“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэв. Тогтоолын төслийг Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулсан юм. Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр компанийн санхүүгийн нөхцөл сайжирч, Монгол Улсын гадаад валютын орох урсгал нэмэгдсэн тухай өгүүлж, Засгийн газар онцгой дэглэмийн хугацааг сунгах үндэслэл шаардлагын талаар нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын өртөг зардлыг бууруулах, ил тод байдлыг хангах, биржийн арилжааг боломжит түвшинд тогтвортой хадгалах, сайжруулах, компанид үүссэн сөрөг асуудлуудыг арилгах гэхчлэн дурдсаныг тэмдэглэв. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б,Баттөмөр, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, С.ганбаатар, Т.Энхтүвшин, Д.Батлут, Г.Ганболд, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлсэн байна. Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон хууль зүйн үндэслэл, түүний ажил үүргийн давхардал, БНХАУ-ын төмөр замтай холбогдоогүй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, иргэдэд олгосон 1072 хувьцааг амь оруулах болон ногдол ашиг олгох, нууцаар байгуулсан оффтэйк гэрээнүүдийг хүчингүй болгосон эсэх, нүүрс угаах, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцын бүтээн байгуулалт, хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгосон шалгуур зэрэг асуудлуудаар асуулт асууж, үг хэлсэн байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ч мөн дээрх гишүүд эдгээр асуудлаар дахин байр сууриа илэрхийлж, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, 1992 оны онд шинэ Үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор эрх зүйн шинэтгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явж байгаа ба Үндсэн хууль батлагдахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан зарим эрх зүйн баримт бичиг одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь Үндсэн хуульд нийцэж байгаа болон онцгой дэглэм тогтоох асуудал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нягтлав. Мөн, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Н.Ганибал, Т.Аубакир, Э.Батшугар, С.Ганбаатар, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Т.Доржханд, Б.Баттөмөр нар шийдвэрлэх шаардлагатай ямар асуудлууд үлдсэн, хэр хугацаанд гүйцээн шийдвэрлэх боломжтой, олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар аудит хийлгэх ажил ямар шатанд яваа, алдаатай гэрээнүүдийн нөхцлийг сайжруулж, засаж залруулсан эсэх, бүтээн байгуулалтуудыг ойрын хугацаанд хийх эсэх, эдгээрийн хөрөнгө оруулалтыг олон улсын биржүүд дээр IPO гаргах замаар шийдвэрлэх боломж, Багануурын нүүрс-химийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх эсэх зэрэг олон асуудлыг хөндөж ярьж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа Шадар сайд С.Амарсайхан, онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсноор татвар, хураамж 1.6 дахин нэмэгдэж, нүүрсний зах зээлийн өрсөлдөөн сайжирч, Монгол улсын эдийн засагт нааштай сэргэлт гарч байгааг дурдаад, нүүрсний хулгайтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу үүссэн, мөрөн байцаах шатанд байгаа олон хэрэг байгаагийн дотор зөвхөн эрүүгийн хэрэг 45 байгааг танилцуулсан юм. Түүний мэдээлснээр, эдгээрээс зөвхөн дөрөв нь шүүхэд шилжээд байгаа аж. Цаана нь олон холбогдогчтой, олон хэрэг байгаа бөгөөд эдгээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, баримт материал гаргаж өгөх ажил “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр явагдаж байна талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудал батлагдсан тохиолдолд онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн ажил үүргийн давхардлыг шийдвэрлэх боломжтой гэсэн юм. Мөн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, сүүлийн 12-13 жил уурхайн амны үнээр нүүрс аваад сурчихсан БНХАУ-ын худалдан авагчид хилийн үнээр, биржээр арилжаалах нөхцлүүдийн зөвшөөрөхгүй байх тохиолдол гарч байгаа тул худалдан авагч талтай яриа тохиролцоог үргэлжлүүлэх, Тавантолгойгоос Цагаан хад, цаашаа улсын хил хүртэл өөрсдөө тээвэрлэн хүргэж ажлыг зүгшрүүлэх, сорчлон олборлохгүй байх, эрчим хүчний болон сул кокстой нүүрсийг баяжуулж, үнэ өртгийг нэмэгдүүлэх, олборлосон болон борлуулсан нүүрсэнд хэмжилт хийх, тээдэрлэх явцад гарч буй хэвийн хорогдлын нормыг батлуулах, компанийн өөрийн үйл ажиллагаанд хамааралтай болон хамааралгүй 11 төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байсныг эрэмбэлж, эхний ээлжинд үйл ажиллагаандаа шууд хамааралтай төслүүдийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын Хятадын төмөр замтай холбох гэх мэт олон асуудал хүлээгдэж буйг ярилаа.
Хэлэлцэн буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар горимын санал гаргав. Тэрбээр, БНМАУ-ын Засгийн газарт чиглэх тухай хуулиар онцгой тохиолдолд хууль тогтоомжийг хэрэглэхгүйгээр шууд бүрэн эрх хэрэгжүүлэх эрх зүйн тусгай журам тогтоох асуудлыг хуульчилсан. Улмаар Монгол Улсын шинэ Үндсэн хууль гарч шинэ эрх зүйн орчин буй болсон.Тухайн үеийн протоколыг уншиж байхад өмч хувьчлалтай холбоотойгоор хоршооллын болон улсын өмч эзэнгүйдэж, улсын үйлдвэрийн газрууд дээр бол онцгой дэглэм тогтоох зайлшгүй шаардлага гарсан учраас түр үйлчлэх ийм журам гаргаж байжээ. Гэвч 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Бага хурлын бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд Улсын Их Хурлыг эрх залгамжлагч гэж үзэхгүй хэмээн заасан. Улсын Их Хурал энэ журмыг 2019 онд Эрдэнэт үйлдвэрт хэрэглэхдээ, эдийн засгийн онцлог нөхцөл байдалд дээрх хуулийн нийтлэг журам нийцэж байна гэж тогтоогоод, эрх зүйн орчин өөрчлөгдсөн тул уг хуулийг хүчингүй болгох тухай дагавар протоколтойгоор хэрэглэсэн. Тэгэхээр энэ хууль үндсэндээ үйлчлэхгүй болсон, хуулийг хүчингүй болгох асуудал нэгэнт хэлэлцэгдээд дэмжигдчихсэн, одоо анхны хэлэлцүүлэгт ороод явж байгаа гэж үзэж болно. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дээрх нөхцөл байдалд нийцүүлж, Засгийн газарт чиглэх тухай БНМАУ-ын хуулийг хүчингүй болгож, шаардлагатай бол онцгой дэглэм тогтоох журмыг Засгийн газрын түвшинд зохицуулдаг эрх хэмжээ бий болгосон шинэ эрх зүйн зохицуулалтыг батлах ёстой гэлээ. Тэрбээр, БНМАУ-ын үед батлагдсан, одоо хэрэглэхээ больсон ч хүчингүй болгоогүй 1986 оны Эрүүгийн хууль, 1957 оны Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хууль, мөн Газрын хэвлийн тухай, Өршөөл үзүүлэх тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай, Тэтгэмжийн тухай, Намын гишүүнээс түдгэлзүүлж өгөх албан тушаалын тухай зэрэг есөн хууль байгааг дурдаж, эдгээр хуулийн эрх зүйн үр дагаврыг арилгах нэмж, тогтоолын төслийг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэн, анхны хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэлээ.
Улсын их Хурлын дарга Г.Занданшатарын гаргасан горимын саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд буцаав. Эдийн засгийн байнгын хороо яаралтай горимоор өнөө өглөө хуралдаж, шинэчлэн боловсруулсан тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна