Уншигч та бүхэндээ хувь хүний хөгжил, төслийн менежмент, гадаад дотоодод төгсөхийн ялгаа, эрүүл мэндийн анхаарал хандуулах ёстой сэдэв, эрт илрүүлэг, дэлхийн брэндийн танд өгөх үнэ цэнэ, Таван Богд Группийн менежментийн арга барилын онцлогийн тухай “Таван Богд Солюшнс” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Батбаатартай ярилцсанаа хүргэж байна.
4-5 ЖИЛ ЗАРЦУУЛАХ ТӨСЛИЙГ ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД АМЖУУЛСАН
Солюшнсын Батбаатар захирлыг олон хүн мэдэх байх. Хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулснаар яриагаа эхлэх үү? Багадаа ямар сонирхол хоббитой байв, мэргэжил, ажлаа хэрхэн сонгож байснаа хуваалцаач.
Би Монголдоо Математик, Физикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн “Эхлэл” сургуулийг төгсөөд, Монгол Улсын Их Сургуульд суралцаж байхдаа, Японы засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр буюу Монбушогийн шалгалтад тэнцэн, Япон улс руу явж, хэлний бэлтгэл, коллеж, Их сургуулийн бакалавр, магистр гээд 4 сургууль төгссөн.
Багаасаа математик, физикт сонирхолтой, олимпиад уралдаанд их оролцдог хүүхэд байсан болохоор, сонирхлоо даган, Япон улсад Коллежоо Электроник, механикийн инженер мэргэжлээр, Токио хотын “Цахилгаан холбооны их сургууль”-ийг Харилцаа холбоо ба мэдээллийн технологийн мэргэжлээр бакалавр, мастерын зэрэгтэй төгссөн.
Японд Их сургуулиа төгсөөд Программ хангамжийн Компанид 2 жил, Монголд эргэж ирээд Юнител группт мөн 2 жил ажиллаж байгаад, Таван Богд Группт 2014 онд ажилд орж байсан.
Анх Таван Богд Группт орохдоо АТМ-ийн төслийг хариуцсан төслийн менежерээр ажилд орж байлаа. Бэлэн мөнгөний машин буюу бидний хэлж заншсанаар орлого зарлагын АТМ-ийг анх Монгол улсад нэвтрүүлэх төсөл дээр ажилласан. Тухайн үед иргэд өөрийн дансандаа бэлэн мөнгөөр орлого хийх, шилжүүлгийн гүйлгээ хийх, зарлага гаргах оочерлодог байсан үе. Банк орой 18 цагаас хаадаг байхад, бөөнөөрөө 18 цагаас өмнө амжаад банкны салбартаа орчихдог, теллерүүд нь тэр хүмүүстээ зарим үед бүр 10, 11 цаг хүртэл үйлчилдэг, дараа нь тайлан, тулгалтаа хийгээд 12 цагт харьдаг үе байлаа.
Гэтэл Японд орлого зарлагыг АТМ-ээр шийддэг, банкны ачаалал гэдэг зүйл хэдийнээ байхгүй болчихсон байсан. Анх Билгүүн, Оролмаа гээд багийнхаа гишүүдтэйгээ гурвуулхнаа төслийг эхлүүлж, олон улсад дунджаар 4, 5 жил зарцуулдаг байсан ажлыг 1 жил хүрэхгүй хугацааны дотор амжуулсан. Төсөл маань амархан байгаагүй. Хуучирч бохирдсон, нугаларсан мөнгөн дэвсгэрт их, АТМ маань тэрхүү дэвсгэртийг танихгүй, гацах, алдаа заах тэр болгонд АТМ ажиллаж чадахгүй байна гэх гомдол ирэх, Хүмүүс теллерт л итгэж, мөнгөө тоолуулж шалгаж өгдөг соёлд дадсан учир хэрэглээнд дасахгүй байх, тэр бүхний хажуугаар богино хугацаанд орон даяар АТМ тархаан байршуулах, хэрэглээг нь олон хүнд хүргэх зэргээр олон бэрхшээлтэй тулгарч байсан.
Анхны гэрээ, бичиг цааснаас эхлээд, ATM дээр ажиллах программ хангамжийг Монгол улсын хэрэглэгчид тааруулж хөгжүүлэх, тоног төхөөрөмжийг байршуулж, тоног төхөөрөмжийнхөө засвар үйлчилгээ хийх, мөн өөрсдөө АТМ машиныхаа хажууд зогсоод хүмүүст хэрхэн ажиллуулахыг зааж өгөх зэрэг бүх ажлуудад өөрсдөө манлайлан оролцдог байлаа. Төсөл бол үр дүнгээр л хэмжигддэг учраас бүх гишүүд нь, бүх түвшинд оролцож байж л амжилттай болдог.
Мөн энэхүү төслийн амжилтыг, Монголын хамгийн шилдэг банк болох Хаан банкны чадварлаг хамт олонгүйгээр төсөөлөх боломжгүй юм.
