанхуйлаад л явчихлаа. Цааш нь ахиулаад хартал нүдэндээ ч итгэсэнгүй... Охины минь нүцгэн зургууд... Итгэж ядан гүйлгээд унших гэтэл тэр минь сэрчихлээ. Аймшигт нууцаа алдсан түүний харцнаас бүх зүйл үнэн болохыг мэдэв.

Охин уйллаа. Би дотроо өөрийгөө зүхэж түүнтэй хэрхэн харилцах, ямар үгээр яриагаа эхлэхээ мэдэхгүй хэсэг балмагдсан. Яг үнэндээ зүрх зүсэгдэх шиг болж анх удаагаа хүүхэд өсөж том болохын, охинтой хүний зовлонг яс махандаа шингэтэл ойлгов. 

Сошиал ертөнц нэгэнт өсвөр насныхны ертөнц болжээ. Тэдэнд сонирхлоороо нэгдсэн олон групп байдаг аж. Охин минь “Likee” хэмээх хүүхдүүдийн хошуурах цахим орон зайд өөрийнхөө зураг, видеог хийгээд жил болжээ. Тэндээс өөрийг нь үргэлж хөгжөөн дэмждэг нэгэн “хүүтэй” цахимаар танилцаж дотноссон аж. Нүүр нүүрээ харалгүй нийт дөрвөн сар харилцсан гэх. Тэрээр гоё сайхан үгээр охиныг харамгүй булдаг байж... Ингэж бичилцсээр тэд улам дотно болжээ. Үүний баталгаа нь охин минь царайлаг аниме зурганд итгэж, биенийхээ нүцгэн зураг, бичлэгийг хайр найргүй явуулсан явдал байв.

Нэг л өдөр цахим дурлал нь нурж, өөртэй чацуу хүү биш хүүхдийн нүцгэн зураг, бичлэг харж таашаал авдаг гаж донтон болж хувирсан байна. Тэгээд охиныг минь өөртэй нь бэлгийн харилцаанд орохгүй бол хамаг “булайг” нь дэлгэнэ хэмээн заналхийлж эхэлжээ. Тэрхүү сүрдүүлэг дунд хамгийн их айдас дагуулсан нь “Аав ээжид чинь хэлнэ...” гэсэн үг байж...

Ер нь энэ мэт тохиолдлуудыг судлаад үзэхэд цахим хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд аав ээждээ, ангийн найзууддаа өөрийнхөө нүцгэн бичлэг, чат дэлгэгдэхээс хамгийн их айдаг аж.

Энэ айдсаасаа болж гэнэн хонгор тэр минь хэзээ ч арилашгүй хар толботой үлджээ. Дээд тэнгэрээс харж үзсэн үү, эцэг хүний зөн совин хөтөлсөн үү бүү мэд, азаар би хүүхдэд амтшиж, гаж дондоо хөтлөгдсөн өнөөх араатан охиныг минь ахин дахин шаналгах үеэр энэ аймшигт хэргийг олж мэдсэн юм. Үүнээс цааш юу болох байсныг төсөөлөхгүй байна, ямартай ч гутамшигт үнэнтэй нүүр тулсандаа л бурханд талархаж явахаас...

ПЕДОФИЛ БУЮУ ЦАХИМ ЕРТӨНЦӨД ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙГ ОЛЗЛОГСОД

Хүүхдээс бэлгийн таашаал авагчдыг педофил (Pedophile) гэдэг аж. Өөрөөр хэлбэл нэгэн төрлийн сэтгэцийн өвчин юм байна. Хэвийн хүмүүс үе тэнгийн эсрэг хүйстнээ харж, мэдэрч таашаал авдаг бол энэ төрлийн хүмүүс хүүхдүүдийг онилдог. Хохирогчид нь өөрийгөө илэрхийлэх чадваргүй 0-4 насныхан байдаг гэнэ.

Харин бүх зүйл хараа хяналттай болсон өнөө үед тэд хүслээ гүйцээх боломж нь хязгаарлагдсан тул цахимаар чихэр мэт чимэгтэй үгсэнд хууртах өсвөр насныхныг олзлох болжээ. Педофилчууд нэр нүүрээ нуун, хүүхдүүдийн хамгийн их ордог группуудэд элсэн, өөрийгөө тэдний нэг хэмээн итгүүлж, итгэлийг олон дотносож, улмаар аргандаа оруулан хүслээ гүйцээдэг байна. Зарим нь хохирогчтой адил үе тэнгийн охин мэтээр өөрийгөө ойлгуулж, сонирхол дээр нь тоглолт хийн дотносдог аж.

Удаан харилцаанд итгэж, дассан охид нүцгэн зураг, бичлэгээ нэр нүүрээ нуусан педофилруу илгээснээр цахим заналхийлэлд өртөх, цаашлаад бэлгийн хүчирхийллийн золиос болдог байна.

