Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо

О.Шүрэнцэцэг
2024/05/02

УИХ-ын чуулганаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийг эцэслэн баталсантай холбогдуулан тус хуулийг санаачлагч, УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрамтай ярилцлаа.

-Бид чанартай, шим тэжээлтэй хүнс хэрэглэж байж эрүүл амьдарна-

-Органик бүтээг­дэхүүний тухай хуулийн гол концепц нь юу вэ?

-Иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилгоор эрүүл хүнс хэрэглэж, хоол хүнснээсээ чанартай шим тэжээл аваасай гэж уг хуулийн төслийг санаачлан батлууллаа. Бид чанартай, шим тэжээлтэй хүнс хэрэглэж байж эрүүл амьдарна. Үүний тулд хүнс эрүүл, органик байх ёстой. Энэ хүрээнд хот, хөдөө гэлтгүй улсын хэмжээнд органик хүнс, ногооноо с авахуулаад гоо сайхан гэх зэргээр органик хүнс, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, өргөн хүрээний үе шаттай хэлэлцүүлгүүд өрнүүлж, судалгаа хийж ажилласан. 

Тэдний зүгээс органик бүтээг­дэхүүний бизнес эрхлэх явцад олон янзын хүндрэл бэрх­шээлтэй тулгардаг тухай­гаа ярьцгаасан. Тухайлбал, хэ­рэглэгчид органик бүтээг­дэхүүний ач холбогдлын талаар сайн мэддэггүй учраас химийн бордоо, пестицид, гербицид ашигласан бүтээгдэхүүнтэй ижил үнээр зах зээлд худалдаалахаас аргагүй болдог. Жишээлбэл органик төмс, хүнсний ногоо тарилаа гэхэд гар аргаар зэрлэгээ түүдэг, янз бүрийн химийн хор цацдаггүй учраас аливаа шавж хорхойд идэгдэх эрсдэл өндөр байдаг. Мөн органик ногоо тариалахад ургацын хэмжээ, гарц жижиг байдаг. Тэгэхээр илүү өндөр зардал, их хөдөлмөр шингээж байж арай бага хэмжээний бүтээгдэхүүн гаргаж авдаг гэсэн үг. Ашигтай ажиллахын тулд өндөр үнэлэхээр хэрэглэгч талдаа ойлгодоггүй, худалдан авалт төдийлөн хангалттай байж чаддаггүй. Нөгөө талаас иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэглээнд маш чухал хувь нэмэр оруулаад органик хүнс үйлдвэрлээд зах зээлд нийлүүлж байхад төрөөс ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Органик бус хүнс үйлдвэрлэгчидтэй яг л ижил хэмжээнд авч үзэж, татвар хураамж, төрийн шаардлага адилхан байдаг. Ийм нөхцөлд органик хүнс үйлдвэрлэгчдийн зүгээс илүү их хөдөлмөр зарцуулж, ач холбогдол өгчихөөд эргээд бусадтай ижил үнээр борлуулж өөрсдөө алдагдалд орох хэрэг байгаа эсэхэд эргэлздэг талаараа ярьж байсан.

Органик хүнс үйлдвэрлэгчид маань өнөөдрийг хүртэл үндсэндээ сайн дурын үндсэн дээр хүн амыг эрүүл хүнсээр хангаж байгаа ч ашиг багатай, зарим тохиолдолд алдагдалтай ажиллаж байгаа учраас төрөөс гарцаагүй зохицуулалт, шийдэл хэрэгтэй байсан. Ингээд бид органик бүтээгдэхүүн хэрэглэж заншсан төдийгүй хүн амынх нь эрүүл мэндийн үзүүлэлт өндөртэй гаднын улс орнуудаас туршлага судалсан. Дэлхийн улс орнуудаас эдгээр асуудлаар хамгийн өндөр үзүүлэлттэй Европын улс орнууд, тэр дундаа Герман улсын төрийн бодлогыг судалсан. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хууль эрх зүйн орчныг судалж үзэхэд органик хүнсээ тухайлсан бодлогоор дэмждэг юм билээ. Үүнд хамгийн чухал нь татварын бодлого. Цаашлаад төрөөс иргэдээ мэдээллээр хангаж, мэдлэгжүүлэх ажлыг хийснээр хэрэглэгчээ бэлддэг. Тус улс бодлогын болон олон талын бусад ажил, арга хэм­жээг төрөөс авч хэрэгжүүлснээр органик хүнсний хэрэглээг ард иргэдийнхээ амьдралын хэв маягт амжилттай нэвтрүүлсэн байгаа юм. Тэгвэл Монгол Улс эдгээрээс ямар хэмжээний дэмжлэг, бодлогыг нэвтрүүлэх боломжтой вэ гэдгийг өөрийн улсын нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр боловсруулсан хууль байгаа юм.

-Органик хүнсийг хэрэглээнд нэвтрүүлэхэд төрийн дэмжлэг маш чухал гэлээ. Тэгвэл манай улс энэ хуулийн хүрээнд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ төрөөс хэрхэн дэмжихээр хуульд тусгав. Органик гэдгийг баталгаажуулах процесс хэрхэн өрнөх вэ?

-Тухайн бүтээгдэхүүн үнэхээр органик эсэхэд хоёр янзын баталгаажуулалт хийхээр хуульд тусгасан. Хөндлөнгийн болон хамтын баталгаажуулалтын процесс өрнөх юм. Тариалангийн салбар дээр жишээ авбал хөрсөө хэрхэн бэлдэх вэ гэдгээс эхэлнэ. Үргэлжлүүлээд тариалалтын процесс өрнөхөөс авахуулаад арчилгаа, хураалт, хадгалалт, тээвэрлэлт гээд бүх процесст аливаа химийн бүтээгдэхүүн ороогүй байх, савлагаа гэхэд хүний биед хор нөлөөгүй, эрүүл мэндийн шаардлага хангасан байх ёстой гэх жишээний стандарт шаардлагыг хангах ёстой.

Үүнд хөндлөнгийн байгууллагын, эсвэл хамтын баталгаажуулалтын хяналт тавигдана. Баталгаажуулалтаар органик бүтээгдэхүүн мөн гэж үзвэл ХХААХҮЯ-наас серти­фикат олгож “органик” бүтээг­дэхүүний шошго хэрэглэх эрх үүснэ. Түүнчлэн бидний батлуулсан хуулийн дагуу органик бүтээгдэхүүнд төрөөс олгох бүх төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломж бүрдэх юм. Төрөөс цөөнгүй төрлийн дэмжлэг үзүүлэхээр хуульд тусгаж оруулсан. Тухайлбал, органик хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг эхний таван жилд 100, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлнө. Энэ бол аль ч салбарт байгаагүй хамгийн том дэмжлэг болсныг онцлон хэлмээр байна. Баталгаажуулалт хийх шилжилтийн үеийн зардал, органик бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардал, зээлийн хүүгийн 50 хувийн татаас, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн зардлын 75 хувь, мэдээлэл сурталчилгааны зардал зэргийг улсын төсөвтэй уялдуулаад төрөөс тодорхой хэмжээнд хуваалцахаар хуульд тусгасан. 

-Органик бүтээг­дэхүүн үйлдвэрлэгчидтэй болсон. Харин хэрэглэгчид хэр бэлтгэгдсэн юм бол. Энэ тухайд үйлдвэрлэгч-хэрэглэгч талын лоббийг хэрхэн хийсэн бэ?

-Хүмүүсийн хэрэглээний соёл, боловсрол гээд нийгэм, эдийн засгийн түвшинтэй холбоотой асуудал юм. Ер нь нэлээд хөгжсөн улс орнууд органик бүтээгдэхүүний хэрэглээтэй болсон байдаг. Гэхдээ бид “Манайх болоогүй” гээд суугаад байж болохгүй. Энэ төрлийн хэрэглээг нэвтрүүлэх, өргөжүүлэх, нийтэд таниулан мэдрүүлэх ажлыг хэн нэгэн хийгээд манлайлаад явах ёстой шүү дээ. Энэ ч үүднээс хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан. Өнөөдрийн байдлаар манай улсад 715 нэр төрлийн органик бүтээгдэхүүнийг 348 органик үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрлэснээ ХХААХҮЯ-ныг мэдээллийн санд бүртгүүлсэн байна. Сүү сүүн бүтээгдэхүүн, бордооны үйлдвэрээс гадна ногоочид, зөгийн балчдын органик хоршоод цөөнгүй бий. Маш олон жил органик бүтээгдэхүүн үйлдвэрлээд дадчихсан, төрөөс дэмжлэг үзүүлэх хуультай болохыг тэсэн ядан хүлээж байгаа бүлэг ч бий. Тэдний хувьд органик хүнс гэж юу вэ, түүнийг хэрхэн тарьж ургуулах вэ гэдгийг олон жилийн өмнөөс олон талаар судалж байж үйлдвэрлэл эрхлэх хэмжээнд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд олон улсын ADRA төслийн хүрээнд сургалт авч, заалгахын зэрэгцээ заримыг нь гадагш нь явуулж газар дээр нь аваачиж, туршлага судлуулсан байдаг. Ялангуяа манай Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн болон УБ хотын газар тариалангийн бүс нутгийн хүнсний ногоочид болон зөгийчид маань энэ төсөлд хамрагдсаны үндсэн дээр органикчуудын нэгдэл бий болчихоод байгаа юм. Төрөөс хууль баталснаар үйлдвэрлэгчид маань органик руу шилжих таатай нөхцөлтэй болно гэж харж байгаа. Төрөөс үзүүлэх олон талын дэмжлэгт хамрагдах үүднээс үйлдвэрлэгчид маань судалж таарна. Ингээд органик мөн эсэхийг баталгаажуулалтын процесс маш нарийн учраас нэлээд хүчин чармайлт гаргаж, хөдөлмөрлөж байж органик шошго авч, төрийн дэмжлэгт хамрагдах боломж бүрдэх юм. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн хувьд хууль өөрөө хамгийн том хөшүүрэг байх учиртай. Хуулийг хэрэгжүүлэхэд олон талын оролцоо чухал. ХХААХҮЯ-ны хувьд олон нийтийг мэдээлэлжүүлнэ. Органик хүнс хэрэглэх эсэх нь иргэдийн өөрийн сонголт шүү дээ. Тэгэхээр хэрэглэгчдээ мэдээлэл, мэдлэгжүүлээд ирэхээр ач холбогдлыг нь танин мэдсэнээр аяндаа урсгалаараа нийтийн хэрэглээ органик руу шилжиж таарна. Органик гэсэн шошгын хувьд ногоон болон шар ногоон хоёр янз байна. Шилжилтийн болон шилжсэн гэдэг шошго гэсэн үг.

Тиймээс хэрэглэгчид маань энэ шошгоо харж байгаад гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө органик хэрэглээнд шилжээд эхэлнэ гэж харж байгаа. Ингээд нийгмээрээ органик бүтээгдэхүүнийг хэрэглээд эхлэхэд үйлдвэрлэгчдэд маш том хөшүүрэг болно. Ерөөсөө органик хэрэглээнд шилжихэд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Нөгөөтэйгүүр гаднын улс орнууд Монголыг органик улс гэж хардаг. Гэтэл бодит байдалд малчин айлд ороход л сүү саалиа хадгалдаг сав нь барилгын материалын сав байх жишээний. Ингээд л органик чанар алдагдчихаж байгаа юм. Цаашлаад малд хийж буй вакциныг органик гэж хэлэхэд эргэлзээтэй. Одоо харин хуулийн хүрээнд мал аж ахуй эрхлэг­чид маань баталгаажуулал­таа хийлгээд органик шошгоо авчихвал гадагшаа илүү өндөр өртгөөр махаа борлуулах боломж бий болно. Энэ тухайд ХХААХҮЯ гадаад улсын холбог­дох яамтай органик хүнсний баталгаажуулалтаа харилцан хүлээн зөвшөөрөлцөх ажлыг хийх үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, манай улс органик бүтээгдэхүүнээ ингэж баталгаажуулдаг гэдгээ таниулснаар гадагш экспортлох үүрэг хүлээж байгаа юм. 


-Нийт хүнс үйлдвэрлэлийнхээ таван хувийг 2030 он гэхэд органик болгоно-

-Монгол Улсын Ерөнхий­лөгчийн зүгээс “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийг зарлаж, монгол хүний хүнсний аюулгүй байдалд төр бодлогоор анхаарч эхэлсэн энэ цаг үед Органик бүтээгдэхүүний тухай хуулийг УИХ-аас баталлаа. Энэ том бодлоготойгоо уялдан гарч буй хууль гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдлын хөдөлгөөнийг өрнүүлс­нээс хойш дотоодын хүнсний хэрэгцээний хангамж маш их нэмэгдэж байна. Цаашид хүнсний хэрэгцээгээ тодорхой бүтээгдэхүүнүүдийн хувьд дотоодоос 100 хувь хангахаар зорьж байна. Жишээлбэл, хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн Мандал суманд бяслагны үйлдвэр нээлтээ хийлээ. Бид 70 сая малтай улс атлаа жилдээ 100 тэрбум төгрөгийг гаднаас бяслаг худалдаж авахад зарцуулдаг байх жишээний. Одоо бяслагны үйлдвэртэй болсноор энэ гадагшлах урсгалыг зогсоох, дотооддоо хүнсээ үйлдвэрлэх, тэр дундаа органик бүтээгдэхүүнээр хангах хөдөлгөөнийг өргөн хүрээнд өрнүүлсний үр дүн гарч эхэлж буйн жишээ нь энэ юм. Хүнсний хангамж гэдэг бол органик эсэхээс үл хамаараад ямар ч байсан идэж, уудаг зүйлсээ хэнээс ч үл хамаараад өөрсдөө үйлдвэрлээд хэрэгцээгээ хангая гэдэг ойлголт. Харин аюулгүй байдал бол маш чухал асуудал.

Өнөөдөр манай улсад зүрх судасны өвчлөл маш өндөр болсон. Бага насны хүүхдүүд сахарын өвчтэй болж эхэлсэн байна. Хорт хавдрын өвчлөл, нас баралтаар манай улс дэлхийд тэргүүн байранд эрэмбэлэгдэх болсон. Агаарын бохирдлоос авахуулаад маш олон шалтгаан бий. Гэхдээ хамгийн гол суурь шалтгаан бидний биедээ оруулж буй хоол хүнстэй шууд холбоотой. Тийм ч учраас бид энэ өвчлөлт, нас баралтыг бууруулахын тулд органик хүнсийг дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа юм. Энэ хуулийг батлан хэрэгжүүлэхийн эцсийн үр дүн нь ард иргэд маань эрүүл хүнсний хэрэглээнд шилжинэ. “Эрүүл хөрс бол эрүүл хүнс, эрүүл хүнс бол эрүүл хүн” гэдэг хүйн холбоосыг хангах нь энэ хуулийн гол ач холбогдол. 

-Органик бүтээгдэхүүний тухай хуу­лийг хэзээнээс мөрдөж эхлэх вэ. Хуулийг хэрэгжүүлээд эхлэхээр үр дүн хэр байх бол. Та хууль санаачлагчийн хувьд ямар хүлээлттэй байна вэ?

-Би хувьдаа маш өндөр хүлээлт­тэй байгаа. Өмнө нь аль ч салбарт төрөөс ийм өндөр хэмжээний хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаагүй шүү дээ. Тиймээс төрийн энэ дэмжлэгт одоогийн органик­чууд маань урамшина байх. Цаашлаад олноороо органик үйлдвэрлэл эрхлэхэд нь хөшүүрэг болно гэж харж байгаа. Нийгмээрээ органик хэрэглээнд шилжихээс гадна бид нэмүү өртөг шингэсэн үнээр органик бүтээгдэхүүнээ гадаад руу экспортлох боломж бүрдэнэ. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтэд Сэлэнгэ, Дархан, Төв аймгийнхан голлох нөлөө үзүүлж, манлайлал үзүүлэх нь гарцаагүй. Дархан, Сэлэнгэд органик хоршоод маш олноороо байгуулагдчихсан. Олон улсын “Адра” төслийн хоёрдугаар шат хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Төслийн хамрах хүрээг энэ жилээс Дархан, Сэлэнгэ, Төв аймагт өргөжүүлээд органикчуудыг олон болгохоор зорьж байна.

Миний бие Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн тогтоол бат­луулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан бөгөөд арилжааны банкууд гурван хувийн хүүтэй эко зээлд органик хүнс үйлдвэрлэлийг оруулахаар болсон. Нөгөө талаас органик үйлдвэрлэл, хэрэглээ бүхий бүстэй болсноор гаднын жуулчдыг ч татах боломжтой болно. Эрүүл хэрэглээтэй жуулчид манайд ирлээ гэхэд зорьж очоод органик ресторанаар үйлчлүүлэх нь байна шүү дээ. Цаашид зөвхөн төвийн бүс гэлтгүй бусад аймаг, нийслэлд органик бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, улам л хүрээгээ тэлэх ёстой. Ингэж байж бид хүн амаа эрүүлжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг нь хангах боломж бүрдэнэ. Дүгнэж хэлэхэд энэ хууль нь эдийн засаг, байгаль орчин, гадаад худалдаа, аялал жуулчлал гээд Монгол Улсын төрөөс дэвшүүлж буй томоохон бодлого, зорилтуудтай уялдан гарч байгаа гэж ойлгож болно. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогод “Нийт хүнс үйлдвэрлэлийнхээ таван хувийг 2030 он гэхэд органик болгоно” гэж тусгасан байдаг. Өнөөдрийн байдлаар энэ тоо 0.1 хувьтай байна. Тэгэхээр бид органик хэрэглээтэй улс биш байх нь. Гэхдээ органик хэрэглээ­тэй байж болох ч түүнийгээ баталгаажуулаагүй, эргэлзээ бүхий хэвээр байна. Харин одоо хуультай болсноор энэ эргэлзээг үгүй болгох боломж бүрдэж байна. 

-Ярилцсанд баярлалаа


1
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.114.170
2024/05/03
1
0
Boliooo gal togoondoo banzalddag zavaarsan p min. ehleed biye zas, daraa ni ger bulee zas, tegeed tor luu ordoo chi min. bogs boornii asuudlaa ehleed tsegtselchih erguu avgai min
Хариулах
129.205.113.182
2024/05/03
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
103.168.34.46
2024/05/02
0
0
UNDRAMAA MANAI GAL TOGOO TOM SHUUU HURELSUGEE COFE ANAN NAIZTAIGAA UULZAJ BAIGAA BANDI MINE
Хариулах
103.168.34.46
2024/05/02
0
0
BANKNI HULGAICHIIG HUUHEDIN HUCHIREHLEG KITCHIN BIT CH HARAH SAIHAN L BNA HAHAH P Z DA NAR NEREE ALANAA
Хариулах
2405:5700:310:5f74:3d05:5da2:804:efdd
2024/05/02
0
1
Undram gishuun dee urgashaa ajilaa ulam sain hii gej helidee
Хариулах
202.21.106.101
2024/05/02
3
0
Сайхан уран донгодох юм даа ... ха ха
Хариулах
Шинэ мэдээ
Генерал Т.Бадралыг Сүхбаатарын одонгоор шагналаа 18 минутын өмнө
СУИС-ийн уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хаана 40 минутын өмнө
Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ 55 минутын өмнө
Угаасан ноолуурыг долоодугаар сарын 1-нээс экспортолно 1 цагийн өмнө
''Өдөрт 10 гаруй хүүхэд бөөсөө цэвэрлүүлэхээр ирж байна'' 3 цагийн өмнө
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 3 цагийн өмнө
Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудлаа 4 цагийн өмнө
Everest today: Эверестэд гарсан уулчид өмнөд оргилд хоёр цогцос харсан байна 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 4 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ''шалгалт'' өгчээ 17 цагийн өмнө
Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо 18 цагийн өмнө
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийг хямралд оруулах эрсдэлтэй 18 цагийн өмнө
Б.Гангаамаа: Хоёр уулчин маань 8000-8500-гийн хооронд л осолдсон гэсэн дүгнэлт гаргасан байна 18 цагийн өмнө
С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх хуулийн төсөл санаачиллаа 19 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар болон Токио хотын Захирагч Юрико Койкэ нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ 20 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Эдийн засгаа шинжлэх ухаанжуулж, шинжлэх ухаанаа эдийн засагжуулсан улс орон хөгждөг 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хуулийн төслийг өргөн барилаа 21 цагийн өмнө
1085 автобус утасгүй интернэттэй болно 22 цагийн өмнө
90 настай Ц.Раднаа 8-р сард Швед улсад болох ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна 23 цагийн өмнө
Говийн бүсэд горилогч эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ? 23 цагийн өмнө