Энэхүү төслөө амжилттай хэрэгжүүлсний дараагаар, 2016 онд “Таван Богд Менежмент” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад, 2019 онд Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Таван Богд Солюшнс” компаниа тусгаарлан, Гүйцэтгэх захирлаар одоог хүртэл ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар манай компани 434 ажилтантай, дэлхийн 20 гаруй брэндийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг, харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлийг гаргаж, борлуулалт, суурилуулалт болон борлуулалтын дараах үйлчилгээг цогц байдлаар хүргэж байна. Мөн энэ 2023 онд, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн Нура Монгол төвөө нээгээд, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Ямар сонирхолтой юм бэ, шинэ соёлын үрийг тарьжээ. Одоо хүн бүр ATM машиныг өдөр тутамдаа хэрэглэдэг болохоор анзаарахаа ч байж. Яг анх нэвтрүүлэхэд хөгжилтэй явдлууд зөндөө байсан байх даа.
Өө байлгүй яахав. Хүмүүс чинь АТМ дотор хүн суудаг гэж бодоод ярилцах гэж оролддог, АТМ рүү мөнгөө хийж, тоолуулчхаад, итгэхгүй, буцаах товчийг нь дарж авч, дахиж гараараа тоолж шалгадаг үе байлаа. Нэг удаа манай хэрэглэгч 4 сая төгрөгөө АТМ рүү хийсэн чинь, 2 сая төгрөг гэж тоолоод гаргаад ирлээ, мөнгө залгилаа гээд гомдол ороод ирлээ. Бид логийг нь шүүгээд, бичлэгийг нь харахад яалт ч байхгүй 2 сая төгрөг л гарч ирж байсан. Гэтэл гол учир нь мань эр өөрөө яараад ажлынхаа ширээн дээр тал мөнгөө орхиод гараад ирсэн байсан. Энэ мэтчилэн зөндөө асуудал гардаг байлаа. Таны хэлдэгчлэн үнэхээр шинэ соёл байсан шүү. АТМ-рүү мөнгөө хийчихвэл алга болчих болов уу гэж айдаг байсан гэвэл одоогийн хүмүүсийн инээд хүрэх байлгүй. АТМ машин маань орлого авахдаа ч, зарлага гаргахдаа ч дэвсгэрт нэг бүрийг таньж, шалгадаг системтэй учир, алдаа гаргахгүй гэдэгт 100% итгэж болно.
МОНГОЛ ЯПОН ХҮМҮҮС ЯМАР ЯЛГААТАЙГ ТА МЭДЭХ ҮҮ?
Гуравхан хүний эхлүүлсэн ажил өнөөдөр олон хүнд тус нэмрээ өгч байгаа нь бахархмаар байна. Ер нь энэ их ажлыг хийхэд яг ямар зарчим баримталж ажилладаг вэ? Ямар арга барилаар ажилладаг болохоор, ихийг амжуулж чаддаг тухайгаа хуваалцаач.
Сүртэй арга барил ч байхгүй дээ. Гэхдээ ажилдаа өдөр тутамдаа ашигладаг жижиг зүйлсээсээ хуваалцахад, би төслийнхөө хүрэх үр дүнгээс эхэлж төлөвлөдөг. Очих ёстой цэг, гаргасан байх ёстой үр дүн нь тодорхой учраас, тухайн үр дүнгээс нь ухраан хөөж, ямар ажлыг хэр хугацаанд хийж дуусгах шаардлагатай гэдгийг нэг бүрчлэн гаргадаг. Алхам бүрийг нь төлөвлөөд, үр дүнг нь дор бүрд нь шалгаад явчихаар зөрүү, хийдэл гардаггүй, аль нэг цэг дээр алдаа гарснаас болж, төслийн гүйцэтгэл бүхэлдээ саатах магадлалтай тул, цагийн юмыг цагт нь, чанартай сайн байлгах дээр нь анхаарч ажилладаг. Тэгж байгаад болно доо, тэрнээс болоод чадаагүй, ингэснээс болоод амжаагүй, мартчихжээ гэдэг үгийг сонсохгүйн тулд үүрэг даалгавраа ч тодорхой өгдөг, нэмээд хангалттай тайлбарладаг, гол нь маш сайн эргэх холбоотой байдаг. Мэдээж би бүхнийг ганцаараа хийж чадахгүй ч, ямар ч төрлийн асуудал дээр мэдээлэлтэй байж, асуудлыг олон талаас нь харж, зөв шийдвэр гаргахыг хичээдэг гэж болно.
Жишээ ярья л даа. Би хэн нэгэнд за нэг тийм юм судалчхаарай гээд дараа нь асуухаар, судалсан гээд сууж байдаг, би бодохдоо тэр хүнийг судлаад, харьцуулаад, давууг нь онцлоод танилцуулга бэлдэж, танилцуулна гэж ойлгодог, харин нөгөө хүн маань интернэтээс хайлт хийснээ “судалсан” гэж ойлгосон гэхээр ойлголтын зөрүү гарч байгаа биз. Би яг энэ зүйлээс сэрэмжилж, даалгавраа тодорхой өгөх, нэг ойлголттой, нэг хүлээлттэй байхыг хичээдэг гэж ойлгож болно. Ихэнх Монгол хүмүүс ажлыг маш ерөнхийлдөг, яг даалгавар өгч байх үед ойлгохгүй байсан ч нэрэлхээд асуудаггүй, дараа нь өөрөө судлаад болгочихно гэж боддог, ажлаа гүйцэтгэхдээ 99% хүрээд яг дуусгах үедээ болчихлоо гээд санаа амраад үлдээчихдэг. Харин Япон хүмүүс бол маш хариуцлагатай, хүлээлттэйгээ нэгтгэх, зөрүү үүсгэхгүй байх тал дээр маш анхаарч баталгаажуулж, нягт, хийгүй ажилладаг гэж ойлгож болно.
Таны арга барилтай манай залуучууд хэр нийцэж байна? Та энэ бүхнийг Японд байхдаа суралцсан гэж ойлгож байна зөв үү?
Уг нь манай залуучууд, үндсэн суурь ур чадвар, IQ потенциал өндөр, хүнд хэцүү нөхцөлд суралцах, дасан зохицох чадвар сайтай, харин сахилга бат, хандлага, өөрийгөө дайчлах тал дээрээ сайжруулах шаардлагатай юм шиг заримдаа санагддаг.
Яг хамтарч ажиллахад бол, дөнгөж сургуулиа төгссөн залуучууд, шинэ зүйлийг суралцах, өөрийгөө хөгжүүлэх, асуудлын ард гарах, төслөөс суралцах эрмэлзэл маш өндөр байдаг. Өөрөөр хэлбэл “Өлсгөлөн” байна гэх юм уу. Харин тодорхой хэмжээнд туршлагатай, өөр соёл суусан хүмүүс бол “Наадах чинь амархан ойлгомжтой, асуудалгүй” гэчхээд үр дүнгээ танилцуулахад хүлээлтээс өөр байх тохиолдол их байна даа. Мэдээж би удирдлагын хувьд, тэр хүмүүстэй ч нийцэж, ойлголцож ажиллах ёстой учир илүү их хүчин чармайлт гаргадаг. Компанийн үр дүн бол багийн үр дүн, компанийн хамгийн чухал зүйл бол ажилтан, хүн. Гэхдээ үүнийг зүгээр яриад, попроод явах дургүй. Ажилтан болгонд анхаарч, бүгд компанийн хамгийн чухал нэг хэсэг гэдгийг нь ойлгуулж, зөв хандлагатай байлгаж чадвал, энэ нь байгууллагын хамгийн том дархлаа болдог. Ядаж л нэг ч гэсэн маш сайн ажилтан, хаана ч очоод ажиллахад биеэ даагаад явж чадахуйц нийгмийн иргэн бэлтгэх нь нийгэмд оруулах хувь нэмэр гэж боддог. Тийм болохоор ажилтнууддаа маш зарчимч, шаардлага өндөртэй, хатуу боловч эелдэг, боловсон, хүндэтгэлтэй хандахыг хичээдэг.
Энэ маань таны хэлсэнчлэн, эцэг эхээсээ болон Японд ажиллаж, сурч байхдаа авсан хүмүүжил гэж боддог. Японд төгссөн залуучууд ажлын цагаасаа хоцрох нь байтугай, 30 минутын өмнө ирээд, ажлын цаг эхлэхэд ажлаа хийхдээ бэлдээд, бэлэн болчихсон байдаг бол, манайхан нийтлэг нь, 9 цагтай уралдаж цагаа уншуулдаг, дараа нь 00 орно, цай кофегоо найруулна, ганц нэг сайт руу орно, фэйсбүүкээ шалгаад дараа нь ажлаа эхэлдэг. Энэ бол соёлын том ялгаа шүү.
ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ, МӨРӨӨДӨЛ НЬ БАЙВАЛ БОЛОМЖИЙГ ОЛГОДОГ
Та тэгвэл Таван Богд Группт ажиллах онцлогийг хуваалцаач.
Таван Богд Группийн хамгийн том онцлог бол үнэхээр хурдтай. 2023 онд хэрэгжүүлсэн “Нура Монгол” урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн төв маань, байгуулахаар шийдээд, барилгын дотоод заслаа хийгээд, тоног төхөөрөмж нь суурилуулагдаад, үйл ажиллагаагаа нээхэд 5 орчим сарын хугацаанд амжуулсан гэхээр маш хурдтай байгаа биз. Энэ тал дээр гадаад улсын бүх харилцагч нар маань гайхдаг. Ялангуяа шийдвэр гаргалтууд бол урамтай. Одоо группийн 20 гаруй компани дээр хэдэн зуун төсөл хэрэгжиж байна. Гол нь шийдвэр гаргалт хурдан, маневр хийх чадвар өндөртэй болохоор, төслүүдийг амжилттай авч явдаг гэж хардаг. Манай группийн бас нэг онцлогийг дурдахад хувь хүн хичээж чадвал карьер ахихад бүрэн боломжтой. Жишээ нь би 2014 оны 9 сард ажилд ороод 2016 оны 1 сарын 21-нд гүйцэтгэх захирал болсон. Төслийн менежер, Бизнес хөгжүүлэлтийн ахлах менежер гэж 2 удаа тушаал дэвшээд, дараа нь гүйцэтгэх захирал болоод тэрнээс хойш энэ тасралтгүй 8 жил гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Хөдөлмөр, хичээл зүтгэл, хүсэл, мөрөөдөл амбиц нь байвал боломжийг олгодог.
ИНЖЕНЕР ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР РУУ ХАЛТИРСАН НЬ
Үнэхээр бахархмаар санагдаж байна. За дараагийн сэдэв рүү ороход инженер хүн яаж яваад, эрүүл мэндийн салбарт орох болов оо?
Хүнд хамгийн нэгдүгээрт эрүүл мэнд, дараа нь гэр бүл чухал байдаг. Харин энэхүү үнэт зүйлсээ эдийн засгийн хувьд баталгаатай байлгахын тул ажил бас чухал байх ёстой гэж би үздэг.
Харамсалтай нь бид судлаад үзтэл, Монгол улс 3.4 сая хүн амтай хэр нь, дэлхийд хорт хавдрын шалтгаант нас баралтаараа тэргүүлж байна л даа.
Агаарын бохирдол ихтэй, хүнсний аюулгүй байдал алдагдсан, хооллолт болон амьдралын хэв маяг маань зөв биш байхад, нөгөө талдаа, эрүүл мэндийн салбарын боловсон хүчин цөөн, ажлын ачаалал маш их, цалин хангамж сайнгүй, тоног төхөөрөмж хуучных, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалттай биш гээд яриад байвал асуудал дуусахгүй байх.
Хорт хавдар эрт буюу I үе шатандаа илэрвэл, эмчлэгдэх магадлал нь ямар эрхтэн гэдгээсээ шалтгаалаад 70 - 98%-тай байдаг бол, хожуу үедээ илэрвэл энэ магадлал нь 2-10% хүртэл буурдаг нь үнэхээр харамсалтай. Гэтэл Монгол улсад нийт хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 74% нь хожуу үедээ оношлогдож байна. Тэгвэл бид юу хийж чадах вэ? Өндөр хөгжилтэй орнуудаас судалж үзэхэд, хорт хавдар илрэх тоо ойролцоо байдаг юм байна, харин эрт илрүүлж, эмчилж чаддаг болохоор нас баралт нь харьцангуй бага байдгийг гаргаж ирсэн. Мөн эрт илрүүлгийн үзлэгт хүмүүс нь жил бүр хамрагдах соёлыг түгээж чадсан өндөр хөгжилтэй орнуудад, хорт хавдраас шалтгаалсан нас баралт буурахаас гадна, амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөл багасаж, хүн амын дундаж наслалт өсдөг юм байна.
Өөрөөр хэлбэл бидний хийж чадах зүйл бол, өвчнийг эрт үед нь илрүүлж, эмчлүүлж эдгэрэх боломжийг олгох нь зүйтэй гэж үзээд холбогдох төслүүдийг судалж, Нура төслийг сонгосон. Манай компани чинь өөрөө IT суурьтай болохоор, тоног төхөөрөмж, технологи суурьтай буюу хүнээс хамааралгүй байлгах тал дээр нь онцгой анхаарсан. Сайн тоног төхөөрөмж байх юм бол, эмч нар яг үндсэн ажлаа хийгээд, хүнээ илүү сайн оношлох боломж нээгдэнэ гэж харсан.
Танайхыг сонирхож байхад хиймэл оюун ухаанаар оношилдог гэж байсан. Энэ тухайд дэлгэрүүлж хэлж өгөөч. Ёстой төсөөлөгдөхгүй байна.
Хамгийн энгийнээр бол, жирийн нүдээр харах боломжгүй өөрчлөлтийг компьютер харьцуулалтын аргаар гаргаж ирж, өөрчлөлтийг тодруулж өгнө. Эмч зөвхөн оношилгоог баталгаажуулах юм. За нэг тоо бодъё. Дүрс оношилгооны нэг эмч өдөрт 20 үйлчлүүлэгчийн шинжилгээг дүгнэдэг. Нэг үйлчлүүлэгчийн зураг 128 зүслэгтэй гэж бодоход, өдөрт 20 хүний хэдэн мянган зураг харна. Тэр эмч чинь хүн шүү дээ. Хэчнээн мундаг эмч байлаа гэж бодоход хэдэн мянган зургийг нарийн нягт, алдаагүй харах амаргүй. Тэгэхээр энэ хэцүү ажлыг л хиймэл оюун ухаан хийж, харьцуулж өгдөг л гэсэн үг. Эмч зөвхөн өөрчлөлттэй гэж сонгогдсон хэсэг дээр л төвлөрч ажиллахаар ажлынх нь үр дүн ямар байх вэ гэдэг нь ойлгомжтой. Алдаа мадаггүйн тухайд, бид компьютерын эксел дээр томьёо хийж, тоо бодчихоод, цаасан дээр нэмж хасаж бодох шаардлагагүйтэй адилхан зүйл гэж ойлгож болно.
Таны ярианаас сонсоход хиймэл оюун ухаан эмчтэй өрсөлдөөд байгаа биш, эсрэгээрээ эмчид туслаад байгаа юм аа даа.
Яг зөв. Эмчийн ажлыг хөнгөвчилж, механик ажлыг нь багасгаж, алдаа гаргах эрсдэлийг бууруулан, зөв дүгнэлт гаргахад нь илүү их цаг, боломжийг олгож байгаа хэрэг. Нөгөө талаасаа хамгийн том эмчид үзүүлж байж, эрүүл эсэхээ мэдэх хүсэлтэй, эмнэлэгт ачаалал үүсгэдэг тэр хэсгийг бууруулж, яг үнэхээр өвдсөн хүмүүсээ эмчлэх боломжийг олгож, оновчилж байгаа юм.
Өнөөгийн энэ завгүй нийгэмд, яг өвдөөд үзүүлээд явахаар, хамаг цаг, зав, нерв мөнгөө бараад, эцэст нь үүнээсээ түүртээд үр дүн хангалттай сайн биш байх гээд байдаг. Өөрийгөө орхичихсон, ажил, гэр орон, үр хүүхдийнхээ төлөө ажиллаж, эрүүл мэндээ бодох ч завгүй хүмүүст өөрийгөө болон гэр бүл, эцэг эхийгээ богино хугацаанд, тааламжтай орчинд, найрсаг тухтай үйлчилгээг ойлгомжтой тайлбартайгаар авч, цогц шинжлүүлэн, тэр дор нь хариугаа гаргуулж эмчээс зөвлөгөө авах боломжийг олгож байна.
Төсөл маань эхнээсээ үр дүнгээ өгч эхэлж байна. 3,000 гаруй иргэдэд хорт хавдрын эрт илрүүлгийн багц шинжилгээг хийснээс, үйлчлүүлэгчдийн 70 гаруй хувьд нь ходоодны хеликобактер илэрч, 251 нарийвчилсан оношилгоо, шаардлагатай тохиолдлыг илрүүлж, дараагийн шатны эмнэлэгт шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 251 сэжигтэй тохиолдлыг эрт үед нь илрүүлж, 251 гэр бүл хайртай хүн нь өвчнөө хүндрүүлэх эрсдэлээс сэргийлж чадлаа гэж ойлгож байгаа.
Ямар сайхан мэдээ вэ? Үнэхээр эрт илрүүлж чадвал, эдгэрэх боломж байдаг шүү. Дахиад л та шинэ соёлын үрийг тарьж байна даа гэсэн бодол төрлөө. Бид чинь өвдөж тартагтаа тулахгүй л бол эмнэлэгт ирдэггүй төрлийн хүмүүс. Одоо өвдөөгүй ч, эрт илрүүлэгт хамрагдаж сурах нь ээ.
Тийм шүү шинэ соёл гэж ойлгож байна. Манай үйлчлүүлэгчдээс “Та эрүүл байна” гэхээр өө шал хэрэггүй үзүүллээ гэж хэлэх хүн мэр сэр гардаг. Гэхдээ үнэндээ эрүүл байгаа нь үнэхээр сайн хэрэг шүү дээ. “Цоо эрүүл гэдэг хариу үнэхээр гоё”. Японд 1956 оноос, Америкт 1954 оноос, Солонгос, Орос, Хятад орнуудад 1990-ээд оноос эрт илрүүлэг эхэлсэн. Жил ирэх тусам үр дүн гарч, хавдрын шалтгаант нас баралтын тоо буурч байгааг статистикаас нь харж болно. Бид ямар нэг юм өвдөөд байж сууж чадахаа болихоороо, эмнэлэгт хандах ёстой, зүгээр байхдаа үзүүлэх нь цаг барсан, мөнгө үрсэн гэдэг ойлголт суучихсан. Өвдөөд, хэцүүдэхээрээ үзүүлэхээр л оройтчихсон байдаг. Эрүүл мэндийн боловсрол хангалттай сайн биш байгаа юм л даа. Тэгээд л эмчилгээ хийлгээд, олон жилийнхээ хөдөлмөрлөж олсон мөнгөө эмчилгээндээ зарцуулдаг. Гэтэл зарим нэг өвчин, ялангуяа Хорт хавдар бол эмчлэгдэх магадлал маш бага шүү дээ.
980 мянган төгрөг гэхлээр үнэтэй санагдаж байгаа байхаа. Үнийн хувьд та бүхэн ямар бодлого баримталж байгаа вэ?
Зарим хүнд үнэтэй сонсогдож магадгүй. Гэхдээ хэмнэж байгаа цаг хугацаа, үзүүлж байгаа шинжилгээ, үр дүн, хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж, үйлчилгээний сэтгэл ханамжийг тооцож үзвэл хямдхан гэдгийг хүмүүс маань ойлгоно гэж итгэж байна. Манай төв нь амьдралын хэв маягаас үүдэлтэй 10 төрлийн өвчин, зонхилон тохиолдох 10 төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх 32 үзүүлэлттэй багц шинжилгээ, энэ дотроо хүний биед хоргүй бага тунтай Компьютер Томографын цээжин биеийн бүтэн шинжилгээг хийдэг. Та яг энэ үйлчилгээнд бусад эмнэлэгт хийлгэхэд 5-14 хоног, 1.7-3 сая хүртэл төгрөгийг Монголд зарцуулна. Хоёулаа дахиад л ганцхан шинжилгээ дээр тооцож үзье. Та Компьютер Томографт орох хэрэгтэй боллоо, эхлээд оочроо бичүүлнэ, ирэх 7 хоногт нь үзүүллээ, 5 хоногийн дараа очиж хариугаа авна, дараа нь эмч дээрээ цаг авч, оношоо тавиулна. Энэ бүх процессыг манайх 2 цагт амжуулж үзүүлээд, эмчээсээ зөвлөгөө авах боломжийг олгож байгаа юм. Энд онцлох ёстой хамгийн чухал үзүүлэлт бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад яг одоо ашиглаж байгаа, 2023 оны буюу хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, FUJIFILM Корпорацын REiLI хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар хийж байгаа юм. Та мэдээж өөр эмнэлгийг сонгож болно, гэхдээ тоног төхөөрөмжийн үзүүлэлт, хиймэл оюун ухааны технологи нь яг энэ түвшинд хүрч чадаж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Мөн оношлох өвчнүүдийн тухайд Монгол улсын хүн амын өвчлөлийн онцлогт нийцүүлж сонгосон гэдгийг хэлмээр байна.
Эрт илрүүлэг уг нь хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа л даа. Гэхдээ л сураагүй хүмүүсийг өөрчлөх тал дээр та бүхэн юу хийж байна.
Цаг хугацаа орох ч энэ чинь өөрчлөгдөх л ёстой соёл. Тодорхой хугацааны дараа жирийн юм шиг л хүмүүс маань хайртай хүмүүсийнхээ төлөө эрт илрүүлэг хийлгэж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Бид одоогоор олон төрлийн медиа контент бэлтгэж, Эрүүл мэндийн яамтай хамтран олон нийтэд хүргэх ажлуудыг хийж байна.
Гэхдээ танайх эмчилгээ хийдэггүй гэж ойлгосон зөв үү? Танайхаас өөрчлөлттэй гэж оношлуулсан хүн дараа нь хаачих вэ?
За манай үндсэн концепт бол яг энэ. Ерөөсөө бид тухайн хүнийг үзээд, бүх эрсдэлийг нь тодорхойлоод, өөрчлөлттэй байвал аль эмнэлэгт хандаж, нарийн шинжилгээ өгч, эмчлүүлэх чиглэлийг хэлж өгч байгаа хэрэг. Хэрвээ бид оношлоод, эмчлээд эхлэх юм бол эрт илрүүлэг гэсэн концепт маань алдагдана. Нөгөө олон хүнийг оношилж, эрт үед нь илрүүлж, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах гэсэн санаа минь биелэх боломжгүй болно. Эрт илрүүлэг, эмчилгээ хоёр бол салгаж ойлгох ёстой зүйл.
Та тоног төхөөрөмж, технологийн тухай ярилаа. Эмч нарын тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
Та нэг ийм юм сонсож байсан уу? Тэр эмнэлэг тэгж оношилсон, итгэлгүй байгаа учир баталгаажуулахаас, эсвэл гадагшаа явж шинжилгээ өгөхөөс гэдэг яриаг. Тэгвэл бид яг энэ асуудлыг шийдэж, ямар ч эмч очоод дүгнэлт хийсэн, адилхан л хариу гарах ийм процессыг байгуулж байгаа юм. Эмчийн туршлага, мэдлэг, мэдрэмжээр гарсан хариуг биш, баримт дээр тулгуурласан шийдвэр гаргах боломжийг технологийн тусламжтай гаргаж байгаа хэрэг. Харин эмчилгээг илүү олон кэйс дээр ажиллачихсан хамгийн туршлагатай эмч дээр очиж хийлгэх нь зөв.
Нура төв маань FUJIFILM корпорацын ReiLI хэмээх дэлхийд тэргүүлэх эрүүл мэндийн хиймэл оюун ухааныг ашигладаг. FUJIFILM корпорац нь энэхүү хиймэл оюун ухаанаа Америкийн Стэнфордын их сургуультай хамтран ажиллаж, тогтмол сайжруулалт хийж байдаг юм.
Эмч ядарсан, бухимдсан, хэцүү асуудалтай үе байдаг бол, компьютер өлсдөггүй, ядардаггүй, зогсдоггүй, их ачааллаас болж алдаа гаргадаггүй. Монголын эмч нар шиг ийм мундаг туршлагатай, хүнд нөхцөл, хэт их ачаалал ажилладаг газар тийм ч олон биш байх. Тиймээс л эмч нарынхаа хэтийдсэн ачааллыг хөнгөвчлөхийг л зорьж байгаа хэрэг.
ХАРАМЧ ХҮН 2 ДАХИН ТӨЛДӨГ
Нура төвийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Эрт илрүүлэг, хиймэл оюун ухааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүмүүс авч чадсан гэдэгт итгэлтэй байна. Одоо танай Таван Богд Солюшнс компанийн тухай ярилцъя. Компанийнхаа тухай танилцуулж өгөөч.
Манай компани 434 ажилтантай. Ихэнх ажилчид маань, инженер хүмүүс байдаг. Бид байгууллага руу чиглэсэн аливаа шийдлийг боловсруулан, борлуулалт, борлуулалтын дараах засвар үйлчилгээг үзүүлдэг. Технологийн шийдлийг бизнес бүрт хэмээх алсын хараатай бөгөөд харилцагчийн бизнес үйл ажиллагааг эрхэмлэн, сэтгэл ханамжийг нь хамгийн дээд байлгахын тулд өөрсдийгөө оршдог гэж үздэг компани юм. Бид, Хэвлэх хувилах тоног төхөөрөмжийн Xerox брэндийн дистрибьютор, хяналтын камер Axis брендийн Solution Gold Partner, Hitachi ATM-ийн дистрибьютер, Microsoft брендийн Партнер, Dahua-гийн Партнер, Царай таних програм хангамж Herta брендийн партнер, odoo ERP програм хангамжийн Gold Partner, Genetec програм хангамжийн Партнер гэх мэтээр маш олон брэндийг Монгол улсад төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг.
Нэмээд дуудлагын төв, мөн Таван Богд Группийн хэмжээний мэдээллийн технологийн сервер, сүлжээ, түүний найдвартай үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал гээд бүх юмыг хариуцдаг. Бид, аливаа байгууллагад хэрэгцээтэй бүх л төрлийн мэдээллийн технологийн шийдлийг гадаад болон дотоодын хамтрагч нартайгаа цогц үйлчилгээ үзүүлдэг.
Таны дээр дурдсан Брэндүүдийг хэрэглэхийн давуу тал юу байна вэ? Бизнесийнхэн маань үйл ажиллагаагаа сайжруулах гээд чанараас илүү үнийг чухалчлаад байгаа юм шиг ажиглагддаг.
Маш олон жишээг дурдаж болно. Бид шууд байгаа бараагаа зарахаас илүү, тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагад тулгуурлаж шийдэл гаргаж өгдөг. 2 жишээг дурдъя.
Принтерийн хувьд, хүн бүр хажуудаа принтер тавиад өөрсдийн хамааралтай зүйлсээ хэвлэх чиг хандлага байсан. Энэ нь мэдээлэл алдахгүй буюу зөвхөн өөрийн хэвлэсэн бичиг баримтаа өөрөө хянах боломж олгож байгаа ч, олон тоног төхөөрөмжийг арчлах, хэвлэлтэй холбоотой зардал хяналтгүй болох, ажлын байрны эмх цэгц алдагдах зэрэг асуудлыг дагуулдаг. Харин бидэнд, нэг том EBG принтерийг хэвлэх цэгт тохижуулж, принтерийг олон хүн хэрэглэж, зөвхөн өөрийн хэвлэх команд өгсөн зүйлээ авах, тухайн ажилтны ажил үүрэгтэй холбоотой хэвлэлийн лимит тогтоох зэргээр асуудлыг шийдэж өгөх шийдэл байдаг.
Камерын хувьд, Өнөөдөр Монгол улсад зөндөө олон камер байгаа, ажилладаг үгүй нь тодорхойгүй. Камер хүний өдөр тутмын хэрэглээ биш учир тэр бүр хараад ажиллаж байгаа эсэхийг хянаад байдаггүй. Гэтэл яг шаардлага гараад хяналтын камер шүүх үед л бичлэг хийсэн үү, фокус нь алдагдаагүй юу гэж хардаг. Суурилуулалт хийх үеийн тохиргоо, олон камерын өөр хоорондын уялдаа холбоо, мөн суурилуулалтын дараах тогтмол сервис үйлчилгээ чухал байдаг.
Нэг харилцагч байгууллага маань, камер суурилуулахдаа хямд баталгаагүй газраар хийлгэснээс болж, үндсэн сервер рүү нь холбохгүй орхиод явчихсан. Яг харахад дэлгэц дээр харагдаж байгаа ч, нэг өдөр хулгай гараад өмнөх датагаа харах гэсэн чинь ямар ч бичлэг байхгүй байсан. Иймэрхүү жишээ олон шүү. Нөгөө хүн чинь манай дээр ирээд “Харамч хүн 2 төлдөг” гэж ямар үнэн юм бэ гэж байсан. Камер чинь худалдаж аваад болчихдог биш, гол нь тогтмол хяналт, үйлчилгээ л чухал гэдгийг олон хүмүүс ойлгодог болсон гэж найдаж байна.
За тэгэхээр бид яг энэ хэрэгцээг мэдэрч, үйлчилгээ үзүүлж байна. Дэлхийн шилдэг брэндүүд, хамгийн сүүлийн үеийн технологиор дамжуулаад байгууллагуудад программ хангамж, техникийн хангамж санал болгодог, өгч байгаа үйлчилгээ маань тухайн байгууллагын үйл ажиллагааг илүү сайжруулаад, байгууллагын бүтээмж, үйл ажиллагаа нь сайжирснаараа орлого нь нэмэгддэг, бүтээмж нь сайжирдаг, ашиг нь өсдөг. Харилцагч байгууллага маань үндсэн бизнестээ анхаарч үйл ажиллагаа, ашиг орлогоо олоод, харин түүнд нь шаардлагатай мэдээллийн технологийн үйл ажиллагаагаа бидэнд даатгаач ээ л гэмээр байна. Дээр зөвхөн, принтер болон камерын тухай ярилаа. Бүх брэндүүдийнхээ хэрэглэгч, харилцагчдад өгч байгаа үнэ цэнийг ярих юм бол дэндүү урт болохоор байгаа тул ингээд дуусгая. Танд янз бүрийн технологи хэрэг болбол зориод ирээрэй, мэргэжлийн үйлчилгээ, брэндийн тоног төхөөрөмж, борлуулалтын дараах үйлчилгээг цогцоор өгөхөд бид бэлэн байна. Мэдэхгүйгээсээ болоод дахин дахин алдаа гаргаж, санхүүгээрээ хохироод явалгүй, мэргэжлийн хүнд нь хандаж эрсдэлгүй шийдүүлээрэй.
Саяхан Нагоми ресторанд хоол идэх гээд орсон чинь хөөрхөн робот үйлчилж байсан. Үйлчлэгчээс нь асуухад танайх гэж байсан. Тэрийг танилцуулаач.
Pudu брэндийн Robot үйлчилгээнд ажиллаж байгаа. Монгол улсын хэмжээнд ажилтан олдох асуудал хэцүү болсон. Нэг хүн ажилд авдаг, тэр нь хоцордог, ажлаа тасалдаг, харилцааны тал дээр асуудалтай, маргааш ажилдаа ирэх болов уу гэдэг айдастай байгаа нь үнэн. Мэдээж хийсэн хоолоо амттай, халуунаар үйлчлүүлэгчдээ өгөх хэрэгцээ байдаг. Яг энэ хэрэгцээг Pudu Robot нөхөж байгаа юм. Азид маш өргөн ашиглагддаг болсон, Роботынхоо тавцан дээр захиалсан хоолыг нь тавьчихад яг ширээнд нь аваачиж өгчхөөд, дуусахаар нь бохирыг нь буцаагаад аваад явчихдаг, өвддөггүй, ядардаггүй, ялархдаггүй, зогсдоггүй ажилтан байна.
Тэгэхээр бид нарын зорилго бол технологийн шийдлийг ашиглаад хүмүүс үндсэн бизнесээ илүү бүтээмжтэй хийгээсэй, техник тоног төхөөрөмжийн хийж чадах юмыг техник тоног төхөөрөмжид даатгаад хүн илүү бүтээлч ажлуудыг хийгээсэй гэж байгаа юм.
Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
Таны өмнөх асуулт дээр арай дутуу хариулчихсанаа гүйцээчихье. Инженер хүн эмч болно гэвэл хэцүү, харин менежер хүн төслийг авч, асуудлыг даван туулж, шийдэж чадах нь өөр хэрэг.
Манай группийн хувьд асуудлыг даван туулах чадвар, бүх түвшиндээ маш сайн суусан гэж хардаг. Хэрэгжиж байгаа төсөл эрүүл мэндийн салбар байна уу, IT байна уу, үйлдвэрлэл, эсвэл тоног төхөөрөмж борлуулалт байна уу хамаагүй. Би анх ATM төсөл хариуцаж ажиллаж байлаа, дараа нь хэвлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Таван Богд Менежмент компани буюу одоогийн Улаанбаатар принт компанийн Гүйцэтгэх захирал болж байлаа. Дараа нь технологийн чиглэлээр борлуулалт, үйлчилгээний Таван Богд Солюшнс компанид, одоо эрүүл мэндийн Нура төвд гээд шинэ даалгавар авч, шинэ төслийн аялалд гарч явна. Энэ аяллынхаа явцад багийнхныхаа хамтаар ямар асуудал байна, хэрхэн шийдэх вэ гэдгээ тодорхойлж, онож, хааяадаа алдаж, алдаагаа залруулж, алхам тутамдаа суралцаж, хөгжсөөр явна.
NURA төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
Лавлах утас: 7588-7588 Вэбсайт: www.nura.mn Facebook: NURA Mongolia
Сэтгэгдэл (1)