Эдийн засгийн бодлого - Алдаж оносон он жилүүд ба сонголт


НЭГ. ТУУЛСАН ЗАМАА ЭРГЭН ХАРАХУЙ

Эхний хорин жилд (1992-2012). Монголчуудад үүлэн чөлөөний нар тохиосон 1990 он. Энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадсан эсэх дээр олон талын байр суурь бий. 1992 он. Үндсэн хуулиа батлав. Ардчилсан хувьсгалын үр дүн “нийгмийн гэрээ” болон баталгаажлаа. Хүмүүнлэг, ардчилсан, чөлөөт нийгмийг сонгож, бүрэн эрхээ тунхаглав. Кремлиэс чиглэл авдаг Монгол байхаа больж, их түүхээрээ бахархдаг, Эзэн Чингис хаанаа сүсэлдэг, алдаатай оноотой ч өөрөө өөрийгөө мэддэг Монгол болов.

Хөмөрсөн тогоо, хуарангийн социализмын хаалттай Монгол нээлттэй Монгол болов. Бөмбөрцгийн улс гүрнүүд, ялангуяа АНУ, Япон, Европын орнууд тэргүүтэй барууны ертөнц дэмжив. Аварга хоёр хөршийн дундах “Ардчиллын баянбүрд” гэж нэрлэгдэв.

Шилжилтийн хүнд үеийг даван туулсан монголчууд 2010-аад онд үр дүнгээ үзэж эхэллээ. Чөлөөт нийгэм рүү тэмүүлсэн нийгмийн хувьсгал, цогц реформ, гадагшаа чиглэсэн идэвхтэй хамтын ажиллагааны үр дүн нь Оюутолгой төсөл байлаа. Энэ төсөл бол монголчуудын хувьд өнгөрсөн хугацаан дахь хамгийн том бүтээн байгуулалт, эдийн засгийг огцом тэлэх мега төсөл байсан гэдэгтэй маргах шаардлагагүй. Зөвхөн эдийн засгийн утгаар биш, гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг татаж чадсан явдал нь үндэсний бие даасан байдал, тусгаар тогтнолын баталгаа болох онцгой ач холбогдолтой. Энэ үед уул уурхайн салбар бүхэлдээ эрчээ авч, Оюутолгойгоос гадна Эрдэнэс таван толгойн зэрэг нүүрс, бусад ашигт малтмалын экспорт нэмэгдсэнээр 2012 он гэхэд манай ДНБ-ий өсөлт 17% давж, дэлхийд гайхагдлаа.

Нийгмийн шинэ гэрээ болох шинэ Үндсэн хууль батлагдаж байсан 1992 онд нэг хүнд ногдох ДНБ 400 ам.доллар байсан бол 2012 онд 4000 ам.доллар болсон. Энэ хорин жилд даруй 10 дахин өссөн гэсэн үг.

Өмнө нь орон сууцны байрны гадаа хоёр гуравхан автомашин тавиатай байдаг байсан бол хаа сайгүй багтаж шингэхээ больж, “түгжрэл” гэдэг шинэ асуудал бий болов. 1992 онд монгол хүний дундаж наслалт 59 байсан бол 2012 онд 69 болж 10 насаар нэмэгдэв. Хүний амьдрал бүхэл бүтэн 10 жилээр уртсах үнэ цэнэ гэдэг юутай ч харьцуулашгүй үнэт баялаг. Түүнчлэн энэ он жилүүдэд гадагшаа явсан, сурсан, ажилласан залуучууд эх орондоо эргэж ирэх, хөгжил дэвшлийн бүтээн байгуулалтад оролцох давалгаа өрнөсөн билээ.

Луу жилээс луу жилд (2012-2024). 2012 оноос хойш нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4000 ам.долларын түвшинд 10 жил гацав. Эхний 4 жилд буюу 2012-2016 оны хооронд дэлхийн уул уурхайн зах зээл уналтад орсон нь шууд нөлөөлсөн. Манай экспортын голлох бараа болох зэсийн үнэ өнөөдрийнхөөс 2 дахин, нүүрсний үнэ 4 дахин бага түвшинд хүртлээ унасан маш хүнд үе тохиосон юм. Харин 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл уул уурхайн гадаад зах зээл маш тааламжтай болсон ч, эрх баригчдын бодлого, үйл ажиллагааны алдаатай шууд холбоотойгоор эдийн засгийн хөгжлийн боломжийг алдсаар байна.

2012 оны усан луу жил УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам олонхи болж чадаагүй ч, хамгийн олон суудал авч, бусад намуудтай хамтарсан засаг байгуулах, түүнийг тэргүүлэх эрх олж авав. Ингээд 2012-2014 онд “Шударга ёс” эвсэлтэй (МАХН-МҮАН), 2014-2016 онд МАН-тай хамтарсан засаг байгуулж ажилласан. Засгийн эрхэнд гарсан Ардчилсан намын лидерүүд үзэл баримтлалаасаа ухарч, зүүний бодлого хэрэгжүүлэв. Дэмжигч сонгогчдын томоохон сегментийн итгэлийг алдах болж, нам бодлогын бус, эрх ашгийн фракцуудад хуваагдан зөрчилдөх болсон. Үүгээрээ МАН-аас ялгаагүй гэгдэн, МАНАН гэх нэр томъёоны нэг эзэн боллоо.

Хэдийгээр үзэл санааны доройтолд орсон ч, ажил хийж чаддаг нам гэдгээ АН харуулсан. 4 жилд 7 аймгийн төвийг холбож, нийт 3000 км автозам тавьсан нь Монгол Улсын 1921 оноос хойш 2012 хүртэлх 90 жилд тавьсан замтай тэнцэнэ. Ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлэн 4 жилд 80,000 айлын орон сууц ашиглалтад оруулсан нь 1921-2012 он хүртэлх бүхэл бүтэн 90 жил барьсан 160,000 айлын орон сууцын талтай дүйцнэ. Бүхий л он жилүүдэд алдагдалтай явж ирсэн гадаад худалдааны алдагдал 2014 оноос эхлэн ашигтай гарах болов. Энэ бол бас нэг түүхэн эргэлтийн цэг. Эрчим хүчний салбарт цахилгааны суурилагдсан хүчин чадал 876 МВт-аас 1140 МВт хүртэл, дулааны суурилагдсан хүчин чадал 2120 Гкал/цагаас 2921 Гкал/цаг болж тус тус 30%, 40% нэмэгдсэн. Амгалангийн дулааны станц ашиглалтад орж, Баянзүрх дүүрэгт орон сууцжилт эрчимтэй явагдлаа. Түүнээс хойш эрчим хүчний салбар дорвитой урагшилсангүй. Эсрэгээрээ цахилгааны хязгаарлалт хэвийн үзэгдэл болжээ.

МАН бүх шатанд үнэмлэхүй ялж, засагласан сүүлийн 8 жилд юу болов?

Монгол Улсын төсөв 2016 онд 9 их наяд байсан бол 2024 оны төсвөөр 27 их наяд болж, төгрөгөөр 3 дахин нэмэгдэв. Ам.долларт шилжүүлэн тооцвол 2 дахин өссөн байдаг. Засгийн газрын өр эрс нэмэгдэж, 8 жилийн өмнө нэг иргэнд 15 сая төгрөг ногдож байсан бол, эдүгээ 33 сая төгрөг даваад явж байна.

Төсөв томорч, төр данхайж, харин нэг хүнд ногдох ДНБ буюу иргэдийн орлогод мэдэгдэхүйц өсөлт гарсангүй. Бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдэж, үнийн өсөлт нь айл өрхийн санхүүд илтэд дарамт учруулах боллоо. Хөндлөнгийн буюу олон улсын бараг бүх индекс үзүүлэлтээр Монгол Улс ухрав. Үүнд, сүүлийн 8 жилд авилгын индексээр 72-оос 121 рүү, эдийн засгийн эрх чөлөөний индексээр 60-аас 73 руу, бизнес эрхлэхүй (doing business) индексээр 71-ээс 83 руу, ардчиллын индексээр 60-аас 81 рүү, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 60-аас 88 руу тус бүр 2023 он гэхэд ухрав.

2024 оны хэвлэлийн эрх чөлөөний индекс зарлагдахад дахин 21 байраар ухарч 109-д эрэмбэлэгдэх болов.

МАН-ын сонгуулийн амлалт буюу 2016, 2020 оны мөрийн хөтөлбөр утгаараа хэрэгжсэнгүй. “Ядуурлыг 2 дахин бууруулна”, “зээлийн хүүг 1% дотор болгоно”, “утааг 70-80 хувь бууруулна”, “100000 айлын орон сууц барина”, “эрчим хүчээр дотооддоо бүрэн хангаж, гадагш экспортолдог орон болно”, “газрын тосны үйлдвэр барина”, “2300 км автозам барина”, “залуусыг дэмжиж 150000 ажлын байр бий болгоно” зэрэг голлох бараг бүх заалт худал амлалт болж үлдэв. Удахгүй болох УИХ-ын сонгуулиар ард түмэнд очиж, ажлаа тайлагнах нүүргүй болсон тэд “авилгатай тэмцэх, хонгилтой тэмцэх”, “Ц.Элбэгдоржийн системтэй тэмцэх” гэдгийг зогсоо зайгүй ярьж, сонгууль болгоноор гаргаж тавьдаг “С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэг”-ийг уламжлал ёсоор сонгуулийн пиар болгож байна. Нэг бол муу муухайтай тэмцсэн баатар болох, нэг бол хаа байсан 2050 он, “Алсын хараа” зэрэг ээлжит үлгэрээ ярихаас үл хэтэрнэ. Бодит амьдрал дээр дүнгээ тавиулсан тэд телевизээр кино зохиол үзүүлэхдээ гаргууд.

