Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" хэмээн албан ёсоор зарлаж, зорилтот ажлуудыг хийж эхэлснээр Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн онд 651061 жуулчин манай улсад ирснээр 1,3 тэрбум ам долларын орлогыг аялал жуулчлалын салбарт оруулжээ.
Түүнчлэн он гарсаар өнөөдрийн байдлаар 22 мянга гаруй жуулчин Монгол Улсад иржээ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтыг энэ оны дөрөвдүгээр сарыг дуустал 26 арга хэмжээ төлөвлөсөн ба гадны нөлөөлөгч нарыг Монголд урьж өвлийн аяллыг сурталчлуулж байна.
Мөн нэг жуулчинд нэг хонь, ямаа хөтөлбөрийг Булган, Архангай аймагт хэрэгжүүлж байгаа билээ.
Ийн аялал жуучлалыг салбарыг шинэ түвшинд гаргах хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээг өргөжүүлж ажилласнаар жуулчдын тоог нэмнэ гэж төлөвлөж дараах шийдвэрүүдийг гаргасан.
Монгол Улсад жуулчлах зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө
Аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө. Энэхүү шийдвэр 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжинэ.
Монгол Улсыг зорих иргэдийн тоогоороо БНХАУ, ОХУ-ын дараа гуравдугаарт ордог, Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 гадаад улсын иргэд визгүй зорчиж байна.
Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтын мөрөөр аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, эрчимжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгасан.
Монгол Улсад жуулчлах гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө
Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөллөө. Эдгээр улсад дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс болон Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч буй бөгөөд манай улсад ирдэг иргэдийн тоогоороо тэргүүлдэг, мөн www.evisa.mn системээр Монгол Улсын визийг цахимаар авч буй улсууд юм.
Визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.
Аялал жуулчлалын хууль батлагдлаа
Аялал жуулчлалын салбарын сэргэлтийн суурь үндэс болсон Аялал жуулчлалын тухай хууль 23 жилийн дараа шинэчлэн батлагдсан. Хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэх үеэрээ тэрбээр "Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний өв, уламжлал, соёл, ёс заншил, түүх, дурсгалын үнэт зүйлсийг сурталчлан таниулах улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах үйлсэд чухал ач холбогдолтой тул цаашид төрөөс тус салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын өмнө тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх практик шаардлага зүй ёсоор гарч байна" гэдгийг онцолсон.
Уг хуулийн төслийг УИХ өнгөрсөн оны тавдугаар сард баталсан.
“МИАТ” ТӨХК орон нутгийн нислэгийг сэргээв
Орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэх, тийзийн үнэ тарифыг бууруулах шийдвэр гаргасан. Ийнхүү тус компани 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээж, 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс хуваарьт нислэг үйлдэж эхэлсэн.
“МИАТ” ТӨХК нислэгийн үнэ тарифаа 2-2,5 дахин бууруулсан бөгөөд Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн найман чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нислэг үйлдэнэ. Өлгий, Ховд чиглэлд нислэгийн тийз хоёр талдаа 1.5– 1.7 сая төгрөг байсныг 810 – 902 мянга, Улаангом, Улиастай чиглэлд 1.3-1.4 сая төгрөг байсныг 633-852 мянган төгрөг болгож тус тус бууруулаад байна. Мөн Даланзадгад чиглэлд хоёр талдаа 500-617 мянга, Мөрөн чиглэлд 500-680 мянга, Алтай чиглэлд 733-852 мянга, Чойбалсан чиглэлд 537– 617 мянган төгрөгийн тарифаар тус тус үйлчилнэ.
Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэнэ
Өнгөрсөн оны есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг баталсан. 2024 оны хоёрдугаар улирлаас АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болов. Манай улсаас АНУ руу жилд дунджаар 60 орчим мянган иргэн зорчиж, 30-50 цаг нисэж, 2,000-4,000 ам.долларыг тийзийн төлбөрт төлдөг.
Шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 1,000-1,500 ам.доллар, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж 3-4 дахин багасан ая тухтай зорчих олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэж байна гэж албаныхан онцолсон. Эхний ээлжид АНУ-ын Сан-Франциско хот руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.
Монголын өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдлээ
"МАЗААЛАЙ" олон Улсын мөсний баярын нээлтийн арга хэмжээний онцлох үйл явдал нь Монгол Улс Гиннесийн дээд амжилтыг тогтоох байв. Өөрөөр хэлбэл 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдлээ.
Сэтгэгдэл (2)