Хэн ч гаднаас нь хараад педофилыг таних боломжгүй гэнэ. Тэд нийгмийн ямар ч давхаргын хүн байх боломжтой. Учир нь сэтгэцийн далд эмгэгийг сайхан царай, гадаад үзэмжнээс нь хараад мэдэж чадахгүй шүү дээ.

“Хэн педофил болдог вэ” гэсэн асуултын хариултыг хайж үзэв. Хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн хүүхдүүд, эсвэл багадаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан хүмүүс хүүхэд сонирхдог гаж донтон болох нь цөөнгүй гэнэ.   

Охины минь хувьд яг л тэрхүү педофилд олзлогджээ. Амьдралын эрээн бараан, сайн мууг ялгахгүй итгэмтгий насан дээр яваа түүнд минь ямар ч буруу үгүй. Харин ажлаас ажлын хооронд ар гэр, үр хүүхдээ умартсан би л буруутай.  

ГАЖ ДОНТНООС ОХИДОО ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Над шиг байдалд орохгүй тулд эцэг эхчүүд минь юуг анхаарах ёстой вэ? Хэд хэдэн жагсаалт гаргаж үзлээ. Тухайлбал,

  • Өсвөр насны хүүхдүүдийнхээ итгэлийг нь олж найз шиг хандах
  • Тэдний цахим хэрэглээнд байнгын хяналт тавих
  • Насанд хүрээгүй бол нүүр хуудас, тик ток, лайкий зэрэг сүлжээнд хязгаарлалт хийх
  • Хүүхдээ хэнтэй хэрхэн нөхөрлөж байгааг мэдэж байх
  • Дансных нь мэдээллийг шалгаж байх
  • Нэр, зураг, хувийн мэдээллээ нуусан хаягнаас ирсэн найзын хүсэлтийг авахгүй байх
  • Ямар ч тохиолдолд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байх
  • Онлайн худалдаанд оролцож байгааг үргэлж хянах
  • Хувийн мэдээллээ алдаж, цахим сүрдүүлэгт орсон тохиолдолд эцэг эхдээ нуулгүй хэлж, цагдаагийн байгууллагад хандах зэргийг хүүхдүүддээ үргэлж захиж, сануулж байгаарай.

Тэгвэл нэг ч гэсэн үрс бие сэтгэлээрээ хохирч, нэг ч гэсэн эцэг эх сэтгэлдээ харамсах зүйлгүй амьдарна шүү. Эцэст нь хэлэхэд бидний хувьд ажил чухал уу? Бидний үргэлжлэл болсон үр хүүхэд минь чухал уу? Энэ асуултыг өөрсдөдөө үргэлж тавьж байгаарай. 


6
angry
1
care
0
haha
7
liked
5
love
15
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна 3 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Солонгост ажиллаж байгаа иргэдийг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг ярьж байна 5 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 6 цагийн өмнө
​Н.Учрал: Надад хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага байхгүй 7 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээл болно 10 цагийн өмнө
Визтэй иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаахгүй байх саналыг тус улсын Элчин сайдад тавьжээ 10 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 11 цагийн өмнө
Энэ зуны хамгийн том тоглолт: “БОЛОР ЦОМ” – ОПОЗИТ 22 цагийн өмнө
Гурваас дээш хүүхэдтэй өрхөд мөнгөн тэтгэмж олгох дээр санал нэгдэв Өчигдөр
ШУУД: Долоон хүний амь нас хохирсон Дүнжингаравын дэлбэрэлтийн шүүх хурал болж байна Өчигдөр
"Эрчист Монгол" нэгдлийн Засаглал хариуцсан менежерээр Б.Энхболд томилогджээ Өчигдөр
Б.Батцэцэг:Намуудаас элчин сайд, консулд санал болгож байгаа хүмүүсийн 95 хувь нь тэнцэхгүй Өчигдөр
МСБХ: “Бишрэлт Металл” багийн тоглогч Девин Скоттын эрхийг 2 жилээр хасч, 2 сая төгрөгөөр торголоо Өчигдөр
Ж.Баярмаа: Иргэдийн төлдөг татварыг 1% болгож бууруулах боломжтой. Зөрүүг нь дарга, сайд нарын тоог багасга Өчигдөр
Х.Булгантуяа: Банкууд нь банк бустай, Банк бус нь ламбордтай байгаа нь үнэн. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Төв аймагт байшин шатаж 2-5 настай гурван хүүхэд өртөж амиа алдлаа Өчигдөр
26 настай эмэгтэй согтуугаар жолоо барьж, зогсоолд байсан 3 машиныг мөргөжээ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ Өчигдөр