Энэ бүхэн яагаад вэ? Учир нь эрх баригчдад нэгдүгээрт эдийн засгийн бодлого алга, хоёрдугаарт зүүний популист хөтөлбөр нь гал унтраахаас хэтэрдэггүй учир хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгддэгт юм.

Тэгвэл хэрхэх ёстой вэ? Худал хуурмагийг таягдан хаяж, амьдралын бодит үнэнтэй нүүр тулдаг барууны хөтөлбөрийг зоригтой хэрэгжүүлэх цаг болсон. Данхар төрөөс цомхон, чадварлаг төр лүү, халамжийн эдийн засгаас хариуцлагын эдийн засаг руу, хяналтан доорх бизнес орчноос, чөлөөт бизнес орчин руу, үнийг тогтоон барьдаг арга залиас, зах зээлийн механизмыг хүндэтгэдэг арга барил руу, пиарын засаглалаас шийдлийн засаглал руу зоригтой шилжих хэрэгтэй байна. Дүн тавьж, сонгуулийн хариуцлага тооцож чаддаг нийгэм бол ардчилсан нийгэм юм. Сонгуулийн хариуцлага тооцох боломжгүй бол дарангуй нийгэм, тооцож чаддаггүй бол дампуу нийгэм юмаа.

ХОЁР. МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ МАКРО БОДЛОГО

Дээр дурьдсанчлан, зах зээлийн нийгэм рүү зоригтой шилжиж чадахгүй, хагас социализмаас салж чадахгүй байгаа нь Монголын эдийн засгийн хөгжлийг саатуулсаар байна. Барууны реформ үгүйлэгдсээр байна. Үзэл баримтлалын ялгаатай байдалд үндэслэн дэлхий даяар улс төрийн намууд баруун ба зүүн жигүүрт хуваагддаг бөгөөд, Монгол улсад одоогоор бүртгэлтэй 37 нам дотроос Ардчилсан нам /АН/ нь баруун төвийн үзэл баримтлалыг үйл ажиллагааныхаа үндэс болгоно гэж дүрэмдээ заасан.

[1] Өөрөөр хэлбэл, АН нь зарчмын хувьд баруун төвийн үзэл баримтлалыг дэмжигч хэн бүхний итгэл найдварыг тээгч, хүсэл эрмэлзлийг нь биелүүлэгч улс төрийн бодит хүчин байх ёстой юм. Харин өнөөгийн эрх баригч нам болох Монгол Ардын Нам /МАН/ социал демократ буюу зүүн төвийн үзэл баримтлалтай нам юм.[2] Гуравдагч хүчнээс Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/-ын хувьд 2011 онд анх байгуулагдахдаа социал демократ үзэл баримтлалтай буюу зүүн төвийн гэж тодорхойлсон боловч өдгөө баруун төвийн үзэл баримтлалтай нам болж өөрчлөгдсөн.[3]  

Орчин цагт төрийн эрхийг барьж буй улс төрийн намууд хэт баруун эсвэл хэт зүүн чиглэлийг баримтлах нь цөөрсөн бөгөөд баруун төв эсвэл зүүн төвийн үзэл баримтлалыг өөрийн бодлогодоо тусган хэрэгжүүлж байна. Хэдийгээр намууд үзэл баримтлалын хувьд өөр хоорондоо ойртож байгаа ч, баруун төв ба зүүн төв чигийн бодлогууд нь эдийн засгийн асуудлуудыг шийдэж байгаа арга хэрэгсэл, онцлогоор нилээд том, мэдэгдэхүйц ялгааг үүсгэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Макро түвшинд төрийн оролцоог үндсэндээ сангийн бодлого ба мөнгөний бодлого гэсэн хоёр хэлбэрээр түгээмэл тодорхойлж байна. Ялангуяа татварын орчин, төсвийн зардлын хувь хэмжээнээс хамааруулж төрийн оролцоог тодорхойлдог тул Засгийн эрхэнд байгаа тухайн нам ямар үзэл баримтлалтай вэ гэдгээс энэ нь ихээхэн хамаарна.

Сангийн бодлогыг Засгийн газрын зарлага, татварын хувь хэмжээ, өр, зээллэгээр дамжуулан хэрэгжүүлэхдээ үзэл баримтлалын хувьд нилээд зөрүүтэй байдгийг АН, МАН-ын жишээн дээр харж болно.

Тухайлбал, татвар ногдуулалт, татварын ачааллыг авч үзэхэд баруун төвийн намууд тэр дундаа АН татварыг бууруулах, нэн ялангуяа бизнесүүд, өндөр орлоготой иргэдэд өсөн нэмэгдэх татвар ногдуулахын эсрэг байдаг. Учир нь татварын бага түвшин нь эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтыг урамшуулж, өдөөдөг хэмээн үздэг. Харин зүүн төвийн намуудын хувьд орлогын тэгш бус байдлыг багасгахын тулд өсөн нэмэгдэх татварыг дэмжиж, ерөнхийдөө татварыг нэмэгдүүлэх замаар нийгмийн халамж, тулгамдсан асуудлуудыг шийдэх санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, тэгш бус байдлыг бууруулах боломжтой гэж үздэг. Өсөн нэмэгдэх татвар нь орлого өндөр баялаг бүтээгчдээс илүү өндөр хувиар татвар авах, орлого багатай иргэдээс бага хувиар татвар авахыг дэмжих хандлагатай юм. 

Татварын орчны хувьд баруун төвийн үзэл баримтлалтай нам аль болох шаталсан татварын тогтолцооноос татгалзаж, татварын таатай орчинг бүрдүүлэх замаар бизнес эрхлэлт, хувийн хэвшил болон илүү хөдөлмөрлөж орлогын түвшингээ ахиулсан иргэдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг.

Энэ хүрээнд АН 2014 онд шаталсан, өсөн нэмэгдэх татварын тогтолцоог халж байсан. Гэвч зүүн төвийн үзэл баримтлалтай МАН-ын зүгээс 2018 онд шаталсан татварыг сэргээх зорилгоор холбогдох хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьж байсан ч сүүлд 2022 онд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулан сард 10-15 сая төгрөгийн орлого олдог бол 10 сая төгрөгөөс дээш давсан орлогод нь 15 хувиар татвар ногдуулах, 15 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар татвар ногдуулах гэх мэт шаталсан татварын тогтолцоотой болгосон. Өөрөөр хэлбэл, илүү их хөдөлмөрлөсөн, илүү чадвартай, мэргэшсэн иргэдээс илүү татвар авч, халамжийн зардлыг тэлж байгаа нь илүү их орлого олох, хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулж хөдөлмөрийн зах зээл дээр гажуудлыг бий болгосон бодлого болж байна. Угтаа бол 10 сая төгрөгийн орлого өнөөгийн Монгол улсад л их өндөр мэт харагдаж байгаа. Гэвч ийм хэмжээний цалинг ихэвчлэн дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадвартай, туршлагатай, мэдлэгтэй хүмүүс авч байдаг. Үнэндээ өндөр хөгжилтэй орнуудын жирийн иргэдийн сарын дундаж цалин 2022 оны байдлаар 3,500 ам.доллараас багагүй байна. Энэ нь 12 сая төгрөг гэсэн үг.

Тэгвэл олон мянган Монгол залуус  очиж ажилладаг БНСУ-ын сарын дундаж цалин 2024 онд 3,000 ам.доллар орчим буюу ойролцоогоор 10 сая төгрөг гэсэн үг. Бид эх нутагтаа хөгжсөн улсын жирийн дундаж иргэн шиг цалин авч амьдрах нь илүү өндөр хувиар татвар төлөх шалтаг болох ёсгүй юм. Харин бид бүх иргэдээ аль болох богино хугацаанд ийм хэмжээний цалин авдаг байлгахыг эрмэлзсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын "Brain Drain index" буюу "Оюунлаг боловсон хүчин гадагшлах индекс" 2016 оноос хойш тасралтгүй муудсаар 2023 онд 4.2 нэгжид хүрээд байна. Монголд дэлхийн дундаж цалингаар амьдрахад илүү дарамттай байгаа нь сор болсон хүмүүсээ гадагшаа урсгах, алдах нөхцөл болж байна. Судалгааны үр дүнгээс харахад эх орноосоо явж буй гол шалтгаануудын нэг нь хангалттай цалин хөлс авч чадахгүйтэй холбоотой байдаг. Эх орноо орхин явж, хүний нутагт мэдлэг, оюунаа үнэлүүлж байгаа элгэн саднууд маань хүн хүнээс илүү цалин аваад байгаа хэрэг ердөө ч биш, ядаж орлого сайтай орны дундаж иргэн шиг амьдрах хүсэлтэй байгаадаа л байгаа юм. Харин бид хөгжингүй орны дундаж иргэд шиг амьдрах хүсэл, зоригийг нь сүүлийн 8 жил татварын таагүй орчны бодлогоор мохоолоо.

Түүнчлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 0-6 тэрбум төгрөг хүртэлх албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулж байна.

Иргэд маань бизнесээ томруулж, дэлхийн зах зээлд гарах санхүүгийн чадавхгүй байгаагийн нэг том үндэслэл нь татварын дарамт юм. Угтаа 6 тэрбум төгрөг бол 2 сая хүрэхгүй ам.доллар. Төр өнгөн дээрээ бизнес, хувийн хэвшлийг дэмжинэ, татварын дарамтыг бууруулна гэдэг боловч бодит байдал дээр яг эсрэгээр татвар, шимтгэлээр дарамтлах, хумих, шимэгчлэх, жижигхэн байлгах сонирхолтой байна. МАН 2020 оны сонгуулиар бүүр ил цагаан “өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоог бий болгоно” гэж хэлж байгаад Төрийн эрхэнд гарсны дараа татварын тогтолцоог өөрчилсөн. Тэдний бодлоор илүү өндөр орлого олж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй юм. Гэвч зүүний үзэлтнүүд, социалистуудын бодсон шиг зах зээл ажилладаггүй. Татварын тогтолцоо нь муу ажилладаг Монгол шиг улсад өндөр орлоготой аж ахуйн нэгжүүд, иргэд шударга бус татварын дарамтаас зайлсхийдэг байж тун болзошгүй юм. Яг ийм тогтолцоо нь чөлөөт эдийн засгийн харилцааг боомилж, далд эдийн засгийг тэлэхэд хүргэж байдаг.

Зүүний үзэл бүхий МАН-ын зүгээс уул уурхайд түшиглэсэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын эсрэг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийг давхар тооцох механизмыг бий болгосон. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж АМНАТ шингэсэн болон НӨАТ-тай үнээр агуулга багатай хүдэр, нүүрс худалдаж аваад, баяжуулаад, экспортлоход дахин АМНАТ ногдуулдаг болов. Ингэж давхар тооцдог улс манайхаас өөр байхгүй юм. Үр дүнд нь олон арван баяжуулах үйлдвэр АМНАТ-ийн өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсоон олон мянган хөдөлмөр эрхлэгч ажилгүй болов. Засгийн газрын зүгээс нэмүү өртөг шингээх биш, шууд түүхийгээр нь экспортлох бодлогыг гаргасан нь мөрийн хөтөлбөртөө тусгасан байгалийн баялгийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд гаргах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн зорилтынхоо эсрэг ажилласаныг харуулж байна. Иймд баруун төвийн үзэл баримтлалтай нам, эвсэл төрийн эрхэнд гарвал нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг боомилсон энэ мэт татварын таарамжгүй орчинг халж, бизнес, үйлдвэрлэлийн татварын таатай орчинг бий болгох учиртай.

Өсөн нэмэгдэх татварын тогтолцоог халж, татварын хувь хэмжээг өсгөхгүй байхаас гадна татвар ногдуулж байгаа субьектүүдээ бүрэн хамруулах, татварын сууриа бүрэн ашиглах нь шударга ёсонд нийцнэ. АН 2012-2016 онд Засгийн эрхэнд байхдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын системийг орон даяар нэвтрүүлж, тус татварын суурь баазыг бэхжүүлж, далд эдийн засгийг багасгасны үр дүнд НӨАТ-ын орлого ихээхэн дүнгээр нэмэгдсэн байдаг. Иймд баруун төвийн үзэл баримтлалтай намын хувьд АН нь шаталсан татварын тогтолцоог халж, бүх хүн, аж ахуйн нэгжүүдэд урагшлахгүй, хичээн хөдөлмөрлөхгүй байх сэдлийг төрүүлдэг, хичээснийхээ төлөө шийтгүүлдэг, илүү өндөр орлого олоход, хүний зэрэгтэй амьдрахад саад болж байгаа энэ мэт төрийн бодлогыг өөрчлөх нь зүйтэй юм. 

Намуудын үзэл баримтлал нь татварын бодлогоос гадна нийгмийн даатгалын шимтгэлийн өөрчлөлт, даатгалын тогтолцооны бодлогоор ялгарч харагдана. Зүүн төвийн намууд аль болох төсвийн зардлыг тэлэх, халамжийг нэмэгдүүлэх бодлого баримталдаг. Энэ дагуу эрх баригчид төсвийн зардлыг нэмэгдүүлж, төсвийн тэлэлтийг хэт өндөр байх бодлого барьж байгаа нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлж цаашлаад татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна. Тухайлбал, МАН мөрийн хөтөлбөртөө иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого, бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн татварын таатай орчинг бий болгоно хэмээн амлаж Засгийн эрхэнд гарсан хэдий ч, эсрэгээрээ нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөж иргэд, аж ахуйн нэгжүүдэд ирэх дарамтыг нэмэгдүүлсэн.

Ийнхүү иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг бууруулах бодлогыг баримталсан бөгөөд 2017 онд даатгуулагч 10 хувь, ажил олгогч 11-13 хувийн НДШ төлж байсан бол 2024 онд даатгуулагч 11.5 хувь, ажил олгогч 12.5-14.5 хувь болж нэмэгдсэн.

Харин баруун төвийн үзэл баримтлал бүхий АН-ын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулах сонголтын эсрэг нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэн хуримтлалын тогтолцоо руу жинхэнэ утгаар нь шилжүүлэх, олон улсын жишгийн дагуу хөрөнгө оруулалтын сан болгож гадаад, дотоодын эрсдэл багатай хөрөнгө оруулалтуудад байршуулж, өгөөж хүртэх, санг арвижуулах, сангийн хөрөнгө өвлөгддөг, иргэд төлсөн шимтгэлээ бүрэн дүүрэн эргүүлэн авдаг тогтолцоо руу оруулах учиртай. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл хуримтлагдан үржиж буцаад тухайн даатгуулагчиддаа очдог системийг бий болгох, одоогийн төр бүгдийг удирдаж, цугласан шимтгэл зөвхөн төрийн өмч болдог, үрэлгэн системийг халах арга хэмжээг баруун төвийн үзэл баримтлалтай нам л хийх боломжтой юм. Нийгмийн даатгалын тогтолцоог яаралтай шинэчлэхгүй бол манай улсын хүн амын цонхны буюу ид хөдөлмөрийн насны залуусын нийт хүн амд эзлэх хувь өндөр байгаа одоогийн үеийнхэн тэтгэврийн насан дээр ирэхэд даатгалын тогтолцоо бүрэн дампуурч, улсын төсвөөс санхүүжүүлж хүчрэхгүй түвшинд хүрэх эрсдэлтэй.

Баруун төвийн үзэл баримтлалын хувьд чөлөөт зах зээлийн тогтолцоог илүү үр ашигтай, үр дүнтэй ажилладаг хувилбар хэмээн үздэг ба төрийн оролцоог бага байлгах, байж болох бага түвшинд барих нь чухал бөгөөд үр ашиггүй, үрэлгэн, авлигажсан, харалган бодлогуудыг хэрэгжүүлэх замаар нийтийн хөрөнгийг зарцуулах нөхцөл буюу нүсэр төрийг бий болгохгүй байх замаар төсвийн бодлогын эрүүл харилцаанд хүрнэ гэж үздэг билээ. Өөрөөр хэлбэл, төрийн оролцоо, хяналтаар зохицуулагдаж буй эдийн засгийн харилцаа нь үргэлж илүү зардалтай, үрэлгэн, үр ашиггүй гэж үздэг тул хувийн хэвшлийг дэмжих, чөлөөт зах зээлийн зарчмаар эдийн засаг ажиллах нөхцөл бүрдүүлэх бодлого баримталдаг. Төрийн оролцооны дээд хязгаарыг зах зээл бүрэн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх байдлаар тодорхойлдог. Харин зүүн төвийн үзэл баримтлал нь төрийн идэвхтэй оролцоог бий болгох замаар зах зээлийн тогтолцооны шийдэж чадахгүй асуудлуудыг шийдвэрлэх, нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар тэгш байдлыг бий болгоно гэж үздэг.

Сүүлийн 30 гаруй жилд манай улсын эдийн засаг дахь төрийн оролцоо жил бүр тэлж, төр данхайж ирсэнтэй бүхий л эдийн засагч нар дуу нэгтэй санал нэгдэх болов уу. Ялангуяа сүүлийн 8 жилд зүүний чиглэлийг баримтлагч МАН-ын засаглалын үед халамжийн зардлууд, төсвийн зардлын тэлэлт, засгийн газрын өрийн хэмжээ ихээхэн дүнгээр өсч, төрийн өмчит үйлдвэрийн газруудын тоо улам бүр нэмэгдэж, 1990 оноос хойш хугацаанд байгаагүй олон тооны сайд, дэд сайд, агентлагуудтай болсон. Энэ хэрээр 2016-2023 оны хооронд нийлбэр дүнгээр хэдэн их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг батлан төлөвлөж ирсэн. Сүүлийн 8 жилийн хугацаанд зөвхөн Засгийн газрын гадаад өр гэхэд ойролцоогоор 33 их наяд төгрөгт хүрч 2016 оны дүнгээс даруй 18 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.

Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зардал, алдагдал, өрийн хэмжээг дурдвал тоймгүй их дүн гарах нь дамжиггүй юм. Учир нь энэ хугацаанд аль болох л төр өөртөө өмч бий болгох, нийгэмчлэх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг шинээр байгуулах, ажилчдын тоог өсгөх, төр томрох бодлогыг МАН-ын зүгээс хэрэгжүүлж ирсэн гэхэд буруудахгүй. Төрийн нүсэр бүтцээс үүдэлтэйгээр авилга улам бүр гаарч, манай улс авлигын индексээр сүүлийн 8 жилд өмнөх амжилтуудын эсрэг ухралтыг бий болголоо. Авилгын индексээр 2016 онд 176 орноос 87 дугаар байранд жагсаж байсан бол 2023 онд 180 орноос 121 дүгээр байрт эрэмбэлэгдэн маш том ухралт хийсэн. Энэ нь авилгыг бууруулах чиглэлээр Засгийн газрын зүгээс дорвитой арга хэмжээ авч чадаагүйг харуулж байна.

Ардчилсан нам 2012-2016 онуудад засгийн эрхийг барьж байхдаа төрийн байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төсвийг ил болгох шилэн дансны хуулийг баталж, төсвийн зарцуулалт, тендерийг олон нийтэд ил болгож байв.

Нэмэгдсэн өртгийн албан татварын системийг нэвтрүүлэн далд эдийн засгийг бууруулах, татварын суурь баазыг нэмэгдүүлэх, тухайн системээр дамжуулан ил тод байдлыг хангах бодлогыг мөн хэрэгжүүлсэн байдаг. Нөгөө талдаа иргэний танхим, 11-11 төв зэрэг иргэдийн дуу хоолойг сонсох ажлуудыг эхлүүлж, төсвийн төслийг иргэдээр тогтмол ил тодоор хэлэлцүүлж, олборлох салбарын ил тод байдлын санаачилгыг орон даяар эрчимтэй хэрэгжүүлж уул уурхайн аж ахуйн нэгжүүд тоон мэдээллээ олон нийтэд өргөн хүрээнд ил тод болгож, бүхий л түвшинд иргэд, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлснээр авлигалын индексээр 2012-2016 онуудад ахисан буюу сайжирсан байдгийг дурдах нь зүйтэй. Эдгээр бодлогыг цаашид сэргээх, улам сайжруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Төрийн оролцоог хязгаарласан төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэгдсэн төсвийн урсгал зардлын өсөлт, төсвийн алдагдлыг хязгаарлах, төсвийн орлогын дээд ба доод хязгаар, засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоон хязгаарлах гэсэн олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн үндсэн дүрмүүд бий. Өөрөөр хэлбэл, эдийн засаг дахь төрийн оролцоог тухайн улсын төсвийн зардал, алдагдлын хэмжээгээр дүгнэж болдог. Хэдийгээр зүүний чиглэлийн үзэл баримтлалтай МАН-ын хувьд төсвийн сахилга батыг сайжруулж, алдагдлын хэмжээг бууруулна гэсэн төрийн оролцоог багасгах зорилтыг 2016 болон 2020 оны мөрийн хөтөлбөрүүддээ тусгаж байсан хэдий ч, төсвийн зардлыг өмнөх жилүүдээс улам бүр нэмэгдүүлж, өндөр алдагдалтай төсвийг батлан төлөвлөж улмаар мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажиллаж ирсэн. Энэ нь тэд амласан ч хэрэгжүүлж чаддаггүй, чадахгүй болохыг 8 жилийн хугацаанд бидэнд харууллаа.

Хэдийгээр төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг тодорхой түвшинд барих хуулийн зохицуулалттай ч МАН болон үе үеийн Засгийн газрууд тухайн хуулийн зохицуулалтыг тэр бүр мөрдөхгүй, эсвэл тэрхүү хуулиудыг өөртөө тааруулан өөрчлөх замаар явж ирсэн. Өөрөөр хэлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг байнга өөрчилж, мөн тухайн жилийн төсвийг батлахын өмнө жил бүр УИХ-аас баталсан дагаж мөрдөх ёстой Төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилж, өөрсдийн хүссэн дүнгээр төсвийн зардал, орлогын дүнг батлуулж ирлээ.

Тухайлбал, сүүлийн 8 жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 3 удаа томоохон өөрчлөлт хийхдээ уг хуулийн амин сүнсийг өөрсдийн эрх ашигт тааруулан өөрчилсөөр ирсэн. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд төсвийн алдагдлыг ДНБ-д эзлэх хувиар хэмжиж байгаа заалтыг үргэлж өсгөсөн байдаг. Уг хуулиар 2017 оноос хойш төсвийн алдагдлыг 2 хувиас хэтрүүлэхгүй хэмээн хуульчлан баталсан байсан бол одоо 2025 оноос хойш болгон сунгачихаад байна. Уул нь хамгийн тогтвортой байх ёстой хууль юм шүү дээ. Нэрэндээ хүртэл тогтвортой байдал гээд заачихсан хууль. Гэтэл МАН үүнийг өөрийн хүслээр өөрчилж дураараа төсвийн алдагдлыг нэмэгдүүлж байна.

АН засаглаж байх үед энэхүү хуульд өөрчлөлт оруулах бодитой шаардлага байсан. Өөрөөр хэлбэл, олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ огцом буурч экспорт, төсвийн орлого тасалдсан эдийн засгийн таагүй нөхцөл байдалд байсан. Харин цар тахалтай тэмцсэн үеийг харгалзан үзээд 2019, 2020 онуудад төсвийн алдагдлыг нэмэгдүүлж болох юм гэж бодоход сүүлийн гурван жил яагаад төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх болов. Хуулийг хэрэгжүүлэх гэж л баталдаг, харин өөртөө таалагдах байдлаар өөрчлөх гэж баталж болохгүй. Олон улсад дагаж мөрддөг, хөгжсөн улс орнуудын түүхэн сургамжийг бид мэдсээр байж дагаж мөрдөхгүй байгаа нь харамсалтай. Төсвийн нийт зарлага буюу ялангуяа засгийн газрын урсгал зардалд хязгаарлалт хийх нь маш чухал юм. Ийм хязгаарлалтыг ихэвчлэн өнгөрсөн 3-5 жилийн ДНБ-ий хувиар тооцож тогтоодог, түүнийгээ хэлбэрэлтгүй мөрддөг олон улсын жишгийг дагах ёстой.

Баталсан хуулиа байнга өөрчилдөг байдал нь манай улс хууль эрхзүйн хувьд тогтворгүй, засаглалын хариуцлага султай байгааг олон улсад, хөрөнгө оруулагчдад харуулж байна. Гадны хөрөнгө оруулагчид дан ганц хөрөнгө оруулалтын хуулийг харахаас гадна ер нь хэр тогтвортой улс вэ гэдгийг энэ мэтчилэн хуулийн өөрчлөлтөөс харж байгаа. Тиймээс төсвийн зардал, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ийн ямар түвшинд байх ёстойг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгахаас илүүтэй Монгол Улсын Үндсэн хуульд шигтгэж өгвөл төсвийн сахилга бат, оновчтой бодлого тогтвортой болно.

МАН засагласан сүүлийн жилүүдэд төсвийн зарлага санаанд багтамгүй хурдаар ихсэж байгаа нь төсвийн бодлогын хамгийн их анхаарал хандуулах хэсэг болж байна. Цар тахалтай үе өнгөрснөөс хойш л гэхэд төсвийн зардал асар хурдтай нэмэгдсэн бөгөөд 2021 оны төсвийн зардал 15.6 их наяд төгрөг байсан бол 2024 онд 27.2 их наяд төгрөг болж 1.7 дахин нэмэгдсэн. Иймэрхүү үйлдэл нь цаашид олон жил үргэлжлэх ужиг нөлөө авчирдаг болохыг эдийн засгийн шинжлэх ухаан ч, түүхэн сургамжууд ч харуулдаг. Жишээ нь эдийн засгийн ухаанд энэ нөхцөл байдлыг маш тодорхой тайлбарласан байдаг.

Кейнсизм, түүний залгамж урсгалууд эдийн засгийг сэргээхдээ нийт эрэлтийг дэмжих замаар буюу бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийг сангийн бодлогоор дамжуулан нэмэгдүүлэх шаардлагатай, үүний тулд төсвийн зарлагыг нэмэх нь зөв гэж үздэг. Энэ нь зүүний чиглэлийг баримтлагчдын эдийн засгийн гол үндэслэл болдог. МАН яг үүнийг л урдаа халхавчлан эдийн засгийн таатай үед ч мөчлөг дагасан төсвийн зарлагыг тэлж байна. Гэвч энэ нь богино хугацаанд эерэг үр дүн өгч магадгүй бөгөөд урт хугацаанд шийдэл болж чадахгүй. Учир нь эрэлтийн талын бодлого нь төрийн эдийн засаг дахь оролцоог томруулж нэгэнт томорсон төсвийг танах нь шийдвэр гаргагчдын ашиг сонирхолтой зөрөлдөх ба халамжийн бодлогод хамрагдсан олон нийтийн эсэргүүцлтэй тулгардаг. Түүнчлэн төрийн хүчтэй, өргөн цар хүрээтэй бодлогын нөлөө нь төсвийн алдагдал руу хөтлөх бөгөөд хувийн хэвшлийг шахан гаргах үзэгдлийн (crowding out effect) шалтгаан болно. Улмаар богино хугацаанд нийт эрэлтийг өсгөх нь инфляцыг өдөөж, нэгэнт тэлсэн төсөв нь тухайн улсын эдийн засаг илүү чөлөөт зах зээлд суурилсан нөхцөл байдалд очих боломжийг хязгаарлаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг төрөөс хамаарах, төсвөөс хамаарах нөхцөл байдал нь улам бүр нэмэгдэж, бие даасан, хувийн хэвшил суурилсан, чөлөөт зах зээлийн тогтолцоогоор хөгжих боломж хумигддаг. Түүнчлэн төсвийн зарлагыг нэмэгдүүлэх замаар нийт эрэлтийг урамшуулах бодлого нь цаг хугацааны хоцрогдолтой (Policy lag) нөлөөлж, зарим тохиолдолд үржүүлэгчийн нөлөөгөөр (Multiplier effect) төлөвлөж байснаасаа ч өөр, тэр бүү хэл эсрэг үр дагаварт хүргэх эрсдэлтэй байдаг.

Гашуун нь Монгол улс шиг гадаад өр өндөртэй, хөгжиж буй орнуудын хувьд Кейнсийн дэвшүүлсэн гайхалтай санаа болох үржүүлэгчийн нөлөө ажиглагддаггүй, тэр бүү хэл сөрөг үржүүлэгчтэй болж болох нь батлагдсан байдаг.[4] Монгол улсын хувьд үржүүлэгчийн нөлөө нь сөрөг бөгөөд төсвийн тэлсэн бодлого нь эдийн засгийн өсөлтийг сааруулдаг болох нь Монголбанкны судалгаагаар тодорхойлогдсон.[5] Уг судалгаанд төсвийн алдагдал 10 хувиар нэмэгдэхэд Монгол улсын ДНБ-ийн өсөлт 3 нэгжээр буурч байна гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн хөгжиж буй орнуудад тулгардаг хамгийн том эрсдэл нь бодит эдийн засгийн мөчлөгийг сөрсөн (Counter-cyclical) биш дагасан (Pro-cyclical) сангийн бодлого хэрэгжүүлэх шалтаг, өнгөц, хуурмаг тайлбар болдгийг анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн уналтын үед сангийн тэлэх бодлогыг явуулах нь зүйтэй гэж үздэг ч хэрхэн явуулах тал дээрээ зүүний үзэл баримтлалаас баруун төвийн намуудынх ялгаатай. Тухайлбал төсвийн зарлагыг огцом, их хэмжээгээр тэлэх замаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх нь зөв биш харин ч татварыг бууруулах, зөвхөн зорилтот бүлэгт чиглэсэн төсвийн зарлагын түр зуурын тэлэлтээр сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв гэж үзэх хандлагатай.

Өөрөөр хэлбэл, төсвийн зарлагын тэлэлтийг хийх зайлшгүй шаардлага байгаа бол тэр нь тухайлсан бүлэгт хүргэх замаар л хэрэгжих нь зөв юм. Энэ нь заавал хүн амын эмзэг бүлэгт нийгмийн халамжаар дамжуулан хүрэх гэсэн утгыг агуулахгүй бөгөөд аль болох тухайн нөхцөлд тулгамдаж буй сөрөг үр дагавруудыг арилгах, суурь асуудлыг шийдвэрлэхэд төсвийн зарлагыг ашиглах байдлаар л эдийн засгийг урамшуулж болно. 

Баруун төвийн үзэл баримтлалаар төсвийн зарлага нь учир шалтгаанд үндэслэсэн минимум хэмжээг тогтоох байдлаар хэрэгжих нь зүйтэй гэж үздэг. Түүнчлэн төсвийн зарлагын хэмжээг бага байлгахдаа учир утгатай байх ёстой. Жишээлбэл, зайлшгүй төрөөс санхүүжүүлэх шаардлагатай батлан хамгаалах, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтой. Гэхдээ энд зах зээлийн сул талуудыг (Market failures) засварлах тухай, чөлөөт эдийн засгийн тогтолцоогоор бий болдоггүй боловч нийгэмд, хүн амд, бизнест амин чухал нөхцөлүүдийн тухай яригдаж байгааг онцлон дурдъя.

Төсвийн зарлагын маш том бүрэлдэхүүн хэсэг болох нийгмийн халамж, хамгааллын бодлогыг заавал төрийн гүйцэтгэх, биелүүлэх ёстой үүрэг гэж баруун төвийн үзэл баримтлалыг дагагчдын олонх нь үздэггүй бөгөөд хувийн хэвшил энэ харилцааг зохион байгуулах боломжтой, амжилттай авч явах боломжтой талбар гэж үзэх хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, чөлөөт зах зээлийн тогтолцоо аваад явчих бүрэн боломжтой байхад төр бүхэлд нь энэ харилцааг зохицуулах гэж оролдох нь буруу. Хэрэв төсвийн хөрөнгөөр нийгмийн халамж, хамгааллыг гүйцэтгэх ёстой бол зорилтот бүлгийн хүн амд л нийгмийн халамжийг олгох бодлого баримтлах нь чухал.

Монгол улсын хувьд жил бүр 600-800 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа тэтгэврийн даатгалын сан нь улсын нэгдсэн төсөв дээрх хамгийн том дарамтуудын нэг болоод байна.

Одоогийн байдлаар хөдөлмөр эрхэлж буй 3 хүний нийгмийн даатгалын шимтгэлээр 1 хүний тэтгэврийг төлж байна. Гэтэл дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2040 он гэхэд 1:1 харьцаатай буюу нэг хөдөлмөр эрхлэгчийн шимтгэлээр 1 тэтгэвэр авагчийн тэтгэвэрийн хэмжээ тодорхойлогдохоор болоод байна. Энэ хэвээр үргэлжилбэл зөвхөн тэтгэвэрийн даатгалын тогтолцоо дангаараа Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийг сүйрэлд хүргэх шинж чанартай юм. МАН нийгмийн даатгалын шинэчлэлийг хийж чадахгүй, дүлэгнэсэн, аргацаасан байдлаар явж Монгол улсыг, ирээдүйг хорлосоор байна. Зүй нь олон нийтийн дэмжлэгтэй, хангалттай сайн судалгаа, шийдэлтэй хувилбаруудад үндэслэн шийдвэрлэх шаардлагатай юм.

Төсвийн зарлагын өөр нэг томоохон хэсэг болох боловсролын тогтолцоо алгуурхан нуран унаж байгаа нь бидний нүдний өмнө илхэн байна. Саяхан танилцуулсан олон улсын боловсролын үнэлгээгээр манай улсын ерөнхий боловсролын тогтолцоо дэлхийгээс ямар хол хоцорч байгааг харахад зүрх шимшрэм юм. Тухайлбал, 15 настай хүүхдүүдийн эзэмшсэн мэдлэг нь олон улсын дунджаас 2.3 жилээр, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байна гэдэг бол эмгэнэл. Тэр бүү хэл улс дотроо маш том ялгаатай Улаанбаатарын хүүхдүүдээс аймгийн төвийнх нь, аймгийн төвөөс сумын төвийнх нь илүү хоцролттой байна гэдэг боловсролын бодлого, тогтолцоо, санхүүжилт буруу байгааг илхэн харуулж байна. Ерөнхий боловсролын тогтолцооны хувьд баруун төвийн намууд бага боловсролыг бүх нийтэд олгохыг чухалчлан үзэх хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, өгөөж нь өндөр байх үед боловсролыг чанартай олгохыг чухалчилж байна. Боловсролд оруулах хөрөнгө оруулалтын өгөөжийн талаар Хекманы муруйн жишээгээр[6]  бага боловсрол, сургуулийн өмнөх боловсролд хөрөнгө оруулалт хийх нь хамгийн өндөр өгөөжтэй байдгийг харж болно.

Хэрэв төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай гэвэл бүх нийтийн бага боловсролд ялгаварлал үүсгэхгүйгээр төрийн дэмжлэгээр сургах нь зөв шийдэл гэж үзэхийг баруун төвийн үзэлтнүүд зөвшөөрдөг. Нутгийн иргэдийн хяналтыг (local control) хүчтэй болгох замаар бага боловсролын байгууллагуудыг удирдах, зохион байгуулахад оролцуулах нь чухал гэж мөн үздэг. Боловсролын байгууллагын чанар, гүйцэтгэл, үйл ажиллагаанд өөрсдөө оролцох нь үр өгөөжийг дээшлүүлэх сайн нөлөөтэй юм. Түүнчлэн стандартчилагдсан үнэлэх тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй. Энэ тохиолдолд Монгол улсын ЭЕШ-ийг хэмжээст оноогоор дүгнэж байгаа байдлыг арилгах нь боловсролын чанарыг илэрхийлэх хамгийн том хөшүүрэг болох бөгөөд эцэг, эхчүүд хүүхдийн мэдлэг чадвар эзэмшсэн байдлыг тодорхой мэдэх боломжийг олгоно. Үнэнтэй нүүр тулах нь хамгийн зөв шийдвэр.

Дээд боловсролын хувьд баруун төвийн намуудын баримталж буй бодлогод дараах хоёр чиглэл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, төсвийн шууд дэмжлэгээр дамжуулан дээд боловсролын байгууллагуудын суурь зардлыг бууруулах. Ингэснээр дээд боловсролын байгууллагууд илүү чанартай боловсон хүчин бэлтгэх бааз суурийг бий болгох, илүү олон хүнд дээд боловсрол олгох, хүмүүн капиталын хуримтлалыг бий болгох боломжтой. Хоёрдугаарт, их сургуулиуд бие даан санхүүгийн шийдвэрээ гаргахад төрөөс оролцож буй байдлыг хязгаарлах шаардлагатай.

Төрийн өмчит сургуулиудын сургалтын төлбөрийг зах зээлийн зарчмаар тогтоохыг зөвшөөрөх хэрэгтэй.

Ингэснээр өрсөлдөөнийг бий болгож, үр ашигт байдал нэмэгдэх, сургалтын чанар сайжрах нөхцөл үүснэ. Түүнчлэн баруун төвийн үзэл баримтлалд нийцэх хамгийн чухал зүйл нь академик эрх чөлөө ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг их сургуулиудад олгох явдал юм. Удирдлагыг төрөөс томилох, боловсролын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын төлөөлөл их сургуулиудын удирдах зөвлөлийг удирдах, их сургуулиудын бие даан гаргасан шийдвэрийг Боловсролын асуудал эрхэлсэн байгууллага эцэслэн шийдвэрлэдэг, өөрчилдөг байдалд цэг тавих ёстой. Их, дээд сургуулиудад академик эрх чөлөө, санхүүгийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, бэлтгэх мэргэжил, хөтөлбөрөө чөлөөтэй сонгох эрх чөлөөг олгох нь нэн чухал байна. Оюуны дүрвэлт нэмэгдэж чадавхтай боловсон хүчин хомсдож байгаа, суурь боловсрол чанаргүй явагдаж байгаа тогтолцоог өөрчлөхөд төсвийн зарлагыг чиглүүлэх нь баруун төвийн үзэл баримтлалтай намын хувьд чухал бодлогуудын нэг. Чанартай, хүртээмжтэй боловсролын тогтолцоогүй улсад ирээдүй байхгүй.   

Төсвийн зарлагын өөр нэг томоохон хэсэг болох эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх, шинэчлэх нь өнөө маргаашгүй яаралтай хийгдэх ёстой томоохон сорилт болоод байна. Нэн ялангуяа цар тахлын үеэрх нөхцөл байдал дахин давтагдах магадлал улам бүр өссөөр байна. Энэ салбарын төрийн оролцоонд үндэслэсэн санхүүжилтийг багасгах нь баруун төвийн үзэл баримтлалын чухал хэсэг болдог. Хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгохыг дэмжих замаар даатгалын байгууллагууд хооронд ба эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэгч талуудын дунд өрсөлдөөн үүсгэх, үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулах боломжтой. Төсвөөс дэмжлэгтэй эрүүл мэндийн тогтолцоог цомхон, зорилтот болгох замаар үр ашгийг дээшлүүлэх, хувийн хэвшлийн оролцоог өргөнөөр нэвтрүүлэх нь төсвийн ачааллыг бууруулах давуу талтай бөгөөд нөгөө талаас хувь хүний эрүүл мэндийн хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, өвдөхөөс урьдчилан сэргийлэх сэдэл, үйлдлийг нэмэгдүүлнэ гэж үздэг. Нийтийг хамарсан төрийн зохицуулалттай, албан журмын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо төсөвт хүнд дарамт үүсгэдэг жишээ дэлхийн олон оронд ажиглагддаг. Эрүүл мэндийн тогтолцоог зөвхөн төр зохион байгуулж, алдагдалыг нийтийн хөрөнгөөр нөхдөг биш хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлж, илүү шударга хуваарилалт руу чиглэх нь зүйтэй юм.    

Төсвийн зардлын тэлэлтээс гадна төр өөрөө хувийн хэвшилтэй өрсөлдөх, бизнесийн үйл ажиллагаанд хутгалдан оролцох, хувийн хэвшлийг зах зээлээс, эдийн засгаас шахан гаргах үзэгдэл сүүлийн жилүүдэд хэрээс хэтрээд байна. Ойрын жишээ дурдахад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүд дэргэдээ мод тарих, үрсэлгээний аж ахуйн нэгжүүдийг байгуулж байгаа нь энэ чиглэлийн хувийн хэвшлийн хүний нөөцийн боловсон хүчнийг өндөр үнээр төр урвуулан авах, үрсэлгээ, суулгацыг хувийн хэвшлээс авдаг байсныг бууруулах, зарим нь бүүр зах зээл дээр худалдан нийлүүлж хувийн хэвшилтэй өрсөлдөх байдлаар ойн салбар дахь хувийн хэвшлүүдийг шахан гаргах үр дагавар авчирч байна. Хувийн хэвшил чадварлаг, туршлагатай боловсон хүчингүй, өрсөлдөх чадваргүй болж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилго нь сайхан ч социалистуудын арга барилаас болоод салбарт арай гэж хөлөө олохоор зүтгэж хувийн хэвшлээ хүнд байдалд оруулж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүргэж байна. Голланд өвчний зарим шинж тэмдэг ойн салбарт бий боллоо. Угтаа бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн аж ахуйн эрхлэгч бизнес, хувийн хэвшил хөл дээрээ босох боломж байх ёстой. Гэтэл төрөөс хэт их оролцож байгаа нь жам ёсоороо хөгжиж байгаа зах зээлийг гажуудуулах шалтгаан болж байна.

Цаашилбал, махны үнийг тогтворжуулах нэрийн дор нөөцийн махыг бэлтгэн хямд үнээр зах зээлд нийлүүлж төр махны ченжийн ажлыг хийж зах зээлийн гажуудлыг бий болгож байгаа бол эрчим хүчний салбарт үнэ тарифийн хатуу бодлого явуулж, иргэдэд халамжийн чанартай арга хэмжээг авч байгаа нь эдийн засгийн хувьд үр ашиггүй, үрэлгэн, зах зээлийн бус аргаар эрчим хүчний үйлдвэрүүдийг удирдаж улмаар тус салбар улам бүр гаднаас хараат байх системийг бий болгож байна. МАН 2016 болон 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний хүчин чадал, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж, эрчим хүч экспортлогч орон болно гэсэн амлалтыг өгсөн. Энэхүү зорилтууд нь хэрэгжээгүйн дээр үнэ тарифийн ийм хатуу нөхцөлтэй үед тус салбарт хөрөнгө оруулалт орох боломж байхгүй. Эрчим хүчний гадаад хараат байдал нэмэгдсээр байна. Энэ мэтчилэн төрөөс зах зээлд хэт их оролцож, төр өөрөө бизнес хийж байгаа нь авилга, хулгай, хүнд сурталыг улам бүр гааруулахад нөлөөлж байна.

Иймд баруун төвийн намын хувьд АН төр бизнес хийдэг бүхий л тохиолдлыг хумьж, үнэ тарифийн бодлогыг өөрчилж, аль болох зах зээлийн жамаар эдийн засаг залуурлагдаж, үр ашигтай байх зарчмыг дэвшүүлдэг.

Европын төв банкны судалгаагаар баруун ба зүүний үзэлтэй намуудын төлөөллүүдийн мөнгөний бодлого дээрх байр суурь эрс тэс ялгаатай биш, харьцангуй ойролцоо болохыг харуулсан байдаг. Гэвч хязгаарлагдмал мөнгөний бодлого, Төв банкны хараат бус байдал, мөнгөний бодлогын ил тод байдал зэрэг асуудалд илүү хүчтэй дуу хоолойг барууны чиг баримжаатай намууд гаргадаг болохыг харж болно.[7] Милтон Фридманы тодорхойлсон инфляц бол хаа сайгүй зөвхөн цэвэр мөнгөний үзэгдэл мөн гэх алдарт үгийг санах ёстой. Төвбанкны үндсэн үүрэг нь мөнгөний тэлэх бодлогын нөлөөгөөр үүсэж болох инфляцыг хянах, зорилтот түвшинд барих явдал. Түүнчлэн Төвбанкны мөнгөний бодлого нь сангийн бодлоготой нягт уялдаж байж амжилттай хэрэгжих боломжтой.

Инфляц өндөр байх нь хадгаламжийн хүү өндөр байх, цаашлаад зээлийн хүүгийн хэмжээ өндөр байх нөхцлийг бүрдүүлдэг. Нөгөө талаар төсвийн зардлын хэт тэлэлт нь мөнгөний бодлогыг чангаруулах шалтгаан болдог ба бодлогын хүүгийн хэмжээ өсөх нь хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээ өсөх бас нэг шалтгаан болж байдаг. Ковид-19 цар тахалтай байсан жилүүдийг эс тооцвол Төв банкны бодлогын хүүгийн хэмжээ хоёр оронтой тоонд хэвээр байсан. Ялангуяа сүүлийн хоёр жилд халамжийн зардал, төсвийн тэлэлтээс улбаатайгаар инфляц өндөр хэмжээнд хүрч улмаар Төв банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэн хоёр оронтой тоонд хүргэсэн. Бодлогын хүү болон бусад мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээр дамжуулан мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлснээр бодит байдал дээр зээлийн хүүг нэмэгдүүлж, бизнес эрхлэх зардлыг өсгөж улмаар бизнес эрхлэх сонирхлыг бууруулж байна. Энэ нь бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт буурч, үнэ өсөх нэг нөхцөл юм. Нөгөө талаар Төв банкны бодлогын хүү өссөнөөр арилжааны банкууд аль болох эрсдэл өндөртэй бизнесийн зээлээ хумьж, эрсдэл багатай хэрэглээний зээлийг нэмэгдүүлэх сонирхолтой болдог. Энэ нь бараа, үйлчилгээний нийлүүлэлт саарах бас нэг хүчин зүйлд ордог тул инфляцыг бага түвшинд барих бодлоготой харшилж байдаг. Тиймээс бодлогын янз бүрийн тохируулгууд, арга хэрэгслүүдийг Төв банкнаас давхар авдаг ч төдийлөн үр дүн харагддаггүй. Зээлийн хүү өндөр болоход эдгээр макро суурь бодлогын нөлөө болон эх үүсвэрийн зардлаас гадна арилжааны банкуудын өөрийн үйл ажиллагааны зардал багагүй нөлөөлж байдаг. Энэ зардал нь зах зээлийн жамаар, финтек хөгжлийн нөлөөгөөр жам ёсоор буурах боломжтой. Төр үүнд оролцох шаардлагагүй бөгөөд макро суурь асуудлыг тогтвортой байлгах, хувийн хэвшилд харшлахгүй байж, бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх учиртай юм. Өөрөөр хэлбэл, төсвийн зардлын тэлэлтийг багасгах нь хувийн хэвшилд очих хөрөнгийн эх үүсвэрийн зардал буюу зээлийн хүүг бууруулахад ихээхэн нөлөөтэй.

Төсвийн алдагдал өндөр байх нь дотоодын зах зээл дээр гаргах Засгийн газрын бондын хэмжээг нэмэгдүүлж улмаар арилжааны банкууд дахь зээлийн эх үүсвэрийн хүүгийн зардлыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг шахан гаргах гол шалтгаан болдог.

Иймд манайх шиг хувийн хэвшилд очих хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай, хүүгийн зардал өндөртэй улсад хөрөнгийн зардал улам бүр нэмэгдэж, хувийн хэвшилд ирэх дарамт өсөхөд Засгийн газар төсвийн хэт тэлсэн бодлогоороо нөлөөлж байдаг. Сүүлийн жилүүдэд Сангийн яам дотоодын бондын хэмжээг багасгах бодлого баримталсан нь авууштай үзүүлэлт боловч гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлсээр байна. Зээлийн хүүгийн хэмжээг сарын 1 хувьд хүргэх сонгуулийн амлалт өгсөн МАН төсвийн хэт өндөр зардлын тэлэлтээрээ хүүгийн хэмжээ буурахгүй байх суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Одоогийн байдлаар арилжааны банкуудын жигнэсэн дундаж хүүгийн хувь хэмжээ жилийн 17 орчим, сарын 1.4 хувьтай байгаа нь сарын 1 хувьд хүргэх амлалтандаа зүүн төвийн нам болох МАН хүрээгүйг харуулахаас гадна өмнөх жилүүдээс айхтар буурч чадаагүйг давхар харуулж байна. Төсвийн хэт тэлсэн зардлын дүн нь инфляц өндөр байхад нөлөөлдөг бөгөөд 2021 онд иргэн бүрт 300 мянган төгрөг тараах гэх мэтээр халамжийн зардлыг нэмэгдүүлж, төсвийн зардлыг тэлсэн нь сүүлийн хоёр жилд инфляц хоёр оронтой тоонд хүрэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн.

Ардчилсан нам макро эдийн засгийн тогтвортой, бизнес хувийн хэвшилд ээлтэй төсөв, мөнгөний бодлогыг баримтлах, өөрөөр хэлбэл төсвийн зардал, татвар, төлбөр хураамж, шимтгэл болон зах зээл дэх төрийн оролцоог аль болох бага түвшинд байлгах бодлого баримталдаг. Гэвч АН олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ буурсан, төсвийн орлого тасалдсан 2012-2016 онуудад буюу эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд Засгийн эрхийг авч, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах, хувийн хэвшил, бизнес, ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор төсвийн зардлыг тэлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх гэх мэт бүхий л талаар эдийн засгийг тогтворжуулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэхээс өөр гарцгүйд хүрч байв. Тухайн үед манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ гадаад зах зээлийн хамаарлаас болж огцом унаж, олон арван уурхай бүтээгдэхүүний өртөгөөс бага орлого олох эрсдэлтэй тулгаран үүдээ хааж, гаднаас орж ирэх валютын урсгал саарсан. Төсөвт ирэх орлого тасалдан эдийн засаг хүнд байдалд орсон.

Олон улс дахь түүхий эдийн үнийн индекс 2011 оны 4 үгээр сард 195 нэгжид хүрч байсан бол тасралтгүй буурсаар 2016 оны 4 дүгээр сард  88 нэгжид хүрэн даруй 2.2 дахин буурч, манай улсын экспортын орлого эрс багасаж, валютын нөөцийн дутагдалд орж байв. Иймд хүндхэн байдалд орсон эдийн засгийг сэргээх яаралтай арга хэмжээг авч 1.5 тэрбум ам.доллар бүхий Чингис бондыг олон улсын зах зээл дээр гаргаж, дотоодын валютын нөөцийг нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж улмаар тасраад байсан эдийн засгийн судсанд амь тариа хийж байлаа.

Тухайлбал, тус хөрөнгө оруулалтаар 3 болон 4 дүгээр цахилгаан станцуудад сүүлийн 30 жилд хийгдээгүй томоохон өргөтгөл, шинэчлэлийг хийж, тухайн үедээ цахилгааны хязгаарлалт хийх түвшинд ирсэн байсан нөхцөл байдлыг залруулсан бол Амгалангийн дулааны станцыг барьж ашиглалтад оруулан хотын зүүн чиглэлийг дулааны эх үүсвэртэй болгож, тус бүсэд олон мянган айлын орон сууц барих нөхцөлийг бүрдүүлж байв. Түүнчлэн Нийслэл хотыг аймгийн төвүүдтэй холбох нийт 3000 гаруй км авто замыг барьж тээврийн зардал, цаг хугацааг хэмнэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, дотоодын аялал жуулчлал хөгжих боломжийг бий болгохоос гадна цемент, гангийн үйлдвэрлэл, ЖДҮ-үүдэд санхүүжилт олгож импортын хамаарлыг бууруулах, ажлын байрыг хадгалах бодлого барьж байв. Мөн Улаанбаатар хот болон зарим томоохон аймгийн төвүүдийн доторх авто замыг шинэчлэн, олон арван уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, нийт 90 мянган айлыг ипотекийн зээлд хамруулж, барилгын салбарыг дэмжин ажлын байрыг хадгалж чадсан. Гэтэл одоо ипотекийн зээлийн хүсэлт өгсөн очерийн хэмжээ 15 мянгад хүрчихээд байна. МАН ипотекийн зээлийн хүүгийн хэмжээг 6 хувьд оруулан буулгасан гэх боловч олгохгүй байгаа бол энэ нь үр дүнгүй, дүр эсгэсэн үйлдэл гэсэн үг юм.

Угтаа бол 2012 оноос өмнөх түүхий эдийн үнэ өндөр, эдийн засгийн гадаад, дотоод таатай нөхцөлд байсан С.Баяр болон Сү.Батболдын Засгийн газар төсөв, мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлж, халамжийг хавтгайруулахгүйгээр, төсвийн сахилга батыг сахиж, Норвеги, Чили гэх мэт уул уурхайн салбарт түшиглэсэн улс орнуудын адилаар мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, түүхий эдийн үнийн мөчлөгийн уналтын үед эдийн засгийг тогтворжуулах, уул уурхайн бус салбаруудыг дэмжих, эдийн засгийг солонгоруулах зорилгоор Баялгийн санг байгуулж хуримтлал үүсгэсэн бол дараагийн засаг гадаад зах зээлээс валют босгож бонд гаргаж хөрөнгө оруулалт татах шаардлагагүй байж болох байсан. Гэвч зүүн төвийн үзэл санаа бүхий нам манай улсын төрийн эрхэнд гарснаар халамж, төсвийн зардлыг аль болох тэлэх, татварыг нэмэгдүүлэх чигийг барьж, мөчлөг дагасан төсвийн бодлогыг хэрэгжүүлж эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж ирсэн нь дараа дараагийн засгийн газарт макро эдийн засгийг удирдахад томоохон хүндрэл бэрхшээлийг дагуулж байсан. Иймд нэн тэргүүнд төсвийн сахилга батыг хаа хаанаа хангаснаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах явдал чухал бөгөөд төсвийн бодлого нь макро эдийн засгийг хэрхэн залах, эдийн засаг дахь төрийн оролцоо ямар түвшинд байх, хувийн хэвшлийг дэмжих эсвэл шахах бодлогыг тодорхойлж байдаг. Мөчлөгийн оргил үед орж ирэх төсвийн орлогын өсөлтийг зөв удирдаж, оновчтой захиран зарцуулахгүй бол хэт нэг салбараас хамааралтай эмзэг эдийн засгийн намагт улам бүр шигдсээр байх болно. Өөрөөр хэлбэл, алс хэтийг харсан, урт хугацааны ухаалаг, оновчтой бодлогыг баримтлах шаардлага нэн тэргүүнд үүсч байна. Энэхүү тогтвортой бодлогыг зөвхөн баруун төвийн үзэл баримтлалтай намууд л баримталж, төсвийн хэт их зардал, халамжийн өсөлтийг сааруулах замаар төрийн оролцоог хумьж, зах зээлийн жамаар эдийн засаг, нийгмийн хөгжлийг бий болгох боломжтой юм.

Сүүлийн 8 жилд манай улсын экспортын гол түүхий эд болох нүүрс, зэсийн үнэ өндөр байж, Ковидыг эс тооцвол гадаад, дотоодын эдийн засгийн нэн таатай орчинд МАН-ын Засгийн газар ажиллаж байна.

Тухайлбал, дэлхийн түүхий эдийн үнийн индекс 2016 оны 8 дугаар сард 63 нэгжтэй байсан бол 2023 оны 8 дугаар сард 121 нэгжид буюу бараг хоёр дахин өндөр байсан ба 2022 онд бүүр 173 нэгжид хүрч байв. Гэвч энэхүү өндөр үнийн өсөлт, дагаад төсвийн орлогын өсөлтттэй зэрэгцэн төсвийн зардлын тэлэлтийг хэт бий болгосон нь өмнө дурдсанчлан инфляц өндөр байх, төгрөгийн ханш сулрах эрсдэлийг бий болгож улмаар төв байнкны бодлогын хүү хоёр оронтой тоонд хүрсэн. Иймд Засгийн газрын хэт тэлсэн зардлын бодлого цаашид үргэлжилбэл хөрөнгийн эх үүсвэрийн дутагдлыг бий болгох замаар хувийн хэвшлийг шахан гаргах, инфляцийг өдөөж хадгаламж, зээлийн хүү өндөр хэмжээнд хадгалагдахаар байна. Өөрөөр хэлбэл, зүүн төвийн нам хэзээ ч хувийн хэвшилд очих хөрөнгийн эх үүсвэрийн хүүгийн зардлыг бууруулах боломжгүй юм. Учир нь энэ төрлийн нам Засгийн эрхэнд гарах нь халамжийн зардлыг тэлэх замаар төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, улмаар дотоодын хувийн хэвшилд очих эх үүсвэрийн зардал буюу зээлийн хүүг өсгөх, мөнгөний хатуу бодлогын дүнд зээлийн хүү нэмэгдэх дүгнэлтэд хүрч болохоор байна.

Иймээс баруун төвийн үзэл баримтлалтай АН-ын хувьд төсвийн орлого нэмэгдэх бүрт төсвийн зарлагыг дагаж өсгөдөг байдлыг засах, эдийн засгийн мөчлөг дагасан биш сөрсөн бодлогыг хэрэгжүүлэх, төсөвт тавих иргэд олон нийтийн хяналтыг улам бүр бэхжүүлэхэд ихээхэн анхаарах учиртай.

Төсвийн сахилга баттай бодлого нь эдийн засгийн тогтвортой байдлын суурь тул Эдийн засаг, хөгжлийн сайд хүчтэй байж төсвийн бодлого эдийн засгийн тогтвортой байдлыг нэн тэргүүнд хангах чиглэлд анхаарч түүнийг Сангийн сайд ягштал мөрддөг байх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх нь чухал юм. Мөн төсвийн бодлого нь төсвийн зарлагын үр ашгийн шинжилгээг макро эдийн засгийг тогтвортой байлгах хэд хэдэн хувилбаруудаар тооцдог байх ёстой. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсвийн бодлого зайлшгүй шаардлагатай байна.

Зүүн төвийн нам төрд гарснаар аль болох л эдийн засаг дахь төрийн оролцоог бүхий л түвшинд нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байдаг. Үүний нэг тод илрэл нь төрийн бүтэц рүү чиглэсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлого бөгөөд энэ нь тус бодлого буруу явж байгааг харуулж байгаа юм. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж муу хэвээр байсаар байхад төрийн захиргааны нүсэр том барилгуудад улсын төсвийн хөрөнгө оруулалт чиглэж, цаашлаад цөөн ганц нэг аймгуудад хөрөнгө оруулалтыг түлхүү төвлөрүүлж байгааг харж болно. Төрийн захиргааны том барилгууд барих нь цаашид төр улам томрох нөхцөлийг бүрдүүлэхээс гадна эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийхээс хавь илүү үр ашиггүй бодлого юм. Иймд төрийн захиргааны барилгуудын багтаамж хэмжээг сургууль, цэцэрлэгийн адилаар стандартчуулж нэг хэв маягт оруулах, хэт тансаг барилга барихыг хатуу хорих харин эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг аль болох зай томтой хангалттай, иргэд чөлөөтэй үйлчлүүлэх түвшинд стандартчлах нь зүйтэй юм.

Дээрх бүгдээс цомхон дүгнэхэд манайх шиг бизнес хувийн хэвшлийг дэмжих дэмжлэг бага, дотоодын үйлдвэрлэл муу хөгжсөн, импортоос хэт хамааралтай орны хувьд макро эдийн засгийн бодлогыг тэр дундаа төсвийн бодлогыг баруун төвийн үзэлд суурилан боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, зүүн төвийн халамж, төсвийн зардлыг нэмэгдүүлсэн тэлэх бодлого хэрэгжүүлж хувийн хэвшлийг шахан гаргах, импортын өсөлтийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг сулруулах, инфляцыг өдөөх зэрэг бодлогуудын эсрэг татварын дарамт бага байх, дотоодын үйлдвэрлэл, бизнес эрхлэлтэд ээлтэй, хөрөнгийн эх үүсвэрийн зардал бага байх төсвийн бодлого хэрэгжүүлэх нь чухал юм. 

Улс орнууд ямар бодлогыг хэрэгжүүлснээр амжилттай хөгжсөн бэ? Хүн төрөлхтөний түүхэнд өнөөдрийн өндөр хөгжилтэй улс орнууд, хурдтай хөгжиж буй улс орнууд чөлөөт эдийн засгийн бодлого, барууны бодлогыг түлхүү баримтласан байдаг. Зүүн төвийн үзэл, замаар явж хөгжил дэвшилд хүрсэн нь өнөөдрийг хүртэл үгүй бөгөөд өнгөрсөн 8 жилийг харахад ч тодорхой байна. Ухралтыг зогсоох, гацаанаас гарах, хөгжлийн үүд хаалгыг нээх цаг ирлээ. Хариуцлагатай сонголт бидний урд байна. Төгсгөлд нь АНУ-ын сенатор Ранд Полын хэлсэн алдартай үгийг эшлэе.

...Социалистууд амжилтанд хүрэх цорын ганц "социалист" загвар болох Скандинавын орнуудын жишээг л хэлдэг. Харамсалтай нь тэдний хувьд “социалист” гэгдэх Скандинавын орнуудын амжилт нь үнэн хэрэгтээ өнгөрсөнд бий болсон сайн хувийн өмч, капитализмаас л үүдэлтэй юм!

[1] Ардчилсан намын үндсэн дүрмийн заалт 1.4

[2] МАН-ын үндсэн дүрмийн заалт 1.1

[3] ХҮН намын дүрмийн заалт 1.1

[4] Ilzetzki et al. (2012) How big (small) are fiscal multipliers?, Journal of Monetary Economicsв

[5] Даваажаргал, Л. ба Цолмон, О. (2019) Төсвийн бодлого эдийн засгийн өсөлтийг

дэмждэг үү? Монгол Банкны судалгааны товхимол 14-1. https://www.mongolbank.mn/file/files/documents/Tovhimol_14_1.pdf

[6] Woodhead (2014) Early Childhood Development Delivering inter‐sectoral policies, programmes and services in low‐resource settings, DFID

[7] Fraccaroli et al. (2022) Ideology and monetary policy. The role of political parties’ stances in the European Central Bank’s parliamentary hearings, European Journal of Political Economy

Volume 74, September 2022, 102207

Эх сурвалж: Өдрийн сонин 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Enlightened" шилдэг киногоор шалгарлаа 16 минутын өмнө
Н.Амаржин: Утаанд 2 их наяд төгрөг зарцуулсан ч өөрчлөлт гаргаагүй 25 минутын өмнө
Дархан аварга Н.Батсуурь зодоглоно 2 цагийн өмнө
-11 градус хүйтэн байна 2 цагийн өмнө
Импортын бараа хямд үед дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолж, хаалгаа барихад хүрнэ 16 цагийн өмнө
​ Б.Билгүүн: Миний хөтлөлт хэнийг ч уйдаахгүй 17 цагийн өмнө
Э.Батшугар: Төсвийн урсгал зардал дэндүү их болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна 19 цагийн өмнө
Утааны сонсгол хийх цахим өргөдөлд 70480 иргэн гарын үсэг зуржээ 20 цагийн өмнө
Ө.Шижир: Засагт орсон найман сайдаар Ардчилсан намын ирээдүй битгий бүрхэг болгоосой 20 цагийн өмнө
Д.Сарангэрэл: Миний хань П.Сүхбат "Арслан" цолоо авч чадаагүй гомдолтойгоор хорвоогоос буцсан 21 цагийн өмнө
Хятадын хакерууд АНУ-ын харилцаа холбооны 8 компани руу халдсан хэмээн Цагаан ордноос мэдээллээ 21 цагийн өмнө
Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд 1620 иргэний газрын нөхөн олговрыг шийдвэрлэжээ 22 цагийн өмнө
Хятад иргэдийг барьцаалж, нэгийнх нь аминд хүрсэн хэрэг гарчээ 22 цагийн өмнө
Угаартах айдасгүй “Нүүдэлчин эко” зуухыг сонгох шалтгаан 23 цагийн өмнө
2025 онд тэтгэврийн нэмэгдэлд 400 тэрбум төгрөг зарцуулна 23 цагийн өмнө
Хальтиргаа үүссэн тул нислэгийн хуваариас 2-3 цагийн өмнө ирэхийг анхаарууллаа Өчигдөр
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр
Иргэд: Утаанаас утаа, ханиаднаас ханиадны хооронд амьдарч байна, хичээгээд хичээгээд нэмэр алга Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Зүүн өмнөд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна Өчигдөр
Кураш бөхийн ДАШТ-д 300 тамирчин өрсөлдөж байна Өчигдөр